| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2018/0048/Э |
| Дугаар | 61 |
| Огноо | 2018-03-30 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 61
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар даргалж, шүүгч С.Насанбуян, Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Иргэдийн төлөөлөгч У.Элбэгжаргал,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,З.Хүрэлсүх
Шинжээч эмч А.Болор-Эрдэнэ
Хохирогч Г.Төмөрсүх,
Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Гд холбогдох 1830000020019 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 9-25 тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Хатгин овгийн С.Г /рд:ЛЮ92050572/
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч С.Г Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуутын 10 дугаар гудамж 16а тоотод 2017 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн орчим иргэн Г.Төмөрсүхтэй маргалдан улмаар түүний хэвлийн тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн хатгагдаж цоорсон шарх, нарийн гэдэсний болон аортын чацархайн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, нүүрний болон хэвлийн хэсгийн олон тооны зүсэгдсэн шарх, баруун сарвуунд 1, 2 дугаар хурууны салааны язарсан шарх, баруун ташаа хэсгийн зөөлөн эдийн няцралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 12 сарын 21-ний өглөө манай найз Төмөрсүх манайх руу хүрээд ирээ юм ярьж сууж гэж хэлсэн. 11 цагийн үед Төмөрсүхийнд очиход Төмөрсүх хоол хийчихсэн сууж байсан. Бид хоёр хоол идчихээд сууж байхад манай найз Ганхүү залгаад Эрдэнэцагаан сумаас ирчихлээ, төвд хүрээд ир гэсэн. Ганхүү хамт ажиллаж байгаа Нацаг гэдэг залуутай хамт явж байсан. Бид Орент зоогийн газар ороод хоол идээд 6 ширхэг пиво уугаад 1шил 0,75 литрийн Хар чингис архи авч уусан. Тэгээд Ганхүүг унаанд нь суулгаж өгөх гэтэл дэлгүүр ороод 0,75 литрийн архи авч өгчихөөд явсан. Бид хоёр архиа аваад Буян-Өлзийгийнд очсон. Тэгээд тэнд архиа уугаад сууж байхад Буян-Өлзий орж ирсэн. Буян-Өлзий орж ирээд Ичко явж байна лээ гэж хэлсэн. Удахгүй Төмөрсүх нойр хүрээд байна гэж хэлээд унтсан. Буян-Өлзий аавынх руугаа явна гээд Ганзоригийг дуудаад эхнэр хүүхдээ аваад явсан. Явахаасаа өмнө Төмөрсүхийн гутлыг тайлаад хойд орон дээр нь унтуулчихаад явсан. Би Буян-Өлзийтэй хамт явсан. Буян-Өлзийг эхнэрийнх нь хамт аавынд нь буулгаж өгчихөөд Ганзориг намайг гэрт буулгаж өгнө гэхээр нь би найзыгаа орхиж явахгүй, намайг Буян-Өлзийгийнд хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд Буян-Өлзийгийнд ороод сууж байхад Төмөрсүх босож ирээд чи муу найзыгаа айлд орхиж явлаа гээд хараагаад уурлаад намайг өшиглөсөн. Би хөлдөөгч налж унахад хөлдөөгч дээр байсан юмнууд газар унасан. Тэгээд намайг дарж унагааж хүзүү боосон. Миний дээр өвдөглөөд хоолой боогоод байсан. Би яаж ч түлхээд дийлээгүй. Нэг мэдэхэд ухаан балартаж унасан. Нэг сэргэхэд Төмөрсүх орон дээр сууж байсан. Чи намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн. Би сандраад хувцсыг нь өмсүүлээд түргэн дуудсан. Түргэн ирэхгүй удах юм шиг санагдаад Төмөрсүхийн хувцсыг нь өмсүүлээд эмнэлэг авч явсан. Эмнэлэгт очоод хоёр найзыгаа дуудсан. Буян-Өлзийгийн ах Бажгаа ирээд найз чинь хүнд хутгалуулчихсан байна хэнтэй хамт явж байсан бэ гэхээр нь би надтай хамт явж байсан гэж хэлсэн. Тэгээд намайг эрүүлжүүлэхэд өгсөн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, найзаасаа уучлалт гуйж байна гэв.
