| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 307/2025/01092/И |
| Дугаар | 307/ШШ2025/01183 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 307/ШШ2025/01183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/01092/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* ******* овогт ******* ******* (РД: *******, утас: *******)-ийн хүсэлттэй,
“Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Миний бие нь 1979 оноос 1987 онуудад Дархан хотын Барилгын техникумыг суралцан төгсөж, Дархан хотын Карьерын нэгдсэн аж ахуйн Гедро карьерт уурын зуухны оператораар 1979 оноос 1990 он хүртэл ажиллаж байсан. Миний энэ ажиллаж байсан хугацааны орсон тушаал байна. Ажлаас халагдсан тушаал байхгүй болсон тул миний ажиллаж байсан байдлыг маань сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт эхээр, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагчийн тодорхойлолт, Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Дарханы карьерын нэгдсэн аж ахуйн даргын 1987 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 121 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 327 дугаартай албан бичиг, Р.******* иргэний үнэмлэхийн хуулбар, Г.******* иргэний үнэмлэхийн хуулбар, хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-10 хуудас)
3.Шүүхээс 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 294 дугаартай Дархан-Уул аймгийн төрийн архивын тодорхойлолт, Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Дарханы карьерын нэгдсэн аж ахуйн даргын 1989 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 109 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Дарханы карьерын нэгдсэн аж ахуйн даргын 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Шагналт цалин олгох тухай” тушаалын хуулбар, Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Дарханы карьерын нэгдсэн аж ахуйн даргын 1987 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 121 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17/529 дугаартай албан бичиг, ХААТР-1 баримт, хаягийн хуудас 7, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай тодорхойлолт зэргийг нотлох баримтаар бүрдүүлж, гэрч Г.******* гэрчийн мэдүүлэг авсан болно.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.******* нь Дархан хотын карьерын нэгдсэн аж ахуйн Гедро карьерт 1979 оноос 1990 он хүртэл уурын зуухны оператораар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно; 135.2.6.хүний ажиллаж байсан байдал” гэж заажээ.
Хүсэлт гаргагч Д.******* нь ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.
3.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
4.Хүсэлт гаргагч нь 1979 оноос 1990 он хүртэл Дархан хотын карьерын нэгдсэн аж ахуйн Гедро карьерт ажиллаж байсан үеийн баримтууд архиваас бүрэн олдоогүйн улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.
5.Хавтас хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Дарханы карьерын нэгдсэн аж ахуйн даргын 1987 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 121 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын 1-т “...Томилолтоор ирсэн сантехникч ******* овогтой *******ыг 1987 оны 05 дугаар сарын 01-нээс эхлэн гидро карьерт сантехникийн засварчнаар ажиллуулсугай...” гэх хуулбар, Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Дарханы карьерын нэгдсэн аж ахуйн даргын 1989 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 109 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын 2-т “...Д.*******-машинист...” гэх хуулбар, Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Дарханы карьерын нэгдсэн аж ахуйн даргын 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Шагналт цалин олгох тухай” тушаалын хавсралтын 13-т Д.******* гэх хуулбар, ХААТР-1 баримт, хаягийн хуудас, гэрч Г.******* “...1987 оноос 1992 он хүртэл Дархан-Уул аймгийн карьерын нэгдсэн аж ахуйн Гидро карьерт Д.******* нь миний удирдлага дор ажиллаж байсан. Д.******* нь уурын зууханд ээлжийн ахлагчаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар:
-Хүсэлт гаргагч Д.******* 1987 оноос 1990 он хүртэл Дархан хотын Карьерын нэгдсэн аж ахуйд уурын зуухны оператораар ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
6.Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* ******* овогт ******* ******* (РД: *******)-ыг 1987 оноос 1990 он хүртэл Дархан хотын Карьерын нэгдсэн аж ахуйд уурын зуухны оператораар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН