Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/421

 

 

 

 

 

 

 

   2024              4             09                                        2024/ДШМ/421

З.Аад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор С.Баяр-Эрдэнэ,

           хохирогч М.М,

           нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

           Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/6 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Аын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2304000000125 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч З.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 01-нээс 2-нд шилжих шөнө 02 цагийн орчимд ...тоотод гэртээ хохирогч М.Мыг цүнхээ авахаар очих үед нь түүний хүсэл зоригийн эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орох зорилгоор хүч хэрэглэж буюу зочны өрөөнийхөө буйдан дээр дарж хэвтүүлэн, өмсөж явсан өмд, дотуур өмдийг нь гуя хүртэл шувтлан тайлж, эсэргүүцэл үзүүлэн орилоход нь “чимээгүй бай” гэж 2 удаа алгадан, нэг гараараа хоолойг нь боох, нөгөө гараараа амыг нь дарах зэргээр дарж бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн,

мөн хохирогч М.Мын биед хүч хэрэглэн халдаж, хүчиндэх явцдаа эрүүл мэндэд нь “бэлгийн их уруулын хэсэгт ил шарх, баруун талын гуя, зүүн талын шилбэний хэсэгт цус хуралт, зүүн талын хөлийн шагайн үений зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

            Багануур дүүргийн прокурорын газраас: З.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, З.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг журамлан З.Аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцон 30 /гуч/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Аад оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар З.А нь хохирогч М.Мын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.500.000 төгрөг төлснийг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол З.Аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, З.Аад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч З.А давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр болсон хэрэг явдлын улмаас ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Иймээс давхар зүйлчлэл болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчид хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг дахин хянан шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч З.Аын давж заалдах гомдолд холбогдуулан өмгөөлөгч Д.Цолмон гаргасан тайлбартаа: “… З.Аын өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд З.Ааас тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Давж заалдах гомдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн ял шийтгэсэн байдлыг эс зөвшөөрч байгаа талаар дурджээ. З.Аын энэхүү гомдол үндэслэлтэй юм. Өмгөөлөгчийн хувьд шүүх эмнэлгийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 287 дугаар шинжээчийн дүгнэлтээр “... бэлэг эрхтэнд үүссэн ил шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” хэмээн дүгнэснийг үндэслэлгүй хэмээн үзэж прокурор, мөн шүүхэд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилон дүгнэлт гаргуулах талаар хүсэлт гаргасан. Учир нь, эмэгтэйчүүдийн үзлэгээр бэлгийн их уруулын доод хэсэгт 0.5x0.2 см /маш бага хэмжээтэй/ улайж урагдсан шарх илэрсэн гэх ба энэхүү шархны хэмжээ зэргээс дүгнэхэд энэ шархнаас улбаалж гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан “бэлэг эрхтний бүтэц, үйл ажиллагаа хямрах” үр дагавар үүсэхгүй байх үндэслэлтэй байна. Гэтэл прокурор, шүүхээс энэ байдлыг анхаарч үзээгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн биед гэмтэл учирсан эсэх талаар давтан дүгнэлт гаргуулж, хэргийг хуулийн дагуу үндэслэлтэйгээр шийдвэрлүүлэх нь хуульд нийцэх юм гэжээ.

           Хохирогч М.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой санал нийлж байгаа. ...” гэв.

Прокурор С.Баяр-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч З.А нь хохирогч М.Мын биед хүч хэрэглэн халдаж хүчиндэх явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу тухайн гэмт үйлдлийг давхар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч З.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 01-нээс 2-нд шилжих шөнө 02 цагийн орчимд ...тоотод гэртээ хохирогч М.Мыг цүнхээ авахаар очих үед нь түүний хүсэл зоригийн эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орох зорилгоор хүч хэрэглэж буюу зочны өрөөнийхөө буйдан дээр дарж хэвтүүлэн, өмсөж явсан өмд, дотуур өмдийг нь гуя хүртэл шувтлан тайлж, эсэргүүцэл үзүүлэн орилоход нь “чимээгүй бай” гэж 2 удаа алгадан, нэг гараараа хоолойг нь боох, нөгөө гараараа амыг нь дарах зэргээр дарж бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн,

мөн хохирогч М.Мын биед хүч хэрэглэн халдаж, хүчиндэх явцдаа эрүүл мэндэд нь “бэлгийн их уруулын хэсэгт ил шарх, баруун талын гуя, зүүн талын шилбэний хэсэгт цус хуралт, зүүн талын хөлийн шагайн үений зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Мын “... У бид хоёр тэндээсээ гараад би гэртээ орох гэтэл миний цүнх байгаагүй, цүнх дотроо гэрийн түлхүүрээ хийсэн байсан учраас эргээд З.Аын гэр рүү явж, хаалгыг нь тогшиход онгойлгосон бөгөөд “цүнхээ авъя” гэсэн чинь ороод ав гэсэн. Тэгтэл З.А хаалгаа хаагаад түгжээд над руу шууд дайраад эхэлсэн. Том өрөөнд нь ороод цүнхээ хайж байгаад эргээд хартал З.А доогуурх бүх хувцсаа тайлаад хамаг юмаа гаргачихсан шалдан зогсож байсан. Намайг орон дээр шууд дараад миний дээр гараад хэвтсэн, би орилсон бөгөөд миний амыг гараараа дараад “чимээгүй байж бай” гээд байсан. Тухайн үед би гар утсаараа найзтайгаа ярьж байгаад З.Аын гэрт орсон бөгөөд  гар утсаа таслаагүй орсон учраас найзыгаа сонсоно гэж бодсон. Тэгээд тэнд нэлээн удаан ноцолдож байхдаа миний өмсөж явсан өмдийг дотуур өмдтэй хамт гуя хүртэл шууд  доош нь гараараа тайлсан.  …миний хоолойг гараараа боогоод нэг гараараа амыг маань таглачихаад “чимээгүй байж бай, ганц шөнө хийх гэж байхад, дахиж хийхгүй шүү дээ” гээд байсан. Тэгж байхдаа миний хацар руу 2 удаа алгадсан, амнаас гараа аваад миний бэлэг эрхтэн рүү хуруугаа хийгээд хөх бөгс гараараа базаад байсан. Би өмдийг маань шувталсны дараа орилсон, хоёр хөлөө хавчаад эсэргүүцээд дээрээсээ босгох гэж түлхсэн, цохисон бөгөөд дийлэхгүй байсан. Бэлгийн харьцаанд бол ороогүй, өмнө дотно харьцаа бол байгаагүй. ...” /хх 11-12/,

гэрч М.М-ийн “...М.М нь утсаа таслалгүй айл руу орсон. Тэгж байснаа гэнэт М.М “хөөе чи зүгээр байгаач, тэнэг юм уу, зүгээр байгаач” гээд орилоод эхэлсэн. Дахиад залгатал М.М “хөөе чи тэнэг юм уу дээрээс босооч” гэсэн яриа утасны цаанаас сонсогдоод байсан. Хаалга онгойлгоход М.М мөлхөө шахуу гарч ирснээ цүнхээ хайж байгаад эргэж харахад тэр залуу доогуурх өмдөө тайлчихсан, шалдан зогсож байсан. Тэгээд намайг дарж хэвтээд оролдоод ганц хийчихье гээд дайраад, нүүр рүү нь 2 удаа алгадсан гэсэн. ...” /хх 14-15/,

гэрч Л.А-ын “...Тэгээд хаалгыг нь тогшсон чинь онгойлгож өгөхгүй, дотор нь түчигнээд дуугараад байсан. Би гэртээ харихаар түрүүлээд доошоо буух үед хаалга дуугараад дотроос нь М.М гарч ирээд газар суугаад уйлаад байсан. ...” /хх 17/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 287 дугаар “...М.Мын биед бэлгийн их уруулын хэсэгт ил шарх, баруун талын гуя, зүүн шилбэний хэсэгт цус хуралт, зүүн талын хөлийн шагайн үений зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх бэлэг эрхтэнд үүссэн ил шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 25-26/ гэсэн дүгнэлт,

согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлт /хх 83/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч З.Аыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч З.Аын хохирогч М.Мыг буйдан дээр хүчээр дарж хэвтүүлэн, өмсөж явсан өмд, дотуур өмдийг нь тайлж, эсэргүүцэл үзүүлэн орилоход нь “чимээгүй бай” гэж 2 удаа алгадан, нэг гараараа хоолойг нь боох, нөгөө гараараа амыг нь дарах зэргээр дарж бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийсэн,

мөн хүчээр бэлгийн харьцаанд орох зорилгоор хохирогч М.Мд хүч хэрэглэхдээ эрүүл мэндэд нь “бэлгийн их уруулын хэсэгт ил шарх, баруун талын гуя, зүүн талын шилбэний хэсэгт цус хуралт, зүүн талын хөлийн шагайн үений зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч З.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг журамлан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосон нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шуадрга ёсны зарчимд нийцсэн төдийгүй мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Шүүгдэгч З.А “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг дахин хянан шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

            Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг болно.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.

Хохирогч М.Мын “...миний хацар руу 2 удаа алгадсан, амнаас гараа аваад миний бэлэг эрхтэн рүү хуруугаа хийгээд хөх, бөгс гараараа базаад байсан. ...өмдийг маань шувталсны дараа орилсон, хоёр хөлөө хавчаад эсэргүүцээд дээрээсээ босгох гэж түлхсэн, цохисон бөгөөд дийлэхгүй байсан. ...” /хх 11-12/ гэсэн мэдүүлэг, шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 287 дугаар “...М.Мын биед бэлгийн их уруулын хэсэгт ил шарх, баруун талын гуя, зүүн шилбэний хэсэгт цус хуралт, зүүн талын хөлийн шагайн үений зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх бэлэг эрхтэнд үүссэн ил шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 25-26/ гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч З.А хохирогч М.Мын биед хүч хэрэглэн халдаж, хүчиндэх явцдаа гарын хуруугаараа эрүүл мэндэд нь “бэлгийн их уруулын хэсэгт ил шарх, ... бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийн хангаж байна.

Иймд шүүгдэгч З.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч З.Аын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 88 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Шүүгдэгч З.А нь өмгөөлөгч Д.Цолмонгоос татгалзсан байх бөгөөд өмгөөлөгч Д.Цолмон нь шүүгдэгч З.Аын давж заалдах гомдолд холбогдуулан тайлбар бичжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн зөвшөөрснөөр, эсхүл хүссэнээр тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн нь өмгөөлөгч сонгож болно” гэж,

мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч өмгөөлөгчөөсөө татгалзсан бол түүнд өөр өмгөөлөгч сонгох боломж олгоно” гэж тус тус заажээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч З.Аын гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнтэй холбогдож, шүүгдэгч З.А өмгөөлөгчтэй оролцох эсэх талаар тодруулсан бөгөөд гэр бүлийн гишүүн болох хүн шүүгдэгч З.Атай уулзаж, энэ талаар лавлахад өмгөөлөгч авахгүй гэсэн талаар мэдэгдсэн болохыг дурдаж байна.

Шүүгдэгч З.Аын хувьд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаанд заавал өмгөөлөгчтэй оролцох нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/6 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Аын цагдан хоригдсон 88 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ,

               ШҮҮГЧ                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР