Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2025/0747

 

 

 

 

 

 

 

  2025          10           28                                      128/ШШ2025/0747

                                             

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “******* г******* ф*******” ХХК /РД:*******/;       

Хариуцагч: Налайх дүүргийн Засаг дарга нарын хооронд үүссэн газрын эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******, Т.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Намуунцэцэг нар оролцов.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.“Налайх дүүргийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай захирамжийн “******* г******* ф*******” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Нэхэмжлэгч “******* г******* ф*******” ХХК нь Налайх дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжаар тус дүүргийн 5 дугаар хороо, Уу булан нэртэй газарт 1 га газарт “Жимс, жимсгэний усалгаатай тариалан”-ийн зориулалтаар эзэмших эрхтэй болсон байна.

2.2.Дээрх тушаалын дагуу нэхэмжлэгч 1 га газрыг эзэмших эрхтэй болж, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 0 дугаартай газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.

2.4. Налайх дүүргийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай захирамжаар тус газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

2.5.Дээрх захирамжийг нэхэмжлэгч эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар нийслэлийн Засаг даргад 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргаж, нийслэлийн Засаг даргаас 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаар албан бичгээр “... Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас танай 1 нэгж талбарын дугаартай газрын эрхийг хүчингүй болгосон асуудлаар тайлбар, мэдээлэл авахад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 заасныг зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх хариу ирүүлсэн байна. Иймд танай газрын эрхийг хүчингүй болгосон талаарх гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг өгчээ.

2.6.Нэхэмжлэгч нь 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж, шүүх мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ:

“Тус компани нь Налайх дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай захирамжийн дагуу Налайх дүүргийн 5 хороо Уу буланд 10000 м.кв /1га/ газрыг эзэмшиж Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаар бүхий гэрээ байгуулж "Жимс, жимсгэний усалгаатай тариалан" эзэмших зориулалтаар одоог хүртэл эзэмшиж ямар нэг өр төлбөргүй, гэрээнд заасан зориулалтаар нь эзэмшсээр байгаа билээ.

Гэтэл 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр газрын төлбөрийн асуудлаа тодруулахаар Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын газар очиж уулзахад "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжийг гардуулан өгсөн. Энэхүү захирамжийг эс зөвшөөрч хүлээн авсан өдрөөсөө хойш 1 сарын дотор дээд шатны байгууллага нь болох Нийслэлийн Засаг даргад хандаж гомдол гаргасан. Нийслэлийн Засаг даргаас 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шууданд миний гомдлын хариуг хийсэн байсныг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гардаж аваад эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг миний гомдлыг хүлээн аваад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байхад "яагаад нэхэмжлэгч талд урьдчилж мэдэгдээгүй юм бэ", яагаад газар дээр нь очиж үзээд гэрээнд заасан зориулалтын дагуу газраа эзэмшиж байгааг нь нэг удаа үзчихээгүй юм бэ" гэж доод шатны Засаг даргадаа анхааруулга өгөх байх гэж иргэн хүний хувьд их л найдаж байтал "Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас танай нэгж талбарын 1231200187 нэгж талбарын дугаартай газрын эрхийн хүчингүй болгосон асуудлаар тайлбар, мэдээлэл авахад "Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 заасныг зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх хариу ирүүлсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Учир нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захирамж нь зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг үндэслээгүй, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2. "Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно" гэх заалт үндэслэл болгосон байсан. Энэхүү онцгой хамгаалалтын бүсийг хэн хэзээ тогтоосныг одоо хүртэл би мэдээгүй л явна. Гэтэл энэ талаарх тайлбарыг яагаад доод шатны Засаг даргаасаа авахгүйгээр миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөд байгааг ойлгохгүй байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэг буюу "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэсэн байгаа нь үндэслэлгүй байна.

Ийнхүү үндэслэлгүй шийдвэр гаргах болсон шалтгаан нь шийдвэр гаргах эрх бүхий байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно" гэх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, мөн хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүйтэй холбоотой юм. Миний бие Ковид цар тахлын хөл хорионы нөхцөл байдлаас хамааран удаан явцтайгаар хязгаарлагдмал нөхцөл байдалд "нууцаар очиж мод суулгах" гэх мэтчилэн эзэмшсээр байсан.

Тухайн газрыг эзэмших зориулалт нь "жимс, жимсгэний усалгаатай тариалан" эрхлэх бөгөөд энэхүү зорилгыг биелүүлэхийн тулд 2021 оноос 2025 оныг хүртэл 3000 орчим жимсний мод, бут сөөг тариалсан, "чацарганы мод 500 ш, тэхийн шээг 200, Шар хуайс 100 гаруй, нохойн хошууны бут сөөг 2000 гаруйг тарьсан эдгээрийг хамгаалахын тулд 200 метр төмөр болон торон хашаа барьж хашаажуулсан, 100мх2=200 м усны үерийн даланг элс хайргаар барьсан, септик танк бүхий эко жорлон, хогийн цэг барьсан, нарны сэргээгдэх эрчим хүч ашиглан усалгааны систем бий болгох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж, багагүй зардал гаргаад байна.

Мөн түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн "Тэрбум мод" тариалах хөтөлбөрт нэгдэн ялангуяа жимсний мод тариалалтаар дагнан ажиллаж, жил бүрийн мод тарих өдрүүдэд, тарьж ургуулсан чацаргана болон нохойн хошууны суулгац, үрсэлгээг иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад бэлтгэн нийлүүлсээр байна.

Тухайн захирамжид "Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2. Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно" гэх заалтыг үндэслэл болгосон байгааг мөн хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ойлгохгүй байна.

Тус компани нь Налайх дүүргийн Засаг даргын 2007 оны 195 дугаар захирамжаар иргэн М.Энхжаргалд эзэмшүүлсэн газрын эрхийг 2020 онд шилжүүлэн авсан, 2020 оноос хойш газар дээрээ байрлан үйл ажиллагаа явуулж байсан эсэх "давагдашгүй хүчин зүйлийн нөлөө” байсан эсэх нөхцөл байдлыг газар дээр нь очиж тогтоогоогүй, газрын эрхийг шилжүүлэн авахад усны онцгой бүсийн тухай яригдаагүй, төрийн байгууллагад итгэсээр татвар хураамжаа хуулийн дагуу төлсөөр ирсэн билээ.

Иймд Налайх дүүргийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамжийн “******* г******* ф*******" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон нотлох баримт шинжлэн судлах шатанд 2 үндэслэлийг ярьсан. Нэхэмжлэгчийн гомдол гаргаж байгаа гол үндэслэл нь нэг эгнээнд нэг байрлалд байгаа газрыг эзэмшиж байгаа адилхан мод тарьж байгаа бусдаас асуухад тэдний газрыг цуцлаагүй байсан.

Энд байгаа хүмүүс яг ижилхэн нөхцөл байдалтай байхад яагаад манай газрыг цуцалж байгаа вэ гэдэг дээр гомдолтой байгаа. Хариуцагчийн тайлбарыг сонсоход мөнгөн төгрөг зарцуулсан, объект барьсан газруудыг цуцлаагүй байна гэж ойлголоо, гэхдээ тэтгэврийн хүмүүс тул тэтгэврийн зээлээсээ илүүчилж бага багаар мод тарьсан, бага байгааг үгүйсгэхгүй, мөн 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж өгсөн нотлох баримтад 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1,782,000 төгрөгийн шилжүүлэг, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр далан барих зориулалтаар хайрга худалдан авсан 90,000 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ариутгал хийлгэсэн 150,000 төгрөг, 10 сард 20,000 төгрөг хог хаягдал зэрэг эдгээр шилжүүлгүүд нь Ковидын жил байсан гэдгийг нотолж байна. 2020-2024 оны санхүүгийн баримтууд нь мөн Ковидын жил байсан гэдгийг нотолж байна. Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд өөрсдөөсөө тарьсан модоо өгсөн, үрсэлгээнүүд өгсөн байдаг. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бодит нөхцөл байдалд тохироогүй шийдвэр гарчээ гэж үзэж байна. Усны тухай хуулийг баримтлаагүй, Газрын тухай хуулийг баримталж гарсан гэж байна, манайх гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

3.3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“Газраа аваад үрсэлгээ, шинэ хашаа зэргийг хийсэн. Цар тахал гарч шууд хил хорио тогтоож, Налайхын постоос цааш явуулахаа больсон, вакцинаа тариулсны дараа газар дээрээ очиж модоо тарьж байсан, заримдаа постоор цааш нэвтрүүлэхгүй байсан тул хулгайгаар ч болов очиж модоо тарьдаг байсан. Энхжаргалаас тодруулаагүй, газар дээр очиж үзээгүй байж газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг яаж мэдэж байгаа гэдэг нь мэдэгдэхгүй, тэтгэвэрт байдаг бид 2 бол зээл аваад үйл ажиллагаа явуулж байхад газрыг цуцалсан гомдолтой байгаа тул шүүхэд хандсан” гэв.

3.4.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“******* г******* ф*******" ХХК нь Налайх дүүргийн Засаг даргын 2020 он "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" дугаар захирамжаар тус дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах жимс, жимсгэний усалгаатай тариалангийн зориулалттай 1 нэгж талбарын дугаар бүхий газрыг шилжүүлэн авсан байна.

Уг эзэмшил бүхий газар нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байгаа нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэж Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу албаны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 23/3 дугаар албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн.

Сонсох ажиллагааны мэдэгдэлд заасан хугацаанд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан хариу тайлбар, саналыг ирүүлээгүй тул дүүргийн Засаг даргын 2024 оны "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна” гэжээ.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх хэсэгт “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” гэж заасан. 40 дүгээр зүйлийн 40.1.6-д гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүй ашиглаагүй гэж заасан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүй гэдэг нөхцөл байдлыг цар тахалтай холбож яриад байх шиг байна, цар тахал 2020 оноос 2022 оны 2 дугаар сар хүртэл хөл хорио байсан, үүнээс цаашаа 2 жилийн хугацаа хангалттай тоологдоно. Цар тахлын нөхцөл байдал арилснаас хойш газраа 2 жил ашиглаагүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь эдийн засгийн эргэлтэд оруулж, үр ашгаа гаргахын тулд газрыг эзэмшүүлж, гэрээ гэрчилгээ олгосон, тэрнээс ахуйн зориулалтаар олгоогүй. Хөрөнгө мөнгөний бололцооноос хамаарч газраа ашиглаагүй гэж тайлбарлаж байгаа үндэслэл нь зуун хувь хамаарахгүй гэж үзэж байна.

Хориглолт хамгаалалтын онцгой бүсэд хамаарч байгаа бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор сүүлд 2023 онд батлагдсанаар тухайн газар хамаарч байгаа.

Бусад аж ахуйн нэгжүүдийн тухайд цуцлаагүй гэсэн нэг үндэслэлийн тухайд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй хамааралгүй тул хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Нэмж хэлэхэд онцгой хамгаалалтын бүсийн мөрдөх дүрмийн тухайд усны нөөцийг хадгалах бохирдохоос хамгаалж байгаа гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Захирамжийн бүх үндэслэлээр гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 62 дугаар тогтоолоор усны энгийн болон онцгой хамгаалалтын бүсийн хилийг тогтоосон бөгөөд тэр хэсгийг агаар сансрын зургаар давхцуулж харахад давхцалтай байсан. гэв.

                                                      ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт “газар эзэмших эрхийг дуусгавар болгосон захиргааны актад холбогдох” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нэхэмжлэгч “******* г******* ф*******” ХХК-д Налайх дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжаар тус дүүргийн 5 дугаар хороо, Уу булан нэртэй газарт, 1 нэгж талбарын дугаар бүхий 1 га газрыг, 15 жилийн хугацаатай, жимс жимсгэнийн усалгаатай тариалан эрхлэх зориулалтаар эзэмших эрхийг үүсгэж, тус компанид 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 0 дугаартай гэрээ байгуулж, дугаар гэрчилгээ олгож, газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулан, бүртгэл хийсэн байна. /ХХ-ийн 11-14, тал/

            2.2.Шүүхийн үзлэгээр “******* г******* ф*******” ХХК нь уг газар дээрээ нохойн хошуу, тэхийн шээг жимсний мод болон улаан бургас тарьсан, тэхийн шээгийн мод үржүүлгийн суулгац бэлтгэсэн, услалтын систем болох усны шуудуу татсан, ус сорох насос, усны хоолой байрлуулсан, 2 гэр, суулгацаа байрлуулдаг 1 хүлэмж байршуулсан байгаа болох нь тогтоогдлоо.

2.3.Мөн нэхэмжлэгч нь модны үрсэлгээ, үрслэгээний материал худалдан авч үйл ажиллагаа явуулсан гэдгээ нотлохоор Хаан банкны дансны хуулга, Сөөг, нохойн хошуу худалдах худалдан авах гэрээ зэрэг баримтуудыг нотлох баримтаар судлуулсан бөгөөд энэхүү баримт нь тус компанийг мод үржүүлэх, тариалах үйл ажиллагаа явуулдаг болохыг давхар нотолсон баримт мөн гэж үзлээ. /ХХ-ийн 100-117, 125 дахь тал/

2.4.Харин нэхэмжлэгчийн гаргаж өгсөн, ариутгал хийлгэж, хог ачуулсан гэх Хамтран ажиллах гэрээнүүд болон зарим санхүүгийн анхан шатны баримт болох зарлагын баримтууд, Хаан банкны дансны хуулганд туссан эдгээртэй холбоотой хэсгийг шүүх ямар үйлчилгээ гэдгийг гэрээ болон бусад баримтад нэрлэж бичээгүй, тодорхой заагаагүй тул эдгээр нотлох баримт нь маргаан бүхий газар дээр үйл ажиллагаа явуулсан гэдгийг шууд нотолсон баримт гэж үзээгүй, нотлох баримтаар үнэлээгүй болно./ХХ-ийн 118-124 дэх тал/

2.5.Тус компанийн эзэмшиж байсан газрын өмнө талд чацарганы мод тариалсан иргэн, аж ахуйн нэгжийн хашаа, ард талд нь Уу булан нэртэй амралтын газар, Улаанбаатар хотын ундны усны онцгой болоод энгийн хамгаалалтын бүс дотор барилга байгууламжууд олноороо байгаа болох нь шүүхийн үзлэг болон хариуцагчийн гаргаж өгсөн усны болон ойн сан бүхий газар дээр байрлах нэхэмжлэгчийн газрын байрлалыг харуулсан зураглалаар тогтоогдсон. /ХХ-ийн 151, 167-168 дахь тал/

2.6.Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “******* г******* ф*******” ХХК-ийн эзэмшиж байсан газар нь усны онцгой хамгаалалтын бүсэд байгаа гэж тайлбарласныг нэхэмжлэгч маргаагүй, энэ нь мөн нэхэмжлэгчийн газрын байрлалыг харуулсан сансрын ортофото зургаар тогтоогдсон. /ХХ-ийн 151 дэх тал/

2.7.Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 23/3 дугаар албан бичгээр “******* г******* ф*******” ХХК-д хандан Сонсох ажиллагааны мэдэгдлийг үйлдсэн байгаа боловч уг бичгийг гардуулсан нотлох баримт байхгүй байна.

2.8.Нэхэмжлэгч нь уг газрын төлбөрийг төлсөн баримтыг шүүхэд гарган өгсөн ба энэ талаар талууд маргаагүй, /ХХ-ийн 93-100 дахь тал/

2.9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий актыг гаргахдаа “******* г******* ф*******” ХХК-ийн газар дээр очиж, үзсэн, хээрийн судалгаа хийж, фото зургаар баримтжуулсан” гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “манай газар дээр огт очоогүй, хашаатай тул газар руу шууд нэвтрэх боломжгүй” гэж няцаасан.

2.10.Ингээд Налайх дүүргийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” ******* дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасныг үндэслэн “******* г******* ф*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон /ХХ-ийн 16-17 дахь тал/ үйл баримтууд тогтоогдлоо.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд, мөн зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заажээ.

3.2.Нэхэмжлэгч “******* г******* ф*******” ХХК нь өөрийн эзэмшиж байсан газар дээрээ нохойн хошуу, тэхийн шээг, улаан бургас тариалсан, тэхийн шээгийн модны суулгац бэлтгэсэн, усалгааны систем бүрдүүлсэн байгаа нь газрын “жимс жимсгэнийн усалгаатай тариалан эрхлэх” зориулалтыг зөрчөөгүйн хамт газраа зориулалтаар нь ашиглаж байгаа гэдэг нь тогтоогдож байгаа тул маргаан бүхий актад баримталсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үйл баримт байгаагүй болох нь нотлогдсон гэж үзэв.

3.3.“******* г******* ф*******” ХХК нь өөрийн эзэмшиж байсан газарт хүний газаар ургуулсан мод, жимсний бут байгаа болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдож байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “зарим модыг өмнөх эзэмшигч нь тарьсан” гэдэг тайлбарыг шүүх хүлээн авахгүй. Учир нь модыг хэн тарьснаас үл хамаарч жимс жимсгэнийн усалгаатай тариалан эрхэлж, мод үржүүлгийн ажил эрхэлж байгаа гэдэг нь тогтоогдсон, ямар модыг хэн тарьсан гэдгийг ялгаж тогтоох боломжгүй юм.

3.4.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж, мөн зүйлийн 24.2-т “энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж, 24.3-т “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ” гэж, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус хуульчилжээ.

3.5.Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, 27 дугаар зүйлийн 27.1-т “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж, мөн зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гээд мөн хэсгийн 27.2.1-т “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах” гэжээ.

3.6.Хариуцагч нь “******* г******* ф*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэрийг гаргахдаа газар дээр нь очиж үзээгүй, хээрийн судалгаа явуулаагүй, сонсох ажиллагааны мэдэгдлийг хуульд заасан журмаар хүргүүлээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж дүгнэлээ.

3.7.Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хээрийн судалгаа явуулсан, газар дээр нь очиж үзсэн гэдгээ нотлохоор хээрийн судалгаа явуулахдаа авсан фото зураг гэх баримтыг ирүүлсэн байгаа боловч уг фото зураг дээрх газрын байдал, орчин нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар биш байна.

3.8.Учир нь шүүхийн үзлэгээр “******* г******* ф*******” ХХК-ийн эзэмшиж байгаа газар нь хашаагаар хүрээлэгдсэн, хашаанд болон орчинд нь байгалийн мод, хүний тариалсан модоор бүрэн хүрээлэгдсэн, хил залгаа газруудад нь амралтын болон бусад этгээдүүдийн барилга байгууламж баригдсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон бол хээрийн судалгааны зураг /ХХ-ийн 141-142 дахь тал/ нь хашаажаагүй, мод суулгац, орчны барилга байгууламж нь байхгүй байгааг шүүх хуралдаан дээр харьцуулан шинжлэн үзээд  уг зураг нь маргаан бүхий газрын фото зураг биш буюу хариуцагчийг шүүхэд “буруу” нотлох баримт гаргаж ирүүлсэн гэж дүгнэв.

3.9.Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулсан гэдгээ бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй.

3.10.Учир нь төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан нь сонсох ажиллагааны мэдэгдлийг бичгээр үйлдэн гаргасан нь сонсох ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэл биш, харин захиргааны актыг гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 27.2, 27.2.1-т заасны дагуу мэдэгдэж эсхүл хүргүүлж, ийнхүү мэдэгдсэн, хүргүүлсэн талаар баримтаа үйлдэн, баталгаажуулж байж сонсох ажиллагаа явуулсанд тооцох хууль зүйн зохицуулалт байна.

3.11.Иймд хариуцагч нь захиргааны актыг гаргахдаа хуульд заасан энэ журмыг баримтлаагүй бол хууль зөрчиж захиргааны актыг гаргасан гэж үзэх, түүнийг шүүхээс хүчингүй болгох үндэслэл болно.

3.12.Дээрх үндэслэлээр Налайх дүүргийн газрын албаны  мэргэжилтнүүд нь хээрийн судалгаа явуулсан, сонсох ажиллагаа явуулсан гэдэг нь нотлогдоогүй гэж үзсэн тул хариуцагчийг маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулаагүй хууль зөрчсөн гэж дүгнэж байна.

3.13.Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж, мөн хэсгийн 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж, мөн зүйлийн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж, мөн хэсгийн 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно” гэж, мөн зүйлийн 22.6-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно” гэж тус тус хуульчилжээ.

3.14.Хуульд зааснаар усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг Засгийн газрын гишүүд баталж, баталсан журмыг зөрчихийг хоригложээ.

3.15.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.5.4-т “усны онцгой хамгаалалтын бүсэд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, гольфоос бусад спорт тоглоомын талбай байгуулах, мод бут сөөг тарих”-ыг хориглосон байна.

3.16.Журмын энэ заалтын усны онцгой хамгаалалтын бүсэд “нийтийн эзэмшлийн” нэртэй мод тарьж болох атлаа иргэн, аж ахуйн нэгж мод тарихыг хориглосон, гольфийн талбай байгуулан, хиймэл зүлэг тариалж /энэ нь нийтэд илэрхий үйл баримт/ болох атлаа байгалийн ургамал тарьж үр шимийг хүртэх боломжийг хязгаарласан зохицуулалт хийсэн нь “шударга ёсны зарчим”, “хууль дээдлэх” болон “хуулийн өмнө адил тэгш байх” зарчмуудад нийцэхгүй байгаа тул уг журмыг шүүх хэрэглэхгүй.

3.17.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “усны онцгой хамгаалалтын бүсэд байгаа, “******* г******* ф*******” ХХК-ийн газартай хил залгаа байгаа иргэн, аж ахуйн нэгж нь газраа зориулалтаар ашиглаж байгаа учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлахгүй, “******* г******* ф*******” ХХК нь газраа зориулалтаар ашиглаагүй тул цуцалсан” гэх агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

3.18.Эндээс үзвэл Налайх дүүргийн Засаг дарга нь усны онцгой хамгаалалтын бүсэд байгаа “******* г******* ф*******” ХХК-ийн газартай хил залгаа өмнө болон хойд талд байрлалтай бөгөөд ямар нэг үйл ажиллагааг явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийн олон тооны газруудын эзэмших эрхийн гэрчилгээг цуцлахгүй, цуцлахгүй үндэслэл нь “газраа зориулалтаар ашиглаж байгаа” гэдэг шаардлага тогтоосон болох нь нотлогдож байна.

3.19.Иймд хариуцагчийн “******* г******* ф*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан шийдвэрийг Налайх дүүргийн Засаг даргын тогтоосон шаардлага болон зорилгодоо нийцээгүй захиргааны акт гэж үзэх боломжтой.

3.20.Иймд нэхэмжлэгч “******* г******* ф*******” ХХК нь Налайх дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжаар эзэмшүүлсэн, тус дүүргийн 5 дугаар хороо, Уу булан нэртэй газарт 1 га газрыг жимс жимсгэнийн усалгаатай тариалан эрхлэх зориулалтаар үйл ажиллагаагаа явуулж байгаа болох нь нотлогдсон тул Налайх дүүргийн Засаг даргын тогтоосон “усны онцгой хамгаалалтын бүсэд байгаа аж ахуйн нэгж нь газраа зориулалтаар ашиглаж байгаа учраас цуцлахгүй” гэсэн шаардлагад нийцсэн гэж үзээд, улмаар “шүүх, хуулийн өмнө адил тэгш байх” зарчим, шударга ёсны зарчимд нийцүүлж, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасан газрын маргааныг шүүх шийдвэрлэх эрхийнхээ хүрээнд “******* г******* ф*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

3.21.Тодруулбал, маргаан бүхий акт нь Налайх дүүргийн Засаг даргаас баримталж байгаа “усны онцгой хамгаалалтын бүсэд байгаа аж ахуйн нэгж нь газраа зориулалтаар ашиглаж байгаа бол цуцлахгүй” гэсэн зорилгодоо нийцээгүй акт байна.

3.22.Үндсэн хуулийн “шударга ёс”, “тэгш байдлын” зарчим, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж, 7 дугаар зүйлийн 7.1-т “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, түүнчлэн хуулийн этгээдийн өмчийн хэлбэр, төрлөөс үл хамаарч хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн “... хуульд нийцүүлэн шийдвэрлэх” гэсэн зарчмууд нь шүүхээс шийдвэр гаргах үйл ажиллагаанд үйлчилнэ.

3.23.Дээрх зарчмуудаас шүүх “шударга ёс”, “хууль шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг сонгож хэрэглэж байгаа нь эрх зүйн маргаан шийдвэрлэхэд баримталж болох “харьцангуй тэнцвэрийн” зарчмыг баримталж буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь бусад иргэн, аж ахуйн нэгжтэй адил тэгш байх, Налайх дүүргийн Засаг даргаас усны онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмшиж байгаа бусад иргэн аж ахуйн нэгжтэй шударга, адил тэгшээр нэхэмжлэгчид хандах шаардлагатай байсан гэж үзэхийн хамт, төрийн захиргааны байгууллага өөрөө итгэл төрүүлж газар эзэмшүүлсэн, нэхэмжлэгч эзэмшиж байсан газартаа хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулж, мод ургамал тариалж хөдөлмөрлөсөн байдал, түүнийхээ үр шимийг хүртэх эрхийг нь хүндэтгэн үзэх нь зохистой эрхийн хамгаалалт гэж үзсэн болно.

3.24.Учир нь шүүх нь “шударга ёсыг тогтоох” нийгмийн чиг үүрэг бүхий механизм болно.

3.25.Шүүхийн энэ шийдвэр нь Налайх дүүргийн Засаг даргыг хойшид Усны тухай хуулийг сахиулж, иргэн, аж ахуйн нэгжид адил тэгш байдлаар хандаж захиргааны акт гаргахыг хязгаарлахгүй гэдгийг тэмдэглэж байна.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дэх хэсэг заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 24.4, 26, 27 дугаар зүйл, хэсэг, заалтууд, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.2 дахь заалтыг тус тус баримтлан  нэхэмжлэгч “******* г******* ф*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Налайх дүүргийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” ******* дугаар захирамжийн “******* г******* ф*******” ХХК-д холбогдох хэсгийг шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцээгүй гэж үзэн , хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “******* г******* ф*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжид дүйцэх 70200 төгрөгийг Налайх дүүргийн Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан шүүхийн энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдэхгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргэсэн үр дагавар үүснэ гэдгийг талуудад мэдэгдсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЭРДЭНЭЧИМЭГ