Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 307/ШШ2025/01058

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/01063/и 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД: *******, утас: *******)-ын хүсэлттэй,

“Ц.******* хамтын амьдралтай байсныг болон охин Г.******* төрсөн эцэг Ц.******* мөн болохыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Г.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

“...Миний бие 2015 онд талийгаач нөхөр Ц.******* танилцаж хамтран амьдарсан. Хамтын амьдралын хугацаанд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр охин Г.******* төрсөн. Бид өөрийн гэсэн орон байргүй байсан учир бид ээжийн гэрт байдаг байсан. Гэтэл 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нөхөр маань өвчний улмаас нас барсан. Иймд бидний хамтын амьдралтай байсныг тогтоож, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Г.******* төрсөн эцэг нь Ц.******* мөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж тушаасан баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Г.******* төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ц.*******ын нас барсны бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шарын гол сумын багийн Засаг даргын оршин суугаа газрын болон ам бүлийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-6 хуудас)

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Ц., А. нараас мэдүүлэг авч, гэрчүүдийн иргэний үнэмлэхийн хуулбарыг нотлох баримтаар бүрдүүлсэн. (хх 19-22 хуудас)

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Г.******* нь Ц.******* хамтын амьдралтай байсныг, охин Г.******* төрсөн эцэг Ц.******* мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд хүсэлтийнхээ үндэслэлийг “...Миний бие 2015 онд талийгаач нөхөр Ц.******* танилцаж гэр бүл болсон. Хамтын амьдралын хугацаанд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр охин Г.******* төрсөн. Бид өөрийн гэсэн орон байргүй байсан учир өөрийн ээжийндээ амьдарч байсан. Гэтэл нөхөр маань өвчний улмаас нас барсан. Манай охин одоо 9 настай. Хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор шүүхэд хандсан” гэж тайлбарласан.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж тус тус заасан.

Хуульд зааснаар уг хүсэлт нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлтэд хамаарах бөгөөд хүсэлт гаргагч Г.******* нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

4.Хүсэлт гаргагч Г.******* нь Ц.******* 2015 оноос 2020 оныг хүртэл хамтын амьдралтай байсан, тэдний дундаас Г.******* төрсөн, Ц.******* нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээний хуулбар, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Г.******* төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Шарын гол сумын багийн Засаг даргын оршин суугаа газрын болон ам бүлийн тодорхойлолт, гэрч Ц.ын “...Г.*******, Ц.******* нар нь 2016 оноос хойш хамтран амьдарсан. Тэдний дундаас охин Г.******* төрсөн. Ц.******* нь өндрөөс унаж, нуруу нугасны гэмтэлтэй болж жил гаран хэвтрийн дэглэмтэй байсан. Өвчний улмаас бурхан болсон. Г.*******, Ц.******* нар нь яагаад гэрлэлтээ батлуулаагүйг мэдэхгүй байна. Охин нь яагаад ааваараа овоглоогүйг гайхаж байна. Дүүгийнхээ ганц охиныг дүүгийнхээ овгоор овоглуулмаар байна” гэх мэдүүлэг, гэрч А.гийн “...Г.*******, Ц.******* нар нь 2015 оноос гэр бүл болж хамтран амьдарсан. Тэдний дундаас  2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр охин Г.******* төрсөн. Ц.******* нь 2022 онд харвалтын улмаас бурхан болсон. Г.******* нь Ц.*******ыг бурхан болох хүртэл хамтран амьдарсан” гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

5.Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан овогт ******* (РД:*******), ******* овогт ******* ******* (РД:*******) нарыг 2015 оноос 2020 оны 08 дугаар сарыг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Г.******* (РД:*******)-ийн төрсөн эцэг овогт ******* (РД: *******) мөн болохыг тогтоосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

                     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.НОМИН