Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар  2024/ДШМ/402

 

     

 

 

 

 

  2024             4              02                                        2024/ДШМ/402

                       

Х.Мд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сэргэлэнбаатар,

шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч М.Билгүтэй,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар эсэргүүцлээр Х.Мд холбогдох эрүүгийн 2302002780399 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1241 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жил хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон;

Шүүгдэгч Х.М нь 2023 оны 2 дугаар сарын сүүлээр ... сумаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад орсон, дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 340.5 грамм цэвэр жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэн, 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өөрийн түр оршин суух ...ны 33 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Х.М үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Х.М-ийг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М урьд баривчлагдсан, цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй “1” гэсэн дугаартай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин 132.4 гр, цэвэр жин 73.7 гр, “2” гэсэн дугаартай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 80.3 гр, цэвэр жин нь 69.9 гр, “3” гэсэн дугаартай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 7.4 гр, цэвэр жин нь 2.3 гр, “4” гэсэн дугаартай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 224.8 гр, цэвэр жин 194.6 гр, нийт 340.5 грамм, хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах, устгасан эд мөрийн баримтын жагсаалт болон актыг ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт тус тус даалгаж, 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.М нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор А.Энхжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолыг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйл “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах”-ийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол...” гэж гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хуульчилсан.

Прокуророос Х.Мд холбогдох хэргийг “...сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэн ... худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан” үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Х.М-ийг шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв” гэж, шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж прокурорын яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн гэмт хэргийн шинжээс өөр буюу Эрүүгийн хуульд хуульчлагдаагүй шинжээр шүүгдэгч Х.М-ийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож...” гэж тус тус заасан байна.

Түүнчлэн, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болох бөгөөд шүүхийн дээрх шийдвэр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоол өөрчлөлт оруулах үндэслэл болно.

Мөн шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлагыг хангаагүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийг ноцтой зөрчсөнд тооцох арван тохиолдлыг хуульчлан тогтоосон бөгөөд мөн зүйл, хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж тодорхой заасан байна. Үүгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт “...шүүгдэгч Х.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна” гэж, ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Х.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор Ц.Сэргэлэнбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эсэргүүцэл дээр нэмж хэлэх тайлбар, дүгнэлт байхгүй” гэв.

Шүүгдэгч Х.М “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй” гэв.

Шүүгдэгч Х.М өмгөөлөгч М.Билгүтэй “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Х.М нь 2023 оны 2 дугаар сарын сүүлээр ... сумаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад орсон, дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 340.5 грамм цэвэр жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэн, 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өөрийн түр оршин суух ...ны 33 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Б.Э-ийн “Би 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэртээ амарч байсан. Шөнө 00 цагийн үед амрах гэж байгаад том өрөөний цонхыг онгойлгож агаар оруулах гэж очиход гадна цонхны тавцан дээр /полкон/ савтай болон гялгар ууттай өвс байсан. Би нээх тоогоогүй өрөөндөө ороод унтаад өгсөн. Би найз залуу М /хоч нь М/-тэй цуг хоол унд хийж идээд гарч нохойгоо салхилуулаад орж ирээд амрах гэж байхад энгийн хувцастай цагдаа нар орж ирсэн юм. Манай гэрт нэгжлэг хийгээд балкон дээр байсан савтай, гялгар ууттай өвснүүдийг хурааж авсан. …” гэсэн /1хх 59/,

шүүгдэгч Х.М яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 2 дугаар сарын сүүлчээр ... руу өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис түүх зорилгоор очсон. Тухайн үед нэг шар тор дүүрэн өвс түүгээд буцсан. Би хотод ирээд өөрийн түрээсэлж байсан байрны гадна полкон дээр түүсэн өвсөө гаргаж тавьсан. Ингээд тус өвснөөс 2, 3 удаа татаж хэрэглэсэн. ..." /1хх 243-244/ гэсэн тус тус мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 1643 дугаар “...Х.М 2023.3.28” гэж хаягласан шээснээс Tetrahydrocannabinol /Тетрагидроканнабинол/ илэрсэн. Энэ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад хамаарна.” гэсэн /1хх 70-71/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1642 дугаар “1. Шинжилгээнд ирүүлсэн \/оyagе гэсэн бичиглэлтэй хуванцар савтай ургамал мэт зүйл, зиплок ууттай цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, зиплок ууттай цэнхэр гялгар ууттай ургамал мэт зүйл болон 50 төгрөгийн мөнгөн дэвгэрт, зиплок ууттай хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлүүд шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн Voyage гэсэн бичиглэлтэй хуванцар савтай ургамал мэт зүйл, зиплок ууттай цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, зиплок ууттай цэнхэр гялгар ууттай ургамал мэт зүйл, зиплок ууттай хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, 50 төгрөгийн мөнгөн дэвгэрт тус бүрээс Дельта 9 тетрагидроканнабинол /Delta 9 Tetrahydrocannabinol/ илэрсэн. 3. Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад хамаарна. ...” гэсэн /1хх 73-76/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5599 дүгээр “Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “1” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин 132,4 г, цэвэр жин 73,7 г, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 80,3 г, цэвэр жин нь 69,9 г, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 7,4 г, цэвэр жин 2,3 г, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 224,8 г, цэвэр жин 194,6 г байна.” гэсэн /1хх 79-81/ тус тус дүгнэлтүүд,

шүүгдэгч Х.М түр хугацаагаар оршин сууж байсан ...ны 33 тоотод 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 18-23/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Х.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Х.М-ийн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг түүсэн, улмаар хадгалж байсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний хүрээнд ял оногдуулахаар хуульчилсан.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан үздэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд 1 жил хорих ял шийтгэсэн нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах зарчимд нийцжээ.

Прокурор А.Энхжаргал “...Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж хуульчлагдаагүй шинжээр шүүгдэгч Х.М-ийг гэм буруутайд тооцсон тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн шинжийг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол” гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо тухайн зүйл, хэсэгт заасан ямар шинжийг хангаж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийсний дараа тогтоох хэсэгт тухайн шинжээр нь гэм буруутайд тооцох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус заасан шаардлагад нийцнэ гэж үзэв.

Иймд дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “Шүүгдэгч Х.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Х.М-ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 68 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР