Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар  2024/ДШМ/401

 

     

 

 

 

 

  2024             4              02                                        2024/ДШМ/401                     

А.Мт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Түмэнжаргал,

хохирогч И.Х,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/195 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч И.Хгийн гаргасан давж заалдах гомдлоор А.Мт холбогдох эрүүгийн 2308021232008 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч А.М нь 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын хашаан дотор хохирогч И.Хтай маргалдаж, улмаар заамдан дарж унагаахдаа эрүүл мэндэд нь баруун шилбэний тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч А.Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мыг 1.500.000 төгрөгөөр торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч И.Х гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч И.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би сэтгэл санаагаар маш их хохирч байна. Тус гэмтлийг авсны улмаас баруун хөлөнд зовиур бий болж тухайн үед алхаж чадахгүй нөхцөл байдал үүссэн, мөн “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-д ... улсын дугаартай маркийн 136 дугаар автобусыг жолооддог ба баруун ... хөлөөрөө тухайн автобусын хурдыг хасах, нэмэх болон зогсоох үйлдлийг хийдэг байсан. 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хөл маань нэг л болохгүй байхаар нь эмнэлэгт үзүүлтэл хөл хугарсан байсан.

Сэтгэл санаанд учирч байгаа хохирол хохирогч миний бие цаашид үлдэх бүхий л насанд буюу насан туршид зовлон шаналал болж мэдрэгдэж байгаан дээр эхийн сэтгэл санаа мөн маш их хохирч, зовж шаналж байна. Сэтгэл гэдэг нь хүний гарт баригдаж нүдэнд үзэгддэггүй хийсвэр зүйл атлаа, хүнээс хэзээ ч үл салгаж болох эд эрхтнээс ч илүү бат холбоотой тайрч, тасдаж аливаа хиймэл зүйлээр үл орлуулж болох хүний нэгэн хэсэг хийсвэр оршихуй юм. Тиймээс хүний сэтгэлдээ авсан шарх, шаналал бол юутай ч зүйрлэшгүй гэм хор билээ. Бие махбодын хохирол нь хүний эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүсэх бие махбодын шаналал, өвдөлт, зовиур зэрэг сөрөг үр дагавар бөгөөд бие махбодын хохирол нь хүний эрүүл мэндэд учруулсан хохирлоос гадна сэтгэл санааны хохирлоос ч үүдэн гарч болно. Бие махбодын хохирол, мөн сэтгэл санааны хохирлыг байнга бий болгож байх нь ойлгомжтой. Бие махбодид учирсан гэм хор нь материаллаг болон материаллаг бус гэм хорын аль алиныг нь агуулж байдаг.

Хохирогч болох миний бие махбоддоо гэмтэл авснаас олон хоног өвдөж шаналах, нойргүй хонох, гутрах зэрэг гарч болох олон сөрөг үр дагаврыг зөвхөн авч чадаагүй цалин хөлс, эмчилгээний зардал гэх мэт зайлшгүй шаардагдах зардлын хүрээнд хохирлыг тооцож барагдуулах нь учир дутагдалтай байна. Бие эрхтэн, эрүүл мэндээрээ хохирсныхоо төлөө зовлон шаналал зэргийг заавал үнэлж тодорхой хэмжээний мөнгөн хэлбэрээр учирсан гэм хорыг арилгуулах ёстой. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хохирогч гэж эрүүгийн хууль, эрх мэдлээ урвуулан ашиглах үйлдлийг хориглосон бусад хууль тогтоомж зөрчсөний улмаас дангаараа буюу бүлгээрээ бие болон сэтгэл санааны хохирол амссан, сэтгэлийн шаналалд, эдийн засгийн алдагдалд орсон буюу үндсэн эрхээ эдлэхэд нь бодит дарамт учирсан хүмүүсийг хэлнэ” гэж тодорхойлсон. Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 2.27-д “Хүн бүр эдийн болон сэтгэл зүйн хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй” гэж заасан байдаг.

Гэтэл 2024/ШЦТ/195 тоот дугаартай шийтгэх тогтоолоор сэтгэл санааны хохирлыг барагдуулахтай холбоотой асуудлыг хөндөөгүй, миний сэтгэл санааны байдал хэрхэн тогтоогдож болохыг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №25 тоот дугаартай “Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоол”, Шүүх шинжилгээний тухай хууль болоод бусад эх сурвалжийг баримтлан тус хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн судлаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Тус хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар алдаж гол чиг үүрэг бүхий баруун хөлд гэмтлийн зэрэг тогтоогдсон. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-д удаан хугацаагаар ажилласны үндсэн дээр ажилдаа туршлага сууж, улмаар улам урам зоригтой хүсэл тэмүүлэлтэй болж цаашдын болоод ажил хөдөлмөрлөх эрхийнхээ хүрээнд тус газар удаан хугацаагаар ажиллана гэсэн зорилготой байсан. Гэтэл тус хэргийн улмаас миний бие тус газар ажиллаж хөдөлмөрлөх боломжгүй болж ажлаас халагдах тушаал гарсан. Одоог хүртэл ажил цалин хөлсний болоод амьдралын баталгаагүй нөхцөл байдал үүсээд байна.

Иймд сэтгэл санааны хохирлыг тооцож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.

Прокурор Д.Түмэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан байдаг. Сэтгэцэд учирсан хохирлыг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх харилцаанд үйлчлэхээр тусгайлан заагаагүй. 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хохирогч И.Хгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байдаг. Иймд хууль буцаан хэрэглэхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.М нь 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын хашаан дотор хохирогч И.Хтай маргалдаж, улмаар заамдан дарж унагаахдаа эрүүл мэндэд нь баруун шилбэний тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч И.Хгийн “...Тэгээд би “өнөөдөр амрах юм байна, амарсан дээрээ автобусныхаа хойд талын сэвийг арилгуулъя” гэж бодоод засварын инженер М дээр очоод уулзсан чинь “өнөөдөр засаж чадахгүй” гэхээр нь би “яагаад” гэсэн чинь “чадахгүй, чи муу миний ажлыг заадаг хэн бэ, чи яагаад ийм том болчихсон юм, муухай ааш гаргаад яваад байдаг” гэхээр нь “миний ааш чамд ямар хамаатай юм” гэж маргалдаж, муудалцаж байхдаа би газраас чулуу аваад М руу шидсэн боловч оноогүй. Өөрөө бултсан, тэгснээ ирээд намайг заамдаж аваад автобус руу шахаад заамдсан чигээрээ биеийг маань эргүүлээд доош дарахдаа хөл маань хөшигдөж газар унасан. ...” гэсэн /хх 13-14/,

гэрч Т.Н-ын “2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр бааз дээрээ байхад жолооч Х гэх эмэгтэй гэнэт орилж хашгичаад инженер залуу руу чулуу шидээд байгаа харагдсан. М Х руу ойртоод чулуу шидээд байхаар нь болиулах шиг болсон. Энэ хоёр хоорондоо нилээн маргалдаад байсан. Х Мд “чи намайг зодсон, чамайг цагдаад өгнө” гэж байсан. Х газар унасан бололтой хувцас нь шороо болчихсон байсан. ...” гэсэн /хх 39-40/ тус тус мэдүүлгүүд,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8110 дугаар шинжээчийн “1. И.Хгийн биед баруун шилбэний тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтэл байна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 44-45/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч А.Мыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.М нь хохирогч И.Хтай маргалдаж, улмаар хүч хэрэглэж хохирогч И.Хгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний хүрээнд ял оногдуулахаар хуульчилсан.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан үздэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Хохирогч И.Х “...сэтгэл санааны хохирлыг тооцож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, хохирлыг барагдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Тус гэмт хэрэг 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заажээ.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэх, харин хуульд буцаан хэрэглэх нөхцөлийг тусгайлан заасан тохиолдолд буцаан хэрэглэх тус тус агуулгыг илэрхийлжээ.

Хуульд буцаан хэрэглэх нөхцөлийг тусгайлан заагаагүй учраас Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд үйлчлэх эрх зүйн үндэслэл үүсээгүй болно.

Хохирогч И.Х нь цалин хөлс авч байсан, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан, ямар хугацаанд өвчтэй байсан, уг хугацаанд ямар хэмжээний тэтгэмж авч байсан талаарх баримтыг гаргаж өгөөгүйгээс түүний ажилгүй байсан хугацааны цалингийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байх бөгөөд шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь хохирогчийн гэм хорын хохирлоо шаардах эрхийг хязгаарлаагүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч И.Хгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/195 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч И.Хгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР