Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 201/МА2021/27

 

*******ы нэхэмжлэлтэй, П.Болормаад холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Ж.Долгормаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 28-ны өдрийн 138/ШШ2021/00396 дугаар шийдвэртэй, *******ы нэхэмжлэлтэй, хариуцагч*******д холбогдох 5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч*******гийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 07 сарын 09ий өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр иргэн*******тай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Хэрлэн сумын 6 дугаар баг******* тоотод байрлах хашаа, байшинг гражийн хамт 30 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед дагалдаж ирсэн граж нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй байсан учраас гэрээнд гражийн талаар тусгаагүй. Үүнийг далимдуулж Болормаа надтай хэл ам хийж, намайг байнга дарамтлах болсон. Анх энэ байрыг гражийн хамт худалдаж авахаар тохирсон. Тийм ч учраас гражийн төлбөр болох 5 000 000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Болормаагийн данс руу шилжүүлсэн. Тэгээд анх тохирсон 30 000 000 төгрөгөөс гражийн үнийг хасаад төлөх ёстой мөнгөн дүн болох 25 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, сар бүрийн 9-ний өдрийн дотор 507 000 төгрөг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан. Бидний хооронд гражийн төлбөр тооцоо хийгдсэн, тооцоо дууссан учир гэрээндээ гражийн талаар тусгаагүй юм. Өнөөдрийн зах зээлийн ханшаар ч бүтэн засвар хийгдсэн, Ивээлийн /СМУ-гийн/ 2 өрөө орон сууц 30 000 000 төгрөг хүрэхгүй байхад 3 жилийн өмнө хаана ч байхгүй ханшаар буюу 30 000 000 төгрөгөөр хэн ч худалдаж авахгүй. Гэтэл******* нь граж огт оролцуулалгүй дээрх орон сууцыг 30 000 000 төгрөгөөр худалдаж, урьдчилгаанд 5 000 000 төгрөг авсан мэтээр гуйвуулж ярьж байна. Үнэхээр анхнаасаа 30 000 000 төгрөгөөр орон сууцыг авсан бол гэрээндээ үл хөдлөх хөрөнгийг 30 000 000 төгрөгөөр худалдаж авснаа, үүнээс урьдчилгаанд 5 000 000 төгрөг төлж байгаагаа тодорхой тусгах байсан. Миний хувьд гэрээний нөхцлийг зөрчилгүй үүргийн гүйцэтгэлээ хангаад, төлбөрийг сар бүр буюу 35 сарын хугацаанд төлөөд явж байна. Өөрийн худалдаж авсан гражийг одоог хүртэл ашиглаж байгаа. Өөрөө машингүй байхдаа бусдад түрээслүүлж байсан. Өөрийн гэсэн машинтай болоод гражаа байнга ашиглаж эзэмшиж байна. Миний хувьд гражийг хашаандаа үлдээх саналтай байна. Хэрвээ Болормаа надаас гражаа буцааж авах юм бол би гражийн үнэнд төлсөн 5 000 000 төгрөгөө буцаан гаргуулах саналтай байна. Гражаа буцааж авна гэвэл өөрийн газар дээр граж байлгахыг зөвшөөрөхгүй. Харин буулгаж авахыг зөвшөөрч байна.” гэжээ.

Хариуцагч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр******* тоот 3 өрөө байрыг 30 000 000 төгрөгөөр *******д худалдахаар харилцан тохиролцож нотариатаар баталгаажуулан гэрээ байгуулсан. Тухайн үед *******д байрыг зарахдаа 5 000 000 төгрөгийн урьдчилгаа авч, үлдсэн 25 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр сар бүр 507 000 төгрөгөөр төлж дуусгахаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэхдээ би гражийг орон сууцанд оруулж зараагүй. Зөвхөн ашиглаж байхыг зөвшөөрсөн. Өөрөө гражаа ашиглах шаардлага гараад ашиглах гэхэд Энхтайван энэ граж байртайгаа хамт ирсэн учраас өгөхгүй гэж хэлснээр бид хоёрын дунд маргаан үүссэн. Үүнээс гадна Энхтайван удаа дараа байрыг буцаая гэж худлаа ярьж намайг сүрдүүлсэн. Үүнээс болж би санхүүгийн хувьд маш их хохирол амссан. Энхтайваныг байраа буцаая гэж худлаа ярьснаас болж өөр хүнд байраа худалдаад урьдчилгаа мөнгө авсан. Гэтэл Энхтайван байрыг буцаагаагүй учраас би тэр хүнд өртэй болоод хоцорсон. Дараа нь дахиад байраа буцаая гэж хэлэхээр нь би банкнаас 7 000 000 төгрөгийн зээл авч Энхтайванд өгсөн. Гэтэл удалгүй би байраа буцаахаа болилоо гээд буцаагаад над уруу 7 000 000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Энэ талаарх нотлох баримтыг хавтас хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Худлаа ярьж намайг олон удаа хохироосон учраас би өмнөх шүүх хурал дээр гэрээгээ албан ёсоор цуцлуулах тухай нэхэмжлэл гаргаж, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 138/ШШ2021/00088 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Энэ шүүхийн шийдвэр гарах явцад Энхтайван анх байгуулсан гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл Энхтайван байрны урьдчилгаанд өгсөн 5 000 000 төгрөгийг гэрээнд тусгагдаагүйг далимдуулж гражийн төлбөрт 5 000 000 төгрөг төлсөн гэж худлаа ярьж байна. Мөн Энхтайваны одоогийн гаргаж буй тайлбар нь өмнөх шүүх хурал дээр гаргасан тайлбараас зөрж байна. Анх гражийг байрны хамт дагалдуулж зарсан бол гэрээ байгуулахдаа гражийн хамт худалдсан гэж тусгах байсан. Тухайн үед энэ граж 10 000 000 төгрөгөөр үнэлэгддэг байсан. Би юу гэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй гражийг 50 хувь хямдруулж зарах юм бэ. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгоогүй шалтгаан нь СМУ-гийн газрууд гэрчилгээгүй учраас гражид тусад нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгох боломжгүй гэж холбогдох байгууллагын ажилтан хэлсэн. Үүнийг далимдуулж Энхтайван уг гражийг зүгээр авах гэсэн санаа агуулж байна. Энхтайван энэ хэрэгтэй холбогдуулан хэд хэдэн хүнээс гэрчийн мэдүүлэг авахуулсан байна. Гэрчийн мэдүүлэгтэй танилцах явцад энэ хэргийн талаар огт мэдэхгүй, ямар ч хамааралгүй хүмүүсээс мэдүүлэг авсан нь харагдаж байна. Зарим гэрчийн мэдүүлэгт энэ байр бусад байртай харьцуулахад хэтэрхий өндөр үнээр худалдагдсан гэж ярих боловч энэ байр миний өөрийн байр учраас би өөрөө үнийг тогтоосон. Энхтайван байрны үнийг хүлээн зөвшөөрч худалдаж авсан. Надаас өөр хүн бол хувь лизинг хийгээд жилийн 8 хувийн хүүтэйгээр ийм хямдхан байр зарахгүй байх байсан. Энхтайваны хувьд банкны зээлд хамрагдаж банкны нөхцөлөөр байртай болох боломжгүй байсан учраас би түүнд боломжийн үнээр байртай болох боломж олгосон. Би 2019 онд хэдэн хуучин шифр хүнээс аваад гражийнхаа хойд талд хурааж тавьсан. Яагаад гэвэл хуучин шифрүүд байсан учраас заавал гражид хийх шаардлагагүй байсан. Гэтэл үүнийг Энхтайваны охин гэрчээр өгсөн мэдүүлэгтээ намайг шифр авчраад гражид хийгээгүй, үнэхээр өөрийнх нь байсан бол гражид хийх байсан гэсэн утгатай тайлбар өгсөн байсан. Мөн намайг байрнаас гарахдаа гражаа суллаж өгсөн гэж бичсэн байсан. Би Энхтайванд байраа зарахаасаа өмнө өөр хүнд түрээслэдэг байсан учраас тэр хүний дутуу үлдээсэн эд зүйлс гражид байсан болохоор эзэнд нь хүлээлгэж өгсөн. Мөн гэрч Батцэцэг мэдүүлэгтээ би Болормаагийн өмнөөс түүний утасны дугаарыг бичээд байр зарна гэж фэйсбүүкт зар оруулсан гэж худлаа ярьсан байсан. Учир нь би өөрөө хаанаас ч зар оруулах боломжтой. Батцэцэг өмнө нь манай байрыг түрээсэлж байхдаа ус, цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй гарсан учраас тухайн үед төлөөгүй мөнгийг нь би өөрөө төлж барагдуулсан. Миний хувьд энэ гражийг анхнаасаа зарах бодолгүй, өөрөө ашиглах бодолтой байсан. Тийм ч учраас би Энхтайванд зөвхөн ашиглахыг л зөвшөөрсөн. Түүнээс биш Энхтайванд зараагүй. Иймд миний эд хөрөнгийг надад зарна гэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 28-ны өдрийн 138/ШШ2021/00396 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******гаас гэрээний дагуу шилжүүлсэн 5 000 000 /таван сая/ төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 94 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч******* давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч ******* нь миний гражийн үнэд 5 сая төгрөгийн урьдчилж төлсөн гэж шийдвэрлэсэн нь бодит үнэнд нийцэхгүй байна. Учир нь ******* нь:

1. Миний гражийг худалдаж авсан гэх ямар ч нотлох баримт байхгүй, гэрээн дээр ч тусгагдаагүй ба үл хөдлөх хөрөнгө худалдан авч байгаа хүн ядаж цаасан дээр ч гэсэн гражийг худалдаж авсан гэж бичих байсан.

2. Бид шүүхийн өмнө үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Гэтэл Энхтайван нь 2021.01.18-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “орон сууцны үнээс урьдчилгаанд 5 сая төгрөгийг өгөхөөр тохирсон учир үлдэгдэл 25 сая төгрөгөнд гэрээ байгуулсан” гэж мэдүүлсэн. Би үүн дээр маргаагүй. Тэр үед Энхтайван нь гражийн үнэд 5 сая төгрөг өгсөн гэж огтхон ч хэлээгүй. Тэр хурал дээр мөн л гражийн асуудал яригдсан. Гэтэл Энхтайван нь энэ шүүх хуралд гаргасан тайлбартаа 5,0 сая төгрөгийг гражийн төлбөрт өгсөн гэж өөрийнхөө нөхцөл байдалд тааруулан мэдүүлгээ өөрчлөн мэдүүлсэн.

3. 2021.01.18-нд болсон хурлын шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт гражийн талаар “граж худалдсан талаар гэрээнд тусгагдаагүй, граж үл хөдлөх эд хөрөнгийн дагалдах эд зүйл гэж үзэх боломжгүй” гэсэн учраас би тухайн үед давж заалдаагүй бөгөөд гражаа миний талд шийдэгдсэн гэж ойлгосон. Тэгээд өөрийнхөө гражийг суллуулах гээд очиход Энхтайван нь өгөхгүй гэж маргасан учраас би цагдаад хандсан. Гэтэл ******* нь уг нөхцөл байдлыг овжноор ашиглан байрны урьдчилгаанд өгсөн 5 сая төгрөгөө гражийн төлбөрт өгсөн мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж намайг санаатайгаар хохироож байна.

4. Худалдаж байгаа хүн өөрийнхөө өмчийн үнийг тогтоодог болохоос ямар ч хамааралгүй хүмүүсийг гэрчээр асуулгаж, миний байрны үнийг нотлох баримтгүйгээр тогтоолгож байгаа нь хачирхалтай байна. Би энэ гэрчүүдийг огт хүлээн зөвшөөрөхгүй, энэ талаар шүүх хурал дээр тайлбараа хэлсэн. Гэрчүүдэд ямар ч нотлох баримт байхгүй, намайг байр зарах үед ямар ч хөндлөнгийн гэрч байгаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянаж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэнээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******гаас 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 1-2 дахь тал/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч******* нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Хэрлэн сумын 6 дугаар баг,******* тоот 24 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч *******д 25 000 000 төгрөгөөр, 8 хувийн хүүтэйгээр худалдах, төлөлтийг сар бүрийн 9-ний өдрийн дотор, 2023 оны 04 сарын 09-ний өдрийн дотор 25 000 000 төгрөгийг хүүгийн хамт хэсэгчлэн төлж  дууссанаар 3 хоногийн дотор худалдагч орон сууцны гэрчилгээг шилжүүлэх үүрэг хүлээсэн байна. /хх-ийн 6 дахь тал/

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 18-ны өдрийн 138/ШШ2021/00088 дугаар шийдвэрээр хариуцагч *******д холбогдох худалдах худалдан авах гэрээнээс татгалзсаныг баталгаажуулж, гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаалгуулах тухай нэхэмжлэгч*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 10-18 дахь тал/

Энэхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нь хариуцагч*******гийн худалдах худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн болохоос одоогийн маргааны зүйл болж байгаа гражийн талаар шийдвэрлээгүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцэж байна.

Иймд хариуцагч*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч*******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 28-ны өдрийн 138/ШШ2021/00396 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч*******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        З.ЭНХЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД                                                          Ж.ДОЛГОРМАА

                                                                             С.ОЮУНТУНГАЛАГ