| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/01170/И |
| Дугаар | 307/ШШ2025/01042 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 307/ШШ2025/01042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/01170/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД: *******, утас: *******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух, нотариатч ******* ******* (РД: *******, утас: *******)-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД: *******, утас: ),
“Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, өв хүлээн авах хугацааг сунгуулах, хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч, нотариатч Ц.*******д холбогдуулан өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Дархан-Уул аймаг, ******* тоот 30.3 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь миний хүү Т. болон талийгаач хүү Т. нарын дундын хөрөнгө юм. Талийгаач хүү Т. маань 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зуурдаар таалал төгссөн. Энэ үеэс түүний өвлөгч нарт өвлөх эрх нээгдсэн. Дархан-Уул аймгийн Тойргийн нотариатч Ц.******* 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 37 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг үйлджээ. Нотариатч Ц.*******гийн үйлдсэн өвлөх эрхийн гэрчилгээнд бичигдсэнээр “Дархан-Уул аймаг, ******* тоот 30.3 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 50 хувийг талийгаач хүү Т.гийн эхнэр Б.******* болон 2 охин болох Ө.*******, Ө. нарт өвлүүлэх”-ээр шийдвэрлэсэн байна. Би хуульчаас зөвлөгөө авсан. Иргэний хуулийн 528.1-д өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариатад мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсан гэж үзэхээр хуульд заасан байдаг. Би ямар ч нотариатчид 3 сарын дотор өвөөс татгалзах тухай бичиж өгч байгаагүй учир би хүүгийнхээ өвлөгдөх эд хөрөнгийг өвлөн авсан гэж тооцогдох боломжтой хүн гэж өөрийгөө үзэж байна. Тус өвлөх эрхийн гэрчилгээний талаар тодруулахаар нотариатч Ц.*******тэй очиж уулзахад та 1 жилийн дотор хүсэлтээ гаргаагүй учраас та өвлөх эрхээ алдсан гэж надад хэлсэн. Миний бие нотариатч Ц.*******гийн “Өвлөх эрхийн гэрчилгээг намайг 1 жилийн дотор хүсэлтээ өгөөгүй учраас өвөөс татгалзсан гэж үзнэ” гэж өөрийн үйлдлээ зөвтгөн тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Дархан-Уул аймгийн Тойргийн нотариатч Ц.*******гийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, хууль ёсны өвлөгч намайг өвлөх эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаж өгнө үү” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж:
“...Нотариатч Ц.******* нь нэхэмжлэгчийг өв хүлээн авах хүсэлт гаргах хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр өвлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах тус гэрчилгээг дахин олгохоос татгалзсан. Хууль зүйн хувьд ч нотариатч нь нэгэнт өөрийн үйлдсэн өвлөх эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд дахин гэрчилгээ олгох боломжгүй. Бусад нотариатч мөн энэ тохиолдолд нэхэмжлэгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй. Иймээс өвлөх эрхийн гэрчилгээ бичигдсэн цаг үеэс нэхэмжлэгч З.*******гийн өвлөх эрх нь хязгаарлагдсан юм. З.******* нь анх нэхэмжлэл гаргахдаа Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч Ц.*******гийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шаардсан. Шүүх өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нэхэмжлэгчийн өвлөх эрх шууд хэрэгжих боломжгүй. Нэхэмжлэгч З.******* нь нотариатч Ц.*******гийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ бичигдсэн болохыг, өвлөгч нь өөрт өвлөгдөх эд хөрөнгийг өвлөж авахдаа ийм гэрчилгээ авдаг болохыг, гэрчилгээ авахын тулд өв хүлээн авах хүсэлтийг нотариатад гаргадаг болохыг талийгаачийн эхнэр Б.*******гийн Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд анх нэхэмжлэлийн хувийг гардан авсныхаа дараа өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө авч мэдсэн.
Хүндэтгэн үзэх шалтгаанаар өв хүлээн авах хугацаа хэтрүүлсэн бол шүүхэд хандан хугацаа сэргээлгэх боломжтой байдаг. Иймд өөрийн өв хүлээн авах хугацаа хэтрүүлсэн бол шүүхэд хандан хугацаа сэргээлгэх боломжтой байдаг. Иймд өөрийн өв хүлээн авах хугацаа сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Дархан-Уул аймаг, ******* тоот 30.3 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Т., Т. нар юм. Үл хөдлөх эд хөрөнгө нь хоёр хүний өмч учраас талийгаачийн хууль ёсны өвлөгч нар нь тус үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийг хувь тэнцүүлэн өвлөх эрхтэй. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар гуравдагч этгээдээр оролцож байгаа Б.******* болон талийгаачийн охид болох Ө.*******, Ө., нэхэмжлэгч З.******* нь тэргүүн ээлжид өвлөн авах эрхтэй этгээдүүд юм.
Нотариатч Ц.******* нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Б.******* болон талийгаачийн охид болох Ө.*******, Ө. нарыг өвлөгч болохыг нэгэнт тогтоосон. Харин нэхэмжлэгчийг өв хүлээн авах хугацаа хэтрүүлсэн гэж үзэж өвлөгчөөр тогтоохоос татгалзсан учраас нотариатч Ц.******* нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахтай холбоотой иргэний хэргийг хянан шийдвэрлэхтэй хамт нэхэмжлэгч З.*******г өөрийн төрсөн хүү Т.гийн Дархан-Уул аймаг, ******* тоот 30.3 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувиас өвлөх эрхтэй хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна” гэжээ.
2.Хариуцагч, нотариатч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Иргэн З.******* миний 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр үйлдсэн 37 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Би иргэн Б.*******д 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Иргэний хуульд заасны дагуу олгосон. Иргэн Б.*******гийн нөхөр Т. нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нас барж өв нээгдсэн байсан. Би өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо доорх бичиг баримт лавлагааг үндэслэн олгосон байна. Үүнд:
1.Иргэний хуулийн 530.2-т заасан хугацаа өнгөрсөн үед олгосон-өв нээгдсэнээс хойш 1 жилийн 9 сарын дараа олгосон.
2.520-р зүйлийн 520.1.1-д заасан өвлөгч болох талийгаачийн эхнэр түүний насанд хүрээгүй 2 хүүхдэд Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр олгосон тодорхойлолт,
3.Монголын нотариатчидын танхимын нэгдсэн бүртгэлийн сангаас талийгаач Т.гийн өвийг хүлээн авах хүсэлт байгаа эсэх тухай лавлагааг шүүж үзсэн ба тэгэхэд ямар нэг хүсэлт бүртгэгдээгүй тухай лавлагаа,
4.Талийгаач Т. нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нас барсныг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн 4501000426 дугаартай нас барсны гэрчилгээ,
5.Талийгаач Т., түүний эхнэр Б.******* нарын 2007 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газраас авсан 356 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ,
6.Б.*******гийн иргэний үнэмлэх болон насанд хүрээгүй хоёр охин Ө.*******, Ө. нарын төрсний гэрчилгээ зэргийг үндэслэсэн болно.
Иргэн З.******* нь 2024 оны 07 дугаар сард буюу Б.*******д гэрчилгээ олгосны дараа миний нотариатын газарт ирж өвлөх эрхийн гэрчилгээний талаар зөвлөгөө авъя гэж хандахад нь би Б.*******д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон тухайгаа хэлсэн.
Миний хувьд иргэн Б.*******д олгосон өвлөх эрхийн гэрчилгээ нь хуулийн дагуу олгогдсон учир хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.
...Нэхэмжлэгчийн гаргаж байгаа дээрх нэмэгдүүлсэн шаардлага нь миний олгосон өвлөх эрхийн гэрчилгээтэй хамааралгүй асуудал байна. Харин ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа нь З.******* гуай өөрөө хуулийн хугацаанд өвлөх хүсэлт гаргаагүй гэдгээ нотолж өгч байна. Өв хүлээн авах хугацааг сэргээн мөн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг надад хамаатуулж гаргаж байгаа нь буруу гэж үзэж байна. Хууль мэдэхгүй байх нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүйг дурдах нь зүйтэй байна” гэжээ
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 598 дугаартай З.*******гийн оршин суугаа газрын тодорхойлолт, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0037 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Тээврийн яамны харьяа 26 дугаар авто баазын 1988 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 298 дугаартай байр олгох тухай бичиг эх хувиар, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2282 бүртгэлийн дугаартай өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө, өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Дархан-Уул аймаг, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ц.гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Т.гийн төрсний бүртгэлийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжид 140,000 төгрөг төлсөн баримт, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 0765 бүртгэлийн дугаартай итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 3-6, 50-56, 65-68, 77 хуудас)
4.Хариуцагчаас 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0612 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 33 хуудас)
5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0772 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 84-85 хуудас)
6.Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.гийн хүсэлтээр хариуцагчаас Монголын нотариатчидын танхимын нэгдсэн бүртгэлийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн оршин суугаа газрын тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Т. болон Б.******* нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Т.гийн нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0037 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0037 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17/913 дугаартай албан бичиг, З.*******гийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, З.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ХААТР-1 баримт, хаягийн хуудас зэргийг нотлох баримтаар бүрдүүлж, гэрч Т., Ө.*******, Ө. нараас гэрчийн мэдүүлэг авсан болно. (хх 24-28, 44-48, 107-108, 124-127 хуудас)
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч З.*******гийн хариуцагч нотариатч Ц.*******д холбогдуулан гаргасан өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, өв хүлээн авах хугацааг сунгуулах, хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг “...Нэхэмжлэгч З.******* нь Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч Ц.*******гийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Дархан-Уул аймаг, ******* тоот 30.З м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс талийгаач хүү Т.д ногдох 50 хувиас өвлөх эрхтэй хууль ёсны өвлөгч болохоо тогтоолгох шаардлагыг гаргасан. Энэ шаардлагын хүрээнд тус 63 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгчийн төрсөн хүү Т. болон талийгаач хүү Т. нарын дундын хөрөнгө юм. Нэхэмжлэгчийн талийгаач хүү Т. нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нас барсан. Энэ үеэс түүний өвлөгч нарт өвлөх эрх нээгдсэн. Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч Ц.******* 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 37 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ үйлджээ. Ийнхүү үйлдэхдээ талийгаачийн “Эхнэр Б.******* болон 2 охин болох Ө.*******, Ө. нарт өвлүүлэх”-ээр шийдвэрлэсэн. З.******* нь тус өвлөх эрхийн гэрчилгээгээр Б.*******, Ө.*******, Ө. нарт өвлүүлснийг бол буруутгаагүй. Гэхдээ юуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр хууль ёсны өвлөгч З.*******г орхигдуулан өвлөх эрхийн гэрчилгээ үйлдсэнийг буруутгаж байна. Нэхэмжлэгч З.******* гуайн хувьд өвлөх хүсэлт, татгалзлын алийг нь ч нотариатчид гаргаж өгөөгүй. Иргэний хуулийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариатад мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсан гэж үзэхээр хуульд заасан байдаг. Нэхэмжлэгч З.******* нь ******* тоот хаягт насаараа амьдарсан. Одоо хүртэл уг хаягт бүртгэлтэй, одоо ч амьдарч байна. Толгойт гэх хаягтаа түр оршин сууж, ногоо тарьдаг учраас ирж, очин байдаг. Баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хүн ам, өрхийн болон иргэний түр оршин суух бүртгэлийг зохих журмын дагуу бүртгэх бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Одоогоор энэ бүртгэлийг хүчингүй болгосон аливаа нэгэн баримт байхгүй учраас талийгаач хүүтэйгээ нас барах хүртэл нь хамт амьдарч байсан өвлөгч юм. Одоо ч тус хөрөнгө нь З.*******, Т. нарын эзэмшилд байдаг. Нэхэмжлэгч нь ямар ч нотариатчид 3 сарын дотор өвөөс татгалзах тухай бичиг өгч байгаагүй учир өвлөгдөх эд хөрөнгийг өвлөн авсан этгээд гэж тооцогдох боломжтой байна. Иймд Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч Ц.*******гийн 2024 оны 6-р сарын 17-ны өдрийн 37 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шаардаж байна. Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.14-т “Өвлөх эрхийн гэрчилгээ олгох заавар” гэж байгаа. Уг зааварт “Бусад холбогдох баримт бичиг, лавлагаа” гэсэн байдаг. Нотариатчийн хувьд энэ гэрчилгээг олгоход эрх нь зөрчигдөх өөр өвлөгч байгаа эсэх, тухайн өвлөгчид өв хүлээн авахаас татгалзах шалтгаан байгаа эсэхийг шалгах, тодруулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. З.******* гуай нь Иргэний хуулийн 520.1.1-д заасан этгээд мөн тул талийгаач хүүгийнхээ өвлөгдөх эд хөрөнгөөс тэргүүн ээлжид өвлөн авах эрх бүхий хууль ёсны өвлөгч гэж тооцогдох ёстой. Энэ эрхээ хэрэгжүүлэх эцсийн шаардлага байгаа учраас нэгэнт өв хүлээн авах хугацаагаа сэргээлгэе, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулъя гэдэг шаардлага гаргаж байгаа учраас хамт шийдвэрлүүлчихвэл цаг хугацааны хувьд ч хэмнэгдэнэ” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлж байна.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлаа “...Нотариатч Ц.******* нь иргэн Б.*******д 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Иргэний хууль, Нотариатын тухай хуульд заасан журмын дагуу олгосон. Хууль зөрчсөн зүйлгүй. Иргэн Б.*******гийн нөхөр Т.Өлзий нь 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нас барж өв нээгдсэн байсан. Харин нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын тухайд нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгохоос өвлөгчөөр тогтоохгүй, хугацааг сэргээхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлаж байна.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.******* нь З.*******гийн хүү талийгаач Т.гийн хууль ёсны баталгаатай эхнэр байсан. Тэдний дундаас Ө.*******, Ө. гэж хоёр төрсөн хүүхэд. Б.******* хүүхдүүдийн хамт талийгаач нөхөртэйгөө тус байранд амьдарч байсан. З.*******гийн хувьд өөр айлд амьдарч байсан. Сүүлд багийн Засаг даргаас тухайн хаягт бүртгэлтэй гэсэн албан бичиг ирсэн болохоос тухайн үед тэр байранд амьдарч байгаагүй. Иргэний хуульд зааснаар хууль ёсны өвлөгч өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвлөх эрхийн гэрчилгээ авах ёстой. Үүний дагуу Б.******* өөрийн нотлох баримтаа авчраад нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Нотариатчийн хийсэн үйлдэл З.*******гийн эрх ашгийг зөрчөөгүй. Нотариатч өвлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу олгосон. Хүчингүй болгох ямар ч зөрчил байхгүй. Тийм учраас өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Өвлөх эрх сэргээлгэнэ гэдэг нь хуульд заасан ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай бол хүлээж авч болно. Гэтэл тийм хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй. Талийгаач өнгөрөөд бараг 3 жил болж байхад өв хүлээн авах хугацаагаа сэргээлгэнэ гэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
5.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1.2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0037 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр: “...Дархан-Уул аймаг, ******* тоот 30.3 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай, ******* улсын бүртгэлийн дугаартай, Т., Т. нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Т.д оногдох 50 хувийн өвлөгчөөр түүний эхнэр Б.*******, охин Ө.*******, Ө. нарт өвлүүлэхээр” өвлөх эрхийн гэрчилгээг олгожээ.
5.2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Б.*******, өвлүүлэгч Т. нар нь 2007 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гэр бүл болсныг гэрлэсний бүртгэлийн 356 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон, Т. нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нас барсан болох нь гэрлэсний гэрчилгээ, нас барсны гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.
5.3.Нэхэмжлэгч З.******* нь өвлүүлэгч Т.гийн төрсөн эцэг мөн болох нь Т.гийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
6.Зохигчдын маргааны зүйл нь өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатчийн үйлдэл хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгч З.******* нь өвлүүлэгч Т.тэй хамт амьдардаг байсан эсэх, өвлөх эрхээ алдсан эсэх, өв хүлээн авах хугацааг сунгуулах хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх асуудал байна.
Тодруулбал, нэхэмжлэгч З.******* нь Б.*******, Ө.*******, Ө. нарыг Т.гийн хууль ёсны өвлөгчид мөн, үүнд маргахгүй, харин миний өвлөх эрх зөрчигдөж байна, хүү Т.г нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргаагүй учир өвлөх эрхтэй гэж, хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд нэхэмжлэгч З.*******г өвлүүлэгчтэй хамт амьдарч байгаагүй, хуульд заасан хугацааны дотор өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй, өвлөх эрхээ алдсан гэж талууд мэтгэлцэж байна.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, хэрэв эдгээр өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ нар нь хууль ёсны өвлөгч байх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй талаар хуульчилжээ.
Иймээс нэхэмжлэгч З.******* нь өвлүүлэгч Т.гийн хууль ёсны өвлөгч мөн бөгөөд үүнд зохигчид маргаагүй болно.
7.Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно” гэж заасан бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо дараахь баримт бичгийг үндэслэнэ: 43.2.1.өвлөгч болохыг нотлох баримт бичиг; 43.2.2.өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, сураггүй алга болсонд тооцсон болон нас барсан гэж зарласан бол энэ тухай шүүхийн шийдвэр; 43.2.3.өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг; 43.2.4.өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр; 43.2.5.өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт” гэж заасан.
Хариуцагч нотариатч Ц.******* нь өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо дээрх хуульд заасан баримт бичгийг үндэслэн тогтоох ёстой нөхцөл байдлыг тогтоож, өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байх бөгөөд маргааны гол зүйл болж буй өвлүүлэгч Т.гийн нас барахаас өмнө түүнтэй хамт амьдарч байсан өвлөгчийн талаарх Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р багийн Засаг даргын тодорхойлолтод:
-*******гийн нь тус багийн ******* тоот хаягт албан ёсны бүртгэлтэйгээр, ...өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч эхнэр Б.*******, охин Ө.*******, охин Ө. нар байна. Өвлүүлэгчийг нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн байхгүй гэснийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг нотариатчийн буруутай үйлдэл гэж үзэх боломжгүй юм.
Хэдийгээр хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн оршин суугаа газрын хаягийн улсын бүртгэлийн лавлагаанд З.*******гийн байнга оршин суугаа газрын хаягийг Дархан-Уул, ******* тоот гэж, нэхэмжлэгчийн 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ХААТР-1 маягтад: байнга оршин суудаг ******* тоот гэж, 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 598 дугаартай Дархан сумын 11 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтонд “...З.******* нь тус багийн ******* тоотод оршин суудаг болохыг тодорхойлов” гэсэн байх боловч энэ нь нэхэмжлэгч З.******* нь өвлүүлэгч Т.тэй хамт амьдардаг гэх үйл баримтыг бүрэн тогтоохгүй юм.
Өөрөөр хэлбэл, хамт амьдрах, байнгын оршин суугаа хаяг гэх асуудал нь ялгаатай ойлголтууд бөгөөд нэг хаягт оршин суух бүртгэлтэй байгааг хамт амьдарсан гэж үзэх нь учир дутагдалтай, энэ үйл баримт бусад баримтуудаар давхар баталгаажих ёстой.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Т.ийг асуусан бөгөөд гэрч Т. нь “...З.******* нь Дархан-Уул аймаг, ******* тоотод амьдардаг. Намайг хүүхэд байхаас хойш амьдарч байна. Талийгаач ах Т., түүний эхнэр Б.*******, охин Ө.*******, Ө., дүү болох Т. би, аав З.******* нар хамт амьдардаг байсан. Аав З.******* нь ирэн очин байдаг байсан. З.******* нь толгойтод танил гийнд ирэн очин байдаг байсан” гэж,
Хариуцагчийн хүсэлтээр өвлүүлэгчийн охид болох Ө.*******, Ө. нарыг гэрчээр асуусан бөгөөд гэрч Ө.******* “...Өвөө бид нартай хамт амьдарч байгаагүй. Өвөө толгойтод эхнэртэйгээ хамт амьдардаг байсан. Эхнэрийг нь гэдэг. Одоо толгойтод амьдарч л байгаа” гэж,
Гэрч Ө. “...Өвөөтэйгөө хамт амьдарч байгаагүй. Өвөө толгойтод эмээ гийнд хамт амьдардаг. Өвөөг одоо хаана амьдарч байгааг мэдэхгүй байна. Бид холбоогүй байдаг” гэж мэдүүлсэн.
Шүүх гэрчийн мэдүүлгээс Ө.*******, Ө. нарын мэдүүлгийг үнэлсэн болно. Учир нь насанд хүрээгүй гэрчүүд нь хэн хэнтэй хамт амьдарч байсан талаар мэдүүлэх чадамжтай, тэдний мэдүүлгүүд зөрүүгүй байна.
Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч З.*******г өвлүүлэгч Т.тэй хамт амьдарч байсан өвлөгч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
8.Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ”, 528.3-т “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ” гэж зааснаар нэхэмжлэгч З.******* нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өв хүлээн авах талаарх хүсэлтийг гаргаагүй байх тул түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий орон сууц нь 2022 оноос хойш одоог хүртэл нэхэмжлэгч болон хүү Т.ийн эзэмшилд байгаа, нэхэмжлэгч нь эд хөрөнгийг эзэмдэн авсан гэж тайлбарласан боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс Т.г нас барснаас хойш З.******* нь эхнэр, хүүхдүүдийг нь байрнаас хөөсөн гэж үгүйсгэсэн.
Дээрх хуульд заасан “...өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан” гэдгийг тухайн хөрөнгийг эзэмших, өмчлөх хууль ёсны эрхээ баталгаажуулсан, бусдын маргаанаас хамгаалагдсан, хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг ойлгох бөгөөд эрхийн маргаантай байгаа нөхцөл байдал энэ ойлголтод хамаарахгүй юм.
Мөн нэхэмжлэгч З.******* нь маргаан бүхий орон сууцыг 1988 онд Тээврийн яамны харьяа 26 дугаар авто баазад ажиллаж байх хугацаандаа уралдаант болзлыг хангаж авсан, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тус орон сууцыг өмчилж байсан өмчлөгч Т., З.*******, Т. нар нь өөрт ногдох хэсгээ Т., Т. нарт бэлэглэж, орон сууцны өмчлөх эрх Т., Т. нарт шилжсэн болох нь хэрэгт авагдсан Тээврийн яамны харьяа 26 дугаар авто баазын даргын орон сууц хувиарлах комисст хандсан байр олгох тухай бичиг, бэлэглэлийн гэрээ зэргээр тогтоогдож байх боловч энэ нь өв залгамжлалын эрх зүйн харилцаанд нөлөөлөх байдал болохгүй.
9.Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т “Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно” гэж заажээ.
Хэдийгээр нэхэмжлэгч нь өвлүүлэгчтэй хамт амьдарч байсан тул өв хүлээн авахаас татгалзсан талаар хүсэлт гаргаагүй нь өвийг хүлээн авсанд тооцно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон боловч үүний зэрэгцээ өв хүлээн авах хугацааг сунгуулах шаардлага гаргасан байна. Шүүх үүнийг нэхэмжлэгчийн зүгээс маргаантай өвлөх эрхийн асуудлаа бүрэн шийдвэрлүүлэх зорилгоор гаргасан, мөн тухайн хэрэгт өвлүүлэгч Т.гийн хууль ёсны өвлөгчид нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа нөхцөлийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч дүгнэлт хийсэн болно.
Дээр дурдсанчлан өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болох хэдий ч энэ нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацааг хэтрүүлсэн өвлөгчийн эрхийг хамгаалах зохицуулалт бөгөөд нэхэмжлэгч З.*******гийн хувьд өв хүлээн авах хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч З.******* нь өвлүүлэгч Т.гийн хууль ёсны өвлөгч мөн боловч хуульд заасан хугацааны дотор өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй тул өвлөх эрхээ алдсан, өв хүлээн авах хугацааг сунгах хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 520.1.1, 528.3, 528.4, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч З.*******гийн хариуцагч нотариатч Ц.*******д холбогдуулан гаргасан “Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, өв хүлээн авах хугацааг сунгуулах, хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН