Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/384

 

 

 

 

 

   2024             3              28                                        2024/ДШМ/384

 

Т.Гт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өнөбат,

хохирогч А.Г, насанд хүрээгүй хохирогч Н.Н, Б.Б нарын өмгөөлөгч Н.Эрдэнэбилэг,

яллагдагч Т.Гийн өмгөөлөгч Д.Чинзориг, Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/67 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Өнөбатын бичсэн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр эсэргүүцэл, яллагдагчийн өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Гт холбогдох 2209000001553 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Т.Г нь үргэлжилсэн үйлдлээр бага насны гурван хүүхдийн эсрэг буюу ...2019 оны 8 дугаар сард А.Гыг 13 нас 9 сартай байхад нь хүсэл зоригийнх нь эсрэг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон болон түүнийг 15 настай байхад нь 2021 оны 6 дугаар сарын сүүлээр ... дугаар гудамжны ... тоотод хүсэл зоригийнх нь эсрэг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хүчээр өмдөд нь гараа хийж, бэлэг эрхтнийг нь оролдож бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн,

2016 онд ...тоотод байх иргэн Сын гэрт Н.Нийг 10 настай байхад нь хүсэл зоригийнх нь эсрэг түүний бэлэг эрхтэнг гараараа оролдож бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн,

2016 оны хавар ... тоотод Б.Бийг 8 настай байхад нь хүсэл зоригийнх нь эсрэг түүний бэлэг эрхтэнг гараараа оролдож бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүхээс яллагдагч Т.Гт холбогдох хэргийг хянаад эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана” гэж, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа ... энэ хууль ... -ийн заалтыг чанд сахина” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Өнөбат нь яллагдагч Т.Гт холбогдох эрүүгийн 2209000001553 дугаартай хэрэгт 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих” ял шийтгэлтэй “хүнд” гэмт хэрэгт холбогдуулан 1054 дугаартай яллах дүгнэлт /2хх 166/-ийг үйлдэж, яллагдагчид гардуулан өгөхдөө:

Яллах дүгнэлт гардуулан өгсөн 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, дугаар 1054, Улаанбаатар хот гэх тэмдэглэлд “...2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үйлдсэн ... дугаартай ... хуудас яллах дүгнэлтийг 2209000001553 дугаартай хэрэгт холбогдох яллагдагч Т.Гт 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ... цаг ... минутад цагдан хорих 461 дүгээр ангид гардуулан өгөв. ... яллагдагч Т.Г гэх гарын үсэг зурагдсан ба “...гардаж авлаа, 2023.10.28, санал хүсэлт байхгүй...” гэх бичиглэл зурагдсан.

Хэлэлцүүлэгт прокурор: “...2023 онд гардуулж өгсөн. 10 дугаар сарын 28-ны өдөр гардуулж өгсөн гэдгийг яллагдагч өөрөө бичсэн. 11 дүгээр сарын 24-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэн гэж тэмдэглэл хэсэгт дурдаж бичсэн. ... Энэ асуудал энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд яг чухал ач холбогдолтой юм бэ?. ... Хэдэн хуудас яллах дүгнэлт хэзээ гардаж авсан бэ гэдгийг яллагдагчаас тодруулах боломжтой. ... гардаж авлаа, 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэдгийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан яллагдагчид гардуулж өгөхөд санал хүсэлт байхгүй талаар илэрхийлсэн. ... Та гардуулж өгөөд шүүх рүү хэрэг ирэхэд энэ зүйлс байсан юм уу гэхэд прокурор: байхгүй байсан. ... энэ тэмдэглэл хаана бичигдсэнийг би мэдэхгүй, ойлгохгүй байна.” гэх,

яллагдагчийн өмгөөлөгч: “Яллах дүгнэлт гардуулсан гэж гарын үсэг л зурдаг. Тэрнээс огноо ерөөсөө бичигддэггүй. Би олон яллах дүгнэлт 461 дүгээр ангиас үйлчлүүлэгч нараасаа авч байсан. Тэдэн оны тэдэн сарын тэдний өдөр би яллах дүгнэлт авлаа гэж хэлдэггүй. Огноотой холбоотой асуудлыг яллагдагч өөрөө хэлээд байна. Гарын үсэг л зурсан болохоос огноо бичээгүй гэж байна. Чухам хаана нь алдаа гарсныг мэдэхгүй байна. Яллагдагч авснаа хэлж байна. Огноогоо мэдэхгүй гэж байна” гэх,

яллагдагч: “...Хэдэн хуудас яллах дүгнэлт гардаж авснаа өөрөө сайн мэдэхгүй байгаа. ... Би он, сар бичээгүй. Санал, хүсэлт байхгүй гэж л бичсэн” зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу прокурор яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулж өгөөгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болох яллагдагчийн хуульд заасан эрхийг зөрчиж байна.

