| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2018/0045/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2018-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 58
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон
Улсын яллагч Э.Хосбаяр,
Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч Гүнгүүл овогт Х.Бд холбогдох 1830000640052 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, “Дэлгэр Ундрах-2” дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 8-829 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ЛЮ81040370/ Гүнгүүл овгийн Х.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэр Ундрах-2” дэлгүүрийн дотор болон гадна иргэн М.Шинэбаяр, Ж.Батцэнгэл нарыг зодож М.Шинэбаярын эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхины болон салстын цус хуралт, няцралт” бүхий, Ж.Батцэнгэлийн эрүүл мэндэд нь “духны зүүн хэсгийн болон зүүн хацар, зүүн талын чихний дэлбэнгийн зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Б шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэмшиж байна гэх.
Х.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгэндээ : “...2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 12 цаг өнгөрөөгөөд байж байтал манай дэлгүүрийн үйлчлэгч Х.Дэлгэрмаагийн нөхөр М.Шинэбаяр орж ирээд манай гэрт хүмүүс ирсэн, эхнэрээ авч явж хоол цай хийлгэнэ гээд байхаар нь Х.Дэлгэрмаа нь өчигдөр ажилдаа ирээгүй. Цэвэрлэгээг нь хийж дуусгаад аваад яв гэсэн шаардлага тавьсан. Гэтэл М.Шинэбаяр намайг “том дуугарлаа овортлоо” гээд надтай маргалдсан. Тэгээд би М.Шинэбаяртай дэлгүүр дотор зууралдаж байтал М.Шинэбаяр намайг боож газар унагасан. Зууралдаж байгаад би М.Шинэбаярын нүд рүү гараараа цохьсон. Би М.Шинэбаяртай гадаа гарч мөн зууралдаж байгаад доор нь орсон. Тэгээд би босч ирээд уурандаа М.Шинэбаярыг цохьсон байсан. М.Шинэбаяртай маргалдаж байхдаа хогийн савны хажууд байсан барианы шилийг аваад М.Шинэбаяр руу шидтэл хажууд нь байсан Ж.Батцэнгэл ахыг оносон” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/
Хохирогч М.Шинэбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр манай гэрт Дорнод аймгаас хамаатны хоёр ах ирсэн юм. Тэгээд би эхнэрээ дуудаж хоол цай хийлгэх гэж ажил руу нь 12 цаг өнгөрөөж очоод эхнэр Х.Дэлгэрмааг дуудтал манай эхнэр Х.Б ахаас чөлөө авч гэр рүүгээ яваад ирье гэтэл Х.Б нь юу яриад байгаа юм цэвэрлэгээгээ хийхгүй байж гэж байсан. Би тухайн үед Х.Б ахад уурлаж “Та юун сүртэй юм бэ, яваад удахгүй ирнэ ш дээ” гээд лангууныхаа ард нь байхад нь түлхсэн юм. Гэтэл Х.Б ах лангууныхаа араас гарч ирээд намайг заамдаад байхаар нь адилхан заамдаж байгаад доороо хийж унасан. Тухайн үед Ж.Батцэнгэл гэдэг ах орж ирээд бид хоёрыг салгаж дэлгүүрээс гаргасан. Тэгээд дэлгүүрээс гараад Х.Б ахтай маргалдаж байхдаа хажуудаа байсан хогийн савыг өшиглөтөл дээр нь байсан барианы шил газар унасан. Тэр шилийг Х.Б нь авч над руу шидэх гэж байгаад миний хажууд байсан Ж.Батцэнгэл ахыг онож толгойг нь хагалсан. Тэгээд Х.Б нь уурлаж над руу дайраад миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохьсон. Бид хоёр өөрөөр хоорондоо зодолдоогүй. Тухайн үед миний нүд хавдаж хөхөрсөн байсан. Одоо миний нүд эдгэж байгаа. Х.Б ах архи дарс уугаагүй эрүүл байсан. Би ч гэсэн тухайн үед эрүүл байсан. Манай эхнэрийг явуулахгүй, цэвэрлэгээгээ хий гээд уурлаад байхаар нь би бас тухайн үедээ уурлаж хоорондоо маргалдаж зодолдох шалтгаан болсон. Х.Б ахтай дэлгүүр дотор маргалдаж байхад Ж.Батцэнгэл ах орж ирэхдээ зүгээр орж ирж байсан. Тэгээд бид хоёрыг гадаа гар гээд дагуулаад гарч хажууд зогсож байгаад шилэнд оногдож толгой нь хагарсан. Надад ямар нэгэн гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй. Би одоо Х.Б ахтай учраа олж эвлэрсэн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/
Хохирогч Ж.Батцэнгэлийн мөрдөн байцаалтанд өгсөн:“...2018 оны 02 дугаар сарын 19-ний өглөө гэртээ байж байтал “Дэлгэр-Ундрах-2” дэлгүүрийн эзэн Үүрцайх гэдэг залуу над руу утсаар яриад “өнөөдөр манай галч байхгүй байгаа та ирээд дэлгүүрийн гал түлээд өгөх үү” гэхээр би зөвшөөрч дэлгүүрт нь очиж гал түлсэн. Тэгээд өдрийн 13 цагийн орчим дэлгүүрийнх нь галыг түлчихээд дэлгүүр рүү нь ортол Х.Б, М.Шинэбаяр гэх хоёр хүн хоорондоо зууралдаад зогсож байхаар нь голоор нь орж болиулсан юм. Гэтэл тэр хоёр гадаа гараад мөн адил хоорондоо зууралдаад байхаар нь салгаад хоёр тийш нь болгоод Х.Б нь М.Шинэбаяр руу барианы шил шидэх гэж байгаад миний толгойг онож хагалсан. Тухайн үед миний толгойноос их цус гарч байсан. Эмнэлэгт үзүүлж хэд хэдэн оёдол тавиулсан. Одоо миний толгой зүгээр, эдгэж байгаа. Миний толгойг Х.Б нь хагалах үед М.Шинэбаярын нүд нь зүгээр хэвийн байсан. Би толгойгоо хагалуулчихаад цэвэрлээд эргээд гараад ирэхэд М.Шинэбаярын зүүн нүд нь хөхөрсөн байсан. Х.Бат-Эрдэнийн биед учирсан гэмтэл бэртэл харагдаагүй. Би Х.Бтэй маргалдаж муудсан зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/
Гэрч Х.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ ирээд удаагүй байхад манай нөхөр М.Шинэбаяр нь миний араас ирээд гэрт хүмүүс ирчихлээ, очиж хоол цай хийх хэрэгтэй байна гэж надад хэлэхээр нь би дөнгөж ажил дээрээ ирээд удаагүй байхад буцаад дуудлаа гэж бид хоёр хоорондоо маргалдсан юм. Гэтэл манай дэлгүүрийн худалдагч Х.Б надад хандаж “ажил дээрээ ирээд цэвэрлэгээгээ хийхгүй байж буцаж явах гэлээ” гэж надад шаардлага тавьж байсан юм. Тэгээд би дэлгүүрийнхээ цэвэрлэгээгээ хийгээд дэлгүүр дотуур явж байхад манай нөхөр М.Шинэбаяр нь Х.Б ахтай маргалдсан байсан. Тухайн үед би ямар учраас муудсан талаар мэдээгүй. Тэгээд Х.Б ах М.Шинэбаяр хоёрыг хоорондоо муудаад байхаар нь яваад очтол тэр хоёр хоорондоо зууралдаад зогсож байсан. Дэлгүүр дотор байсан Ж.Батцэнгэл гэдэг хүн тэр хоёрыг салгаж гадаа гаргаж байсан. Тэгээд Х.Б ах М.Шинэбаяртай гадаа гарч зодолдоод байсан. Би дэлгүүр дотроос харж байхад Х.Б ах манай нөхөр М.Шинэбаяр руу газраас шил авч шидэх гэж байгаад хажууд нь байсан Ж.Батцэнгэл ахын толгойг нь онож хагалсан. Х.Б ахын нүүр нь бага зэрэг улайсан байсан. Харин Ж.Батцэнгэл ахын толгой нь хагарч цус гарсан байсан. Манай нөхөр М.Шинэбаярын зүүн нүд нь хөхөрсөн байсан. Тухайн үед юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Дараа нь сонсоход манай нөхөр рүү чанга дуугаар шаардлага тавьсан. Тэгээд хоорондоо муудсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаартай дүгнэлтэд: М.Шинэбаярын биед зүүн нүдний дээд, доод зовхины болон салстын цус хуралт, няцралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 16/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаартай дүгнэлтэд: Ж.Батцэнгэлийн биед духны зүүн хэсгийн болон зүүн хацар, зүүн талын чихний дэлбэнгийн зүсэгдсэн шарх гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлтүүд /хх-ийн 19/
