Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар   2024/ДШМ/385

 

 

 

 

 

   2024             3              28                                       2024/ДШМ/385

Г.Ат холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүн,

хохирогч М.О, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,

яллагдагч Г.А, түүний өмгөөлөгч С.Мөнхгэрэл, А.Ариунаа,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/294 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Билгүүний бичсэн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 32 дугаар эсэргүүцлээр Г.Ат холбогдох 2201000060117 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Г.А нь Ж.Ттэй бүлэглэн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Fire” нэртэй шөнийн цэнгээний газрын автомашины зогсоолын орчим нийтийн эзэмшлийн зам, талбайд 2022 оны 3 дугаар сарын 03-ны шөнө нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, улмаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж иргэн А.Б, А.Х нарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,

2023 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Зүү” нэртэй баарны гадна хохирогч Б.Утай өмнө нь үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар овтерка ашиглан биед нь халдан эрүүл мэндэд нь хүзүү, зүүн мөр, нуруу, бүсэлхийд шарх, баруун бугалга, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жэм плаза” төвийн 9 дүгээр давхарт байрлах “Тэнүүн газар констракшн” ХХК-ийн байранд байхдаа хохирогч М.Оыг “Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд баригдаж буй “Айеро аппартмент” нэртэй орон сууцны 2 өрөө байраар бартер хийнэ” гэж хуурч, “Хаш-Эрдэнийн компанид арматур нийлүүлээд өрөндөө тухайн байрыг авч байгаа” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, улмаар Баянгол дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Гранд плаза” худалдааны төвийн гаднаас хохирогч М.Оын эзэмшлийн ... улсын дугаартай 68.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Ренж ровер” загварын тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч залилсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг судалж үзээд яллагдагч Г.Ат холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Г.Ат холбогдох хэргийг 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1842 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Ингэхдээ эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэрт яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах хуулийн хугацаа дуусаагүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхийг зөрчсөн, дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлийг шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт тусгаж өгсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын үйл ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг. Энэхүү хуульчлагдсан журам, хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр нь хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь юм. Хэргийг прокурорт буцааснаас хойш прокурорын байгууллагын зүгээс яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, энэ талаарх холбогдох баримтыг хэрэгт хавсарган дахин шүүхэд шилжүүлжээ.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 236 дугаартай яллах дүгнэлтийн хавсралт хэсгийн 5 дахь заалтад “...Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй бөгөөд эд мөрийн баримтаар видео бичлэг бүхий 2 ширхэг СД хураагдсаныг хэргийн хамт хүргүүлэв...” гэсэн бол дахин хэргийг шүүхэд шилжүүлэхдээ 3 ширхэг СД-г хэргийн хамт ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ...” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Яллах дүгнэлтийн хавсралтад дараахь зүйлийг тусгана...” гэж, 5.4 дэх хэсэгт “...эд мөрийн баримт, хураасан, битүүмжилсэн эд хөрөнгө...” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтаас харвал прокурор хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлийг яллах дүгнэлтэд тоо, ширхэгийг нарийвчлан тусгахаар зохицуулсан байх бөгөөд дээрх ажиллагааг хийгээгүй буюу дахин яллах дүгнэлт үйлдэлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...” гэх заалттай нийцэхгүй юм.

Мөн тус шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1842 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ яллагдагч Г.Ат авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчид өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан эсэх зэрэг асуудал нь тодорхой бус байна. Шүүхээс прокуророос яллах дүгнэлт үйлдээгүй үндэслэлээр буцаасантай холбоотой өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хэргийг буруу тусгаарласан болон шаардлагатай гэрчүүдийг асуух ажиллагааг хийж гүйцэтгэхтэй холбоотой хүсэлтэд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудад хамаарах ба мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн гүйцэд хянаагүй гэж үзэх бөгөөд шүүх хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байна.

Иймд яллагдагч Г.Ат холбогдох эрүүгийн 2201000060117 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Ат шүүхээс авсан хувийн баталгаа, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.” гэжээ.

Прокурор Г.Билгүүн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамжийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Хэргийг дахин яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй гэх үндэслэлийн талаар:

Тус прокурорын газраас яллагдагч Г.Ат холбогдох эрүүгийн 2201000060117 дугаартай хэрэгт 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 236 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүлээн авч 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд “эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэрт яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах хуулийн хугацаа дуусаагүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхийг зөрчсөн, дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй” үндэслэлээр 1842 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Шүүхээс хэргийг прокурорт буцаасныг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, яллагдагч, түүний өмгөөлөгч нарт дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй талаар мэдэгдэж, улмаар яллагдагч Г.Аын өмгөөлөгч С.Мөнхгэрэл, А.Ариунаа нараас гаргасан гомдлын дагуу Улсын Ерөнхий прокурорын газраас хэргийг хянаад өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж, хяналтын прокурорын шийдвэр болох “прокурорын яллах дүгнэлт”-ийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд холбогдох баримтууд хэрэгт тусгагдсан.

