| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2018/0081/Э |
| Дугаар | 84 |
| Огноо | 2018-03-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 84
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Д.Ишинноровт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831000400063 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 2 дугаар баг, Буурагчин, Дарь эх, 10-81 тоотод оршин суух, “Болд төмөр Ерөө гол” ХХК-д экскаваторын оператор ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Улаач овогт Дондогсүрэнгийн Ишинноров РД:/МТ-90121914/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ишинноров нь согтуугаар 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ц.Анхбадамтай маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Ишинноровын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...би эхнэрээ гарнаас нь бариад авсан чинь байшингийн арагшаа зугтсан, араас нь үүдэн дээр байсан чарга аваад шидсэн чинь ар нуруу хэсэгт нь оносон. Тэгээд араас нь аргадах гээд очсон, тэгээд буцаж ирэхэд гэрт ороод ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/
Хохирогч Ц.Анхбадамын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг “Болд төмөр Ерөө гол” ХХК-нд ажиллаж байгаад өвлийн улирлын ээлжийн амралт эхлээд Ерөө сумын “Өлөнт” гэх газар луу 2018 оны 02 дугаар сарын 03-ны үед хувиараа алт олборлоно гэж яваад 02 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагт гэртээ ирэхдээ согтуу ороод ирэхээр нь “чи яахаараа гэр орондоо үр хүүхдүүд дээрээ согтуу орж ирдэг юм бэ, эрүүл саруул ороод ирж болдоггүй юм уу” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм бэ, танай хамаатнууд намайг алтан дээр ухсан нүх рүү оруулсангүй” гэж хэлэхээр нь “чиний тухай би дуулсан шүү дээ, чамайг очсон өдрөөсөө хойш архи уугаад юу ч хийгээгүй” гэж сонссон, чамайг согтуу болохоор чинь нүхэнд оруулаагүй, яагаад гэхээр чамайг шороонд дарагдчихна” гээд оруулаагүй байсан. Манай ах чамайг наашаа ирэхэд чинь “зардлаа хийгээрэй гээд 0.4 грамм алт өгсөн байсан шүү дээ” гэсэн чинь улам агсараад 2 хүүхдээ номхон зогсоогоод гадуур бүх хувцасаа тайлаад “аавыгаа харж бай” гээд намайг зодох гээд дайраад байхад манай гэрт байсан манай дүү Ц.Мөнхнасан “та яахаараа манай эгч болон хүүхдүүдээ зодох гээд байгаа юм бэ” гэсэн чинь түүнийг “чамд ямар хамаатай юм бэ” гээд барьцалдаад гараад гэрийн үүдэнд зодолдох гээд байхаар нь би салгаад гэр лүү ороод хаалгаа хаасан чинь хаалганы завсраар хогийн шүүрний иш оруулаад “танай дүүгийн нүдийг сох хатгана” гээд байхаар нь би тайвшруулах гээд гарсан чинь намайг зодох гээд урдаас хүрээд ирэхээр нь зугтсан чинь миний араас чарга аваад шидсэн чинь ар нуруу руу оносон, гэр лүүгээ зугтаж ороод хаалгаа түгжиж байгаад төрсөн эгчийнхээ гар утас руу залгаж дуудаад гэрт ирэхээр нь болсон асуудлыг хэлсэн. Тэгээд миний толгой тархи өвдөөд цаашид энэ хүнд дээрэлхүүлж байхаар цагдаагийн байгууллагад хандахаар шийдсэн. Надад нөхөртөө ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/
Хохирогч Ц.Анхбадамын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Манай нөхөр байнга архи уудаггүй, хааяа архи уухаараа надаас хэрүүл өдөөд байдаг, тэгээд унтаад өгдөг, зоддоггүй байсан. Саяхан болсон асуудал дээр намайг чаргаар цохихоор нь гомдоод цагдаад мэдэгдсэн юм. Надад нөхөртөө ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/
Гэрч Д.Уламбаярын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Д.Ишинноров Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг “Болд төмөр Ерөө гол” ХХК-нд ажилладаг. Манай найз хааяа архи уусан харагддаг, гэхдээ онгироод агсам согтуу тавиад, бусдыг гомдоогоод явж байгааг харж байгаагүй. Ажил төрөлдөө сайн. Гэр орны ажил, гадна дотор ажилд үнэхээр сайн, техник их сонирхдог. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/
Гэрч М.Эрдэнэдалайн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Ишинноров Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг “Болд төмөр Ерөө гол” ХХК-нд ажилладаг. Түүний эхнэрийг Ц.Анхбадам гэдэг. Ерөө суманд байдаг. Тэр 2 таарамж сайтай байдаг. Саяхан цагаан сарын өмнө хүнээс дуулах нь эхнэрээ зодсон сураг байсан. Би тэр үеэр таараад энэ талаар асуухад “архи уугаад согтоод эхнэрээ гомдоосон байна лээ” гэж ярьж байсан. Машин техникт сайн, хүнд тусархуу, байгаад юм аа хүнд өгчихдөг, цайлган, үнэнч шударга, хааяа архи уудаг. Агсам согтуу тавьж байхыг нь бол хараагүй. Миний санаж байгаагаар 2012 онд нэг гэр бүлээд болоод нилээн таарамжтай гэр бүл харагддаг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/
Гэрч Ц.Мөнхнасангийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өөрийн төрсөн эгч Ц.Анхбадамын гэрт хонох гээд ирсэн байсан чинь нөхөр Д.Ишинноров нь 22 цагийн үед алтанд яваад ирлээ гээд гэртээ согтуу орж ирсэн. Тэгсэн чинь эхнэр нь “чи яахаараа алт хийж мөнгө олж ирнэ” гэж явчихаад “архи уугаад амьдралгүй юм шиг явдаг юм бэ” гэсэн чинь Д.Ишинноров ах уурлаад эхнэртэйгээ хэрэлдээд байсан. Тэгээд “пизда минь чамайг ална шүү, гичий, жингэр” гээд хувцсаа тайлаад түүн рүү шидээд байсан. Тэгээд би тэвчихгүй “та яахаараа манай эгчийг зоддог юм бэ” гээд салгах гэсэн чинь “чамд ямар хамаатай юм бэ” гээд намайг заамдаад авсан. Тэгээд би барьцалдаад гадаа гарсан чинь манай эгч намайг салгаад гэртээ оруулаад хаалгаа хаасан чинь завсраар нь шүүрний иш оруулаад “хатгаж ална” гээд байсан. Тэгээд эгч аргадах гээд гарсан чинь үүдэн дээр хэрэлдээд байх шиг байсан чинь манай эгч гаднаас “толгой руугаа цохиулчихлаа” гээд ороод ирсэн. Харсан чинь толгойн орой хэсгээс нь цус гарч байсан. Утсаар манай хамаатны эгч Дариаг дуудаад байж байхад Д.Ишинноров ах гаднаас орж ирсэн. Дариа эгч орж ирээд “та нар айл амьтнаас ичдэггүй юм уу, наад хэрүүл зодооноо боль, та нарын насан дээр хэзээ ингэж байсан юм” гээд Д.Ишинноров ахыг унтуулаад гараад харьсан. Бид нар унтаад маргааш нь өглөө нь эмнэлэгт эгчийгээ үзүүлсэн. Тэгээд эгч цагдаагийн байгууллагад хандана гэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/
Гэрч Т.Дарьсүрэнгийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 22 цаг нилээд өнгөрч байхад манай ахын хүүхэд болох Ц.Анхбадам миний гар утас руу залгаад “та манай гэрт ороод ирээч, манай нөхөр согтуу ирээд намайг зодчихлоо” гэхээр нь би яараад гэрт очсон чинь Д.Ишинноров гаднаас орж ирээд “юу болоод байгааг асуухад Д.Ишинноров дуугарахгүй байсан, эхнэр нь “энэ бүүр сүүлдээ намайг зоддог болох нь, чарга шидээд тархи хагалсан” гэж хэлсэн. Би Д.Ишинноровт “чиний насан дээр архи уудаггүй юм аа, гэр бүлээ аятайхан ажил төрлөө хийгээд яв, айл амьтнаас ичиж зов, эхнэрээ зодох нь буруу, зодоод сурчихвал байнга зоддог болдог, архи дарс дахин уухгүй шүү” гэсэн чинь “ойлгосон” гэж хэлээд орондоо ороод унтахаар нь би гараад явахдаа “наад толгой тархиа эмнэлэгт үзүүл” гэж хэлээд гараад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар тал/
Шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №88 дугаартай:
“1.Ц.Анхбадамын биед толгойн оройд шарх, тархи доргилт, толгойн орой, зүүн шуунд зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар тал/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 22 дугаар тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23 дугаар тал/
Эмчийн тодорхойлолт /хх-ийн 41 дүгээр тал/
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгэээр тал/
Д.Ишинноровын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох
баримтуудыг дүгнэхэд
Шүүгдэгч Д.Ишинноров нь согтуугаар 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ц.Анхбадамтай маргалдаж улмаар түүн рүү чарга шидэж толгойг хагалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Анхбадамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 26-31/, гэрч Ц.Мөнхнасангийн /хх-ийн 37/, Т.Дарьсүрэнгийн /хх-ийн 38/ мэдүүлгүүд болон шинжээчийн 88 тоот дүгнэлт /хх-ийн 42/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23/ зэрэг болно.
Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.
Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ц.Анхбадамын мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ишинноровт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “..гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Д.Ишинноровт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “...Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуулинд заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Ишинноровт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн зэргийг харгалзан үзэв.
Хохирогч Ц.Анхбадамын зүгээс хэргийг шалгах явцад шүүгдэгч Д.Ишинноровоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлэг өгсөнд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.
Шүүгдэгч Д.Ишинноров нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Энэ гэмт хэргийн улмаас хураагдан ирсэн төмөр чаргыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар заав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Улаач овогт Дондогсүрэнгийн Ишинноровыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Улаач овогт Дондогсүрэнгийн Ишинноровыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Ишинноровт оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2018 оны 04 дүгээр сарын 30-ны дотор 250.000 төгрөгийг, 05 дугаар сарын 30-ны дотор 300.000 төгрөгийг тус тус хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Ишинноров нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Д.Ишинноров нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Энэ гэмт хэргийн улмаас хураагдан ирсэн төмөр чаргыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Ялтан Д.Ишинноровт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