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, / хх-н 01 х /
- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, / хх 02 х /
- Х.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 30 х /
- Х.Бат-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 33 х /
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9-р багийн Засаг даргын 2017 оны 03 сарын 27-ны өдрийн 09/193 дугаартай албан тоот, / хх-н 31 х / зэрэг болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд хангагдсан буюу Х.Бат-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хэрэгт нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нь хохирогч М.Шинэбаяр, Ж.Батцэнгэл, шүүгдэгч Х.Б нарын Прокурорын газарт гаргасан хүсэлтүүдээр тогтоогдох тул холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэр Ундрах-2” дэлгүүрийн дотор болон гадна иргэн М.Шинэбаяр, Ж.Батцэнгэл нарыг зодож М.Шинэбаярын эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхины болон салстын цус хуралт, няцралт” бүхий, Ж.Батцэнгэлийн эрүүл мэндэд нь “духны зүүн хэсгийн болон зүүн хацар, зүүн талын чихний дэлбэнгийн зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Шинэбаяр, Ж.Батцэнгэл, гэрч Х.Дэлгэрмаа нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн эмчийн 106, 108 тоот дүгнэлтүүд, болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Х.Б нь хохирогч Ж.Батцэнгэл, М.Шинэбар нарын биед гэмтэл учируулсан болох нь шүүгдэгч Х.Бат-Эрдэнийн ”... Би М.Шинэбаяртай гадаа гарч мөн зууралдаж байгаад доор нь орсон. Тэгээд би босч ирээд уурандаа М.Шинэбаярыг цохьсон, М.Шинэбаяртай маргалдаж байхдаа хогийн савны хажууд байсан барианы шилийг аваад М.Шинэбаяр руу шидтэл хажууд нь байсан Ж.Батцэнгэл ахыг оносон “гэх, хохирогч М.Шинэбаярын “...Х.Б нь уурлаж над руу дайраад миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохьсон” гэх, Ж.Батцэнгэлийн “...Х.Б нь М.Шинэбаяр руу барианы шил шидэх гэж байгаад миний толгойг онож хагалсан” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдоно.
Шүүгдэгч Х.Б нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсэн атлаа иргэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ.
Шүүгдэгч Х.Бд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотолж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх бөгөөд мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Х.Бат-Эрдэнийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч Х.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан гэмтэл арилсан, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи прокурорын саналын хэмжээгээр торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Х.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Шинэбаяр, Ж.Батцэнгэл нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдая.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг,36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гүнгүүл овогт Хүрэлбаатарын Бат-Эрдэнийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар Х.Бат-Эрдэнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/ зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бат-Эрдэнийг орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Ялтан Х.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Шинэбаяр, Ж.Батцэнгэл нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Ялтан Х.Б шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР