Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 159/ШШ2025/0071

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:159/2025/0067/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.О*******

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: Л.Э******* нарын хооронд үүссэн

“Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Д.Хадбаатарын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Л.Э*******г албан тушаалд томилох тухай” Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин, гуравдагч этгээд Л.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.О******* нь анх тус шүүхэд “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Д.Хадбаатарын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тус сумын 2 дугаар багийн Засаг даргаар Л.Э*******ыг томилсон шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Д.Хадбаатарын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Л.Э*******г албан тушаалд томилох тухай” Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай гэж тодруулсан.

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг 2 дугаар багийн иргэдийн Нитийн Хурал 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулагдаж, С.О******* (нэхэмжлэгч), Л.Э******* (гуравдагч этгээд) нар тус багийн Засаг даргыг сонгох сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн байна.

Тус Ширхэнцэг 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралдааны тооллогын комиссын тогтоолоор хуралдаанд нийт 315 хүн оролцож, Л.Э******* 154 хүн буюу 48,8 хувь, С.О******* 140 хүн буюу 44,4 хувийн санал, хүчингүй саналын хуудасны тоо 21 гэснээр нэр дэвшигчдийн хэн аль нь олонхын санал аваагүй тул санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин санал хураалтыг жич товлон зохион байгуулахаар 04 дугаартай тогтоол гаргажээ.

1.2. Гэтэл иргэдийн Нитийн Хурал нь дахин санал хураалтыг зохион байгуулахгүйгээр, 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Л.Э*******ыг тус багийн Засаг даргад нэр дэвшүүлж, сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэж 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот албан бичгээр тус сумын Засаг дарга Д.Хадбаатарт холбогдох шийдвэрийг хүргүүлсэн байна.

1.3. Улмаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Л.Э*******ыг албан тушаалд томилох тухай” Б/16 дугаар захирамжаар Л.Э*******ыг тус сумын Ширхэнцэг 2 дугаар багийн Засаг даргаар томилжээ.

1.4. Нэхэмжлэгч нь нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын буюу сонгогчдын 50 хувиас дээш санал аваагүй тул багийн иргэдийн Нийтийн Хурал нь дахин санал хураахаар тогтоол гаргасан атлаа дахин санал хураалт явуулахгүйгээр Л.Э*******ыг багийн Засаг даргаар томилуулахаар уламжилж, сумын Засаг дарга Л.Э*******ыг тус багийн Засаг даргаар томилсон хууль бус хэмээн маргаж уг асуудлаар 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар хандан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 01/804 тоот албан бичгээр “...Захиргааны хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна” гэх хариуг авснаар 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр  тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч С.О******* шүүхэд бичгээр, шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбартаа: "Монгол Улсын иргэн Боржигон овогт Сүхбаатарын О******* миний бие 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн Засаг даргад нэр дэвшиж өрсөлдсөн.

Тус 2 дугаар багийн Засаг даргыг сонгох санал хураалтад нийт 343 хүн оролцох ёстойгоос 315 хүн оролцож, санал хураалтыг нууцаар явуулсан бөгөөд санал хураалтын дүнгээр нэр дэвшигч Л.Э******* 154 хүн буюу 48.8 хувийн санал, нэр дэвшигч С.О******* би 140 хүн буюу 44.4 хувийн саналыг тус тус авсан.

Мөн санал хураалтаар 21 хүний саналын хуудсыг хүчингүйд тооцсон бөгөөд нэр дэвшигчдийн хэн аль нь олонхийн санал авч чадаагүй. Улмаар 2 дугаар багийн иргэдийн нийтийн хуралдааны тооллогын комиссын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн "2-р багийн Засаг даргыг сонгох санал хураалтын тухай" 4 дүгээр тогтоолоор нэр дэвшигчдийн хэн аль нь олонхын санал аваагүй үндэслэлээр санал хураалтыг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн.

Тийм ч учраас миний зүгээс 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Мандал сумын Засаг дарга Д.Хадбаатарт хандан 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралдааныг дахин хуралдуулж өгөх талаар хүсэлт гаргаж байсан.

Харин Засаг даргаас эл асуудлаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх хэрэгтэй талаар зөвлөж, хариу өгч байсан атлаа гэнэтхэн л 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүчингүй болсон иргэдийн нийтийн хуралдааны санал хураалт, олонхийн санал аваагүй нэр дэвшигч Л.Э*******ыг 2 дугаар багийн Засаг даргаар томилсон шийдвэр гаргасан байна.

Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-д заасны дагуу хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх, мөн зүйлийн 56.5.3-д зааснаар санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр зохицуулсан.

Гэтэл нийт төлөөлөгчдийн бүү хэл, хуралд оролцсон иргэдийн ч олонхийн санал аваагүй нэр дэвшигч Л.Э*******ыг 2 дугаар багийн Засаг даргаар томилсон шийдвэр гаргасан Мандал сумын Засаг дарга Д.Хадбаатарын үйлдэлд гомдолтой байна.

Учир нь хуулийн дээрх хэм хэмжээнд зааснаар Засаг даргад нэр дэвшүүлэх, түүнийг томилох журмыг шууд зөрчиж, өөрийн намын гишүүн, дэмжигч гэдэг утгаар хуулийг илтэд үл ойшоон шийдвэрлэж буй үйлдэл нь нэр дэвшигч миний сонгогдох, нутгийн иргэдийн минь сонгох эрхэнд бүдүүлгээр халдаж буй хэрэг юм.

Мөн би дээрх 2 дугаар багийн Засаг даргыг томилсон 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэртэй танилцах, хуулбарлан авахыг сумын Засаг даргаас хүссэн боловч тэрээр зөвхөн "төрийн эрх бүхий байгууллагад л үзүүлнэ" хэмээн татгалзсан хариу өгсөн. Тэрхүү баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтэй байгаа бөгөөд шийдвэрийн огноо, дугаарыг нарийн сайн мэдэх боломжгүй байна.

Миний бие 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржид энэхүү асуудлын талаар өргөдөл өгөхөд "Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хүчин төгөлдөр тогтоолыг үндэслэн гаргасан сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Мөн багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолтой холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна" гэсэн хариуг албан тоотоор өгсөн.

Иймд Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх заалтад заасны дагуу Сэлэнгэ аймаг, Мандал сумын Засаг дарга Д.Хадбаатарын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тус сумын 2 дугаар багийн Засаг даргаар Л.Э*******ыг томилсон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

2.2. Нэхэмжлэгч С.О******* 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “...Нэхэмжлэгч нь тус шүүхэд хандан хүчингүйд тооцсон санал хураалтын үндсэн дээр багийн Засаг дарга томилсон Мандал сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан билээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шийдвэрийн огноо, дугаар болон агуулга, үндэслэл тодорхой болсон тул ийнхүү тодруулж байна.

Учир нь хэрэгт авагдсан баримт буюу Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралдааны тооллогын комиссын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор нэр дэвшигчдийн хэн аль нь олонхийн санал аваагүй үндэслэлээр санал хураалтыг хүчингүйд тооцсон ба дахин санал хураалтыг жич товлон зохион байгуулахаар тогтоосон.

Гэтэл Мандал сумын Засаг даргын зүгээс иргэд сонгогчдын дээрх шийдвэрийг үл хүндэтгэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг илтэд бүдүүлгээр зөрчиж буйд харамсаж байна.

Тодруулбал, хариуцагчийн зүгээс "хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялалт байгуулсанд тооцох ёстой" гэх тайлбар өгөхдөө чухам ямар үйл баримт, нөхцөл байдлын дагуу олонхийн санал авсан гэж үзэж байгаагаа дэлгэрэнгүй, тодорхой тайлбарлаагүй байхаас гадна түүнийгээ нотолж чадаагүй байна.

Түүнчлэн дээрх хууль зөрчсөн үйлдлээ Мандал сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга руугаа халдаан хэрэглэх гэж буй нь шившигтэй.

Хариуцагчийн зүгээс тус хурлын даргыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан байх ба энэ нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй буюу хамааралгүй хүсэлт юм.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт "энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар .... сумын Засаг дарга томилно” гэж зааснаас биш багийн иргэдийн нийтийн хурал томилно гэж заагаагүй. Харин багийн иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлсэн тогтоол гаргаж уламжилсан үйлдэл нь багийн даргыг шууд томилох, эсхүл сумын Засаг дарга өөрийн үйлдэл, хариуцлагаа зөвтгөх үндэслэл болохгүй.

Сумын Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гүйцэтгэл, биелэлтийг хангах чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн байтал ийм байдлаар хууль бус шийдвэр гаргаж, ард олныг үймүүлж, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчиж буйд гомдолтой байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх заалтад заасны дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Д.Хадбаатарын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн "Л.Э*******г албан тушаалд томилох тухай" Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

2.3. Хариуцагч 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус сумын Ширхэнцэг 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот албан бичгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 4 дүгээр 07-ны өдрийн "2 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай" 05 дугаар тогтоолыг холбогдох бусад материалын хамт ирүүлсэн.

Ирүүлсэн материалыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан баг, хорооны Засаг даргад нэр дэвшигчид тавигдах шаардлагыг заалт нэг бүрээр тулган шалгаж 56 дугаар зүйлийн 56.6 дахь заалтын дагуу дээрх тогтоолыг үндэслэн Лувсанцэрэнгийн Э*******г Ширхэнцэг 2 дугаар багийн Засаг даргаар томилсон.

Л.Э******* нь 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан дараах лавлагаа, тодорхойлолтыг авсан байна. Үүнд:

1.Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (МУЗЗНДНТУТХ 56.4.1)

2. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (иргэн) (МУЗЗНДНТУТХ 56.4.2)

3. Монголын татварын албаны өр төлбөргүй тухай тодорхойлолт

(МУЗЗНДНТУТХ 56.4.3)

4. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (МУЗЗНДНТУТХ 56.4.4)

5. Төрийн албан хаагчийн анкет

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 08 дугаар зүйлд "Орон нутгийн Хурлын сонгууль олонхын (мажоритар) тогтолцоотой байна." гэж заасан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т “Энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж заасан бөгөөд одоо манай улсад хэрэгжиж буй энэ сонгуулийн систем нь тухайн тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялалт байгуулсанд тооцох ёстой гэсэн олонхын зарчмыг баримталдаг.

Иймд сумын Засаг даргын зүгээс багийн иргэдийн Нийтийн Хурлын багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг хүчин төгөлдөр гэж үзэн шийдвэр гаргасан болно.” гэжээ.

2.4. Гуравдагч этгээд Л.Э******* шүүхэд бичгээр, шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбартаа: “...Тус шүүхэд С.О*******ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн хянан хэлэлцэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч гуравдагч этгээд Л.Э******* миний бие энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

Миний бие Лувсанцэрэн овогтой Э******* нь 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн Засаг даргад нэр дэвшсэн бөгөөд иргэдийн Нийтийн хурлын санал хуралдаанд оролцсон.

Санал хураалтын дүнг иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын 4 дүгээр тогтоолоор баталж дараах үр дүнг зарласан:

-Л.Э******* 154 санал буюу 52,3%

-С.О*******: 140 санал буюу 47,6%

Гэвч С.О*******ийн зүгээс “хүчингүй санал тооцоогүй” гэх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд огт байхгүй үндэслэлээр гомдол гаргаж, түүний улмаас тооллогын комисс Дахин хуралдаж:

Санал хураалтад нийт 315 хүн санал өгснөөс МАН-аас нэр дэвшигч Л.Э******* 154 санал буюу 48,8%, АН-аас нэр дэвшигч С.О******* 140 санал буюу 44,4%, хүчингүй санал 21 буюу 6,6% гэсэн байдлаар гаргаж "аль ч нэр дэвшигч олонхын санал аваагүй" гэх үндэслэлээр санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин санал хураалтыг явуулахаар хууль бус шийдвэр гаргасан.

Гэвч тухайн хурлыг даргалж байсан Ч.Гантөмөр дараах үндэслэлүүдээр С.О*******ийн гаргасан санал болон тооллогын комиссын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй болно:

1. "Олонх" гэдэг нэр томьёоны тодорхойлолт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуульд нарийн тусгагдаагүй тул тооллогын комисс ийм шийдвэр гаргах үндэслэлгүй. Тооллогын комисс тооллогыг л үнэн зөв явуулж тооллогын тоог үнэн зөв мэдээллэх үүрэгтэй. Хуралдааны асуудлаар аливааг эцэслэн шийдвэрлэх эрхгүй.

2. Монгол Улсын сонгуулийн мажоритар тогтолцоо буюу олонхын зарчим нь нэг саналыг ч давуу ялалтад хангалттай гэж үздэг.

3. Хүчингүй саналын хуудсыг нийт санал өгсөн иргэдийн тоонд багтаан тооцдог боловч хоёр нэр дэвшигчийн ялалтын үр дүнгийн хувьд оруулан тооцохгүй. Иймд:

• Л.Э*******: 154 санал буюу 52.3%

• С.О*******: 140 санал буюу 47.6%

4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-т "Хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний дунд дахин санал хураалт явуулна" гэж заасны дагуу одоо дахин санал хураалт явуулахад хүчингүй санал өгсөн хүмүүс гарч Л.Э******* 52.3%, С.О******* нь 47.6% саналыг авч үр дүн өөрчлөгдөхгүй тул хурлыг сунжраагүй байхыг хүссэн.

Хурал даргалагч Ч.Гантөмөрийн хувьд иргэдийн цаг зав, итгэл үнэмшлийг харгалзан С.О*******ийн хүсэлтээр явуулсан сонгуулийн үр дүн бүхий тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй ба Л.Э******* намайг олонхийн санал авсан гэж үзэж, Мандал сумын 2 дугаар багийн Засаг даргад томилох тухай тогтоолыг зарлан, хурлыг дуусгасан болно.

Жич: Тооллогын комиссын бүрэлдэхүүнд байсан 9 гишүүн нь бүгд нэг намын (АН) гишүүнчлэлтэй иргэд байсан ба комиссын хуралдаанд тухайн намын дарга нь шууд оролцож, заавар зөвлөгөө өгч, бичиг баримтыг бэлтгэх үйл ажиллагаанд оролцсон нь тухайн шийдвэрт нэг талыг барьсан, шударга бус нөхцөл үүсгэсэн гэж үзэж байна. (Баримт хавсаргав: Хуралдааны бичлэг - Комисс тайзны ард орж АН- ын даргатай хамт хуралдсан тухай).

Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль /цаашид "АНСДИТХСтХ" гэх/ ийн 71 дүгээр зүйлд саналыг хуудсыг хүчингүйд тооцох талаар заасан. Тус зүйлийн 71.1-д "Тойрогт ногдох мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно.”, мөн зүйлийн 71.2-т "Баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудас хүчингүй байх бөгөөд хүчингүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглоно." гэж заасан бөгөөд Багийн иргэдийн Нийтийн Хурлаас санал хурааж, санал хураалтын дүнгээр багийн Засаг даргыг нууцаар Л.Э******* миний бие олон санал авсан энэхүү тохиолдолд АНСДИТХСТХ- ийн 71.1, 71.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, үүний улмаас саналын хуудсыг хүчингүйд тооцох, цаашлаад хүчингүйд тооцсон саналыг хуудсыг нийт сонгогчдын саналын хувьд оруулан тооцох ямар ч эрх зүйн үндэслэлгүй юм.

Тэрчлэн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралдааны эхэнд тус хуралдааны дэгийг баталсан бөгөөд батлагдсан дэгийн 7 дугаар зүйлд Засаг даргад нэр дэвшүүлэх талаар заасан. Тус дэгийн 7 дугаар зүйлд саналын хуудсыг хүчингүйд тооцсон бол хүчингүйд тооцогдсон саналыг хуудсыг нийт сонгуулийн санал хураалтын дүнд тооцож, хувилах, улмаар хасах зохицуулалт огт тусгагдаагүй дурдах нь зүйтэй. Иймээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р багийн иргэдийн Нийтийн Хурлаар Л.Э******* намайг багийн Засаг даргад томилох тогтоол гаргаж, Мандал сумын Засаг даргад хүргүүлсэн нь холбогдох хуулиудад нийцсэн гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

2.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйл баримтын хувьд ойлгомжтой. Л.Э******* 154, С.О******* 140 хүний санал авсан тухайд талууд маргахгүй байна. Гуравдагч этгээд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хүчингүй болсон саналаа больж, өөрсдийнхөө авсан 154, 140 хүний саналыг нэмж 194 гэж тооцож, өөрийгөө илүү гэж ойлгож байна. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2 дахь хэсэгт “…олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх.” гэсэн. Мөн хуулийн 56.5.3 дахь хэсэгт “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж заасан. Хуульд заасан уг хоёр заалтыг үзвэл олонхын санал, олон санал гэдэг ялгаатай. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “хуульд 50+1 гэж байхгүй” гэж байна. Гэтэл хууль зүйн шинжлэх ухаанд энэ ойлголт байгаа. Хууль зүйн шинжлэх ухаанд ердийн олонх, харьцангуй олонх, дийлэнх олонх гэж 3 ангилагддаг. Үүнийг хуульчид бүгд мэддэг. Ердийн олонх гэдэг нь бидний яриад байгаа 50+1, харьцангуй олонх гэдэг нь 2-оос дээр хүн оролцоод олон санал авсан 2 нэр дэвшигчийг дахин нэр дэвшүүлнэ гэсэн онцлогтой. Харин дийлэнх олонх гэдэг нь бидний мэдэх 3/4, 2/3 гэсэн хуулийн ойлголт юм. Хариуцагч энэ хуулийн ойлголтыг буруу тайлбарлаж шийдвэр гаргажээ гэж үзэж байна. Мөн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2 дахь хэсэгт “олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх;” гэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч олонхын, олны санал гэдгийг буруу тайлбарлаад байгаа юм. Ойлгомжтой нэгэнт тогтсон ойлголт учраас үүнд маргаад байх зүйл байхгүй гэж үзэж байна. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хурлын тэмдэглэлийг үндэслэж байна. Тогтоол гэх шийдвэр гаргасан тооллогын комиссын тогтоол нь олонхын санал аваагүй гэдэг нь тодорхой болсон. Хурлын тэмдэглэлд 80 хувиар баталгаажуулагдсан гэдэгт нэхэмжлэгч маргаагүй. Мэдээж хурлын тооллогын комиссын шийдвэр зөв, гэхдээ үндэслэлээ олж тогтоогоогүй нь буруу байна. Гуравдагч этгээд 296 хүн хуралд оролцсон мэтээр тайлбар хэлж байгаа нь үндэслэлгүй. Тийм учраас энэ үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.2, 106.3.12-т тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангах үндэслэлтэй байна.” гэв.

2.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг Засаг даргын зүгээс судалж, хүчин төгөлдөр гэж үзсэний дагуу шийдвэр гаргасан. 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэлд “…тооллогын комиссын тогтоолын төслийг маргаан гаргасан тал буюу Ардчилсан намын дүгнэлтээр уншиж танилцуулсан боловч баталж баталгаажуулаагүй...” гэж байгаа юм. Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Ч.Гантөмөр багийн Засаг даргын сонгуулийн тооллогын комиссын тогтоолыг үндэслэн Л.Э*******ыг олонхын саналаар буюу 2 дугаар багийн Засаг даргаар томилох тогтоолыг уншиж танилцуулсан байна. “...уншиж танилцуулахад хуралд оролцогчдын 80 хувийн саналаар баталсан…” гэж хурлын тэмдэглэлд бичигдсэн байна. Үүнийг баталгаажсан баримт бичиг гэж үзэж Засаг даргын захирамжаар Л.Э*******г багийн Засаг даргаар томилсон. Тийм учраас манай захирамж хүчин төгөлдөр юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1 Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулагдаж, С.О******* (нэхэмжлэгч), Л.Э******* (гуравдагч этгээд) нар тус багийн Засаг даргыг сонгох сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд тус сонгуульд нийт 315 хүн санал өгч, оролцсон ба уг үйл баримттай болон уг хурлыг хүчинтэй эсэхтэй талууд маргадаггүй.

2. Тус Ширхэнцэг 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралдааны тооллогын комиссын тогтоолоор хуралдаанд нийт 315 хүн оролцож, Л.Э******* 154 хүн буюу 48,8 хувь, С.О******* 140 хүн буюу 44,4 хувийн санал, хүчингүй саналын хуудасны тоо 21 гэснээр нэр дэвшигчдийн хэн аль нь олонхын санал аваагүй тул санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин санал хураалтыг жич товлон зохион байгуулахаар 04 дугаартай тогтоол гаргасан боловч дахин санал хураалтыг зохион байгуулахгүйгээр, Ширхэнцэг 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Л.Э*******ыг тус багийн Засаг даргад нэр дэвшүүлж, сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэж 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот албан бичгээр тус сумын Засаг дарга Д.Хадбаатарт холбогдох шийдвэрийг хүргүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Л.Э*******ыг албан тушаалд томилох тухай” Б/16 дугаар захирамжаар Л.Э*******ыг тус сумын Ширхэнцэг 2 дугаар багийн Засаг даргаар томилжээ.

3. Нэхэмжлэгч нь нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын буюу сонгогчдын 50 хувиас дээш санал аваагүй учир багийн иргэдийн Нийтийн Хуралдааны тооллогын комисс нь дахин санал хураахаар тогтоол гаргасан атлаа дахин санал хураалт явуулахгүйгээр Л.Э*******ыг багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан тул сумын Засаг дарга Л.Э*******ыг багийн Засаг даргаар томилсон хууль бус хэмээн маргадаг.

4. Хариуцагч нь “...хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялалт байгуулсанд тооцох ёстой, .... багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг хүчин төгөлдөр гэж үзэн шийдвэр гаргасан....” гэж тайлбарладаг.

5. Харин гуравдагч этгээд нь “хүчингүй саналын хуудсыг нийт санал өгсөн иргэдийн тоонд багтаан тооцдог боловч хоёр нэр дэвшигчийн ялалтын үр дүнгийн хувьд оруулан тооцохгүй,.... хүчингүйд тооцогдсон саналын хуудсыг нийт сонгуулийн санал хураалтын дүнд тооцож, хувилах, хасах зохицуулалтыг огт тусгаагүй....” гэж тайлбарлан маргадаг.

6. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг 2 дугаар багийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан иргэдийн Нийтийн Хурлаар багийн Засаг даргыг сонгохоор 315 хүн санал өгснөөс Л.Э******* 154, С.О******* 140, хүчингүйд тооцсон саналын хуудас 21 байсантай талууд маргадаггүй бөгөөд маргаан бүхий гол үйл баримт нь хүчингүйд тооцсон 21 саналын хуудсыг санал хураалтын нийт дүнд оруулан тооцох эсэхтэй холбоотойгоор уг маргаан үүсжээ.

7. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн.”, 32.8 дахь хэсэгт “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй”, 32.8.4 дэх заалтад “баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх” эрхтэй, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ”, 56 дугаар зүйлийн 56.5.2 дахь заалтад “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56.5.3 дахь заалтад “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж тус тус хуульчилсан.

Багийн Засаг даргыг сонгохтой холбоотой хуулийн “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж заасны дагуу олонхын санал, хамгийн олон санал гэх 2 ойлголт нь ялгаатай бөгөөд олонхын саналын буюу мажоритар систем нь дотроо “Дийлэнх олонх” (Нэр дэвшигч сонгуульд ялахын тулд тухайн тойрогт санал өгсөн сонгогчдын 50+1 санал авсан байх ёстой.) “Харьцангуй олонх” (Нэр дэвшигч өрсөлдөгчдөөсөө харьцангуй олон санал авсан байвал саналын тоо 50% хүрсэн эсэхийг үл харгалзан түүнийг ялсанд тооцох арга) “Үнэмлэхүй олонх” (нийт саналын ¾ буюу 75 хувь, 3/2 буюу 66 хувиас дээш санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцох арга) гэсэн 3 үндсэн хэлбэртэй байдаг[1].

8. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэгт “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй”, 32.8.2 дахь заалтад “Хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;” гэж зааснаар иргэдийн Нийтийн Хурал нь хуралдааны дэгийг баталж, түүгээрээ нэр дэвшигчдийн хэнийг нь ялалт байгуулсанд тооцох талаар сонгуулийн зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг хуулиар олгожээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар хуралдааныхаа дэгийг баталсан ба тус дэгийн 7.10-д “хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад өргөн мэдүүлэх тогтоолын төслийг хэлэлцэн батална.”, 7.11-д “Санал хураалтаар хэн нь ч олонхийн санал аваагүй болон тэнцсэн бол хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийг дахин санал хураалтад оруулж хэн нь ч олонхийн санал аваагүй бол Засаг даргад дахин шинээр нэр дэвшүүлэх ажиллагааг явуулна .” гэж ту тус зохицуулжээ.

Тус Ширхэнцэг 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралдааны тооллогын комиссын тогтоолоор “....нэр дэвшигчдийн хэн аль нь олонхын санал аваагүй....” гэсэн тул дахин санал хураах шаардлагатай байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй мэт боловч талуудын маргаж буй хүчингүйд тооцсон 21 саналын хуудас санал хураалтын үр дүнд хэрхэн нөлөөлсөн талаар дүгнэлт хийх шаардлагатай.

9. Санал хураалтын үр дүнг нийт хүчинтэй саналын хуудасны тооноос тооцох нь зүйтэй бөгөөд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд саналын хуудсыг хүчингүйд тооцох талаар зохицуулалт тусгагдаагүй тул тус хуульд нийцүүлэн гаргасан хууль болох Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай заалтыг төсөөтэй хэрэглэх боломжтой бөгөөд бүх шатны сонгууль нь зарчмын хувьд ижил юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Тойрогт ногдох мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно.” гэж заасан байх ба Ширхэнцэг 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дэгийн 7.8-д “Оролцогч зөвхөн 1 нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө. Үүнээс олон нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцно.” гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүчингүй болсон 21 саналын хуудсыг эх хувиар нь Ширхэнцэг 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас шаардсан боловч эх хувийг ирүүлээгүй ба “...хүчингүй 21 саналын хуудасны 8 нь хоосон, 13 нь буруу тэмдэглэгээ хийсэн байсан...” гээд гэрэл зургийг хавсаргасан ирүүлсэн тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой гэж дүгнэв.

Хүчингүйд тооцсон саналын хуудсыг нь санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй бөгөөд тооллогын комиссын хүчингүйд тооцсон 21 саналын хуудсыг нийт сонгогчид буюу 315 хүнээс хасаад нийт 294 хүчинтэй саналын хуудаснаас тооцоход Л.Э******* 154 санал буюу 52.3 хувь, С.О******* 140 санал буюу 47.6 хувийн санал тус тус авсан байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.10-д “Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно.” гэж заасан ба хүчингүйд тооцсон 21 саналын хуудаснаас 8 нь ямар ч тэмдэглэгээгүй байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба уг 8 тэмдэглэгээгүй 8 саналын хуудсыг хүчингүйд тооцсон нь хуульд нийцээгүй байна.

Зүй нь санал хураалтад оролцсон 315 хүнээс хүчинтэй саналын хуудасны тоо 302 байх бөгөөд (хүчингүй саналын хуудас 13-ыг хасаад) уг 302 хүчинтэй саналын хуудаснаас Л.Э******* 154 буюу 50.9, С.О******* 140 буюу 46.3 хувийн санал авсан байна.

Аль ч тохиолдолд Л.Э******* хүчинтэй санал өгсөн сонгогчдын 50-иас илүү хувийн саналыг авсан байх тул түүнийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг 2 дугаар багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр хуульд нийцэж байна.

10. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална” гэж заасан бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга ... томилно.” гэж заасны дагуу Ширхэнцэг 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Л.Э*******ыг Ширхэнцэг 2 дугаар багын Засаг даргад нэр дэвшүүлж, багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжилсны дагуу сумын Засаг дарга Л.Э*******ыг багийн Засаг даргаар томилсон нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 56.5.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.О*******ийн “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Д.Хадбаатарын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Л.Э*******г албан тушаалд томилох тухай” Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.ОДБААТАР

 

[1] Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо “Сонгуулийн боловсрол онол, арга зүйн сэтгүүл, 2025 он, №1” (2025), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2208