| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2018/0083/Э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2017-04-06 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 87
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч: М.Энхбаатар
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нарыг оролцуулан Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Үнэнхүүд холбогдох эрүүгийн 1831000000050 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1970 оны 07 дугаар сарын 28-нд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар баг Бэлчирийн 9-4 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал байхгүй, урьд 2000 оны 01 дүгээр сарын 14-нд Сэлэнгэ аймгийн 1 дүгээр шүүхийн 16 тоот тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж мөн хугацаагаар тэнссэн, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 106 тоот тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлсэн, Хошуут овогт Батзоригийн Үнэнхүү /РД:МП-70072873/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Үнэнхүү нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Бүдүүн гэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 4 метрийн урттай нойтон нарсан гуалин 4 метрийн урттай хуурай нарсан гуалин зэрэг 5 ширхэг нийт 4.7 метр куб модыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгэн МТЗ-82 трактороор тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Б.Үнэнхүүгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Хүдэр сумын Бүдүүн гэх газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг
Хохирогч Ч.Оюунсүрэнгийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Хүдэр сумын Засаг даргын орлогчоор 1 жил ажиллаж байна. Ажил үүргийн хуваарийн дагуу байгаль орчин, хөдөө аж ахуй дэд бүтцийн бодлогыг хэрэгжүүлж ажилладаг. Сумын Засаг даргын зүгээс Хүдэр сумын нутаг дэвсгэр “Бүдүүн” гэх газраас Б.Үнэнхүү зохих зөвшөөрөлгүй нарс мод бэлтгэж, тээвэрлэсэн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр намайг томилсон. Үүнд татгалзах зүйл байхгүй. Миний хувьд “Бүдүүн” гэх газраас манай сумын иргэн Б.Үнэнхүү зохих зөвшөөрөлгүй 8 метрийн урттай 1 ширхэг нойтон нарс, 12 метрийн урттай 1 ширхэг хуурай нарс мод бэлтгэсэн талаар сүүлд сонссон. Өөр хэргийн талаар мэдэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/
Иргэний нэхэмжлэгч Т.Мөнх-Эрдэнийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын дундуур найз Б.Үнэнхүүд трактороо засуулахаар өгсөн. Гэтэл манай найз миний өөрийн трактороор Хүдэр сумын төвөөс холгүй Бүдүүн гэх газраас 4 метрийн урттай, хуурай нойтон төрлийн 5 ширхэг нарс модыг чирж яваад цагдаагийн ажилтанд саатуулагдсан талаар сүүлд сонссон. Би хэрэг асуудлын талаар мэдэхгүй. МТЗ-82 маркийн улаан өнгөтэй, улсын дугаар, гэрчилгээгүй боловч миний өөрийн трактор байгаа юм. Энэ трактор нь хуучирч, муудсан зах зээлийн хувьд 1.500.000 төгрөгийн трактор байгаа юм. Хэрвээ би трактор шүүхийн шийдвэр гарч хураагдвал би трактороо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/
Гэрч Т.Мөнх-Эрдэнийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Садан төрлийн холбоо байхгүй. Нэг нутаг усны хүмүүс учир бие биенийгээ сайн таньж мэднэ. Б.Үнэнхүү Хүдэр сумын төвд ээжийнхээ хамт амьдардаг. Трактор сайн янзалж, засварладаг техникийн мэдлэгтэй хүн. Болсон явдлын талаар ярихад 2018 оны 01 дүгээр сарын дундуур өөрийнхөө улсын дугааргүй, улаан өнгөтэй, тракторынхоо доод эд ангиудыг сэлбэж, засуулахаар Б.Үнэнхүүгийн гэрийн хашаанд үлдээгээд явсан. Үүнээс хойш нэлээн хэд хоногийн дараа хэсгийн төлөөлөгч намайг дуудахаар нь очиж уулзахад “Б.Үнэхүү трактороор чинь мод ачиж яваад саатуулагдсан” талаар хэлсэн. Миний хувьд ямар учиртай, хэний модыг бэлтгэсэн талаар би мэдэхгүй. Би түүнд мод бэлтгүүлэхээр өгөөгүй, би трактороо засаж, янзлуулахаар өгсөн. Б.Үнэнхүү надад мод бэлтгэх, чирж зөөвөрлөх талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/
Гэрч Г.Энхтүвшингийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байх цагдаагийн хэсэгтэй хамтран эргүүл шалгалтыг хийсэн юм. Тухайн өдрийн орой 23 цагийн үед Б.Үнэнхүү нь улаан өнгийн трактортой 2 урт мод чирчихсэн ирсэн ямар учиртай мод болон эрхийн бичиг байгаа эсэхийг асуухад юм дугараагүй юм тэгээд бид нар цагдаагийн хэсгийн хашаанд буулгуулахаар явуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/
Гэрч Н.Эрдэнэбаатарын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Болсон явдлын талаар ярихад 2018 оны 01 дүгээр сарын 25-ны оройн 23 цагийн үед Хүдэр сумын байгаль орчны албаны ажилтан нарын хамт эргүүл шалгалт хийхэд оройны 23 цагийн үед Баянцагаан гүүрний орчим улсын дугааргүй МТЗ-82 маркийн улаан өнгийн трактор 8 метрийн урттай нойтон 12 метрийн урттай хуурай бөөрөнхий нарсан мод 2 ширхэг чирсэн явж байхаар нь зогсоож шалгатал Б.Үнэнхүү трактороо жолоодоод хажууд нь Х.Баянмөнх сууж явсан чирч явсан модны талаар тодруулахад Б.Үнэнхүү нь мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл бичиг баримтгүй. Тухайн модыг Бүдүүн гэх газраас бэлтгэсэн талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/
Гэрч Х.Баянмөнхийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...БИ 2018 оны 01 сарын 26-ны орчимд байх он сараа сайн санахгүй байна манай найз Б.Үнэнхүү гэрт ирээд цуг түлээний модонд яваад ирье гэж хэлэхээр нь за тэгье гээд бид хоёр Бүдүүн нэртэй газар луу очоод ургаа мод хоёрыг унагаагаад түүнийгээ нэгийг нь 12 метрээр нөгөөг нь 8 метрээр хөрөөдөж бэлтгээд МТЗ-82 тракторынхоо араас нь чирээд сумын төв рүү явсан юм тэгээд замдаа баригдаж саатуулагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/
Гэрч Д.Наранчулууны 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.Мөнх-Эрдэнэ нь улсын дугааргүй улаан өнгөтэй хуучин МТЗ-82 маркийн трактор олон жилийн өмнөөс байдаг. Энэ трактор нь өөрийнх нь байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/
Гэрч Т.Мөнхтуулын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хүдэр сумын ойн сангаас 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш мод бэлтгэх эрхийн бичиг олгож эхэлсэн. Б.Үнэнхүү мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Энэ талаар ойн ангид хүсэлт гаргаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/
Гэрч Б.Батсүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Үнэнхүү нь 2018 онд мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Мод бэлтгэх эрхийн бичиг хүссэн хүсэлт гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/
Гэрч Ю.Доржсүрэнгийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Үнэнхүү нь Хүдэр сумын төвд төрсөн ээжийн хамт 2-лаа амьдардаг. Эхнэр хүүхэдгүй. Эрхэлсэн тодорхой ажил хөдөлмөр байхгүй. Трактор залуудаа жолооддог, тракторын эд анги засвар үйлчилгээ сайн хийдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/
Шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 18-04-015/09 дугаартай:
“1.Иргэн Б.Үнэнхүү нь Хүдэр сумын нутаг дэвсгэр Бүдүүн гэх ойн сан бүхий газраас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зохих зөвшөөрөлгүй 4 метрийн урттай 41 см-ийн голчтой 2 ширхэг нарс мод, мөн 4 метрийн урттай 57 см-ийн голчтой 3 ширхэг хуурай нарсан модыг бэлтгэсэн байна. Уг моднууд нь 2 нь ургах чадвартай нойтон мод, 3 нь ургах чадваргүй хуурай мод байна.
2.Тухайн моднууд шинж байдлаар хаанаас хэзээ бэлтгэгдсэн болон модны насжилтыг тогтоох боломжгүй болно.
3.Шинжээчид ирүүлсэн хэргийн материал, үзлэгээр хийсэн хэмжилтийг үндэслэн Б.Үнэнхүүгийн хууль бусаар бэлтгэн тээвэрлэж явсан нийт 2 ширхэг нойтон модны дундаж голч 41 см болж, нийт эзэлхүүн нь 1.2 м3 болж байна. Модны экологи-эдийн засгийн үнэлгээг байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 тоот тушаалаар баталсан ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээгээр тооцож гаргавал 1.2м3х120000х1.8=259200 төгрөг болно./1.8 хэрэглээний модны итгэлцүүр/ Монгол улсын ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлнө. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д Ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна гэж заасан байдаг тул иргэн Б.Үнэнхүүгийн ойн нөөцөд учруулсан хохирол 259200х3 = 777600 төгрөг болж байна. Мөн хууль бусаар бэлтгэсэн гэх 3 ширхэг хуурай нарсан модны эзэлхүүн нь 3.5 м3 болж байх бөгөөд модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 3.5м3х28000х1.8=176400 төгрөг, ойн санд учруулсан хохирол нь 176400х3=529200 төгрөг болж байна. Яллагдагч Б.Үнэнхүүгийн Ойн нөөцөд учруулсан нийт хохирол 777600+529200=1.306.800 төгрөг болж байх бөгөөд гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх нь зүйтэй.
4.Иргэн Б.Үнэнхүүгийн мод бэлтгэсэн Хүдэр сумын Бүдүүн гэдэг газар нь гуравдугаар мужийн ой бөгөөд тусгай хамгаалалтын газар нутагт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-7 дугаар тал/
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8-10 дугаар тал/
Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 17-18 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын дэргэдэх үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 53 дугаар тал/
Хүдэр сумын Баянцагаан 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 56 дугаар тал/
Төрийн банк, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 57-58 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын дэргэдэх үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 60 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр тал/
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-68 дугаар тал/
Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 70-71 дүгээр тал/
Б.Үнэнхүүгийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох
баримтуудыг дүгнэхэд
Шүүгдэгч Б.Үнэнхүү нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Бүдүүн гэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 4 метрийн урттай нойтон нарсан гуалин 4 метрийн урттай хуурай нарсан гуалин зэрэг 5 ширхэг нийт 4.7 метр куб модыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгэн МТЗ-82 трактороор тээвэрлэн байгаль экологид 1.306.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд; Хохирогч Ч.Оюунсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 23-24/, иргэний нэхэмжлэгч Т.Мөнх-Эрдэнийн /хх-ийн 26-27/, гэрч Г.Энхтүвшингийн /хх-ийн 29/, Н.Эрдэнэбаатарын /хх-ийн 30/, Х.Баянмөнхийн /хх-ийн 31-32/, Т.Мөнхтуулын /хх-ийн 34/, Б.Батсүхийн /хх-ийн 35/ мэдүүлгүүд, шинжээчийн 18-04-015/09 тоот дүгнэлт /хх-ийн 46-47/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-07/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-10/, эд мөрийн баримтыг хураан авах тухай тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 15-18/, эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 53 тал/ зэрэг болно.
Тухайн хэрэгт хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Б.Үнэнхүү нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Бүдүүн гэх газраас хууль бусаар нарсан мод бэлтгэж, тээвэрлэн 1.306.800 төгрөгийн эклоги эдийн засгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үзэв.
Шүүгдэгч Б.Үнэнхүүд холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Үнэнхүүг дээрх зүйлд ангид заасан “...Хууль бусаар мод бэлтгэх...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Үнэнхүүд ял шийтгэл оногдуулахдаа урд өмнө энэ төрлийн хэрэгт ял шийтгүүлж байсан боловч ялгүйд тооцох хугацаа болсон байх тул Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэм буруугийн талаар маргаангүй байгаа зэргийг харгалзан үзэж дээрх зүйл заалтанд заасан торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн аймгийн Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Энхтүвшинд хадгалуулан өгсөн, сумын Цагдаагийн хэсгийн хашаанд хадгалагдаж буй 4 метрийн урттай, 2 ширхэг нойтон нарсан мод, 4 метрийн урттай хуурай нарсан мод 3 ширхэгийг хурааж улсын орлогод, морин хуур гар хөрөөг хурааж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тус тус тогтов.
Мөн дээрх хууль бусаар бэлтгэсэн модыг тээвэрлэсэн МТЗ-82 маркийн дугааргүй улаан өнгийн трактор нь шүүгдэгч Б.Үнэнхүүгийн өмчлөлийн хөрөнгө болох нь хэргийг шалгах явцад нотлогдогдоогүй байх тул дээрх тракторын үнэлгээ болох 1.150.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэх гэмт хэргийг тээврийн хэрэгсэл ашилахгүйгээр үйлдэх боломжгүй юм.
Энэ гэмт хэргийн улмаас эклоги эдийн засагт учирсан хохирол 1.306.800 төгрөгийн хохирлыг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Хошууд овогт Батзоригийн Үнэнхүүг мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хошууд овогт Батзоригийн Үнэнхүүд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Үнэнхүүд оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Үнэнхүү нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Б.Үнэнхүү нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирол 1.306.800 төгрөгийг төлж, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн аймгийн Хүдэр сумын Цагдаагийн хэсгийн түр саатуулах хашаанд хадгалагдаж буй 4 метрийн урттай хуурай нарсан мод 3 ширхэг, 4 метрийн урттай нойтон нарсан мод 2 ширхэгийг битүүмжлэлээс чөлөөлж улсын орлогод оруулж, морин хуур хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,4-д зааснаар ялтан Б.Үнэнхүүгээс 1.150.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
8.Ялтан Б.Үнэнхүүд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