Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/397

 

 

 

 

 

 

  2024              4              02                                      2024/ДШМ/397

 

 

А.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир,

хохирогч Л.Т,

шүүгдэгч А.М,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 0210 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Л.Т, шүүгдэгч А.М нарын гаргасан давж заалдах гомдлоор А.Мд холбогдох 2303004730567 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч А.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 00 цаг 24 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Тоосго 246 гудамжны 01 тоот хашааны гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ... согтууруулах ундаа хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчиж, “Shaanxi” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсоны улмаас хохирогч Л.Тыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: А.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийн шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч А.Мд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ийн цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч А.Мэс 6.800.500 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Л.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нөхөр болох А.Мтэй 2019 онд гэр бүл болж, дундаасаа 3 нас, 1 нас 4 сартай хүү, охин хоёртой болсон. Миний бие төрөлхийн түнхний мултралттай, бага насны хоёр хүүхэдтэй ажил хийх боломжгүй. Төрсөн ах дүү, хамаатан садан тоодоггүй, өөрийн гэсэн гэр оронгүй, түрээсийн байраар амьдардаг байсан. Нөхөр маань хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Нөхөр маань ажил хийж бид гурвыг болгодог байлаа. Бид гурвын хувьд амьдрал үнэхээр хэцүү, түрээсээ төлж чадахгүй байрнаасаа гарсан. Одоо айл айлаар хоног төөрүүлж явж байгаа тул бид гурвын хүнд нөхцөлийг ойлгож хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү гэж чин сэтгэлээсээ гуйж байна. Хоёр хүүхэд маань аавыгаа нэхэж уйлаад үнэхээр хэцүү байна. Хоёр хүүхэд айлаар явахад уйлаад хэцүү юм, унтуулж амраахгүй гээд ад үзээд байдаг боллоо. Ийм учир бидний өмөг түшиг болсон ханийг минь бидэнтэй хамт байлгаж туслаач гэж чин сэтгэлээсээ гуйж байна.” гэв.

Шүүгдэгч А.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Бага хүү маань 1 нас 4 сартай, том охин маань 3 настай учир эхнэр Л.Т маань 2 хүүхдээ хараад гэртээ байдаг. Би ажил эрхэлж, ар гэрээ авч явдаг байсан. Осол болдог өдөр би өөрийн санамсар болгоомжгүй, мунхаг үйлдлийнхээ улмаас ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Миний эхнэр хүүхдүүд маань миний эзгүйд тогтсон орлогогүй, эм тарианы ч мөнгөгүй хоосон гэрт байгаад үнэхээр их сэтгэл өвдөж, гэмшиж байна. Манай гэр бүлийн амьжиргааны түвшин доогуур орлоготой өрхийн тоонд ордог. Миний эхнэр 2 бага насны хүүхэдтэй тул ажил хийх боломжгүй. Ах дүү, хамаатан садан нь ойшоодоггүй, өөрөө орлогогүй, мөнгө зээлэх хүн байхгүй учир намайг хоригдсоноос хойш айл айлд хоног төөрүүлж яваа билээ. Хүүхдүүд маань өлсөж цангаж, өвдөхөөс авхуулаад уйлахад нь тэр айл нь “2 хүүхэд чинь өдөр шөнөгүй уйлчих юм” гээд миний хань ижил, үр хүүхдүүдийг минь ад үзэж, тэд минь үнэхээр хэцүү байдалд байгаад үнэхээр сэтгэл эмзэглэж, өөрийгөө зүхэж байна. Надад ханьдаа түшиг тулгуур, үр хүүхдэдээ эцэг хүнийхээ үүргийг биелүүлж, хайр халамжаар өсгөх ганцхан боломж олгож, манай гэр бүлийг элэг бүтэн үлдээж өгөөч гэж чин сэтгэлээсээ гуйж байна. Миний бие хийсэн алдаандаа үнэхээр их харамсаж, гэмшиж байна. Гэм буруугаа ухаарч байна. Залуу хүн байж ийм ухаан муутай амьдарч байсандаа үнэхээр их харамсаж байна. Цаашдаа би амьдралдаа эрсдэл гаргахгүй, хань ижилдээ сайн хань нь байж, үр хүүхдүүдээ хайр халамжаар өсгөх алсын хараатай амьдарна гэж өөртөө амлаж байна. Миний хувийн байдлыг харгалзан үзэж олон жилээр ч хамаагүй хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зөрчөөгүй бөгөөд шүүгдэгч А.Мд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруу, хэр хэмжээнд тохирсон гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч болон шүүгдэгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болон согтуурсан үедээ 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 00 цаг 24 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Тоосго 246 гудамжны 01 тоот хашааны гадна Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ... согтууруулах ундаа хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчиж, “Shaanxi” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсоны улмаас хохирогч Л.Тыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Тын “...Би гэртээ байж байгаад 21 цаг өнгөрч байхад гэртээ оръё гээд нөхөр дээрээ очиход хадам ахтай пивоо дуусаагүй байна, удахгүй орлоо гэж хэлэхээр нь за за гээд гэртээ ороод унтаад өгсөн. Тэгээд шөнө 00:00 цаг өнгөрч байхад хашаанд хүмүүс зодолдоод байгаа чимээ гарахаар нь сэрээд хажуу талын хашаа руу гүйгээд очиход манай нөхөр хадам ахтай хоорондоо зодолдож байхаар нь нөхрийгөө барьж авахад ...манай нөхөр машин руугаа яваад, би араас нь хашаанаас гараад ачааны машиных нь хажууд очих үед машин асааж хөдлөөд машины зүүн талын хойд дугуй миний бие дээгүүр гарч байсныг санаж байгаа, удаагүй хадам ээж “чи хүн дайрчихлаа" гэхэд манай нөхөр машинаасаа бууж ирээд уйлаад “чи яагаад машины хажууд ирж байгаа юм бэ, хүн байтугай машин байсан ч харагддаггүй биз дээ” гээд байсан. ... гэсэн /1хх 20/,

гэрч С.Н-ы “...Ингээд би гэрээс гарч очоод хадам дүү М рүү уурлаж түүнтэй маргалдсан, энэ үед М манай эхнэр бид хоёр луу уурлаад манай амьдарч байсан хадмын хашааг Хово машинаараа дайраад хашаан дотор машинтайгаа ороод ирсэн. Энэ үед М-ийн эхнэр Т ирсэн байсан бөгөөд хашааны гадна Хово маркийн авто машинд дайрагдаад гэмтсэн байсан. Тэр үед машин зогссоны дараагаар А.М болон тэнд байсан манай эхнэр бид хэд Т машинд дайрагдсаныг мэдсэн. ...” гэсэн /1хх 41/,

иргэний нэхэмжлэгч С.С-ийн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Л.Т нь 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 6,800,500 төгрөг гарсныг яллагдагч А.Мэс гаргуулж өгнө үү..." гэсэн /1хх 39/,

шүүгдэгч А.М-ийн яллагдагчаар өгсөн “…жаахан нормалдаж байгаад машинаа хашаа руу арай гэж оруулаад буугаад харахад манай эхнэр уначихсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн…” /1хх 113-114/ гэсэн тус тус мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8892 дугаартай “...Л.Тын биед зүүн тавхайн том хэмжээний шарх, шивнүүр яснуудын ил хугарал, мултрал, умдагны хоёр талын салаа, баруун суудал яс, баруун тахилзуур ясны далд хугарал, баруун шагайн үений мултрал, бүсэлхийн баруун хэсэг, баруун хажуу, ташаа, гуяны дотор, ар хэсэг, гадна дээд 1/2 хэсгийн цус хуралт, баруун цавинд шарх, баруун ташаа, гуя, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна...” гэсэн /1хх 46-47/ дүгнэлт,

Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын мөрдөгчийн “Shaanxi” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.М нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ... согтууруулах ундаа, хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Л.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй...” гэсэн магадлагаа /1хх 61/,

жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 16/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч А.М-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч А.М-ийн Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3 дахь заалтыг зөрчсөн буюу согтуурсан болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хохирогч Л.Т “...А.М бид 2 дундаасаа 3 нас, 1 нас 4 сартай хүү, охин хоёртой. ... Нөхөр маань ажил хийж бид гурвыг болгодог байсан. ... бид гурвын хүнд нөхцөлийг ойлгож, хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү.” гэсэн,

шүүгдэгч А.М “...хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. ... Миний хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ...” гэж тодорхойлж, харин энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн бол тухайн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний хүрээнд ял оногдуулахаар хуульчилсан.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Шүүгдэгч А.М-ийн үйлдэл нь дээр дурдсан хүндрүүлэх бүрэлдэхүүний 2 шинжийг хангаж байх ба анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар шүүгдэгч А.Мд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Иймд хохирогч Л.Т, шүүгдэгч А.М нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч А.М-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 46 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 0210 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Л.Т, шүүгдэгч А.М нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 46 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР