| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2025/0362/З |
| Дугаар | 128/ШШ2025/0736 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2025/0736
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А******* ******* *******” ХХК, РД:*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.П*******, өмгөөлөгч: Л.Э, Л.Б,
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С,
Гуравдагч этгээд: “А м” ХХК, РД:, төлөөлөгч: Б.Б, өмгөөлөгч Р.Л нарын хоорондын “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/492 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/804 дүгээр тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, Л.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөг: М.С, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Намуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/356 дугаар тушаалаар “А******* ******* *******” ХХК-д Хан-Уул дүүрэг, Н*******ийн аманд 55081.3 мкв талбайг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар олгосон.
1.2. Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ******* дугаар гэрчилгээг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгосон.
1.3. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” 2022/******* тоот гэрээ байгуулсан.
1.4. Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/492 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан 14 дүгээр хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн “А******* ******* *******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
1.5. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/804 дүгээр тушаалаар “А м” ХХК-д олгосон 10029.5 мкв газрын хэмжээг 55000 мкв болгон нэмэгдүүлж, солбицлын цэгийг өөрчилж шийдвэрлэсэн.
1.6. Нэхэмжлэгчээс “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/492 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
1.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/804 дүгээр тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” гэж нэмэгдүүлсэн.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай компанид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/356 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богд уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Н*******ийн аманд орших 55081.3 мкв талбай газрыг Аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаанд ашиглах эрх олгосон. Сайдын энэ тушаалд үндэслэн Богд Уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2022/******* тоот гэрээ байгуулж, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ******* дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/492 дугаартай тушаалаар газар эзэмших эрхийг цуцалсан болохыг 2******* оны 02 дугаар сарын 07-ны өдөр олж мэдлээ. Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 922 дугаартай Санал хүргүүлэх тухай албан тоотыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн байх ба Сайдын тушаалын 1 дэх хэсэгт “Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 922 дугаартай Санал хүргүүлэх тухай албан бичгийн үндэслэн” хэмээн газар ашиглах эрхийг цуцалсан байна.
Дээрх Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналд “... газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь цуцлах сонсох ажиллагааны мэдэгдлийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр (БОАЖЯ-ны цахим хуудас, БУДЦГХЗ-ны цахим хуудас) явуулсан” гэжээ.
Нэг. Энэхүү тушаалыг гаргахдаа хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй хууль зөрчсөн тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “Заасан захиргааны үйл ажиллагаа “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6 дахь хэсэг дэх “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн сарвааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг мөн захиргаа шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох баримт цуглуулах, захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох байдлаар сонсох ажиллагааг явуулах” гэсэн мөн хуулийн 24-27 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн байна. Тодруулбал, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан. Гэтэл хариуцагч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо газрыг зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тодруулаагүй, 2 жил болоогүй байхад цуцлах санал хүргүүлж, өөрөөр хэлбэл шийдвэр гаргах ажиллагааны дээр дурдсан журмыг зөрчсөнөөс хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдалд бүрдсэн эсэхийг бүрэн тогтоогоогүй, хуульд заасан хугацаанд хүрээгүй байхад цуцлах санал хүргүүлсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, мөн хуулийн 27.2.1-т “Хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах” гэж заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй.
1.1 Захиргааны байгууллага нь сонсох ажиллагаа хийж эрх нь зөрчигдөж болзошгүй этгээд тухай бүрт нь хүргүүлэх шаардлагатай. Учир нь тухай сонсох ажиллагааны үр дүнгээс хамааран гаргах захиргааны актад тухай газрыг эзэмшдэг нэг этгээдийн эрх ашиг хөндөгдөхөөр байхад олон этгээдүүдийг нийлүүлэн сонсох ажиллагааг хийсэн нь зохих журмын дагуу сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзнэ.
1.2 Сонсох ажиллагааг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулсан гэх ба 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 922 дугаартай санал хүргүүлэх тухай албан бичгээр цуцлах тухай санал хүргүүлж байгаа нь бодит байдал дээр сонсох ажиллагаа явуулж, зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдлыг тодруулаагүй бөгөөд 1 сар гаруй хугацааны дараа цуцлах санал хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбар санал гаргах, нотлох баримт бүрдүүлэх эрхийг хангаагүй байна.
1.3 Энэхүү тушаал гарсан тухай нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэж, гардуулаагүй бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас өөрийн албан ёсны цахим хуудаст байршуулсан гэж тайлбарлах нь сонсох ажиллагаа явуулсан гэж үзэхгүй.
Хоёр. Газрын төлбөрийг төлсөн тухайд:
Тушаалын нэг үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн байна. Гэтэл манай компани гaзаp ашиглах эрхийн 2022, 2023 оны төлбөр нийт 163,318,220 төгрөгийг бүрэн төлсөн байсан гэдгийг огт анхаарч үзээгүй хууль зөрчиж газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна. Иймд Захиргааны байгууллага нь манай байгууллагын ашиглах эрх бүхий газрыг цуцлахдаа хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, газрын төлбөр төлөгдсөн байхад төлөгдөөгүй гэж үзэж, Захиргааны акт гаргасан нь үндэслэлгүй байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/492 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Захиргааны байгууллага нь сонсох ажиллагаа явуулаагүй бөгөөд манай ашиглах эрх бүхий газрыг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А м ХХК-д шилжүүлсэн талаарх мэдээллийг 2******* оны 01 дүгээр сарын 21-ний өдөр egazar.gov.mn сайтаас мэдэж, Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн яам нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тус тус хүсэлт гаргасан. Ямар үндэслэлээр, хэзээ манай газрын ашиглах эрхийг цуцалсан эсэх талаар мэдээлэл, мэдэгдлийг бидэнд огт ирүүлээгүй, цуцалсан талаар шийдвэр ч гараагүй байхад яагаад газрын цахим системд манай компанийн ашиглах эрх бүхий газар “А м” ХХК-д шилжсэн төлөвт орсон талаар бид мэдэхгүй байсан бөгөөд 2******* оны 02 дугаар сарын 04-ний өдөр гаргасан хүсэлтийн дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэргэжилтнээс тодруулж Газар ашиглах эрх хүчингүй болгосон тушаалтай 2******* оны 02 дугаар сарын 07-ны өдөр танилцсан.
Шүүхээс ажиллагаа хийж, нотлох баримт цуглуулах үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/804 дүгээр тушаалаар дээрх маргаан бүхий газрыг “А м” ХХК-д ашиглуулахаар болсон байна.
... дээрх захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны акт юм. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу манай байгууллагын газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл бүрдээгүй байсан тул дэрх захиргааны акт гарах эрх зүйн үндэслэл мөн бүрдээгүй байсан. Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/804 дүгээр тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хариуцагчийн зүгээс хугацааны хувьд маргахгүй байгаа учраас энэ талаар дүгнэлт хэлэхгүй. Төлбөр төлөөгүй гэдэг асуудал яригдаж байгаа. Талууд газар ашиглах гэрээ байгуулсан. Сая яагаад алданги дээр анхаарал тавьж асуусан гэхээр Захиргааны ерөнхий хуульд торгууль ногдуулах албадлагын хэлбэр байгаа. Талууд гэрээгээр хугацаандаа төлбөрөө төлөхгүй бол алданги ногдуулна гэж тохирсон. Харин тухайн жилдээ төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлах үндэслэл байна гэдэг агуулгаар зохицуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д гэрээнд Иргэний хуулийг нөхөн тохируулж хэрэглэнэ гэдэг зарчим үйлчилнэ. Хариуцагчаас алдангийг ямар тохиолдолд хэрэглэх талаар тайлбарласан. Гэрээний 4.8-д хамгаалалтын захиргааны эрх үүрэг, 5.5-д алданги төлөх зохицуулалт байгаа. Энэ зохицуулалт нь талуудын гэрээний эрх зүйн хариуцлага гэж үзэхээр байгаа. Захиргааны ерөнхий хуульд гэрээний стандарт нөхцөл гэдэг ойлголтууд байхгүй боловч Иргэний хууль хэрэглэгдэнэ гэдэг агуулгаараа Иргэний хуулийн 200 дугаар зүйлд зааснаар дахин дахин хэрэглэгдэхээр стандарт нөхцөл байгаа. Тэгэхээр хүлээн авагч тал үүнийг хараад хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги төлнө гэдэг ойлголт авна. Нөгөө талаас Захиргааны ерөнхий хуулиар албадлагын хэрэглээ нь торгууль болчихсон. Энэ утгаараа алданги бол талуудын тохиролцооны асуудал юм. Энэ зохицуулалтыг гэрээнд оруулж ирснээрээ гэрээг тайлбарлах шаардлага бий болсон. Гэрээгээр хугацааг тохирчихсон, гэрээний хугацаанд төлөөгүй бол алданги төлнө. Гэхдээ тухайн жилдээ төлөөгүй бол гэрээг цуцлах үндэслэл болно гэдэг утгаар тайлбарлахаар Иргэний хуулийн 200.1 дэх хэсгийг хэрэглэвэл хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэчихсэн байгаа. Огт гэрээг тайлбарлах нарийн зүйл шаардлагагүй, хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэсэн зохицуулалт орж ирсэн байгаа учраас Иргэний хуулийг ярихаас аргагүй байна. Тэгэхээр Улсын Дээд шүүхийн 2******* оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0019 дугаар тогтоолд хэд хэдэн Улсын Дээд шүүхийн тогтоолыг анхаарч үзээч гээд хамтад нь дурдсан байдаг. Үүнээс харвал Ковид-19 цар тахал хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна гэж байгаа. Нэхэмжлэгчийн газар цаг хугацааны хувьд үүнд хамаарч байгаа. Илт хууль бус актын тухайд Л.Э өмгөөлөгчийн хэлсэн 1 зүйлийг тодруулаад товчхон хэлье. Давж заалдах шатны шүүх нэгэнт тогтоочихсон үйл баримт нь Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэсэн. Тэгэхээр мэдэгдээгүй байна гэдгийг Захиргааны хэргийн давж шүүх дээр тогтоочихсон. Гэтэл өмнөх шийдвэр нь хүчин төгөлдөр болоогүй байхад гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон шийдвэрийг гаргачхаад байна гэдгийг тодотгож хэлье Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна” гэв.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Маргаан бүхий актууд захиргааны акт учраас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу материаллаг болон формаль эрх зүйн шаардлагуудыг хангах ёстой. Нэгдүгээрт А/492 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл нь газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэдэг. Материалын эрх зүйн шаардлагын үүднээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д захиргааны үйл ажиллагаанд Үндсэн хуулийн 1.2-т заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ гэж байгаа. Үүнээс харвал Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдал, тэгш эрхийг хангах зарчмыг захиргаа үйл ажиллагаандаа баримтлах ёстой. Хэргийн материалаас харахад Тусгай хамгаалалттай газрыг ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл гэж байдаг. Хариуцагч байгууллагаас газар ашиглагч иргэн, хуулийн этгээдийн газрыг цуцлахдаа энэ зөвлөлөөр оруулаад ямар шийдвэр гаргах, ямар ажиллагаа хийгдсэн, хийгдэх ёстой гэдэг талаар шийдвэр гаргадаг гэж журмын зорилгоос харагдаж байна. Нэхэмжлэгчээс бусад иргэн, хуулийн этгээдийн асуудлыг хэлэлцчихээд манай үйлчлүүлэгчийн газар ашиглах эрхийг цуцлахтай холбоотой асуудлыг энэ хурлаар огт хэлэлцээгүй. 14 болон 17 дугаар хурлын тэмдэглэлд байхгүй. Алдаатай байна гэдгээ сая хариуцсан итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр материаллаг эрх зүйн шаардлагын хувьд захиргааны байгууллага шийдвэр, үйл ажиллагаандаа баримтлах ёстой зарчим, журмыг баримтлаагүй байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ хэрэглээгүй байхыг ойлгоно гэж тайлбарласан. Гэтэл хэргийн материалаас харахаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 922 дугаар албан бичгээр манай газрыг цуцалъя гэдэг саналыг хүргүүлсэн. Уг бичигт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр газар ашиглалтын байдалд хяналт шалгалт хийнгүүт газраа ашиглаагүй байх бодит нөхцөл байдал тогтоогдсон гэж байгаа. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэдэг зарчмыг баримтлаагүй гэж харж байна. Өөрөөр хэлбэл 2 жил өнгөрөхөд газраа ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийг цуцлах ёстой. Манайд энэ газрыг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр олгосон. Тэгэхээр 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай 2 жилийн хугацаа дуусаж байгаа. Энэ хугацааны дотор буюу 3 сарын өмнө хяналт шалгалт хийсэн. 3 сарын өмнө ч гэж үзэхээр биш байгаа. Сонсох ажиллагаагаа 07 дугаар сарын 07-ны өдөр явуулсан гэхээр үүнээс өмнө хяналт шалгалтаа хийсэн болж таарна. Тэгэхээр доод тал нь 3 сар, түүнээс дээш хугацааны өмнө хяналт шалгалт хийчхээд газраа ашиглаагүй байна гээд сонсох ажиллагаа хийсэн болж таарч байна. Тус хугацаанд манайх газраа ашиглаагүй бодит нөхцөл байхгүй байсан. Газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэдэг бодит нөхцөл байдлыг захиргаа тогтоож чадаагүй. Тийм учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан урьдчилсан нөхцөл хангаагүй байсан. Маргаан бүхий акт 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гарсан буюу 1 сарын өмнө газар ашиглах эрхийг цуцалсан хууль бус үйлдэл байгаа.
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэдэг нөхцөл байдаг. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт нийтийг хамарсан цар тахал, хязгаарлалтад байсан гэдэг нөхцөл хамаарч байгаа. Үүнд 2020 оны 11 дүгээр сараас Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдал буюу Ковид-19 цар тахлын хүрээнд хязгаарлалт тогтоосон. Энэ хязгаарлалт 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилж Засгийн газрын тус өдрийн 66 дугаар тогтоолоор цуцалсан. Монгол Улсын Дээд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэсэн тогтоолуудаар энэ хугацааг газар ашиглагч, газар эзэмшигч этгээдүүд газраа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ашиглаагүй, ашиглахгүй байх, төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдлуудад хамаарна гэдэг. Энэ хугацааг нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй хугацаанд оруулахгүй, газрын төлбөрийг төлөөгүй бол Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлийг зөрчсөн гэж үзэж болохгүй гэдэг практикийг тогтоосон.
... Хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой хуулийн зохицуулалтыг практикт Улсын Дээд шүүх нэг мөр тайлбарлаж хэрэглэж байгааг анхаараагүй байна. Формаль эрх зүйн шаардлагын хүрээнд захиргааны актыг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн үйл баримт байна. Тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд оролцогчийг сонсох ёстой, 25 дугаар зүйлд нотлох баримтыг цуглуулах ёстой, 24 дүгээр зүйлд нөхцөл байдлыг тогтоох ёстой гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой гэж байгаа. Энэ хүрээндээ захиргааны байгууллага газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй буюу 2 жилийн хугацаа болсон эсэх нөхцөл байдлыг тогтоох ёстой байсан. Үүнтэй холбоотой ажиллагааг хийгээгүй. Ийм учраас бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж үзэж байгаа.
Хоёрдугаарт Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу оролцогчийг сонсох ёстой, тайлбар, санал гаргах боломжоор хангах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн байгаа этгээдийг тодорхойлно гэж заасан. Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага гэж хамгаалалтын захиргааг хэлэхгүй. Захиргааны шийдвэр гаргах байгууллага гэж газар ашиглах эрхийг хүчингүй болгох бүрэн эрх бүхий субъектийг хэлж байгаа. Манай тохиолдолд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, сайд байна. Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тухай хуулиараа яамыг сайд толгойлно. Тэгэхээр сайд энэ шийдвэрийг гаргах ёстой. Яаманд хамаарах ажи энэ шийдвэрийг гаргаад явж болохгүй. Гуравдагч этгээдийн зүгээс хуулийг өөртөө ашигтай байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Шийдвэр гаргах захиргааны байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд сонсох ажиллагаа явуулах ёстой байсан. Гэтэл сайд энэ ажиллагааг явуулаагүй, хамгаалалтын захиргаа явуулсан. Хэрвээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд шийдвэр гаргах эрх хэмжээгээ хамгаалалтын захиргаа руу шилжүүлсэн бол хамгаалалтын захиргаа сонсох ажиллагаа явуулах боломжтой байсан. Гэхдээ тийм үйл баримт хэргийн явцад тогтоогдоогүй учраас хариуцагч захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг зөрчиж оролцогчийг сонсох ажиллагааг бусдаар хийлгэсэн нь хууль бус. Сонсох ажиллагаа явуулахдаа маргаан бүхий актыг харахаар 1 дэх хэсэгт зөвхөн “А******* ******* *******” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан. Тэгэхээр зөвхөн манай үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг гаргаж байгаа тохиолдолд актад дурдагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоно гэж Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д тодорхой заачихсан. Тийм байхад хамгаалалтын захиргаа хамааралгүй хүмүүсийн сонсох ажиллагааг хийгээд явчихсан. Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 буюу сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ гэж байгаа. Тэр шийдвэрийн улмаас манай эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа учраас манайд л явуулах ёстой байсан. Ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дээр 20 буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор мэдэгдлийг тухайн этгээд тус бүрд шууд хүргүүлнэ гэж байгаа. Манайд шууд хүргүүлсэн зүйл байхгүй, үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрдөг, бид цахим хуудаст нийтэлсэн гэдэг асуудал ярьж байгаа. Үүнийг зөвшөөрсөн агуулга хуульд байхгүй учраас сонсох ажиллагааны мэдэгдлийг хуульд заасан зохих журмын дагуу хүргүүлээгүй. Ийм учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/492 дугаар тушаал Захиргааны ерөнхий хуульд заасан материаллаг болон формаль эрх зүйн шаардлагуудыг хангаагүй учраас хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах шийдвэрийг гаргах бүрэн боломжтой гэж үзэж байгаа.
Нэхэмжлэлийн шаардлагын дараах маргаан бүхий асуудал болох Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын А/804 дугаар тушаалаар “А м” ХХК-ийн талбайн хэмжээ, солбицол өөрчлөх тухай асуудлыг шийдвэрлэсэн. “А м” ХХК-ийн зүгээс хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн гэдэг. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 буюу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг үндэслэлээр маргаж байгаа. Тиймээс маргаан бүхий актын үндэслэл болгож байгаа гол хэмжээ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтууд байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгээр тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх гээд бүрэн эрхийн нэгд тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж байгаа. “А м” ХХК-д газрын хэмжээ нэмэгдүүлж солбицол өөрчлөх асуудал төрийн бодлого юм уу гээд гайхаж байна. Энэ асуудал хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажил юм уу, үүнийг зохион байгуулах шинжтэй асуудал юм уу гэхээр биш. Өөрөөр хэлбэл “А м” ХХК 1 га газартай байж байгаад газрынхаа хэмжээг нэмэгдүүлье, солбицол өөрчлүүлье гэдэг асуудлыг тавьсан. Тэгэхээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан ерөнхий зохицуулалтаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Хоёрдугаарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах зөвшөөрлийн гэрээний хугацаа 5 жилээс доошгүй байх бөгөөд уг хугацааг 1 удаа сунгах хугацаа 5 жилээс доошгүй байна. Газар ашиглах зөвшөөрөл, гэрээний хугацааг тогтоохдоо тухайн газар дээр хэрэгжих төслийн хугацааг харгалзан үзэж болно” гэж заасан. Энд зөвхөн хугацаа сунгахтай холбоотой асуудлыг зохицуулсан. 5 жил байна, дахиад сунгахдаа 5 жил байна, үүнээс дээш сунгах боломжгүй, 1 л удаа сунгана, 10 жил ашиглана гэсэн асуудал байгаа юм. Газрын хэмжээ тогтоох асуудалд энэ заалтуудыг шууд хүчээр хэрэглэчихсэн асуудал байгаа. Хуулиар зохицуулаагүй, хуулиар зөвшөөрөөгүй асуудлыг захиргааны байгууллага хийгээд байгаа учраас эрх зүйн үндэслэлгүй байна. Улсын Дээд Шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01/ХТ2020/231 тогтоолоор хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэг нь захиргааны акт гаргахдаа хуульд үндэслээгүй, хуулийн тодорхой зохицуулалтыг баримтлаагүй, хуульд заагаагүй үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхолд халдсан зэрэг илэрхий алдааг ойлгоно гэж байгаа. Үүнээс харахаар акт газрын хэмжээг нэмэгдүүлэх талаар тодорхой зохицуулалт байхгүй байхад манай ашиглалтын газрыг цуцлаад маргаан гаргаж шийдвэрлээгүй асуудлаар шийдвэрлэчихсэн. Захиргааны ерөнхий хуульд актыг баталж гаргасныхаа дараагаар захиргааны байгууллага тухайн шийдвэр, үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасан. Бид хүчин төгөлдөр болсон хугацааг нь 2******* оны 01 дүгээр сар гэж үзэж байгаа. Энэ асуудлаар нэхэмжлэл хүлээж авахтай холбоотойгоор маргаан гараад давж заалдах шатны шүүхийн тогтоолоор мэдсэн буюу захиргааны акт хүчин төгөлдөр болсон нь 2******* оны 01 дүгээр сар гээд тодорхой заачихсан. 2******* оны 01 дүгээр сард манай газар ашиглах эрх хүчингүй болсон гэдэг эрх зүйн үр дагавар үүсэж байхад хэмжээг нь нэмэгдүүлж байна гэдэг нэрийдлээр манай газартай давхцуулаад газар олгочихсон асуудал байгаа. Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд энэ асуудлыг шийдвэрлэхдээ “А м” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэхдээ шинээр газар ашиглах эрх олгох зохицуулалтыг баримтлах ёстой байсан. Гэтэл үүнийг баримтлаагүй байна.
... Нийтийн эрх зүйн харилцаанд нийтийн эрх зүйн этгээд буюу захиргааны байгууллага зөвшөөрсөн бол зөвшөөрөөгүйгээс бусад асуудал хориглогдоно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгчөөс энэ асуудлыг Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлээр зохицуулсан гэж тайлбарладаг. Бид нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэж байгаа учраас нэмэгдүүлсэн гэдэг асуудлыг ярьж байна. Нэгдүгээрт Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг тушаалынхаа үндэслэл болгоогүй. Тийм учраас ноцтой алдаатай илт хууль бус акт. Тэгэхээр аялал жуулчлалын цогцолбор барих асуудал яагаад нийгмийн зайлшгүй хэрэгцээ болчихдог юм бэ. Энэ асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийгээгүй. Хувийн эрх зүйн хуулийн этгээд газар аваад, бизнес хийе гэхээр нийгмийн зайлшгүй хэрэгцээ болчихдог юм байна. Ийм үндэслэлээр Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсгийг баримтлах боломжгүй.
... Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараагаар гэрчилгээ олгоно, улсын бүртгэлд бүртгүүлнэ, гэрээ байгуулна гэдэг зохицуулалт байдаг. Хариуцагчаас гуравдагч этгээдийн нөлөөллийн үнэлгээгээ хийлгэж ирүүлсэн юм уу гэж асуухад ирүүлээгүй гэж байна. Ийм байхад захиргааны байгууллага яагаад гэрчилгээ олгочихдог юм. Энэ нь хуульд тодорхой заасан баримт байхгүй байхад захиргааны байгууллага эрх олгож шийдвэрлэж байгаа нь илт хууль бус байна. Дараа нь Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн журмыг харахаар газар ашиглах гэрээгээ дүгнүүлэх, газрын төлөв байдал, нөлөөллийн талаар хийсэн бодит зургуудаа авчирч хавсаргаад, түүний дагуу солбицол өөрчлөх асуудлыг шийдвэрлэнэ гээд тусгачихсан. Өмнөх гэрээ дүгнэгдээгүй байхад яагаад шинээр газар ашиглах эрх олгоод байгааг ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл дотоод журмаа илт зөрчсөн. Маргаан бүхий акт Нийслэлийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг дарга олгодог газар эзэмших эрхийн харилцаа биш. Энэ бол Тусгай хамгаалалттай газар нутаг буюу Монгол Улс тусгайлан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлаад байгалийн бүс бүслүүрийн онцлог өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсаж өөрчлөгдөх, зүй тогтлыг нь судлах, танин мэдэх зорилгоор мөн газар нутгийн тусгай хамгаалалтад авах, ашиглах, унаган төрхийг нь хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг тусгайлан хуулиар зохицуулчихсан. Ийм учраас тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа этгээд заавал энэ замаар явах ёстой гэдэг. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийг журамлаад хамаагүй хэмжээг нь өөрчлөөд өөр газар олгоод, газрын хэв шинжийг алдагдуулаад яваад байгааг хориглочихсон буюу зөвшөөрөөгүй. Өөр өөр газар газар аваад, хэмжээгээ нэмэгдүүлээд яваад байж болохгүй гэдэг үзэл баримтлалтай учраас эдгээр асуудлыг хуулиар зохицуулаагүй. Зөвхөн газар ашиглуулах хугацааг сунгах талаар зохицуулсан. Хуулиар зөвшөөрөгдөөгүй асуудлаар захиргааны байгууллага хэмжээ өөрчилсөн үйл баримт тогтоогдож байгаа учраас илт алдаатай байна” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр хариу тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/492 дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх заалтууд болон Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан 14 дүгээр хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн “А******* ******* *******” ХХК-д олгогдсон 55082 мкв газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлийн тухайд, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасан. Гэвч тус үүргээ хэрэгжүүлэлгүй 2023 оны газрын төлбөрөө хугацаанд төлөөгүй.
Нэхэмжлэгчийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлийн тухайд, Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.
Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга. байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгч талаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг ашиглаагүй байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/492 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй.
Маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/804 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийн талбайн хэмжээ, байршил нэгж талбарын солбицол өөрчилсөн бөгөөд анх “А м” ХХК-д анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/566 дугаар тушаалаар газар олгосон бөгөөд маргаан бүхий акт болох 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/804 дүгээр тушаалаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн XIX хурлаас гарсан шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/1119 дугаартай албан бичгээр ирүүлсэн саналын дагуу газрын хэмжээг нэмэгдүүлж, солбицлын цэгийг өөрчилсөн. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж тус тус заасан бөгөөд дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн яаж хөндөгдөж байгаа нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад 3 зүйл яригддаг. Нэгдүгээрт сонсох ажиллагаа нь хууль бус байсан гэдэг. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас сонсох ажиллагааг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр явуулсан. Ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд 21 ба түүнээс дээш этгээдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлнэ гэж заасан. Энэ хүрээндээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа сонсох ажиллагааны мэдэгдлийг цахим хуудсаар хүргүүлсэн. Тогтоосон хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс холбогдох тайлбар мэдээлэл ирүүлээгүй. Мөн сонсох ажиллагаатай холбоотой нэхэмжлэлд дурдаад байгаа зүйл нь хариуцагч буюу яам өөрөө сонсох ажиллагаа явуулаагүй гэж тайлбарладаг. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь манай Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны нэг салбар байгууллага юм. Яамны зүгээс нэгдсэн удирдлагаар хангадаг, сайд томилдог байгаа. Тэгэхээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь тусгай хамгаалалттай газар нутгийн талаар хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах үндсэн чиг үүрэгтэй. Тэгэхээр хариуцсан газар нутгийнхаа хүрээнд чиг үүргийнхээ хэмжээнд сонсох ажиллагааны мэдэгдлийг явуулах хуульд заасан бүрэн эрхтэй байгууллага.
Хоёрдугаар үндэслэл буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй нөхцөл байдал үүсээгүй гэж тайлбарладаг. Хэргийн материалд авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2******* оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2/1530 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийн нэгж талбарыг сансрын зурагтаар давхцуулж ирүүлсэн. Эдгээрийг харахад нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглаагүй буюу бодитоор хашаалаагүй, барилгажаагүй нь харагддаг. Мөн шүүхээс 2******* оны 06 дугаар сарын 27-ны өдөр маргаан бүхий газарт үзлэг хийсэн. Үзлэгийн тэмдэглэлд тухайн газар нь байгалийн төрхөөрөө буюу барилгажаагүй, хашаажаагүй байна гэж тайлбарласан байдаг. Үүнээс нэхэмжлэгчийн зүгээс өөрийн ашиглалтын газраа өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тухайн маргаан бүхий актыг 2******* оны 01 дүгээр сард мэдсэн гэж тайлбарладаг. Гэтэл өөрийнх нь нэхэмжлэгчийн агуулгыг тайлбарлахад газар ашиглах эрх олгосноос хойш 4 жил гаруй хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. Гуравдугаар үндэслэл буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газрын төлбөрөө хуульд заасан хугацаанд төлөөгүй үндэслэлийг эсэргүүцсэн. Тухайн хугацаанд төлсөн гэж тайлбарлаад 2022, 2023 онд төлсөн баримтаа хавсаргасан байдаг. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлд газрын төлбөрийн талаар зохицуулсан байдаг. Ингэхдээ газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөрөө төлнө гэж заасан. Мөн 35.3-т газар эзэмшигч, ашиглагч нь дараах үүргийг хүлээнэ, 35.3.1-т газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлын дагуу ашиглах, мөн 35.3.3-т газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх гэж Газрын тухай хуульд заасан. Харин Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлд газрын төлбөрийг төлөх, тайлагнах харилцааг зохицуулсан байдаг. 10.5 дахь хэсэгт газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан, улиралд ноогдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд урьдчилсан төлж болохоор зохицуулсан байдаг. Гэтэл Газрын төлбөрийн тухай хуульд заасан энэ хугацааг төлөөгүй. Мөн гэрээний 2.3.8в-д газрын төлбөрийг тэнцүү хэмжээгээр, улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор Нийслэлийн татварын газрын дансанд төлнө гэж заасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа хавсаргаж өгсөн баримтуудыг харахаар 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 18 сая төгрөгөөр, 22 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 18 сая төгрөгөөр, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 31 сая төгрөгөөр, 2022 оны 12 дугаар сарын 30-ний өдөр 18 сая төгрөгөөр тус тус төлсөн байдаг. Ингээд 2023 онд газрын төлбөрөө төлөөгүй байж байгаад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон маргаан бүхий акт гарсны дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нийт 3 минутын хугацаанд 4 удаагийн гүйлгээгээр газрын төлбөрөө нөхөж төлсөн. Тэгэхээр энэ үндэслэлээр маргаан бүхий акт буюу сайдын тушаал хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/804 дугаартай тушаалаар “А м” ХХК-д олгосон газар ашиглах эрхийг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны илт хууль бус актын тухай Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан буюу захиргааны акт гарах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж нэхэмжлэлдээ тайлбарласан. Үүнийгээ зөвтгөхдөө өөрийнх нь газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэр үндэслэлгүй байсан тул гуравдагч этгээдэд газар олгосон акт гарах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг агуулгаар тайлбарласан. Хууль зүйн хувьд маргаан бүхий 2 актыг хольж ярих боломжгүй буюу зөвхөн гуравдагч этгээдэд олгосон илт хууль бус актынхаа шаардлагаа тайлбарлах учиртай. Тэгэхээр гуравдагч этгээдэд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Т аманд олгосон газар анх 2022 онд газар ашиглах эрхтэй байсан. Энэ газар ашиглах эрхийнхээ газрын солбицол, цэг, байршил өөрчлүүлэх хүсэлтийг 2024 онд гарснаар, сайд уг хүсэлтийг хүлээн авч Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гуравдагч этгээдэд газар ашиглах эрхийн талбайн хэмжээг нэмэгдүүлж, солбицлыг өөрчилсөн байдаг. Холбогдох хууль тогтоомж, мөн сайдын Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн урьдчилан шийдвэрлэх журам буюу зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж гуравдагч этгээдэд газар олгосон. Тэгэхээр энэ тушаалын үндэслэлд заасан хууль тогтоомжууд нь бүгд сайдад олгосон бүрэн эрхийн хүрээнд гарсан шийдвэр байгаа тул акт гарах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг агуулгад хамаарах боломжгүй. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.
4.1. Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай төслийг ямар ч хэрэгцээгүй, нийгмийн зайлшгүй шаардлага хэрэгцээтэй төсөл биш гэж яриад байх шиг байна. Манай төсөл соёлын өвд бүртгэлтэй Монгол ондоошил буюу айл болгоны хойморт байдаг морин хуурын цогцолбор бүхий төсөл. Жигдэрсэн үедээ жилд 16,000 жуулчин хүлээж авна гэж тооцсон. Нэг дор 250-300 хүн хүлээж авна. Дээрээс нь морин хуурын урлал, морин хуурын сургалт, морин хуурын тоглолт, морин хуурчдыг бэлтгэн гаргах буюу морин хуурт чиглэсэн иж бүрэн төсөл. Нийгмийн зайлшгүй шаардлагатай төсөл учраас 2002 онд морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх Ерөнхийлөгчийн зарлиг гарч байсан. Дахиад 2024 онд Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын сайтад байгаа мэдээллийг хэлж байгаа. Тухайн зарлиг нь морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл олгосон зарлиг гаргалаа гэсэн. Эндээс өөрт хамааралтай зүйлээ ярихад олон улсад морин хуураа сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд түлхүү анхаарах, морин хуур, хөгжмийн зэмсгийн урлаг, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор морин хуурын олон улсын наадмыг 3 жил тутамд зохион байгуулах гэх мэтчилэн зарлиг гарч байсан. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамыг Засгийн газрын харьяа гэж ойлгож байгаа. Тэгэхээр Ерөнхийлөгчийн зарлиг Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу манай төслийг үнэлээд магадгүй тухайн газрыг өгсөн байх гэж бодож байна. Тухайн газрыг авах гээд хөөцөлдөж байх хугацаанд ямар нэгэн шүүхийн маргаан байгаагүй. Өмнө нь ямар хүмүүс байсан гэдгийг нь бид нар мэдэхгүй, мэдэх ч боломжгүй. Нэхэмжлэгч компанийн захирал тухайн үед хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас ямар нэгэн зүйл хийгээгүй гэж хэлж байх шиг байна. Гэхдээ компанийн менежмент гэж зүйл байгаа. Захирал нь ямар нэгэн байдлаар өвчтэй шалтгаантай байдалтай болсон тохиолдолд ажлаа зогсоохгүйн тулд хэн нэгэнд итгэмжлэл хийж өгдөг. Эсвэл тухайн төсөл дээрээ итгэмжлэл хийж өгөөд энэ төслийг ингэж хийгээрэй гэдэг. Тэгэхээр тухайн компани огт газраа ашиглаагүй итгэмжлэл хийж өгөөгүй нь анхнаасаа төсөл хэрэгжүүлэх хүсэл зориггүй байсан юм уу гэж миний хувьд харж байна. Бид нарын хувьд авсныхаа маргааш өдрөөс нь эхлээд бичиг баримтаа хөөцөлдөж эхэлсэн. Гэхдээ өвөл байсан учраас ямар нэгэн шон хатгах боломжгүй байсан. Тэгээд дараахан нь шүүхийн маргаан эхэлсэн. Миний хувьд хуулийн дор нийгмийн хариуцлагын хүрээнд ажил үүргээ гүйцэтгэж явдаг. Мөн барилгын салбарт ажилладаг. Таны хэлсэн ковидын үед бүх зүйл нам зогсчхоогүй. Бид нар Ковидын үед Монгол Улсын онцгой объект болгох цэвэрлэх байгууламжийн төсөлд гар бие оролцоод бүтээн байгуулалт явж байсан. Шүүхийн маргаантай энэ зунжингаа явлаа. Манай төсөл онцгой төсөл байсан. Би 09 дүгээр сард хөрөнгө оруулалтын талаар Сингапур улс руу яваад ирсэн гэдгээ хэлж байсан. Газар дээр ямар нэгэн зүйл хийгээгүй ч гэсэн бид нар төслөө өргөжүүлээд хийхийн тулд маш их хөрөнгө зарцуулаад явж байсан. Сингапур улс руу 10 хоног хөрөнгө оруулагч нартай уулзаад ирж байсан. Бид нар эрхээ л яриад байна. Эрхийг дагаж үүрэг хариуцлага гэж зүйл байх ёстой байх. Ямар нэгэн компанийн хэрэгжүүлж байгаа төсөлд нийгмийн хариуцлага гэж зүйл байдаг.