Тодруулбал, яллах дүгнэлт гардуулаагүй буюу шүүхийн хэлэлцүүлэгт ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг үгүйсгэх, няцаах боломжийг хязгаарласан, шүүх хуралдаанд мэтгэлцэх боломжийг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.8-д зааснаар албан ёсоор гардуулаагүй, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих” ял шийтгэлтэй “хүнд” гэмт хэрэгт яллах дүгнэлт гардуулсан тэмдэглэлд “...гардаж авлаа, 2023 оны 10 дугаар сарын 28...” гэх бичиглэл зурагдсан зүйлд прокурор “яллагдагч бичсэн, нэг бол шүүхэд шилжүүлэхэд ийм зүйл байгаагүй” гэх тайлбараас гардаж авсан гэж үзэх боломжгүй ба хаана, хэн бичсэн тодорхойгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажиллагааг зөв явуулах нь хэрэгт ач холбогдолтой байх тул яллагдагчийн өмгөөлөгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, нэмэлт ажиллагаа хийлгэх саналыг хүлээн авах боломжгүй ба прокурорын саналыг үндэслэн хэргийг прокурорт очтол яллагдагч Т.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг флаш диск, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.” гэжээ.

Прокурор Б.Өнөбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх захирамждаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу прокурор яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулж өгөөгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болох яллагдагчийн хуульд заасан эрхийг зөрчиж байна” гэж дүгнэсэн байна.

Шүүгчийн захирамжийг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Прокуророос 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хорих ангид яллагдагч Т.Гтай биечлэн уулзаж, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1054 дугаартай яллах дүгнэлтийг гардуулж, яллагдагч болон түүний өмгөөлөгч нарт хэргийг шүүхэд шилжүүлж байгаа талаар мэдэгдэх зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу холбогдох ажиллагааг хийсэн бөгөөд уг ажиллагааг прокурорын тэмдэглэлээр баталгаажуулсан.

Гэтэл Налайх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дээрх нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэн талуудаас асуулт асууж, тодруулга авахад прокуророос яллах дүгнэлтийг гардуулан өгсөн талаараа, яллагдагч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс яллах дүгнэлтийг гардаж авсан талаар хэн аль нь маргадаггүй бөгөөд ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхээрээ хангагдсан талаар шүүхэд хангалттай тайлбар гаргасан.

Гэвч шүүхээс прокурорын яллах дүгнэлт гардуулсан тэмдэглэлд гарсан бичиг техникийн шинжтэй алдааг үндэслэн яллагдагчид яллах дүгнэлт гардуулж өгөөгүй байна гэсэн дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, яллагдагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс яллах дүгнэлтийг бүрэн гүйцэт гардаж авсан талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад яллагдагч мэдүүлж, өмгөөлөгч тайлбар гаргасан зэргийг харгалзан үзэлгүйгээр “яллах дүгнэлтийг албан ёсоор гардуулаагүй” гэсэн нь хэт явцуу, өнгөц дүгнэлт болсон гэж үзэхээр байна.

Мөн хуульд заасан тодорхой ажиллагаа буюу яллагдагчид яллах дүгнэлт гардуулах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байхад хийж гүйцэтгээгүй мэтээр дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх, ойлгомжтой байх гэсэн хуулийн шаардлага хангахгүй байна.

Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/67 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Д.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Т.Гт холбогдох хэргийг “...32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулж өгөөгүй...” гэх үндэслэлээр прокурорт буцаасан. Яллагдагчийн өмгөөлөгч бидний зүгээс “...хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх хүсэлтийг гарган шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон, шүүх хэргийг буцаахаар шийдвэрлэсэн хэдий боловч яллах дүгнэлтийг гардан аваагүй, эсхүл дутуу хуудастай яллах дүгнэлт гардуулсан гэх байр сууринаас огтоос шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцоогүй юм. Тэгээд ч яллах дүгнэлт үйлдсэнийх нь дараа, хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнөх үе шатанд яллагдагч Т.Г өөрөө яллах дүгнэлтийг прокурорын гараас гардан авсан нь үнэн агаад тухайн яллах дүгнэлт нь одоо ч Б.Тэнгис өмгөөлөгчид бүрэн эхээрээ байгаа билээ. Гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, уг зүйлийн 2 дахь хэсэгт “...хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасныг хэрэгжүүлэх үүднээс: Гэмт хэрэг гарсан гэх 2019 оны 8 сард хамаарах цаг хугацаанд хохирогч болон яллагдагч нарын хоорондоо харьцсан гэх фэйсбүүк чатыг сэргээн үзлэг хийлгүүлэх гэх хүсэлтийг гарган оролцсон агаад, улмаар тухайн ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар гүйцэтгүүлэх шаардлагатай байсан юм. Учир нь, хохирогч А.Г болон Н.Н нарын мэдүүлэгт эргэлзээтэй байдлууд байсны улмаас Улсын ерөнхий прокурорын газар хүртэл гомдол гаргаж, холбогдох 2 ажиллагааг хийлгүүлсэн. Үр дүнд нь насанд хүрээгүй хохирогч Н.Н-ийн мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгдэж, харин хохирогч А.Гын мэдүүлгийн эх сурвалж, нотолгоонд онцгой ач холбогдолтой ажиллагаа нь зохих ёсоор хийгдээгүй байсан буюу 2019 онд хамаарах харилцан бичвэрийг үзлэгээр тогтоохын оронд ач холбогдолгүй 2020 оны 12 сараас хойшхи фэйсбүүк чатанд нь үзлэг хийсэн болохыг хэргийн материалтай танилцахдаа олж мэдсэн. Тиймээс л “2019 оны 8 сард хүчээр бэлгийн харьцаанд орсон...” гэх хэрэгт яллагдаж буй Т.Гийн эрх ашгийг хамгаалан, тухайн цаг хугацаанд хохирогчийн мэдүүлсэн шиг зүйл болсон эсэхийг тогтоох зорилгоор Мета компаниас тодруулах шаардлагатай байгаа юм. Мөн нэмж хэлэхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь хаалттай явагдсан бөгөөд насанд хүрээгүй болон одоо насанд хүрсэн байгаа нэр бүхий 2 хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй холбоотой асуудал, маргааныг шийдвэрлээгүй атлаа тэднийг хаалттай хэлэлцүүлэгт оролцуулан, улмаар тайлбар, дүгнэлтийг нь сонсож байсан асуудлаар одоо эрхэм шүүх бүрэлдэхүүн та бүхэн дүгнэлт хийх нь цаашдын хэрэг хянан шийдвэрлэх аль ч үе шатанд зөрчил гаргахгүй байхад ач холбогдолтой юм хэмээн үзэж байгаагаа энэ дашрамд дурдах нь зүйтэй байна. Эцэст нь хэлэхэд яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс нэр төдий хэргийг буцаах бус, харин энэхүү хэргийг эргэлзээгүйгээр шийдвэрлэж болохуйц мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын зорилт, зорилгод бүрнээ нийцнэ гэж үзэж байгаа юм. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 67 дугаартай шүүгчийн захирамжийн үндэслэлд өөрчлөлт оруулж буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасан “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” гэдгээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэж өгнө үү.

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтэй байгаа тул хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү гэх хүсэлтийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд гаргасан. Уг гэмт хэрэг нь Иргэний хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг бөгөөд Иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй тул өмгөөлөгчийн хүсэлт үндэслэлгүй. Мөн яллагдагчийн өмгөөлөгч нарын зүгээс яллагдагчийн гар утсыг шалгуулж, өмнөх чатуудыг сэргээлгэх талаар хүсэлт гаргасан. “Мета” компаниас 4 төрлийн гэмт хэрэгт устгагдсан чат, бусад мэдээллийг гаргаж өгдөг ба энэ гэмт хэрэгт буюу бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт тухайн мэдээллүүдийг гаргаж өгөх техникийн боломжгүй юм” гэв.

Хохирогч А.Г, насанд хүрээгүй хохирогч Н.Н, Б.Б нарын өмгөөлөгч Н.Эрдэнэбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулаагүй гэх үндэслэлээр хэргийг буцааж шийдвэрлэсэн. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны явцад яллагдагчаас асуухад тэрээр яллах дүгнэлтийг гардаж авсан, өмгөөлөгч нартаа дамжуулж өгсөн талаараа мэдүүлдэг. Яллагдагч өөрөө яллах дүгнэлтийг гардаж авснаа хүлээн зөвшөөрсөөр байтал хэлбэрийн шаардлагаар яллах дүгнэлтийг гардуулаагүй гэж хэргийг буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан агуулгыг хэлэлцэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, давж заалдах шатны шүүх хуралдаан анхан шатны шүүхээс хэргийг буцаасан үндэслэл буюу яллах дүгнэлтийг гардуулаагүй талаар хэлэлцэгдэж байна. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд шийдвэрлэгдээгүй асуудлыг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэх нь Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь заалтуудыг зөрчинө гэж үзэж байна. Хэрэв урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй асуудлыг давж заалдах шатны шүүх шийдвэрлэвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэрхэн шийдвэрлэснээс үл хамааран анхан шатны шүүхийн дараа дараагийн шийдвэрт нөлөөлөх үндэслэл болно гэж үзэж байна. Иймд яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Яллагдагч Т.Гийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэдийгээр миний үйлчлүүлэгч яллах дүгнэлтийг гардаж авсан гэдэг боловч яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэлд гарсан бичгийн алдааны талаар яригддаг. Миний үйлчлүүлэгч “2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гардаж авлаа гэх бичиглэлийг хийгээгүй, хэрэг шүүхэд ирэхэд ингэж бичигдээгүй байсан” гэдэг. Энэ бичиглэлийг хэн, хэзээ хийсэн нь тодорхойгүй байгаа тул тодруулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох ёстой. Прокурорын зүгээс “Мета” компаниас мэдээлэл гаргаж өгөх боломжгүй гэж тайлбарлаж байна. Яагаад боломжгүй талаар ямар нэг баримт хэрэгт авагдаагүй тул өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан хүсэлтийг хангах боломжтой байна. Иймд шүүгчийн захирамжийг болон өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэл, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэхээр хуульчилсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн өөрийгөө өмгөөлөх, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй” гэж тус тус гэмт хэрэгт холбогдсон хүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар ч үед эдлэх эрхийг тодорхой заасан.

Прокуророос Т.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1054 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн байх боловч түүнийг гардуулан өгсөн тэмдэглэлд “2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр” гэсэн бол тэмдэглэл хэсэгт “...яллагдагч Т.Гт 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ...гардуулан өгөв. ...” гэж зөрүүтэй бичигдсэн бол яллах дүгнэлт гардан авсан хэсэгт “...2023.10.28...” хэмээн цаг хугацааны хувьд зөрүүтэй байдлаар бичигдсэн,

мөн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд хэдэн хуудас бүхий яллах дүгнэлт гардаж авсан талаар болон яллах дүгнэлт гардуулж өгсөн тэмдэглэлд гараар бичигдсэн огноог хэн, хэзээ бичсэн талаар эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн нь прокурор яллах дүгнэлтийг хуульд заасны дагуу гардуулан өгсөн гэж үзэхээргүй, яллагдагчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхэд хүргэж байх тул энэ талаарх үндэслэлийг зааж, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Өнөбатын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах”-аар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

  1. Давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид зааснаас гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг шүүхийн шатанд зөвтгөн залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй тул дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой заасан бөгөөд бүх насаар хорих ял оногдуулж болох хэрэгт оролцох сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлөгчөөр хангахаар хуульчилсан.

Прокуророос Т.Гийг бүх насаар хорих ял оногдуулж болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Прокуророос 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай 84 дугаартай тогтоолыг яллагдагч Т.Гт 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр танилцуулж, мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

  1. Прокуророос Т.Гийг 2019 оны 8 дугаар сард бага насны хохирогч буюу 13 нас 9 сартай А.Гыг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хүсэл зоригийнх нь эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт буруутгасан.

                  Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд буюу 2019 оны 8 дугаар сард бага насны хохирогч А.Г, яллагдагч Т.Г нар нь фэйсбүүкээр харилцаж байсан гэх нөхцөл байдлыг тодруулах, бага насны хохирогчийн  мэдүүлгийн эх сурвалжийг шалгах зорилгоор харилцаж байсан гэх зурваст үзлэг хийх ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтойгоос гадна гэм буруугийн зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Дээрх үндэслэлүүдээр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/67 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Өнөбатын бичсэн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/67 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                М.АЛДАР

ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР