| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 138/2021/00207/И |
| Дугаар | 201/МА2021/00023 |
| Огноо | 2021-09-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 201/МА2021/00023
П.Гэрэлбаатарын нэхэмжлэлтэй, Б.Батсайхан, Ш.Энхсайхан нарт холбогдох хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Ж.Долгормаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 03-ны өдрийн 138/ШШ2021/00412 дугаар шийдвэртэй, П.Гэрэлбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Батсайхан, Ш.Энхсайхан нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч П.Гэрэлбаатарын гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 06 сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Гэрэлбаатар, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат хариуцагчийн төлөөлөгч Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
Нэхэмжлэгч П.Гэрэлбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Батсайхан, Ш.Энхсайхан нар нь 2016.01.19-ний өдөр Худалдаа хөгжлийн банкнаас Орон сууцны ипотекийн зээлээр Хэрлэн сумын 10 дугаар баг, 90-36 тоот 45,98 м2 орон сууцыг надаас 60 сая төгрөгөөр худалдан авахаар болсон. Тухайн үед дээрх барилгын өмчлөх эрхийн гэрчилгээ бүхэлдээ миний нэр дээр байсан. Хариуцагч нар нь орон сууц худалдан авахад шаардагдах урьдчилгаа болох 18 000 000 төгрөг хэрэгтэй байна, чи түр зээлчих, би ипотекийн 30 хувийн урьдчилгаа гээд эргүүлээд чамруу хийгээд банкнаас үлдэх зээлээ авчихъя, харин чамаас зээлсэн 18 000 000 төгрөг дээрээ гэрээ хийе гэсэн хүсэлт тавьсан. Миний бие тэдэнтэй найз нөхдийн харилцаатай байдаг хүний хувьд итгээд хувиасаа байрны урьдчилгаанд нь 18 000 000 төгрөгийг зээлж төлбөр барагдуулах хэлцэл нэртэй зээлийн гэрээний агуулга бүхий хэлцэл хийж мөнгийг шилжүүлсэн. Уг хэлцлээр төлбөр төлөх эцсийн хугацааг 2017.01.19-ний өдөр байхаар тохирсон ба мөнгийг нэг жилийн хугацаанд хоёр хувааж төлөхөөр үүрэг хүлээсэн боловч төлбөр төлөгч нар нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, гүйцэтгээгүй үүргийн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцох үүргийг төлбөр төлөгч нар нь хэлцлээр хүлээсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 18 000 000 төгрөгийн үүргийг 1425 хоногийн турш гүйцэтгээгүй байна. Гүйцэтгээгүй үүрэг болох 18 000 000 төгрөгт ногдох нэг өдрийн алдангийг 0.5 хувиар тооцоход 90 000 төгрөг болох ба үүнийг 1425 хоногт үржүүлбэл Иргэний хуульд заасан гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байх тул хуульд нийцүүлэн үндсэн зээлийн 50 хувиар тооцон алдангид 9 000 000 төгрөгийг үндсэн зээл дээр нэмж нэхэмжилнэ. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 18 000 000 төгрөг, алданги 9 000 000 төгрөгийн хамт нийт 27 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч П.Гэрэлбаатар нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан шаардлагадаа: Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээс 4 000 000 төгрөгийг цувуулан төлсөн байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас дээрх төлбөрийг, алдангиас 4 000 000 төгрөгт ногдох 2 000 000 төгрөгийн алдангийн хамт нийт 6 000 000 төгрөгийг хасаж тооцоход татгалзахгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа 6 000 000 төгрөгөөр багасгаж, үндсэн зээл 14 000 000 төгрөг, үүний алданги 7 000 000 төгрөг нийт 21 000 000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч П.Гэрэлбаатар болон түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18 000 000 төгрөг, алданги 9 000 000 төгрөг, нийт 27 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч нарын төлсөн 4 000 000 төгрөгийг уг төлбөрийн алданги 2 000 000 төгрөгийн хамт нийт 6 000 000 төгрөгийг хасч нийт 21 000 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч нь 2016 онд аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн, уг сонгуулийн сурталчилгааны ажилд хариуцагч Б.Батсайхан огт яваагүй бөгөөд бидний хооронд зээлийн үлдэгдэл 14 сая төгрөгийг сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон оролцоог тооцон буцааж авахгүй талаар амаар болон бичгээр тохиролцсон тохиролцоо болоогүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс үүрэг гүйцэтгэгч нарыг гэрээний үүргээс чөлөөлөх талаарх саналыг гаргасан зүйл огт байхгүй. 2016 оны сонгуулийн дүн миний санаж байгаагаар 2016.06.22-ны өдөр гарч байсан шиг санаж байна. Гэтэл хариуцагч нар нь 2016 оны 9 сарыг дуусталх хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлж байсан. Сар бүр 500 000 төгрөгийг төлөөд явж байсан. Үүнээс харахад бидний хооронд зээлээс чөлөөлөх тохиролцоо болоогүй гэдэг нь харагдаж байна. Б.Батсайханыг би мөнгөө төл гэж олон удаа шаардаж байсан. Нэг удаа усыг нь хүртэл тасалж үзсэн, Жаахан хүлээж бай, эхнэр ажилд ороод төлнөө л гэдэг. 2019 онд шиг санаж байна, Шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл бичээд өгөх гэж байгаагаа Батсайханд хэлэхэд Батсайхан ирээд мөн л шүүхэд битгий өгөөч, би удахгүй төлнөө гээд гуйхад нь би бас зөвшөөрөөд шүүхэд өргөдлөө өгөлгүйгээр шүүх дээрээс бид буцаж байсан. Энэ мэтээр миний итгэлийг эвдэж одоо болтол зээлээ төлөөгүй байгаа тул арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нар нь гэрээний үүргээ 2016.09.14-ний өдрийг хүртэл сар бүр гүйцэтгээд явж байснаас харвал нэхэмжлэгчээс хариуцагч нарыг гэрээний үүргээс нь чөлөөлсөн асуудал тогтоогдохгүй байна. Талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний шинжийг агуулсан төлбөр барагдуулах хэлцэл нь Иргэний хуулийн 39, 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж үзэж байх тул хариуцагч нар гэрээний үүргээ гүйцэтгэх ёстой.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр маргаж байх шиг байна. Гэтэл нэхэмжлэгч хариуцагч нар нь үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууц худалдах худалдан авахтай холбоотой харилцаанд орсон. Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар тохирч, улмаар уг орон сууцны урьдчилгааны мөнгийг нэхэмжлэгчээс зээлж авсан байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан бөгөөд үүнд хамаарахгүй, харин мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байхаар заасан бөгөөд энэ шаардлагад хамаарах тул нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Батсайхан нь эхнэр Ш.Энхсайханы хамт нэхэмжлэгч П.Гэрэлбаатарын Хэрлэн сумын 10 дугаар багт барьсан 90 дүгээр байрны 39 тоот орон сууцыг Худалдаа хөгжлийн банкны ипотекийн зээлээр худалдаж авсан нь үнэн. Б.Батсайхан нь П.Гэрэлбаатартай олон жилийн өмнөөс найз нөхдийн холбоотой байсан бөгөөд 2015 оны эхээр уулзахдаа найз нь ирэх жил Матад сумын аймгийн ИТХ-д нэр дэвших бодолтой байна. Чи найздаа тусал гэж ярьсан. Тухайн үед Б.Батсайхан байр авах гээд хайж явсан бөгөөд энэ талаар П.Гэрэлбаатарт хэлэхэд манай байрнаас авчих, 8 хувьд оруулаад өгье, 30 хувийн урьдчилгаа олдохгүй байвал би өөрөөсөө гаргаад өгье, чи бид хоёр дараа нь болно биз гэж хэлсэн. Нэг ёсондоо найз нөхдийн хувьд П.Гэрэлбаатар нь Б.Батсайханд орон сууцтай болоход нь туслах, Б.Батсайхан түүний 2016 оны сонгуулийн ажилд туслахаар ярилцсан байдаг. Үүний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууцны урьдчилгааны 18 000 000 төгрөгийг өгсөн бөгөөд төлбөр барагдуулах хэлцэл нэртэй гэрээг Б.Батсайхан эхнэрийн хамт нэхэмжлэгчтэй байгуулсан байдаг. Уг хэлцлээр хариуцагч нар 2017.01.19-ний өдөр гэхэд мөнгөө төлж дуусгах ёстой байсан.
Хариуцагч нарын хувьд нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан талаараа маргадаггүй. Ингээд 2016 оны эхээр ипотекийн зээлд хамрагдаж байраа авсан бөгөөд Б.Батсайхан П.Гэрэлбаатарын сонгуулын бэлтгэл ажилд орж, олон хүнтэй уулзаж түүнийг дэмжихийг уриалж, төрөлх Матад сумаар олон удаа явсан байдаг. Энэ хугацаанд хариуцагч нар өөрсдийн боломжоороо П.Гэрэлбаатарт мөнгөө төлж явсан ба сардаа 500 000 төгрөгөөр, зарим сард нэг сая төгрөгийг төлсөөр 2016 оны 01 сараас эхлэн 9 сар хүртэл хугацаанд нийт 4 000 000 төгрөгийг төлсөн байдаг. П.Гэрэлбаатар нь 2016 оны аймгийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөж амжилттайгаар ялалт байгуулж төлөөлөгч болсон. Үүний дараа тэд уулзалдаж Б.Батсайханд баярлаж талархснаа илэрхийлж та 2 байрны урьдчилгаанд авсан мөнгөнөөсөө 4 сая төгрөг төлсөн байна. Миний сонгуулийн ажилд маш их тусалж дэмжсэн тул одоо найздаа мөнгө төлөх шаардлагагүй, ингээд дуусгая, үлдэгдэл 14 сая төгрөгийг та хоёроос авахгүй гэж П.Гэрэлбаатар хэлсэн байдаг. Үүнд нь хариуцагч нар маш их баярлаж байсан гэж хэлдэг. П.Гэрэлбаатар өөрөө мөнгөө авахгүй гэсэн тул хариуцагч нар өр төлбөргүй боллоо гэж бодон сар бүр төлөөд явж байсан мөнгөө төлөхөө больсон. Үүнээс хойш нэхэмжлэгч мөнгөө төл гэж шаардаж байгаагүй гэдгийг хариуцагч нар хэлдэг. Хэрвээ нэхэмжлэгч өөрөө мөнгөө авахгүй гэж хэлээгүй бол хариуцагч нар сар бүр 500 000 төгрөгөөр төлөөд дуусгачих байсан гэж хэлдэг. Гэвч өөрөө үлдэгдэл мөнгөө авахгүй гэж хэлчихээд төлөх байсан хугацаа нь аль эрт өнгөрчихөөд байхад нэхэмжлээгүй атлаа одоо ийм нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг хариуцагч нар өгдөг.
Хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан талаар маргадаггүй. Гэвч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хариуцагч нар 2016.09.14-ний өдрөөс хойш мөнгөө төлөөгүй, мөн гэрээний хугацаа 2017.01.19-ний өдөр дууссан үеэс эхлэн мөнгөө шаардах эрх үүссэн байхад нэхэмжлэгч нь хариуцагч нараас одоог хүртэл мөнгөө нэхэмжлээгүй атлаа 2021 оны 02 сард нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Хариуцагч нараас нэхэмжлэгч нь огт мөнгөө нэхэж байгаагүй учраас тэд түүнд төлөх өр төлбөргүй гэж одоог хүртэл бодож явсан байдаг. Нэхэмжлэгч мөнгөө нэхэж байсан гэж байгаа боловч түүнийгээ нотлоогүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 03-ны өдрийн 138/ШШ2021/00412 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Батсайхан, Ш.Энхсайхан нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21 000 000 /хорин нэгэн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Гэрэлбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 950 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 3 сарын 03-ны өдрийн 138/ШЗ2021/00617 дугаартай захирамжаар хариуцагч нарын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдээс нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэхээр авсан арга хэмжээ нь анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг зохигч талуудад мэдэгдэж, ... шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч П.Гэрэлбаатар давж заалдах гомдолдоо: ...Шийдвэрийн үндэслэх хэсэгт төлбөр барагдуулах тухай хэлцлийн агуулгыг шүүх зээлийн гэрээ гэж тодорхойлсон нь хэлцлийн хүсэл зориг, үр дагавартай огт нийцэхгүй байна. Талуудын хооронд байгуулсан хэлцлийн агуулгад үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авахтай холбоотойгоор 18 000 000 төгрөгийн урьдчилгааг худалдагч П.Гэрэлбаатарт төлөх үүргээс чөлөөлөгдөх зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө худалдагчаас өөрөөс нь мөнгө авч урьдчилгаа 30 хувийг банкинд байршуулсан дүр эсгэсэн үйл баримтыг хариуцагч нарын худалдан авч буй орон сууц нь нэхэмжлэгч П.Гэрэлбаатарын өмчлөлийн орон сууц болох үйл баримтыг шүүх үнэлээгүй нь ИХШХШТ хуульд заасан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг харуулж байна.
Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарласан орон сууцыг П.Гэрэлбаатараас худалдан аваагүй гэсэн тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон гэж үзэхээр байна. Хариуцагч нар нь нэхэмжлэгч П.Гэрэлбаатарын өмчлөлийн орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авсан ба банкинд урьдчилгаа хэлбэрээр дээрх 18 000 000 төгрөгийг байршуулж үлдэгдэл санхүүжилтээ зээлсэн байдаг. Энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 18 000 000 төгрөг, алданги нь үл хөдлөх хөрөнгө худалдан авах, өмчлөх эрхийг хариуцагч нар өөртөө авах харилцаанд шууд чиглэгдсэн, түүгээр хариуцагч нар Гэрэлбаатараас орон сууц худалдан авсан байгаа нь маргаан үл хөдлөх эд хөрөнгөтэй шууд холбоотой болохыг нотолж байна.
Үүнийг шүүхээс няцаахдаа хариуцагч нар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Хэрлэн сум 10 дугаар баг 90-р байрны 39 тоот 45.98 мкв талбайтай 60 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг түүнээс ХХБ-ны ипотекийн зээлээр худалдан авахын тулд уг байрны 30 хувийн урьдчилгааг төлөх зорилгоор нэхэмжлэгчээс 18 000 000 төгрөгийг зээлсэн үйл баримтын талаар маргадаггүй. Иймд талуудын дунд үүссэн 18 000 000 төгрөгийг зээлсэн зээлийн гэрээний үүргийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрээний үүрэг гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэсэн нь шүүхийн шийдвэр агуулга, хууль хэрэглээний хувьд илтэд зөрүүтэй гэж дүгнэхээр байна.
Шүүхийн шийдвэрийн дээрх үндэслэлээр орон сууцыг нэхэмжлэгчээс худалдан авсан болохыг тогтоосон байх ба 18 000 000 төгрөгийг дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах зорилгоор орон сууцны хууль ёсны өмчлөгч П.Гэрэлбаатараас зээлж, буцааж П.Гэрэлбаатарт урьдчилгаа хэлбэрээр өгсөн мэтээр дүр эсгэсэн хэлцлийг хийж хариуцагч нар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч болсонтой талууд маргаагүйг шүүхийн шийдвэрийн бичвэрт дурдсан нь хэлцлийн үүрэг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойг дээрх агуулгаар тогтоосон гэж үзэхээр байна.
Гэтэл анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэг нь гэрээний бүх төрөлд хамаарах бөгөөд тухайн гэрээ нь өөртөө хөөн хэлэлцэх тусгай хугацааг агуулаагүй бол энэ зүйлд заасан 3 жилийн хугацаа үйлчилнэ гэж дүгнэсэн нь дээрх хэлцлийн хувьд шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн болоод нотлох баримтын хангалттай үндэслэл байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж өгнө үү.
Хавтаст хэрэгт авагдсан хэлцлийн агуулга, шүүх хуралдааны явцад талуудын гаргасан тайлбар, судлуулсан нотлох баримтууд зэргээс төлбөр барагдуулах хэлцэл нь хариуцагч нарын худалдан авсан 60 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцтай холбоотой буюу тухайн орон сууцыг худалдан авахад зарцуулагдсаныг хангалттай нотолно.
Орон сууцыг худалдсан П.Гэрэлбаатар нь 60 000 000 төгрөгийг бодитоор аваагүй ба хариуцагч нар ХХБ-аас 18 000 000 төгрөгийг хасч тооцсоноор худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийн үлдэгдэлд 18 000 000 төгрөгийг П.Гэрэлбаатарт төлөх үүрэгтэй хэвээр байна. Талууд дээрх үүргийг баталгаажуулж зээлийн гэрээ биш орон сууцны үлдэгдэл төлбөр барагдуулах агуулгаар үүргийг баталгаажуулсныг шүүх зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Бодит байдал дээр нэхэмжлэгч П.Гэрэлбаатар нь хариуцагч нарт худалдсан орон сууцны үлдэгдэл төлбөр 18 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь талуудын тайлбар, хэлцлийн агуулгаас маш тодорхой байгаа болно. Иймд дээрх хэлцэл үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл төлбөр 18 000 000 төгрөгийг төлүүлэх хүсэл зоригийн илэрхийлэл юм.
Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байх хуулийг хэрэглэх ёстой байсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Хариуцагч нарын хувьд нэхэмжлэгчээс бодит байдал дээр 42 000 000 төгрөгийг төлж орон сууц худалдан авсан байгаа бөгөөд цаашид хариуцагч, нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээнээс дангаар татгалзаж, Худалдаа хөгжлийн банк, хариуцагч нарын хооронд байгуулсан ипотекийн зээлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэх болно. гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч П.Гэрэлбаатар нь хариуцагч Б.Батсайхан, Ш.Энхсайхан нараас зээлийн гэрээний үүрэгт 27 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 21 000 000 төгрөг болгон багасгасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1-2 дахь тал/
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч П.Гэрэлбаатар нь хариуцагч Б.Батсайхан, Ш.Энхсайхан нартай 2015 оны 01 сарын 19-ний өдөр Төлбөр барагдуулах хэлцэл байгуулан 18 000 000 төгрөгийг зээлүүлж, төлбөрийг 2016.01.19-нд 9 000 000 төгрөг, 2017.01.19-нд 9 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр гэрээндээ тусгаж, 2015 оны 05 сарын 04-ний өдөр наториатаар гэрчлүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 6 дахь тал/
Хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгч П.Гэрэлбаатарын 18 000 000 төгрөгийг зээлүүлэхээр эхнэр Ш.Энхсайханы дансанд шилжүүлсэн гэсэн тайлбараар зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, Иргэний хуулийн 281, 75, 76 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хариуцагч Б.Батсайхан нь зээлийн гэрээний хугацаанд буюу 2016 оны 01 сарын 28-ны өдрөөс 2016 оны 09 сарын 14-ний өдрийн хооронд нийт 8 удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгчид 4 000 000 төгрөг төлсөн ба талууд энэ талаар маргаагүй./хх-ийн 27-34 дэх тал/
Харин хариуцагч Б.Батсайхан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Гэрэлбаатар нь 2016 оны Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд ялсныхаа дараа бид хоёроос үлдэгдэл мөнгийг авахгүй гэж хэлсэн учир бид хоёр өнөөдрийг хүртэл Гэрэлбаатарт өр төлбөргүй болсон, ... П.Гэрэлбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасныг нэхэмжлэгч П.Гэрэлбаатар нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагч нарын гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нотолж чадаагүй байна. /хх-ийн 35-36 дахь тал/
Нөгөө талаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа тохиолдолд шаардлагаа нотлох үүрэг нь нэхэмжлэгч талд үүснэ. Иймд нэхэмжлэгч П.Гэрэлбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгч П.Гэрэлбаатарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч П.Гэрэлбаатараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 03-ны өдрийн 138/ШШ2021/00412 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Гэрэлбаатарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч П.Гэрэлбаатараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ж.ДОЛГОРМАА
С.ОЮУНТУНГАЛАГ