Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2025/0713

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 


 

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Т.Гангэрэл, шүүгч Ж.Мөнхдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “Н******* *******” ХХК, РД:*******,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Б*******,

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгал, өөрчлөлтийн сайд, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М******* нарын хоорондын “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулж, “Н******* *******” ХХК-ийн хүсэлтүүдийг шийдвэрлээгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус байгааг тогтоолгон газар ашиглах эрхийн талаар холбогдох шийдвэр гаргахыг даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв. 

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүлин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

       1.1.  Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаалаар газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн. 

        1.2. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1129 тоот албан бичгээр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай албан бичгийг “Н******* *******” ХХК-д хүргүүлсэн. 

         1.3. Байгаль орчин, аялал, жуулчлалын яамнаас 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 08/6351 тоот албан бичгээр “... А/350 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгон шийдвэрлэсэн. Уг шийдвэр гарснаас хойш Захиргааны ерөнхий хуульд заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн байх тул уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдье” гэжээ. 

            1.4. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаалын “Н*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан. 

        1.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулж, “Н******* *******” ХХК-ийн хүсэлтүүдийг шийдвэрлээгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус байгааг тогтоолгон газар ашиглах эрхийн талаар холбогдох шийдвэр гаргахыг даалгах” гэж тодруулсан. 

          Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

      2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай компани нь 1997 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 366 дугаар Нийслэлийн шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн шийдвэр биелүүлэх газар, Төрийн өмчийн хорооны шийдвэр, 1997 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* корпораци болон “Н******* *******” ХХК-ийн хооронд байгуулсан 1 дугаартай хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Богдхан уулын Т аманд байрлах Бугын сангийн аж ахуйг худалдаж авсан.

        Нийслэлийн шүүхийн шийдвэрээр ******* корпорацыг худалдан аваад Бугын аж ахуйн контор, ажилчдын орон сууцыг түшиглэн “Т ******* х” жуулчны баазыг байгуулан тасралтгүй аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/27 тоот тушаалаар 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2015/175 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт 2.8 га газар ашиглах гэрчилгээ авсан.

         Жуулчны баазын орчны газрыг байгалийн төлөв байдлыг хамгаалж үлдэх, “Т гол”-ын орчмыг барилгажуулахгүй аялал жуулчлалаар байлгах зорилгоор төсөл боловсруулж, 2015 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж ажиллахаар зураг төсөл бүтээн байгуулалт хийж аялал жуулчлал хөгжүүлэхээр чармайн ажиллаж өдийг хүрлээ.

             “Н******* *******” ХХК-ийн Т аманд ашигладаг 2.8 га газрыг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосныг шуудангаар хүлээж аваад, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/155 тоот албан бичгээр гаргасан шийдвэрээ эргэн харж, газрын эрхийг сэргээж өгнө үү гэсэн агуулга бүхий албан тоот илгээсэн бөгөөд энэхүү албан бичгийн хариу нэхэж гомдол гаргасан. Үүгээр зогсохгүй 2023 оны 12 дугаар сарын 07-ны 01/181 тоот албан бичгээр сайдтай биечлэн уулзах хүсэлт гаргасан ч хариу өгөөгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтай бодлого зохицуулалтын алба манай гомдлыг хүлээн авсан ч ямар ч хариу өгөлгүй маш их хугацаа алдсан. Улмаас 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хариугаа аваарай гэсэн боловч бүтэн өдөр хүлээлгээд ямар ч хариу өгөхгүй байсан учир бид хүлээсээр ийнхүү шүүхэд хандаж байна.

            Богдхан уулын дархан цаазат газар болох т аманд байрлах тусгай хамгаалалттай газар нутагт “Аялал жуулчлалын үйл ажиллагаа” явуулах нэрийдлээр олон газар олгогдож, тэр орчим бүхэлдээ барилга байшин, хаус хотхонууд бий болж, тусгай хамгаалалтын бус суурьшлын бүс болж хувирч байна. Энэхүү тусгай хамгаалалттай газар болох уулын аманд “Аялал жуулчлалын үйл ажиллагаа” явуулж байгаа цөөн тооны аж ахуйн нэгжийн нэг нь манай компани бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 15-ны Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/350 тушаалаар манайд олгосон газар ашиглах эрхийг дуусгавар болгож байгаад гомдолтой байна.

         “Н******* *******” ХХК нь жуулчны баазынхаа зориулалт, чиглэл, үйл ажиллаг өргөжүүлэх зорилготой, байгалийн унаган байдлыг хадгалж үлдээх хүсэл сонирхол, итгэл үнэмшил өндөр байгаа төдийгүй эдийн засгийн хямрал, дэлхий нийтийг хамарсан тухайн үеийн цар тахлын улмаас хүнд нөхцөл байдалд орж, төлөвлөөгүй хүчин зүйлүүдээс шалтгаалан бидний ажил түр зогссон ч бид газар дээрээ худаг гаргах, газраа хашаалах зэрэг ажлыг  хийгээд байгаа. Энэхүү хэргийн хариуцагч нь “Н******* *******” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тушаалын гол үндэслэл болон шүүхэд гаргасан хариу тайлбартаа “... газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ яам болон харьяа хамгаалалтын захиргаанд гаргаагүй ...” гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь “Н******* *******” ХХК нь:

        1. 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/1 тоот албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газрын тухай,

         2. 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/05 тоот албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд “Н******* *******” ХХК нь жуулчны баазаа засаж шинэчлэн Т ******* х нэрээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, газрын төлбөрийн үнийн тарифт өөрчлөлт орсон сар бр газрын төлбөрийг барагдуулах тухай,

          3.  2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/15 тоот албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглах гурвалсан гэрээг сунгуулах хүсэлт,

        4. 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 02/15 тоот албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд “Н******* *******” ХХК-ийн 2,8 га газар бусад газартай давхцалгүйг тодорхойлуулах хүсэлт, энэхүү хүсэлтийн хариу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1929 тоот албан бичиг,

        5. 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 03/069 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд зэрэглэл тогтоолгох хүсэлт, 

       6. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/165 тоот албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газрын гэрээг сунгаж мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт,

         7. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд мөн газрын гэрээг сунгаж мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт, 

      8. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/208 тоот албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газрын гэрээ, гэрчилгээний хугацааг сунгуулах, газрын төлбөрийн асуудлыг тооцож төлөх хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан манай хүсэлтүүдэд ямар нэг хариу өгөхгүй байсан нь төрийн захиргааны байгууллагаас гаргаж буй үргэлжилсэн хууль бус эс үйлдэхүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим нь захиргааны үйл ажиллагаанд хамаарах тусгай зарчим бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн ашиглаж буй газартаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийчихсэн, ашиглаж ирсэн газрыг захиргааны байгууллагаас сунгаж өгнө гэх итгэлийг өгч, хүлээж ирсэн билээ. 

      Манай компанийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж гаргасан хүсэлтүүдээр өөрийн ашиглаж буй газрын гэрээ, гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэл зориг байсан гэдгийг хангалттай нотлох бөгөөд нэгэнт Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан журмаар гаргасан хүсэлт гаргасан байгаа нөхцөлд захиргааны байгууллага нь газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах үүрэгтэй буюу иргэн, аж ахуйн нэгжээс ийнхүү сунгагдана гэдэг итгэл нь уг хуульд заасан “итгэл хамгаалах” зарчмаар хангагдах юм. Гэтэл бидний гаргасан газар ашиглах эрх, гэрчилгээний хугацаагаа сунгуулах хүсэлтэд нэг удаа ч ямар ч хариу өгөөгүй атлаа, шүүхэд газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт өгөөгүй гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Тус компаниас дээр дурдсанаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/15 тоот албан бичиг, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/165 тоот албан бичиг, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгүүдээр газрын гэрээг сунгаж мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/208 тоот албан бичгээр газрын гэрээ, гэрчилгээний хугацааг сунгуулах, газрын төлбөрийн асуудлыг тооцож төлөх хүсэлтүүдийг шийдвэрлээгүй, ямар нэг байдлаар хариу өгөөгүй үйлдэл байгаа учраас ийнхүү манай компанийн гаргасан дээрх хүсэлтийг шийдвэрлэх эрх зүйн харилцаа одоог хүртэл үргэлжилсээр байгаа гэж үзэж байгаа бөгөөд эдгээртэй холбогдох эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийн талаар холбогдох шийдвэр гаргахыг даалгах нь чухал байгаа юм. Үүнээс гадна 2017, 2020 онуудад “Н******* *******” ХХК-иас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн газар ашиглах эрх сунгуулах, газрын тухай албан бичгүүдийг хүлээн авсан нь тус газрын бичиг хэргийн бүртгэлийн дэвтэрт тэмдэглэгдсэн, үүнийгээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа албан бичгээрээ хүлээн зөвшөөрсөн барим байгаа бөгөөд эдгээр албан бичгүүдэд тодорхой хариу ирүүлээгүй нь хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, газар ашиглах эрхийн талаар холбогдох шийдвэр гаргахыг даалгах шаардлагын үндэслэл болно гэж бид үзэж байгаа болно. 

        Мөн түүнчлэн 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлын нөхцөл байдлын улмаас Монгол Улс хилээ хаасан ба улмаар хөл хорио тогтоон энэ үед бүх албан газрууд хатуу дэглэмийг сахин ажиллаж, аливаа бичгүүд шуудангаар хүргэгдэж байсныг цохон тэмдэглэе. Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд бидний гаргасан хүсэлтүүдэд хариу өгөхгүй, шийдвэрлэхгүй байгаа асуудлыг нягтлан авч үзэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулж, “Н******* *******” ХХК-ийн хүсэлтүүдийг шийдвэрлээгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус байгааг тогтоолгон газар ашиглах эрхийн талаар холбогдох шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

           2.2. “Н******* *******” ХХК-ийн захирал Г.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь хүсэлтүүдээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргаж байсан. Тухайн хамгаалалтын захиргааны дарга н.Г нь өөрөө А/01, 603 дугаар бүртгэлийн А/07, 44 дүгээр бүртгэлийн  баримтууд ирсэн нь үнэн болно гэх бичгийг ирүүлсэн. Бидний зүгээс удаа дараа газар ашиглах гэрээгээ сунгуулах хүсэлтүүдээ ирүүлж байсан талаар тухайн бичгээр баталж байна. Нөгөөтээгүүр бид ямар материалаа өгөх талаар мэдэхгүй байхад захиргааны байгууллагын зүгээс бидэнд заавар, чиглэл өгөх үүрэгтэй. Манай талаас газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтээ сунгах хүсэлт гаргаж байхад энэ нь газар ашиглах эрхийг хүчингүй болгосон А/350 дугаартай тушаалын үндэслэл болгож байгаа нь өөрөө зөрчилтэй шийдвэр болж байгаа. Та бүхэн ямар баримт дутуу байгааг хэлж, тэр талаар баримтуудыг биднээс шаардах үүрэгтэй байгууллага. Гэтэл танай талаас хариу өгөөгүй. Сунгуулах хүсэлт гаргахад захиргааны байгууллагаас хариу өгдөг. Ямар баримт бүрдүүлэх талаар хариу өгвөл нэхэмжлэгч талаас ойлгоно. Танай байгууллага өгөөгүй болохоор бүртгэх, шийдвэрлэх боломжгүй гэж тайлбарлах боломжгүй. Маш олон жилийн хугацааг өнгөрүүлээд арга буюу хамгийн сүүлд сайдад хандсан. Тэгэхэд танай талаас зөвлөлийн 11-р хурлын тэмдэглэл гэх гараагүй шийдвэрийг үндэслэл болгож газар ашиглагчийн эрхийг дуусгавар болгосон ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн. Улмаар шүүхэд хандаж байгаа. Манай байгууллага 2.8 га газар дээрээ нэмээд 2.2 га газарт “Т х” гэх жуулчны бааз байгуулж үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн газраас 2017 онд авсан. Тухайн газрууд нь зэргэлдээ газрууд. “Н*******” ХХК нь манай толгой компани. Санхүү болон худалдан авах ажиллагаа нь “Н*******” ХХК-ийн нэрээр явдаг. “Н******* *******” ХХК-ийг миний бие төлөөлдөг. Манай компани нь “Н*******” ХХК-ийн охин компани юм” гэв. 

           2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б*******оос шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэгдүгээрт эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хнд тайлбарлая. Хариуцагч захиргааны байгууллагад “Н*******” ХХК болон “Н******* *******” ХХК нарын зүгээс аль аль нь хандсан. Газартай холбоотой үнэлгээг хийлгүүлэх хүсэлтийг 2016, 2017 оноос хойш гаргасан. Үүнтэй холбоотой шийдвэрийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гаргаагүй. Тэгээд хамгийн сүүлд 2022 онд сайдад газар ашиглах эрхийг сунгахгүй байна, гэрээ байгуулахгүй байна гэх байдлаар гомдол гаргасан. Сайдаас ч ямар нэгэн өргөдөл шийдвэрлэж хариу өгсөн зүйл байдаггүй. Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас өнөөдрийн асуудал үүссэн. 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, газар ашиглах эрх олгохыг даалгах шаардлагын хнд  нэхэмжлэгч талаас маргаж байгаа. Тухайн маргааны хнд хариуцагчаас гаргасан эрх зүйн актын хувьд илт хууль бус акт гэж үзэх хууль үзэх үндэслэлтэй байна. Яагаад гэхээр 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 11-р хуралдаан болоогүй. Гаргасан захиргааны акт нь илт хууль бус бөгөөд гарсан цагаасаа хүчин төгөлдөр бус гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу хуульд үндэслэн шийдвэр гаргах ёстой. Шуурхай, таслалгүйгээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх зарчим алдагдсан. Цаашилбал Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д заасны дагуу бусдын эрх, ашгийг хөндсөн захиргааны шийдвэр гаргахаар бол тэдгээрт урьдчилан мэдэгдэж, оролцоог хангах ёстой. Сонсох ажиллагааны хувьд оролцогчдыг сонсох ёстой. Захиргааны акт болон гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг тайлбар, санал гаргах боломжийг олгохоор заасан боловч тухайн боломж олгогдоогүй. Тус ажиллагаа хийгдээгүй. Хариуцагч талаас тайлбарлаж байгаа нь 20 буюу түүнээс доош этгээдийг сонсохоор бол мэдэгдэх, шаардлагатай тохиолдолд факс, шуудан, цахим хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд мэдэгдсэн талаар баримтжуулахаар заасан.  Гэтэл өнөөдөр хэрэгт сонсох ажиллагаа явуулсныг баталгаажуулсан нэг ч баримт байхгүй. Нотлох баримтын хнд тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг шүүх цуглуулах зарчимтай. Нотлох баримт цуглуулсантай холбоотойгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас албан ёсны хариу ирсэн. Ирэхдээ А/350 дугаар тушаалын үндэслэл болсон Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 11-р хурлын тэмдэглэл баталгаажаагүй гэх хариу ирсэн. Зөвлөлийн дүрэмд заасны дагуу зөвлөлийн нарийн бичгийн дарга нь тэмдэглэл хөтлөөд, бүх гишүүдээр гарын үсэг зуруулж, баталгаажуулна. Гэтэл баталгаажаагүй эрх зүйн актыг үндэслэн сайдын тушаал гарч, “Н******* *******” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хууль зөрчсөн байна. Яагаад тухайн нотлох баримтуудыг шаардсан гэхээр өмнө нь тус хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлээд давж заалдах шатны шүүхээс буцаахдаа тухайн хурлын тэмдэглэлтэй холбоотой хүсэлтийг хангаагүй, үйл явдал нь тодорхой хэмжээний нотлох баримтад тулгуурлах ёстой гэж үзсэн. Өнөөдрийн хувьд энэ талаар холбогдох баримт авагдаагүй. Тухайн хурал хэлэлцэгдээгүй гэж үзэж байна.

          Тэгэхээр сайдын маргаан бүхий А/350 дугаартай тушаал нь баталгаажаагүй эрх зүйн актыг үндэслэсэн тул илт хууль бус гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бс нь шинжлэн хуульд нийцсэн шийдвэр гаргаж, хариуцагч байгууллагын хууль бус эс үйлдэхүйг тогтоож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/350 дугаар тушаалыг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг сунгахыг даалгаж өгнө үү” гэв.

          Гурав. Хариу тайлбар, татгалзал:

         3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаал нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 11 хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн “Н******* *******” ХХК-д олгосон газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. 

Тус тушаал нь Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-3/5988 дугаар албан бичиг, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, 2016-2023 онуудын газрын төлбөр төлөөгүй зэрэг үйл баримт тогтоогдсон тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 678 дугаар албан бичгээр сонсох ажиллагаа хийгдэж, мөн хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр “Н******* *******” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах саналыг ирүүлсэн. 

            Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдад 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/155 дугаар алба бичиг, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01-181 дугаар албан бичгүүдээр хандаж байсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байх тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-л зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар байна. Иймд Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул “Н******* *******” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

           3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/266 дугаартай тушаалаар нэхэмжлэгч “Н******* *******” ХХК-д 2.6 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгосон. Улмаар 2020 оны 07 дугаар сард тухайн компанийн газар ашиглах эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.21-д заасны дагуу хугацаа дуусахаас 30 хоногоос доошгүй хугацааны өмнө нь газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ ирүүлэхээр заасан. Энэ заасан хугацаанд нэхэмжлэгч нь хүсэлтээ ирүүлээгүй гэх үндэслэлээр 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 678 дугаартай албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн. Тухайн мэдэгдэлд нэхэмжлэгчээс ямар нэгэн хариу тайлбарыг ирүүлээгүй. Үүнийг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаартай албан бичгээр яам руу газар ашиглах эрхийг цуцлуулах хүсэлтийг уламжилсан. Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаартай тушаалаар газар ашиглах эрхийг цуцалсан. Үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хугацаанд газар ашиглах эрх сунгуулах хүсэлтээ ирүүлээгүй, Газрын тухай хуулийн 37.1, 39.1-д заасан хугацаанд хүсэлтээ ирүүлээгүй гэх үндэслэлээр цуцалсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай хурлын шийдвэрийн “Н******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгт ирүүлсэн. Үүнийг үндэслэн сайдын тушаал гарсан. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор тайлбар гаргахад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд удаа араа буюу 2013, 2020 онуудад газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтээ өгсөн. Үүнийг шийдвэрлээгүй гэж байгаа. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ирсэн бичгийн болон архивын бүртгэлээс үзэхэд “Н******* *******” ХХК-иас ирүүлсэн гэх хүсэлт нь бүртгэгдээгүй байгаа талаар баримтыг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/1292 дугаартай албан бичгээр ирүүлж хэрэгт хавсаргасан байдаг. Мөн 2017 оны А/01 дугаартай “газрын тухай” гэх хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ирүүлсэн байдаг. Тус албан бичгийн хариуг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 621 дугаартай албан бичгээр хариу өгсөн. Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны бичиг хэргийн цахим системээс 2020- 2023 онуудад “Н******* *******” ХХК-иас газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлт ирүүлээгүй гэдэг нь харагддаг. Сүүлд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/1185 дугаартай албан бичгээр 2019, 2020 онуудад ирүүлсэн хүсэлт нь архивын бүртгэлд байхгүй гэх лавлагааг ирүүлж хэрэгт хавсаргасан. Иймд маргаан бүхий А/350 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

       1. “Н******* *******” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулж, “Н******* *******” ХХК-ийн хүсэлтүүдийг шийдвэрлээгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус байгааг тогтоолгон газар ашиглах эрхийн талаар холбогдох шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг зохих журмын дагуу удаа дараа гаргаж байсан боловч шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

         2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.

         3. Маргааны үйл баримтын тухайд, 

     3.1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/266 дугаар тушаалаар улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт 2.8 га газар ашиглах эрхийг “Н******* *******” ХХК-д олгож, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр газар ашиглах эрхийн 2015/175 дугаар гэрчилгээ олгожээ.

       3.2. Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаалаар газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн. 

      4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:”, мөн хэсгийн 1-д “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр”, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж заажээ.

    5. Хариуцагч захиргааны байгууллагаас хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох тохиолдолд “Н******* *******” ХХК-иас газар ашиглах эрхийн хугацаа сунгах хүсэлт гаргасан эсэхийг нягтлан шалгаж, улмаар уг хүсэлтийг шийдвэрлэсний үндсэн дээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох шаардлагатай.

     6. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар “Н*******” ХХК-иас “Н******* *******” ХХК-ийн газар ашиглах эрхийг сунгуулахаар гаргасан хүсэлтүүд ямар учиртай болох, улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй/А/266 тушаалын газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан гэрээ нь 2,2га газарт хамаарч байх ба 2,8га газарт газар ашиглах гэрээ байгуулсан талаарх баримтыг хэргийн оролцогчдоос гаргаж ирүүлээгүй/ байгаагаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сунгуулах тухай хүсэлтийг хариуцагчаас шийдвэрлэсэн, эсхүл шийдвэрлээгүй болохыг шүүхээс тогтоох мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... манай компани нь хүсэлтүүдээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргаж байсан”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргаж байгаагүй” гэсэн тайлбаруудад үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах цар хнээс хэтэрсэн гэж үзэхээр байна. Тодруулбал, 

     6.1. “Н******* *******” ХХК-иас Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдад хандан гаргасан 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/155 тоот “... Н ******* ХХК-ийн Т аманд ашигладаг 2.8 га газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болсныг мэдмэгц хүсэлт гаргаж байна. ... Бид Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглах гэрээг сунгуулахаар байнга хандаж байсан боловч нэг ч удаа хариу ирүүлээгүй, ... 2.8 га газрыг сэргээн өгч бидний ажилд тусална уу” гэх албан бичиг тус яамны бичиг хэргийн бүртгэлд бүртгэгдсэн байна. 

      6.2. Мөн тус хуулийн этгээдээс 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан “... Н ******* ХХК 1997 оноос өнөөг хүртэл аялал жуулчлал хөгжүүлэхээр чармайн ажиллаж ковид болон албаны хүнд суртал сорилтуудыг даван туулж ирлээ ... манай компанийн газрын газрын асуудал олон жил маргаантай шийдэгдэхгүй явж ирлээ ... Энэ асуудлаар сайдтай уулзалт хийх цаг олгож өгнө үү” гэх хүсэлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 08/6351 тоот албан бичгээр “... Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэсэн үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын А/350 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгон шийдвэрлэсэн ...” гэх хариуг өгчээ. 

        6.3. Богдхан уулын дархан цаазат гарын хамгаалалтын захиргааны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/1217 тоот албан бичигт “... 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/16 дугаар албан бичиг хамгаалалтын захиргааны бүртгэлийн дэвтрийн 270 дугаарт бүртгэгдсэн бөгөөд тус захиргааны 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 383 дугаартай албан бичгээр, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/01 дүгээр албан бичиг бүртгэлийн дэвтрийн 401 дугаарт бүртгэгдсэн бөгөөд хамгаалалтын захиргааны 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 621 дугаартай албан бичгээр хариу өгсөн байна. 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/07 дугаартай албан бичиг бүртгэлийн дэвтрийн 603 дугаарт бүртгэгдсэн боловч цаасаараа тус захиргааны архивт хадгалагдаагүй байна” гэсэн байх ба хавсралтаар ирүүлсэн ирсэн бичиг бүртгэх дэвтрийн 603-т “VII/10. А/07. “Н *******” ХХК, Газар ашиглах эрх сунгуулах” гэж тэмдэглэсэн боловч хэрхэн шийдвэрлэсэн талаарх хүснэгтэд аливаа бичиглэл хийгээгүй, хоосон байна/2 дугаар хавтаст хэргийн 9 дэх талд/

        6.4. Мөн нэхэмжлэгч “Н******* *******” ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/15 тоот албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан “... гурвалсан гэрээний хугацаа дууссан тул “Н******* *******” ХХК-ийн газар ашиглах гурвалсан гэрээг сунгаж бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү” гэсэн хүсэлтийг гаргасан хэмээн тайлбарлаж уг бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбарыг шүүхэд ирүүлсэн, шүүхээс 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01/6656 тоот албан бичгээр уг өргөдлийн талаар тодруулсан боловч хамгаалалтын захиргаанаас хүсэлт бүртгэгдээгүй талаар хариу ирүүлсэн. 

     6.5. Шүүхээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны бичиг хэргийн баримтуудад хийсэн үзлэгээр “Н*******” ХХК-иас гаргасан,

6.5.1. 2020 оны 07 дугаар сарын 17-ны 03/066, 08 дугаар сарын 19-ний өдрийн 01/109 тоот “...Н******* ******* ХХК-ийн Т ******* х жуулчны баазын ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргаж өгнө үү” гэх,

6.5.2. 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 01/060 тоот албан бичгээр “... сүүлийн жилүүдэд гурвалсан гэрээг сунгахгүй, газрын төлбөр тооцоогоо нэхэмжлэхгүй хамтарч ажиллахад ойлгомжгүй боллоо. Бид улсад буцаан өгсөн олон мянган га газраас буцаан авъя гэж хүсээгүй. Бугын сангийн аж ахуйгаас үлдсэн газраа бусдад алдаад одоо үлдсэн жоохон газартаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагатай байгаа боловч гурвалсан гэрээг сунгахгүй, газрын төлбөр тооцоогоо авахгүй чирэгдүүлж байна” гэх ,

6.5.3. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01/180 тоот “Манай компаниас сайдад хандаж 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/155 тоот албан бичгийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгсөн ... Энэхүү 01/155 тоот албан бичгийн хариуг үүгээр дахин тодруулж байна” гэх,

6.5.4. 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01-181 тоот “... Н ******* ХХК 1997 оноос өнөөг хүртэл аялал жуулчлал хөгжүүлэхээр чармайн ажиллаж ковид болон албаны хүнд суртал сорилтуудыг даван туулж ирлээ ... манай компанийн газрын газрын асуудал олон жил маргаантай шийдэгдэхгүй явж ирлээ ... Энэ асуудлаар сайдтай уулзалт хийх цаг олгож өгнө үү” гэх албан бичгүүд бүртгэгдсэнийг нотлох баримтаар бэхжүүлэн авсан.

6.6. Түүнчлэн “Н” ХХК-иас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан

6.6.1. 2020 оны 09 дүгээр сарын 30 болон 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/165 тоот албан бичгээр “... “Н******* *******” ХХК-ийн ******* корпорацаас худалдаж авсан газрыг үе үеийн сайд, дарга нар газар олголтоор өгсөөр бидэнд үйл ажиллагаа явуулах газар үлдэхгүй боллоо. Иймд бидний үлдсэн 6 га газарт дахин газар олгохгүй байхыг хичээнгүйлэн хүсэхийн ялдамд мэдээллийн санд бүртгэж гурвалсан гэрээг сунгаж өгнө үү” гэх,

6.6.2. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/208 тоот албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан “... “Н*******” ХХК нь өөрийн охин компани болох “Н******* *******” ХХК-иар дамжуулан зохих хууль, дүрэм журмын дагуу аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж ирсэн. Бид цаашид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх үүднээс тус газарт холбоотой асуудлыг шийдвэрлэж хууль журмын дагуу газрын гэрээ, гэрчилгээний хугацааг сунгуулах, газрын төлбөрийн асуудлыг тооцож төлөх хүсэлтэй байна. Энэ асуудлыг харгалзан үзэж бидний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтүүд гаргасан талаарх нотлох баримтыг нэхэмжлэгчээс гаргаж өгсөн. 

6.7. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс ““Н*******” ХХК нь “Н******* *******” ХХК-ийн толгой компани бөгөөд зэргэлдээ газар ашигладаг, ашиглалтын газартай холбоотой хүсэлтүүдийг дээрх 2 компанийн аль алиных нь нэрээр гаргаж байсан” гэх агуулгаар тайлбарласан ба “Н******* *******/РД:*******/” ХХК-ийн үүсгэн байгуулагчаар “Н*******/РД:/” ХХК анх 2008 онд бүртгэгдэж байжээ. 

      7. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого хэрэгжилтийн газарт хийсэн үзлэгээр Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/266 дугаар тушаал бүхий “Н******* *******” ХХК-ийн газрын газар баталгаажилтын хувийн хэрэгт ““Н******* *******” ХХК-д 2,2 га ашиглуулахаар олгосон 541 дугаартай гэрчилгээ/хуулийн этгээдийн регистрийн дугаарыг гэж бичсэн/, “Н” ХХК-ийн 1998 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний төсөл, Богдхан уулын жуулчны бааз төслийн байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, “Н” ХХК-ийн Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах талаар авах арга хэмжээний төлөвлөгөө, Байгаль орчны ерөнхий үнэлгээ хийсэн тухай мэдэгдэл зэрэг баримтууд авагдсан байгаа нь маргаан бүхий актад дурьдсан газрын хэмжээ 2,8 га, регистрийн дугаар ******* гэснээс зөрүүтэй байна. 

      8. Дээрхээс үзвэл, хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг бодитойгоор тогтоогоогүй байна. 

       9. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох”, 24.2-т зааснаар “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээх” атал дээрх 6.5 болон 6.6 дахь хэсэгт дурьдсан хүсэлтүүд нь “Н******* *******” ХХК-иас 2,8 га газрын, эсхүл “Н” ХХК-иас 2,2 га газар/541 тоот гэрчилгээнд Н******* ******* ХХК гэж бичигдсэн/ ашиглах эрхийг сунгуулах хүсэлт гаргаж байгаа эсэхийг тодруулаагүй, шийдвэрлэж хариу өгөөгүй байна.

    10. Хуулийн энэхүү зохицуулалтуудын дагуу хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан үүргийг 25 дугаар зүйлийн 25.1.1-т “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах”, 25.1.2-т “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах” гэж заасан аргаар хэрэгжүүлж “Н*******” ХХК-иас гаргасан хүсэлтүүд нь ******* регистрийн дугаар бүхий 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2015/175 тоот гэрчилгээтэй “Н******* *******” ХХК-ийн 2,8 га, эсхүл регистрийн дугаар бүхий 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 541 тоот гэрчилгээтэй мөн “Н******* *******” ХХК-ийн 2,2 га газрын ашиглах эрхийг сунгуулах хүсэл зоригтой байгаа эсэхийг тодруулах үүрэгтэй байсан гэж үзнэ. 

     11. Хэдийгээр нэхэмжлэгч хуулийн этгээд нь “Н” ХХК-иас өөр оноосон нэртэй, өөр регистрийн дугаартай, өөр гүйцэтгэх удирдлагатай хуулийн этгээд атал “Н******* *******” ХХК-ийн нэрээр, тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Г.Б*******ы гарын үсэгтэйгээр 2,8 га газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах талаар хүсэлт гаргасан үйл баримт тогтоогдохгүй боловч Г.Б*******гаас шүүх хуралдаанд ““Н*******” ХХК, уг компанийн захирал М.Хийн нэрээр хүсэлтүүдээ гаргасан, аль бланк дээр бичих нь ялгаагүй гэж бодсон” гэж тайлбарласан болон дээрх 6.5 дахь хэсэгт дурьдсан хүсэлтүүд нь “Н******* *******” ХХК-ийн газар ашиглах эрхийг сунгуулах агуулгатай, түүнчлэн 2015/175 тоот, 541 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээнүүд нь хоёулаа “Н******* *******” ХХК-д олгогдсон байгаа тохиолдолд хариуцагч нь хуулийн дээр дурьдсан зохицуулалтын дагуу шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг зөв тогтоох, үндэслэл бүрийг тодруулах шаардлагатай байжээ. 

           12. Хариуцагчаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий А/350 дугаар тушаалыг гаргахдаа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны фейсбүүк хуудсаар дамжуулан мөн захиргааны 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 678 тоот мэдэгдлийг нийтэлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж, 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:” гэж, 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд  шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах” гэж заасанд тус тус нийцэхгүй байна. 

       13. Мөн хариуцагч нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны нэгжүүд нь өөр өөр хаягт байрлаж байгаа, нүүж байгаа, анх үүссэн хувийн хэрэгт баяжилт хийдэггүй, газар ашиглах эрх олгосон болон эрхийг дуусгавар болсон тушаал тус бр хувийн хэрэг үүсэж тусдаа архивлагддаг зэрэг шалтгаанаар шүүхээс шаардсан баримтуудыг ирүүлсэнгүй.

      14. Маргаан бүхий актын үндэслэлд “... зөвлөлийн 2023 оны XI дүгээр хуралдааны дүгнэлтийг үндэслэсэн гэх боловч уг дүгнэлт баталгаажаагүй болох нь тус яамны 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 06/4923 тоот албан бичгээр тогтоогдож байгаагаас үзвэл, хариуцагч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар батлагдсан “Улсын тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам”-ын 1.1-д “...зөвлөл нь ...газар ашиглах эрхийн хугацааг дуусгавар болгох, ... асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргана”, 2.1-д “Зөвлөлийн ... үйл ажиллагааны хэлбэр нь хурал байна, ” 2.14 дүгээр зүйлийн 2.14.3-т “Захиргааны ерөнхий хуульд зааснаар шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоосон баримт” гэж заасныг хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.

        15. Хэдийгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан боловч шүүхийн энэхүү чиг үүрэг нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг болох захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтоох буюу захиргааны байгууллагаас архивын баримт бичгээ бүрдүүлэх, хадгалах, ирсэн бичгийн бүртгэл болон шийдвэрлэсэн байдлын бүртгэлийг нөхөн тодруулах үйл ажиллагаанд хамаарахгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар х шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаалыг хариуцагчаас шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

        16. Хариуцагч нь “Н******* *******” ХХК болон “Н” ХХК-ийн ашиглалтад олгогдсон газруудын газар баталгаажилтын хувийн хэргийг тус тусад нь бүрдүүлж цэгцэлсний үндсэн дээр тус 2 хуулийн этгээдийн нотлох баримтаар хэрэгт гаргаж ирүүлсэн 2020 оны 09 дүгээр сарын 30 болон 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/165, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/208 тоот газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтүүд тус яамны болон холбогдох хамгаалалтын захиргааны бичиг хэрэгт бүртгэгдсэн эсэхийг нэг бүрчлэн тодруулж, аль хүсэлт нь аль газрын ашиглах эрхийг сунгуулах агуулгатай болох тайлбарыг гаргуулж “Н******* *******” ХХК-ийг 2,8 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгох эсэхийг шийдвэрлэвэл зохино.  

        17. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч нарт тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно ...” гэж заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нараас тодруулахад иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулахад татгалзахгүй гэсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж, иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэв.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 27 дугаар 27.1, 27.2, 27.2.1-т заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаалыг 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж дүгнэсний үндсэн дээр хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэж захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

     4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

       Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.




                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ

                                               ШҮҮГЧ                             Т.ГАНГЭРЭЛ

                                               ШҮҮГЧ                              Ж.МӨНХДЭЛГЭР