“А******* ******* *******” ХХК-ийн захирлыг адилхан компанийн захирлын хувьд Опен дата сайтаас нээлттэй мэдээллээс судалсан. Захирал нь А.Г******* гэж хүн байгаа. Тухайн хүн ямар хүн бэ гэхээр жилийн өмнө Нийслэлийн сая гаруй иргэдийг стресст оруулсан Ногоон автобусны хэргийн холбогдогч байдаг. Энэ компанийн хариуцлагагүй байдлаас болж нийслэл хохирсон. Одоо манайх мөрөөрөө хуулийн дагуу яам, Тамгын газар хүсэлтээ өгч газраа аваад төслөө хэрэгжүүлэх гээд явж байхад энэ зунжин манай төсөл гацаад зогсчихсон. Тийм учраас манай төслийг зогсоохгүй, гацаахгүй, хохироогүй байх талаас нь анхаарах байх гэж найдаж байна” гэв.
4.2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Л шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Газрын төлбөрийн тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. 2022, 2023 оны тухайд нийт 163,318,220 төгрөгийг төлсөн нь үнэн. Гэхдээ дурдагдсан буюу талуудын хооронд байгуулагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай 22/******* дугаартай гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан. Уг гэрээний 2.3в-д маш тодорхой зааж өгсөн буюу газрын төлбөр төлөх нарийвчилсан хугацааг тодорхойлсон. Энэ хугацаандаа газрын төлбөрийг тэнцүү хэмжээгээр улирал бүр эхний сарын 25-ны өдрийн дотор Нийслэлийн татварын газрын дансанд төлнө гэж заасан. Товчхондоо газрын төлбөр төлөх хугацаа улирал бүрийн эхний сарын 25-ны өдөр байх ёстой байтал нэхэмжлэгч 2023 оны газрын төлбөрөө нэгдсэн байдлаар буюу 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлсөн нь хууль болон гэрээг зөрчсөн буюу газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэх үндэслэл нотлогдож байна. Энэ үйл баримтыг сая дурдсан учраас манайхаас газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэдэг газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлтэй, хууль зүйн хувьд зөв гэж ойлгож байгаа.
Хоёрдугаарт газраа зориулалтын дагуу ашиглаагүй тухайд хариуцагчтай ижил байр суурьтай байна. Нэмээд дурдахад Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим хэсэг заалтыг нэг мөр ойлгож зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор гаргасан тогтоол дээр газраа 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг барилга байгууламж, зам талбай, ямар нэг байдлаар бүтээн байгуулалт хийгээгүй, үйл ажиллагаа, аж ахуй эрхлээгүй байхыг ойлгоно гэж тайлбарласан. Тэгэхээр 2 удаагийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирсэн баримтууд болон шүүхийн 2******* оны 06 дугаар сарын 27-ны үзлэгээр 1 шон ч хатгаагүй нөхцөл байдлууд ажиглагдсан. Тэгэхээр газрыг ашигласан гэж үзэх үндэслэл огт тогтоогдохгүй байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 2022 онд Хот байгуулалт, хөгжлийн газарт архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулахаар хүсэлт өгч байсан баримтыг өгсөн. Энэ баримт нь барилгыг хэрхэн барих талаарх барилгын эскиз зураг, цаашлаад холбогдох хуульд заасан бүрдүүлбэрүүдэд үндэслэх ёстой. Архитектур төлөвлөлтийн даалгавар, цаашлаад барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээ авах гэж байгаа байгууллагуудыг юу бүрдүүлэх талаар Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуульд тодорхой заачихсан байдаг. Тэгэхээр ганцхан албан бичиг өгөөд, үүний дагуу тодорхой ажиллагаа явуулж байсан гэдгийг нотлох зорилгоор өгч байгаа нь туйлын хангалтгүй гэж ойлгож байгаа. Цаашлаад Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлд газар ашиглагчийн эрх үүргийг заасан байдаг. Тусгай хамгаалалттай газар нутаг болон газрын харилцаа нь салж болшгүй. Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль нь хамт хэрэглэгдэх ёстой онцгой эрх зүйн харилцаа юм. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлд газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1.1-35.3.5-д заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан байдаг. Тэгэхээр 35.3 буюу газар ашиглагчийн үүрэгт газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх, 35.2.3-д газрыг үр ашигтай ашиглах, зохистой ашиглах, хамгаалах гэж заасан. Товчхондоо газраа ашиглах нь нэхэмжлэгч компанийн үүрэг юм. Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж хуулийн хугацаа хүрээгүй байсан, товчхондоо газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргах, газар ашиглах 3 талт гэрээ байгуулах хугацаанууд хойно байдаг гэж гол үндэслэлээ тайлбарладаг. Гэхдээ нэхэмжлэгч шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ манай газрыг “А м” ХХК-д олгосныг 2******* оны 01 дүгээр сард мэдээд 2******* оны 02 дугаар сарын 07-ны өдөр танилцсан гэдэг. Товчхондоо нэхэмжлэгч 2022 оны 01 дүгээр сард гэрээ байгуулснаас хойш 2******* оны 02 дугаар сар хүртэл 3 жил орчим газраа цуцлуулсан гэдгээ мэдээгүй явсан байгаа. Хэрвээ мэдээгүй гэж үзэж байгаа бол энэ 3 жил орчмын хугацаанд газраа ашиглах, бүтээн байгуулалт хийх, эсвэл архитектур төлөвлөлтийн даалгавар, цаашлаад барилгын ажлыг эхлүүлэх бүрэн боломжтой байсан хэдий ч ямар нэг үйл ажиллагааг авч хэрэгжүүлээгүй. Энэ нь өмнө дурдсан баримтуудаар бүрэн нотлогдож байна. Хуулийн хугацаа хүрээгүй гэж тайлбарлаж байгаа боловч 2******* онд мэдсэн гэдэг зөрүүтэй тайлбар хэлээд, уг хугацаандаа ямар ч бүтээн байгуулалт хийгээгүйг шүүх анхаарч үзэх нь зүйтэй. Сонсох ажиллагааны талаар хариуцагч дурдсан учраас алгасах нь зөв гэж харж байна.
Үүний дараа “А м” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх асуудлын талаар ярих нь зөв. Манай компани 2022 онд анх 1 га газрыг ашиглаж эхэлсэн. Улмаар манай компанийн хэрэгжүүлэх төслийн цар хүрээ, шаардах талбайн хэмжээ их байсан учраас нэмэгдүүлэх хүсэлтийг яаманд удаа дараа өгсөн. Тухайлбал, энэ асуудлаар 2022 оны 11 дүгээр сард яаманд хандахад, яамны зүгээс хүсэлтийг судалж үзээд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09/6377 албан бичгээр 33,000 мкв талбай нь өөр иргэн, хуулийн этгээдийн ашиглалтын газартай давхцаж байгаа учраас танайд олгох боломжгүй, материал хүсэлтийг эх хувиар буцаав гэсэн. “А******* ******* *******” ХХК-ийн ашиглаж байсан газар хүчингүй болсонтой холбогдуулан манай компанид энэ талбайг ашиглах боломжтой гэсэн мэдээллийг өгсөн. Үүний дагуу бид хүсэлтээ өгөөд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А/804 буюу талбайн хэмжээ, солбицол өөрчлөх тухай тушаал гараад манайх энэ газрыг хууль ёсоор ашиглах боломж үүссэн. Энэ 1 га газрын төлбөр болох 27 сая төгрөгийг бүрэн төлж улсад буюу яаманд хүлээлгэн өгсөн. Мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий компаниар 2******* оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн байгаль орчны төлөв байдлын суурь судалгааг хийлгэсэн. Товчхондоо аялал жуулчлалын цогцолборыг барих зорилгын хамгийн эхний үйл ажиллагаа болох суурь судалгааг хийлгэж, гэрээ болон судалгааг эх хувиар нь хэргийн материалд өгсөн. Дараа нь хэргийн материалд өгсөн төслийн бодит зураг буюу 3 ди зураглалыг зургийн компаниар хийлгэсэн. Манай компани 55,000 мкв газрыг ашиглах эрх үүссэнээс хойш хуулийн дагуу 3-4 үйл ажиллагаа хийчихсэн. Газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргавал нэгдүгээрт газар ашиглах эрх, хоёрдугаарт эрх, хууль ёсны ашиг сонирхол буюу хуулийн дагуу холбогдох компаниудаар нь үнэлгээ дүгнэлт гаргуулан ажиллаж байгаа манай компанийн эрх, хууль ёсны ашиг хөндөгдөх нөхцөл байдал үүсэхээр байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой товчхон тайлбар хэлэхэд маргаан бүхий захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-г үндэслэсэн байдаг. Гэсэн хэдий ч солбицол өөрчлөх эрх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад байдаг эсэх гэсэн асуудал байгаа. Жишээлбэл Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 21.2.6-д “иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил, хэмжээ болон зориулалтыг өөрчлөх, асуудлыг шийдвэрлэх” гэж заасан. Энэ хуулийн үг, өгүүлбэр харамсалтай нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд байдаггүй. Гэхдээ хэлэх гэж байгаа санаа нь газрын хэмжээ, байршлыг өөрчлөх, газар ашиглах эрхийг дуусгавар болгох, хүчингүй болгох эрх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад буюу төрийн захиргааны төв байгууллагад хадгалагдаж байдаг. Тэгэхээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 61.1-д тусгай хамгаалалттай газар нутаг нь тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн бодлого, зорилт, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, удирдлага зохион байгуулалт, хүний нөөц, санхүүжилт, үр дүнгийн шалгуурыг тодорхойлсон менежментийн төлөвлөгөөтэй байна. Менежментийн төлөвлөгөөг 10 жилийн хугацаатайгаар Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасан. 61.2-т тусгай хамгаалалттай газар нутагт ашиглаж болох газар нутгийн хэсгийг тодорхойлж, төлөвлөсөн газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны саналыг авсны үндсэн дээр батална гэж заасан. Товчхондоо жил болгон тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа буюу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслээд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам тусгай хамгаалалттай газрыг ажиллуулах эсэхийг хуулийн зохицуулалтын дагуу тодорхойлдог. Үүний дагуу 2024 онд ашиглуулах боломжтой газрын байршил, хэмжээ, солбицлуудыг хамгаалалтын захиргаа тодорхойлоод саналаа өгөөд яам тухайн саналыг үндэслээд манай компанийн газар эзэмших, ашиглах эрхийг өөрчилсөн буюу 10,000 мкв талбайг 55,000 мкв болгож нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан гэж ойлгож байгаа. Түүнээс ямар ч эрх зүйн үндэслэлгүй, шийдвэр гаргах боломжгүй тохиолдолд сайд дур мэдэж олгосон асуудал байхгүй. Тэгэхээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, менежментийн төлөвлөгөө, газар ашиглах жилийн төлөвлөгөө зэргийг үндэслээд сайдын солбицол өөрчлөх тухай шийдвэр гарсан. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/749 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлтэй холбоотой асуудал гарч ирсэн. Үүнтэй холбоотой сайдын тушаал, бүрэлдэхүүн, ажиллах журам нь хэрэгт авагдсан байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зөвлөл ажиллана гэдэг үг, өгүүлбэр байхгүй. Гэхдээ сая дурдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 61.1, 61.2-т тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу яам гэж заасан. Сайд гэж хувь хүнийг заагаагүй. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг нь харахаар тус яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга, Хяналт үнэлгээ, аудитын газрын дарга, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, Мэдээллийн сан, кадастрын хэлтсийн дарга, холбогдох хамгаалалтын захиргааны даргаас бүрдэх буюу товчхондоо орон тооны бус зөвлөл нь яам өөрөө байгаа. Тэгэхээр төв байгууллага хэрхэн яаж газар ашиглах эрхийг сунгах, өөрчлөх, солбицол өөрчлөх шийдвэрийг гаргахдаа ямар нэг бүтэц ажиллуулж, яаж шийдвэрлэх талаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд тодорхой заагаагүй ч яам энэ ажлыг хийнэ гэж заасан. Тэгэхээр яамны байгуулсан орон тооны бус зөвлөл яамны бүтцэд хамаардаг. Энэ шийдвэрийг гаргахдаа зөвлөлийн дүгнэлтийг үндэслэсэн нь үндэслэлтэй. Дээрх үндэслэлүүдийг харгалзаж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “А******* ******* *******” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/492 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/804 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “мэдэгдэх сонсгох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, газрын төлбөрийг бүрэн төлсөн, хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль бус бөгөөд өөр этгээдэд газар ашиглах эрх олгосон нь илт хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Маргааны үйл баримтын тухайд:
3.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/356 дугаар тушаалаар “А******* ******* *******” ХХК-д Хан-Уул дүүрэг, Н*******ийн аманд 55081.3 мкв талбайг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар олгосон.
3.2. Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ******* дугаар гэрчилгээг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгожээ.
3.3. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” 2022/******* тоот гэрээ байгуулсан.
3.4. Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/492 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан 14 дүгээр хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн “А******* ******* *******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.
3.5. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/804 дүгээр тушаалаар “А м” ХХК-д олгосон 10029.5 мкв газрын хэмжээг 55000 мкв болгон нэмэгдүүлж, солбицлын цэгийг өөрчилж шийдвэрлэжээ.
4. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны А/804 дугаартай тушаалын тухайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “А м” ХХК-ийн ашиглалтад 55,000 мкв талбай олгосон байх ба энэхүү талбай нь нэхэмжлэгч “А******* ******* *******” ХХК-ийн ашиглалтад олгогдсон байсан 55,081.3 мкв талбайтай давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн 22******* оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2/2854 тоот лавлагаа, хавсралт зургуудаар тогтоогдов.
5. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно:”, мөн хэсгийн 1-т “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “...дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан.
6. Хуулийн дээрх зохицуулалтын ““... хүндэтгэн үзэх шалтгаангүй ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг, “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байх”-ыг тус тус ойлгохоор Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд тайлбарласан.
7. Хуулийн холбогдох заалтууд болон тайлбарын дагуу хуулийн этгээдэд өмнө олгогдсон газар ашиглах эрхийг хүчингүй болгох тохиолдолд “газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” хуульд заасан дээрх үндэслэл, нөхцөл бүрдсэн эсэхийг шалгаж тогтоосон байх нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг бөгөөд тухайн нөхцөл бүрэн бүрдсэн үед газар ашиглах эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргах боломжтой байна.
8. Тухайн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл, нөхцөл бүрдээгүй байсан гэж үзэхээр байхад хариуцагчаас маргаан бүхий шийдвэрийг гаргасан нь уг акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны акт “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй шийдвэр болжээ. Тодруулбал,
9. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд Хан-Уул дүүрэг, Н*******ийн амны хязгаарлалтын бүсэнд 55081.3 мкв газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/356 тоот тушаалаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай 2022/******* тоот гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулснаас хойш маргаан бүхий акт гарсан 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хуульд заасан 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байна.
10. Хэдийгээр нэхэмжлэгч хуулийн этгээд нь тухайн газарт ямар нэг барилга байгууламж бариагүй, хашаалаагүй байх хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно” гэж заасан хугацаа тоолох журмын дагуу хуанлийн 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байсан байх тул нэгэнт олгогдсон газар ашиглах эрхийг хүчингүй болгох “... зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэх үндэслэл бүрдээгүй байсан гэж үзнэ.
11. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2023 оны газрын төлбөрийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлсөн үйл баримт тогтоогдов.
12. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаа/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заасан болон нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2022/******* тоот гэрээний 5.5.-д “Газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги төлөх” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч талын “... алданги тооцож нэхэмжлэх боломжтой байсан” гэх тайлбарыг буруутгах боломжгүй байх бөгөөд 2023 онд хамаарах газрын төлбөр тухайн ондоо багтаан нэгэнт төлөгдсөн байгаа тохиолдолд энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж дүгнэлээ.
13. Өөрөөр хэлбэл, хууль болон гэрээний зохицуулалтуудыг нэгтгэн дүгнэвэл, газрын төлбөр төлөлтийн байдал нь бүтэн жилээр тооцогдохоор, ингэхдээ газар ашиглагч нь тухайн жилийн газрын төлбөрийн 1-3 дугаар улирлуудын тооцоог хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцож төлөхөөр, харин жилийн төлөлтийг дараа жилийн 1 дүгээр сарын 20-оос өмнө төлөх үүрэгтэй гэж үзэхээр байх бөгөөд тухайн тохиолдолд газрын төлбөр эрхэлсэн захиргааны байгууллагаас 2023 оны 1-3 дугаар улирлын төлөөгүй төлбөрт алданги тооцож нэхэмжлээгүй, нэхэмжлэгч нь ногдуулсан нэхэмжлэхийн дагуу 2023 оны төлбөрийг тухайн ондоо бүрэн төлсөн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалагдах үндэслэлтэй юм.
14. Хэрэвзээ хариуцагч нь мэдэгдэх сонсгох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тохиолдолд нэхэмжлэгчээс газрын төлбөрийг төлөх боломжтой байсан гэж үзэхээр байна.
15. Гэхдээ нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас “мэдэгдэх сонсох ажиллагааг хуульд заасны дагуу яам хэрэгжүүлэх ёстой байхад хамгаалалтын захиргаанаас хэрэгжүүлсэн нь хууль бус” гэх тайлбар үндэслэлгүй байгааг тэмдэглэв.
16. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах” гэж зааснаас үзвэл, газар ашиглуулах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдэх, сонсгох ажиллагааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гаргасныг буруутгах боломжгүй, хариуцагчаас захиргааны акт гаргах процесс ажиллагааг хамгаалалтын захиргаа хэрэгжүүлэхээр хуульчилсан байх тул холбогдох хамгаалалтын захиргаанаас мэдэгдэх сонсгох ажиллагаа явуулах эрхтэй гэж үзнэ.
17. Гагцхүү хамгаалалтын захиргаанаас мэдэгдэх сонсгох ажиллагааг явуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:”, 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах”, 27.3-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана:” гэж заасныг тус тус хэрэгжүүлээгүй нь буруу байна.
18. Тухайн газар нь тодорхой нэг хуулийн этгээдэд ашиглуулахаар олгогдсон, хариуцагчийн тайлбарлаж байгаа 43 тооны иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгогдсон газраас өөр байршилтай, өөр цаг хугацаатай, өөр төлбөртэй тохиолдолд хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасан нөхцөл үүсээгүй байна.
19. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас уг актыг илт хууль бус гэж үзэж буй үндэслэлээ “газрын байршил өөрчлөх, талбайн хэмжээг нэмэгдүүлэх эрх хариуцагч захиргааны байгууллагад хуулиар тусгайлан олгогдоогүй” гэх агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
20. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно” гэж заасан тул хариуцагч захиргааны байгууллагын газар ашиглах эрх олгох шийдвэр гаргах эрх хэмжээний хүрээнд өмнө ашиглуулахаар олгосон газрын талбайн хэмжээ болон солбицлыг өөрчлөх эрх багтана.
21. Иймд маргаан бүхий А/804 дугаартай тушаалыг бүхэлд нь илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй, харин нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэр хууль бус болох нь тогтоогдож байхын зэрэгцээ эдгээр хуулийн этгээдүүдийн ашиглалтад олгогдсон газар нь давхцалтай байх тул шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх нөхцөлийг хангах, гуравдагч этгээдийн газар ашиглах эрхийг зөрчихгүй, анх Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Т амны хязгаарлалтын бүсэд олгогдсон газар ашиглах эрхийг үгүйсгэхгүй байх шаардлагаар А/804 дүгээр тушаалын талбайн хэмжээг нэмэгдүүлж, солбицлыг өөрчилсөн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 30 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.2.1, 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан “А******* ******* *******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/492, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/804 дүгээр тушаалын талбайн хэмжээ нэмэгдүүлсэн, солбицол өөрчилсөн хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