- Хохирогч Г.Төмөрсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 12 сарын 21-ний өдөр Би Гангэрэлийг дуудаад бид хоёр хоол идчихээд сууж байхад Гангэрэлийн найз нь дуудаад Орент зоогийн газарт хоол идээд 6 пиво 1 шил архи уусан. Гангэрэлийн найз нь нэг шил архи авч өгсөн байсан. Тэрийг нь аваад Буян-Өлзийгийнд очиход Ичко, Буян-Өлзийгийн эхнэр 2 хүүхэдтэйгээ байсан. Тэнд архиа ууж байгаад би унтлаа гээд унтсан. Нэг сэрэхэд Гангэрэл гаднаас орж ирсэн. Би босоод найзыгаа орхиж явлаа гээд уурлаад Гангэрэлийг хөлдөөгчний наана сууж байхад өшиглөсөн. Тэгээд Гангэрэлийн дээрээс нь өвдөглөж дараад хоолойг нь боосон. Гангэрэлийн хоёр гар нь сарваганаад байсан. Би тавьдаг юм уу гэж бодоод тавих гэхэд миний гэдэс халуун дүүгэх мэдрэгдсэн. Би Гангэрэлийг нилээн удаан боосон. Гангэрэл 4-5 минут ухаан нь балартсан юм уу хөрвөөгөөд байсан. Тэгээд босож ирэхээр нь чи намайг хутгалчихлаа гэсэн. Гангэрэл миний хувцсыг өмсүүлээд эмнэлэг рүү явсан. Миний буруу учраас санал гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, энэ хэрэг миний буруугаас болж гарсан болохоор найзад минь хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.
- С.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгэндээ: “...Би 2017 оны 12-р сарын 21-ний өглөө би манай гудамжнаас хойш 2 дахь гудамжинд байх найз Төмөрсүхийнд очиж гэрт нь хамт байж байтал надтай өмнө хамт ажиллаж байсан Улаанбаатар хотын харъяат Ганхүү, Нацагаа гэдэг хоёр таньдаг залуу утсаар яриад Эрдэнэцагаанаас Улаанбаатар хот руу явж байна уулзах уу гэхээр нь Төмөрсүх бид хоёр төв рүү гарч тэр хоёртой уулзаад дөрвүүлээ хамт Ориент зоогийн газар орж тэнд 0.75 литрийн 2 шил архи, 6 ширхэг шилтэй пиво авч хувааж уусан юм. Тэгтэл тэр хоёр эхний нэг шил архийг нь хувааж уучихаад дараагийн шил архийг дөнгөж задлаад байж байхад Улаанбаатар явлаа гэхээр нь Төмөрсүх бид хоёр үлдсэн архиа халаасандаа хийгээд аваад гарсан. Тэгээд Ганхүү, Нацагаа хоёр унаандаа суухаасаа өмнө Төмөрсүх бид хоёрт дахиад нэг шил 0.75 литрийн ерөөл нэртэй архи авч өгчихөөд явсан юм. Архийг халааслаад явж байснаа мэдээд байгаа юм. Нэг сэрэхэд Буян-Өлзий гэдэг найзындаа Төмөрсүхтэй хамт очсон байсан. Тэгэхэд тэднийд Буян-Өлзийгийн эхнэр Цэрэндэжид, манай найз охин Ичинхорлоо хоёр байсан. Би Ичинхорлоог явлаа гэхээр нь явуулахгүй гэж байгаад цүнхийг нь аваад үлдчихсэн юм. Тэгтэл гаднаас Буян-Өлзий ороод ирэхээр нь авч явсан 0.75 литрийн ерөөл нэртэй архиа задлаад Төмөрсүх бид хоёр хувааж ууж байхад гаднаас манай найз Ганзориг орж ирээд сууж байсан. Тэгээд л ууж байсан архиндаа согтоод ухаан санаа орж гараад байсан. Тэр үед Буян-Өлзий аав, ээжийнх рүүгээ явлаа гэхэд нь Төмөрсүх тасраад унтаж байсан болохоор гэрт үлдээгээд Ганзориг машинтайгаа Буян-Өлзий, Цэрэндэжид нарыг хүргэж өгөхөөр явахад нь би хамт явсан юм. Тэгээд Буян-Өлзий, Цэрэндэжид нарыг аавынд нь хүргэж өгчихөөд би эргэж Буян-Өлзийгийн гэр рүү очиж Төмөрсүхийг авахаар Ганзоригоор хүргүүлээд ганцаараа Буян-Өлзийгийн гэр рүү ороход Төмөрсүх сэргэчихсэн сууж байхаар нь явъя гэхэд тэрээр намайг айлд үлдээгээд явлаа гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Би тэр үед гэрийн зүүн талд хөлдөөгч налаад завилаад сууж байтал Төмөрсүх босож ирээд хөлөөрөө цээж рүү өшиглөсөн. Тэгэхэд би хөлдөөгчийг нуруугаараа налж савж унасан. Тэгээд Төмөрсүхэд хандаж чи яаж байгаа юм бэ гэхэд “чамайг яасан ч яадаг юм” гээд дээрээс боож унагаад цамцны захаар боогоод тавихгүй байхаар нь би тавиулах гээд түлхээд дийлээгүй. Тэгээд л нэг хэсэг ухаан балартаад сэргэхэд Төмөрсүх хэвлийдээ хутгалагдсан байсан. Төмөрсүх бид хоёр ямар ч гэсэн Буян-Өлзийгийнд архи уугаад сууж байхад Цэрэндэжид мах чанаад бид нар идэж байсан санагдаж байна. Тэр үед түмпэнтэй махыг хөлдөөгч дээр тавьсан байсан ба мах идэж байсан хутга нь Төмөрсүх намайг өшиглөхөд шалан дээр ойчсон юм шиг байгаа юм. Тэр л хутгаар би Төмөрсүхийг хутгалсан байх. Яг ямар хутга байсныг санахгүй байна. Төмөрсүх миний цээж рүү өшиглөхөд хөлдөөгч дээр байсан эд зүйлс шалан дээр унах чимээ гарсан. Ямар эд зүйлс шалан дээр унасныг бол би хараагүй юм Төмөрсүхийн хэвлийгээс цус гарахыг хараад би тэр үед их сандарч гар утсаараа найзууд руугаа залгах гэсэн чинь миний гар утсанд нэгж байхгүй байхаар нь найз охин Ичинхорлоогийн цүнхийг уудалж дотроос нь нэгж цэнэглэгч хайж байгаад эмнэлэг рүү дуудлага өгөөд ирэхгүй удах юм шиг санагдаад байхаар нь сандрахдаа Төмөрсүхийг дагуулаад эмнэлэг рүү аваад явсан юм. Тэгээд эмнэлэгт ямар ч гэсэн Төмөрсүхийг хүргэж өгчихөөд би гараад явсан юм. Тухайн үед Төмөрсүх намайг цохиж зодоод цамцны захаар боох үед ийм асуудал болсон. Төмөрсүхийг зүгээр байхад хутгалсан асуудал байхгүй, Төмөрсүх бид хоёр багын найзууд болохоор нэг нэгэндээ муу санадаггүй тийм л найзууд юм. Би Г.Төмөрсүхийн эмчилгээний зардалд 952840 төгрөг төлсөн юм. Ийм асуудал болсон үнэхээр их харамсаж байгаа” гэх мэдүүлэг.
- Хохирогч Г.Төмөрсүх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ : “...2017 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 10 цагийн үед би найз Гангэрэлийг гэрт хүрээд ирээрэй гэж дуудаад ирэхэд нь хоол хийсэн байсан болохоор хамт идчихээд байж байтал Гангэрэлтэй хамт ажиллаж байсан гэх танил залуу утас руу нь залгаад Эрдэнэцагаан сумаас Улаанбаатар хот руу явж байна, уулзах уу гэхээр нь бид хоёр хамт очиж төвд уулзсан юм. Тэгэхэд тэр танил нь нэг залуутай хамт явсан. Би тэр хоёртой танилцахад нэгийг нь ямар ч гэсэн Нацаг гэж байсан. Тэгээд бид дөрөв хамт Ориент зоогийн газар орж, тэнд бид нар 10-аад пиво, 2 шил архи авч ууцгаасан. Тэгсэн чинь тэр хоёр 16 цагийн үед унаандаа суугаад явахаар боллоо та хоёр эндээ үлдсэн юмаа уучих гээд дахиад 1 шил архи авч өгөхөөр нь бид хоёр тэр үлдсэн нэг шил архийг нь халаасандаа хийгээд гарцгаасан юм. Тэгээд гадуур явж байгаад Гангэрэл бид хоёр хамтдаа Буян-Өлзийгийн гэрт 19 цагийн үед очиход Буян-Өлзий гэртээ байхгүй харин Буян-Өлзийгийн эхнэр Цэрэндэжид 2 хүүхэдтэйгээ хамт болон Ичинхорлоо гэдэг найз нь хамт байсан. Тэгээд удалгүй Ичинхорлоо ажилтай гэж ярьж байгаад яваад өгсөн байсан. Гангэрэл бид хоёр нөгөө авч явсан нэг шил архиа задлаад ууж байгаад би тэр архинаас хоёр хундагыг уугаад одоо боллоо гээд согтоод унтсан. Тэгээд нэг сэрэхэд гэрт хэн ч байхгүй би ганцаараа хойд талын орон дээр гуталгүй хэвтэж байсан. Тэгтэл удалгүй Гангэрэл ганцаараа орж ирэхээр нь би түүнийг намайг хаяж явлаа гээд маргалдсан. Тэгээд Гангэрэлийг гэрийн зүүн талд байсан жижиг хөлдөөгчний дэргэд сууж байхад нь цээж рүү нь нүцгэн хөлөөрөө өшиглөөд унагасан чинь тэрээр пизда гээд байхаар нь цамцных нь захаас боож байгаад тавих хооронд тэрээр миний хэвлий хэсгээр гар нь сарваганаад байсан чинь миний хэвлий хэсгээр халуу дүүгээд явчихсан. Тэгээд л Гангэрэлийг тавьчихаад байж байтал тэрээр хахаж цацаад байсан ба миний хэвлийн зүүн хэсгээр цус шүүрээд байсан. Тэгтэл Гангэрэл хоёулаа гаръя, эмнэлэг явъя гээд миний хувцсыг өмсүүлээд хамт гараад явсан. Буян-Өлзийгийн гэрээс гарч яваад удалгүй салхинд цохиулж ухаанаа алдсан. Тэгээд нэг сэрэхэд эмнэлэгт хэвтэж байсан юм. Буян-Өлзийгийн гэрт Гангэрэл бид хоёрыг маргалдаж муудалцаж байхад гаднаас нэг ч хүн орж ирээгүй. Бид хоёроос өөр хүн байгаагүй юм. Гангэрэл намайг ямар хутгаар хутгалсан болохыг мэдэхгүй байна. Би тэр хутгыг нь хараагүй. Хаанаас авсан болохыг нь мэдэхгүй. Ямар ч гэсэн гэрийн зүүн талын жижиг хөлдөөгчний дэргэд би Гангэрэлийн цээж рүү гуталгүй хөлөөрөө өшиглөж унагаан цамцных нь захаас боосон юм. С.Г бид хоёр 2017 онд Улаанбаатар хотод хамт барилга дээр ажиллаж байхдаа би түүнийг Шархад гэдэг газар дуудчихаад ирэхэд нь ажил гарлаа гээд хаяад явж байсан юм. Тэгээд л Буян-Өлзийгийн гэрт Гангэрэл намайг унтуулж хаяж явчихаад ирсэн болохоор нь би түүнийг айлд хаяж явлаа гэж маргаан үүсгээд хоорондоо маргалдаж байгаад л ийм асуудал болсон. Дээрээс нь би түүнийг өшиглөж боосон болохоор Гангэрэл намайг хутгалсан байх... Тухайн үед миний хэвлийн тус газар 2 удаа хутгалснаас болж би 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 04-нийг хүртэлх хугацаанд аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн. Мөн тухайн үед миний зүүн гарын эрхий хурууны дотор талд бага зэрэг зүсэгдсэн шархтай. Одоо бол зүсэгдсэн шарх зүгээр болсон. Эмнэлэгт өдөр бүр очиж өглөө, оройдоо боолт хийлгэж байгаа. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Учир нь миний буруугаас болж ийм асуудал болсон болохоор би гомдолгүй байна. Мөн Гангэрэл нь миний эмчилгээний зардлыг төлж байгаа болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Буян-Өлзий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр үед Төмөрсүх уусан архиндаа согтоод газар унтаад байхаар нь хойд орон дээр гутлыг нь тайлж хэвтүүлчихээд явсан. Мөн Гангэрэл нь найз охиныхоо цүнхийг үүрсэн чигээрээ бид нартай хамт гарч явахдаа аваад явсан юм. Тэгээд би эхнэр, хүүхэдтэйгээ хамт аав, ээжийндээ бууж үлдээд Ганзориг нь Гангэрэлийг гэрт нь хүргэж өгнө гээд аваад явсан. Тэгээд л би эхнэр, хүүхдээ аваад 22 цаг 20 минутанд буцаад гэртээ очиход гэрт хүн байхгүй, гэрт унтаад үлдсэн Төмөрсүх гараад явчихсан, Гангэрэлийн үүрээд аваад явсан найз охиных нь цүнх хойд орон дээр хамаг юм нь гаргаад тавьчихсан байдалтай, зүүн талын хөлдөөгчний дэргэд манай хар иштэй хутга хэвтэж байхаар нь аваад шургуулгандаа хийсэн. Мөн бас гэрийн хөлдөөгчний баруун хойд хэсгийн шалан дээр ус шиг юм асгарсан байхаар нь эхнэр шалны алчуур аваад арчиж цэвэрлэсэн юм. Бас сүүлд харахад хойд орны зүүн хэсгийн цэнхэр хөшиг улаан хүрэн өнгийн зүйл цацсан юм шиг болсон байсан... Намайг 2017 оны 12 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед гэртээ ирэхэд Төмөрсүх, Гангэрэл нарын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Эхнэр бид хоёр Төмөрсүх, Гангэрэл хоёрын ууж байсан архинаас огт уугаагүй. Тэр хоёр архиа бараагүй талаас доогуур үлдсэн байсныг манай эхнэр гаргаад хаясан байх” гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Цэрэндэжид мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... Төмөрсүх нь тасраад шалан дээр хэвтээд өгсөн. Бид хоорондоо юм ярьж сууж байгаад нөхөр аавынх руу явъя гэхээр нь тэгье гээд 21 цаг 15 минутад гэрээсээ гарахдаа Төмөрсүхийг гэртээ үлдээгээд бүгдээрээ хамт гарцгаасан... тэгэхэд хөлдөөгчний дэргэд ус асгачихсан байхаар нь би шалны алчуур аваад арчиж цэвэрлэсэн юм. Тэгсэн Төмөрсүхийг хутгалуулсан байна гэдгийг сонсоод хутгаа үзэхэд цус болсон байхаар нь гаргаад байсан газарт нь эргүүлээд тавьчихсан юм. ... Манайд 2017 оны 12 дугаар сарын 21-ний орой Төмөрсүх, Гангэрэл хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэр үед Төмөрсүх нь согтчихоод Гангэрэлийгээ үгээр идээд байсан. ...2017 оны 12-р сарын 21-ний орой 19 цагийн үед Төмөрсүх, Гангэрэл нарыг манайд ирэхэд тэр хоёрын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй...Гангэрэл авчирсан архиныхаа ихэнхийг нь уусан. Төмөрсүх архи ууж байгаад тасраад унтаад өгсөн юм. ” гэх мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаартай 1.Г.Төмөрсүхийн биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн хатгагдаж цоорсон шарх, нарийн гэдэсний болон аортын чацархайн хатгагдсан шарх хэвлийн хөндийн дотуур цус алдалт, нүүрний болон хэвлийн хэсгийн олон тооны зүсэгдсэн шарх, баруун сарвуунд 1, 2-р хурууны салааны язарсан шарх, баруун ташаа хэсгийн зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь хурц ир болон мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болно. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлэг, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь биед аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт, /хх-34/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дугаар сарын 12-нй өдрийн 986 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн хутга болон хөшигний хэсэг дээр цус илэрсэн. 2.Хутган дээрх цус нь АВО системээр 0/1/ бүлгийн харъяалалтай хүний цус байна. 3.Хөшигний хэсэг дээрх цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байна. 4. Хохирогч Төмөрсүхийн гэх цус нь АВО системээр 0/1/ бүлгийн харъяалалтай байна" гэх дүгнэлт, / хх-97 /
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх- 2/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зураг / хх-3-7 /
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. 2018.01.22 /хх-18/
- Шүүгдэгч С.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-111/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р багийн Засаг даргын 2017.12.26-ны өдрийн 6/640 дугаартай тодорхойлолт /хх- 112/
- Шүүгдэгч С.Гийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 113/
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-118-119/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Г нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуутын 10 дугаар гудамж 16а тоот дахь Б.Буян-Өлзийгийн гэрт иргэн Г.Төмөрсүхийн өөрийг нь өшиглөн унагаж, хэвлийн тус газарт өвдөглөн, цамцны захаар боосон үйлдлийн улмаас түүний хэвлийн тус газар хутгалж, эрүүл мэндэд нь “ хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн хатгагдаж цоорсон шарх, нарийн гэдэсний болон аортын чацархайн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, нүүрний болон хэвлийн хэсгийн олон тооны зүсэгдсэн шарх, баруун сарвуунд 1, 2 дугаар хурууны салааны язарсан шарх, баруун ташаа хэсгийн зөөлөн эдийн няцралт “ бүхий хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгч С.Гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдэгдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Г.Төмөрсүх, гэрч Б.Буян-Өлзий, Б.Цэрэндэжид, Д.Ганзориг, Ч.Ичинхорлоо нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 33, 986 дугаартай дүгнэлтүүд, Г.Төмөрсүхийн Өвчний түүх зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Прокуророос шүүгдэгч С.Гийн хохирогч Г.Төмөрсүхийг хутгалсан дээрх үйлдлийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд С.Гийн үйлдэл дээрх гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Учир нь уг хэрэг гарах үед шүүгдэгч, хохирогч нараас өөр хүн байгаагүй бөгөөд хэрэг гарсан байдал, хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөлийн талаар мэдүүлж буй тэдгээрийн мэдүүлэг, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэх, бусад нотлох баримттай харьцуулах аргаар шалгаж, үнэлж хэргийн бодит байдлыг тогтооход шүүгдэгч С.Г нь хохирогч Төмөрсүхийг санаатай хутгалсан нөхцөл байдал тогтоогдохгүй хийгээд харин хохирогч Г.Төмөрсүх нь цээжинд нь өшиглөж унаган, хэвлийн тус газар нь өвдөглөж, ноосон цамцны захаар хоолойг нь боож амьсгааг боогдуулж хүч хэрэглэсэн зүй бус үйлдлийн улмаас С.Г нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогчийн хэвлийн тус газар хутгалсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь шүүгдэгч С.Гийн “...Тэгээд Буян-Өлзийгийнд ороод сууж байхад Төмөрсүх босож ирээд чи муу найзыгаа айлд орхиж явлаа гээд хараагаад уурлаад намайг өшиглөсөн. Би хөлдөөгч налж унахад хөлдөөгч дээр байсан юмнууд газар унасан. Тэгээд намайг дарж унагааж хүзүү боосон. Миний дээр өвдөглөөд хоолой боогоод байсан. Би яаж ч түлхээд дийлээгүй. Нэг мэдэхэд ухаан балартаж унасан. Нэг сэргэхэд Төмөрсүх хутгалагдсан орон дээр сууж байсан...” гэх, хохирогч Г.Төмөрсүхийн “...Тэгээд Гангэрэлийг гэрийн зүүн талд байсан жижиг хөлдөөгчний дэргэд сууж байхад нь цээж рүү нь нүцгэн хөлөөрөө өшиглөөд унагасан чинь тэрээр пизда гээд байхаар нь цамцных нь захаас боож байгаад тавих хооронд тэрээр миний хэвлий хэсгээр гар нь сарваганаад байсан чинь миний хэвлий хэсгээр халуу дүүгээд явчихсан. Тэгээд л Гангэрэлийг тавьчихаад байж байтал тэрээр хахаж цацаад байсан ба миний хэвлийн зүүн хэсгээр цус шүүрээд байсан. Тэгээд гайгүй болохоор нь чи намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлсэн...” гэх, шинжээч А.Болор-Эрдэнийн “...Хэргийн нөхцөл байдлыг харахад амьсгал бүтэлт нь амь насанд аюултай байдал үүсэхийг ойлгоно. Энэ тохиолдолд дарагдлаас үүсэх буюу хүзүү хоолойг боох тохиолдлыг ярьж байна. Хүзүүнд ул мөр тодорхой хэмжээгээр үлддэг. Зарим үед үлдэхгүй байх тохиолдол байдаг. Амьсгал бүтэлт 2 үе шаттай явагддаг. Онолын хувьд 2 минутанд амьсгал боогддог. Хэвлий цээж дарагдах үед амьсгал бүтэлт үүснэ. Энэ хүн ухаан балартаад хийж байгаа үйлдлээ мэдэхгүй байх боломжтой. Практикаас харахад боолтонд орсон хүн амьсгалын дутагдалд орж, царай нь хөхөрч хөдөлгөөн байхгүй болно. Төвөнх дарагдахад аюултай, амьсгал бүтэлт үүснэ. Амьсгал дутагдсанаас болж ханиаж болно..” гэх мэдүүлгүүдээр нотлогдоно.
Тодруулбал, шүүгдэгч С.Г нь Г.Төмөрсүхэд боолгосны улмаас хутга хаанаас авч, хэрхэн яаж хутгалснаа мэдээгүй буюу амьсгал нь боогдсоны улмаас өөрийн үйл ажиллагаагаа удирдах сэтгэцийн хэвийн байдал алдагдсан нь түүний... “ Миний дээр өвдөглөөд хоолой боогоод байсан. Би яаж ч түлхээд дийлээгүй. Нэг мэдэхэд ухаан балартаж унасан. Нэг сэргэхэд Төмөрсүх орон дээр сууж байсан “ гэх мэдүүлгээр тогтоогдох ба энэ нөхцөл байдлыг хохирогч Г.Төмөрсүх...“ цамцных нь захаас боож байгаад тавих хооронд тэрээр миний хэвлий хэсгээр гар нь сарваганаад байсан, Тэгээд Гангэрэлийг тавьчихаад байж байтал тэрээр хахаж цацаад 4-5 минут хиртэй хөрвөөгөөд байсан тэгээд гайгүй болохоор нь чи намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр үгүйсгээгүй ба шүүгдэгч С.Гийн зүгээс өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, прокурор үүнийг нотлох баримтаар хэрэгт нотлоогүй болно.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгч С.Гийн Г.Төмөрсүхийг хутгалсан үйлдлийг “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалт” гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэж мэтгэлцэж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Аргагүй хамгаалалт нь бусдад гэм хор учруулдаг санаатай, идэвхтэй үйлдэл учраас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж тодорхойлогддог ба аргагүй хамгаалалтыг өөрийн үйл ажиллагааг бүрэн удирдаж, өөртөө хяналт тавьж хийдэг бол санаа сэтгэл нь хүчтэй гэнэт хүчтэй цочрон давчидсан үед сэтгэхүйн хэвийн байдал алдагдаж, дээр дурдсан чадваргүй болдгоороо ялгагддаг байна.
Тодруулбал, санаа сэтгэл гэнэт хүчтэй цочрон давчидсан гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийг үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг ойлгох ба тухайн хэргийн хувьд С.Г нь өөрийгөө хамгаалах зорилго, сэдэлтээр санаатай үйлдэл хийж байгаагаа огт ухамсарлаж, мэдээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдох бөгөөд түүний үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй хийгээд өмгөөлөгч нарын хувьд хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн үндэслэлийг нотлох баримтаар няцааж, үгүйсгээгүй болно.
Иймд улсын яллагчийн шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын С.Гийг “аргагүй хамгаалалт хийсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай дүгнэлтүүд үндэслэлгүй хийгээд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул түүнийг дээрх буюу санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Г нь хохирогч Г.Төмөрсүхэд учирсан гэмтлийн улмаас гарсан зардалд 952840 төгрөгийг төлсөн, хохирогч Г.Төмөрсүх гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүх хуралдаанд “ би түүнийг айлд хаяж явлаа гэж маргаан үүсгээд хоорондоо маргалдаж байгаад л ийм асуудал болсон. Дээрээс нь би түүнийг өшиглөж боосон болохоор Гангэрэл намайг хутгалсан байх. Тухайн үед миний зүүн гарын эрхий хурууны дотор талд бага зэрэг зүсэгдсэн шархтай болсон. Одоо бол зүсэгдсэн шарх зүгээр болсон. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Учир нь миний буруугаас болж ийм асуудал болсон болохоор би гомдолгүй байна. Мөн Гангэрэл нь миний эмчилгээний зардлыг төлсөн байгаа болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй ” гэж мэдүүлжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
С.Гийг гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмчилгээний зардлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал үгүй байна.
Шүүгдэгч С.Гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол буюу эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, түүний үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан боловч эдгэрсэн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэдний эвлэрсэн зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.2 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогчийн эмчилгээний зардалд 952.840 төгрөг төлсөн, хохирогч Г.Төмөрсүх гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдая.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан “ming feng” латин бичгтэй 29 см урттай, хар өнгийн пивор бариултай хутга, самбайнд шингээсэн цус 1 ширхэг, 35-37 см хэмжээтэй хайчилсан даавууны хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, “ Хэргийн газарт үзлэг “-ийн бичлэгтэй сидиг хэрэгт хавсаргана.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2,36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас шүүгдэгч С.Гийн үйлдлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 болгон зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Хатгин овгийн С.Гийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.2 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч С.Гд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
4.Тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Ялтан С.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Г.Төмөрсүхэд эмчилгээний зардалд 952840 төгрөг төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ming feng” латин бичгтэй 29 см урттай, хар өнгийн пивор бариултай хутга, самбайнд шингээсэн цус 1 ширхэг, 35-37 см хэмжээтэй хайчилсан даавууны хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт устгах коммист даалгасугай.
7. Хэргийн газарт үзлэг хийсэн бичлэгтэй сидиг хэрэгт хавсаргасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол хүчинтэй болтол ялтан С.Гийг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР
ШҮҮГЧИД С.НАСАНБУЯН
Х.САНЖИДМАА