Өөрөөр хэлбэл, хэргийг прокурорт буцаасан 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1842 дугаартай шүүгчийн захирамжид заасны дагуу яллагдагч, түүний өмгөөлөгчөөс дээд шатны прокурорын газарт гомдол гаргах эрхийг хангаж, хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 4/227 дугаартай албан бичгээр 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэг буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа нь талуудын урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийн дагуу явагдаж байгаа ажиллагаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан асуудлуудыг хянан хэлэлцэж байгаа үе шат тул 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1842 дугаартай шүүгчийн захирамжид заасны дагуу яллагдагч, түүний өмгөөлөгчөөс дээд шатны прокурорын газарт гомдол гаргах эрхийг хангаж, улмаар Улсын ерөнхий прокурорын газраас прокурорын яллах дүгнэлт нь үндэслэлтэй гэж дүгнэж, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Дээд шатны прокурорын газраас прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгоогүй байхад хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явагдахгүй, прокурор дахин яллах дүгнэлт үйлдэхгүй болно.

Гэтэл шүүх 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1842 дугаартай шүүгчийн захирамжид заасны дагуу яллагдагч, түүний өмгөөлөгчдийн прокурорын яллах дүгнэлтэд гомдол гаргах эрхийг хангаж, хэргийг шүүхэд шилжүүлэхэд шүүхээс дахин яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээгүй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй буюу хуулийг буруу тайлбарласан гэж дүгнэж байна.

2. Яллах дүгнэлтийн хавсралтад эд мөрийн баримтын тоо, ширхгийг дурдаагүй гэх үндэслэлийн талаар:

2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 236 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтын 5 дахь заалтад “...Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй бөгөөд эд мөрийн баримтаар видео бичлэг бүхий СД 2 ширхэг хураагдсаныг хэргийн хамт хүргүүлэв” гэж дурдсан /6хх 61/ бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлсэн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 4/3932 дугаартай албан бичигт “...Хэрэгт 3 ширхэг сиди, мөрдөн шалгах ажиллагааны магадлагаа 1 хавтас 13 хуудас болон 2 ширхэг сиди хавсаргасан болно” /6хх 68/ гэж дурдсан.

Яллагдагч Г.Ат холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд 1842 дугаартай шүүгчийн захирамжаар прокурорт буцааж шийдвэрлэж, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдийн 1287 дугаартай албан бичгээр “...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хамт хүргүүлэв” гэж дурдаж /6хх 102/, хэргийг прокурорт ирүүлсэн.

Эрүүгийн 2201000060117 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ 2 хх-ийн 180 дугаар хуудсанд авагдсан “...Sweet day караоке баарны 2021 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнийн хяналтын камерын бичлэгээс утасны камераар хуулбарлаж авсан бичлэгийг хуулбарласан СД 1 ширхэг” эд мөрийн баримтаар тооцох тухай, 5 хх-ийн 10 дугаар хуудсанд авагдсан “...Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Fire баарны хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД”-ийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцогдсон 2 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Яллах дүгнэлтийн хавсралтад дараах зүйлийг тусгана” гэж, 5.4 дэх хэсэгт “...эд мөрийн баримт, хураасан, битүүмжилсэн эд хөрөнгө” гэж тус тус заасны дагуу эд мөрийн баримтаар тооцогдсон дээрх 2 ширхэг сидиг яллах дүгнэлтийн хавсралт хэсгийн 5 дахь заалтад тусгасан. Харин эд мөрийн баримтаар тооцоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан аваагүй боловч хэрэгт авагдсан 1 ширхэг сидиг шүүхэд шилжүүлсэн албан тоотод дурдаж шүүхэд шилжүүлсэн байна. Иймд эд мөрийн баримтаар тооцогдоогүй сидиг яллах дүгнэлтийн хавсралтад дурдахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлэх албан бичигт дурдах нь зүй юм.

Харин шүүхээс 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдийн 1287 дугаартай албан бичгээр “...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хамт хүргүүлэв” гэж хавтаст хэрэгт хавсаргагдсан сидиний тоог алдаатай дурдаж, хэргийг прокурорт буцаан ирүүлсэн байна.

Эрүүгийн 2201000060117 дугаартай хэргийг анх шүүхэд шилжүүлэхэд буюу 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хянан хэлэлцэхэд хавтаст хэрэгт байсан сидиг дахин хэргийг шүүхэд шилжүүлэхэд хавтаст хэрэгт авагдсан, эд мөрийн баримтаар тооцсон сидиг яллах дүгнэлтийн хавсралтад дурдаагүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/294 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Хохирогч М.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Яаралтай хохирлоо барагдуулж авмаар байна.” гэв.

Хохирогч М.Оын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс дахин яллах дүгнэлт үйлдэх шаардлагагүй гэж үзэж байна. Яллах дүгнэлтэд бичиг техникийн алдаа гарсан бол заавал хэргийг буцаахгүйгээр залруулах боломжтой гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Яллагдагч Г.А “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй” гэв.

Яллагдагч Г.Аын өмгөөлөгч А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хуульч бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг чанд сахих ёстой. Прокурор 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 233 дугаар яллах дүгнэлтийг үйлдсэн байдаг. Ингээд өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Хэргийг буцааж шийдвэрлэсний дараа бидний зүгээс шат шатны эрх бүхий албан тушаалтанд хүсэлт, гомдол гаргаж байсан. Ингэсний дараа мөрдөн шалгах ажиллагаа дууссан гэж үзээд прокурор дахин яллах дүгнэлт үйлдэх ёстой байсан. Өмгөөлөгч нарын зүгээс гомдол хүсэлт гаргасныг мөрдөн шалгах ажиллагаа биш дахин яллах дүгнэлт үйлдэх шаардлагагүй гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Мөн хэргийн материал огт танилцуулаагүй. Хэргийг буцааснаас хойш гомдол хүсэлт гаргаж, хариу ирүүлснээс өөр мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. Хэрэгт дутуу хийгдсэн, хийгдэх шаардлагатай маш олон ажиллагаа байсан. Өмгөөлөгч нарын хүсэлтэд дурдсан асуудлууд дээр мөрдөн шалгах ажиллагаа хийгдэх шаардлагатай эсэх дээр шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийж өгнө үү. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Яллагдагч Г.Аын өмгөөлөгч С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс хэргийг буцаагаад, дахин шүүхэд буцаж ирэхэд яллах дүгнэлтийг хавсралт хэсэгт дурдагдсан эд мөрийн баримт нэмэгдэж ирсэн байдаг. Үүнийг техникийн шинжтэй алдаа гэж үзэх эсэх нь хууль зүйн хувьд эргэлзээтэй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Яллагдагч Г.Ад холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 236 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Г.Ат холбогдох хэргийг 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1842 дугаартай шүүгчийн захирамжаар “... эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэрт яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах хуулийн хугацаа дуусаагүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхийг зөрчсөн, дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэсэн үндэслэл заан буцаажээ.

Хэрэг прокурорт буцсаны дараа оролцогч нарын гаргасан хүсэлт, гомдлыг хуульд заасан хугацаанд прокурор шийдвэрлэж, улмаар хэргийг дахин шүүхэд шилжүүлэхдээ яллах дүгнэлт шинээр үйлдээгүй байна.

Яллагдагч Г.Ад холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 236 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр шүүхэд шилжүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1842 дугаартай шүүгчийн захирамжаар буцааснаас хойш хэргийн оролцогч нарын хүсэлтийг шийдвэрлэснээс өөрөөр мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй буюу шинээр яллах дүгнэлт үйлдэх шаардлага үүсээгүй байна гэж үзэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “прокуророос яллах дүгнэлт үйлдээгүй үндэслэлээр буцаасантай холбоотой өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хэргийг буруу тусгаарласан болон шаардлагатай гэрчүүдийг асуух ажиллагааг хийж гүйцэтгэхтэй холбоотой хүсэлтэд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараахь үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ.” гэж,  1.1-т “хэргийг буруу тусгаарласан бол”, 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, 1.3-т “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэж тус тус заасан.

Урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал байвал, уг үндэслэлүүдийг зааж хэргийг буцаахаар байхад шүүгчийн захирамжид “өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хэргийг буруу тусгаарласан болон шаардлагатай гэрчүүдийг асуух ажиллагааг хийж гүйцэтгэхтэй холбоотой хүсэлтэд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй” гэсэн нь хуулийн агуулгатай нийцээгүй байна.

Урьдчилсан хэлэлцүүлгийн үед, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлуудыг нэг мөр хэлэлцэж байх шаардлагатайг цаашид анхаарвал зохино.   

Энэхүү магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлуудын хүрээнд дахин урьдчилсан хэлэлцүүлэг явуулах асуудлыг хязгаарлаагүй болохыг дурдаж байна.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгов.

            Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан яллагдагч Г.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/294 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Г.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох тус тус таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                М.АЛДАР

ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР