| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2025/0061/З |
| Дугаар | 159/ШШ2025/0072 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 159/ШШ2025/0072
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:159/2025/0061/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.М*******
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга нарын хооронд үүссэн
“Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Д.М*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагч Д.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Д.М******* нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Д.М*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн зүйлгүй дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Д.М*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/13 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг үндэслэн тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.М*******т “...удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг, үүргийг хангалтгүй биелүүлсэн тул...” албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
1.2. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-т “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь сонгох боломжийн хүрээнд дээрх сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
1.3 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/34 дугаар захирамжаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга Т.Болдбаатарыг сумын Засаг даргаар томилсон захирамжийг хүчингүй болгож, Б/35 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын албан үүргийг сумын Засаг даргын орлогч Д.Н*******т хариуцуулсан байх тул төрийн албаны тасралтгүй байх зарчмын үүднээс сумын Засаг даргын орлогч Д.Н******* үргэлжлүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч Д.М******* шүүхэд бичгээр, шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбартаа: “Миний бие Боржигон овогт Даваажавын М******* нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн иргэн. Ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын Тамгын газарт Тамгын газрын дарга ажилтай. Төрийн захиргааны Дөтгөөр зэрэгт Ахлах түшмэл. Би төрийн албанд 14 дэх жилдээ ажиллаж байна.
Ажиллаж байх хугацаандаа хамт олноо манлайлан ажиллаж, үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөг 80-95 хүртэлх хувиар үнэлүүлэн ажиллаж аймгийн Засаг даргын захирамжаар Туслах түшмэлийн Дөтгөөр зэргээс эхлэн одоо ахлах түшмэлийн дөтгөөр зэргийг 2025 оны 3 дугаар 31-ний өдрийн А/132 тоот захирамжаар авсан байна.
Би 2013 оны 11 дүгээр 26-ны өдөр “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг” өргөсөн. Би өөрийн хүсэлтээр болон байгууллагын удирдлага хооронд харилцан зөвшилцөж 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Мандал сум хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс тус газарт Орхонтуул сум хариуцсан мэргэжилтэнээр шилжин ажилласан. Ажиллаж байх хугацаандаа Удирдлагын академид 2014, 2019 онд богино хугацааны, 2023 онд Ахлах түшмэлийн мэргэшүүлэх сургалтанд тус тус хамрагдсан.
Ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан "Удирдах албан тушаалын сонгон шалгаруулалт"-нд орж тэнцэн Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулан, Төрийн албаны зөвлөлийн "Нэр дэвшүүлэх тухай" 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 92 тоот тогтоолоор Орхонтуул сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/185 тоот захирамжаар Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байна.
Ажиллаж байх хугацаандаа хамт олноо удирдах зохион байгуулах, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулинд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн иргэдээс санал гомдолгүй ажиллаж байна.
Гэтэл сумын Засаг дарга Т.Болдбаатар 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 тоот захирамжаар миний цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Би үүрэгт ажилдаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт олон ажиллаж байгаа хүмүүс төдийгүй төр, төсвийн байгууллагын дарга нар, хүмүүс мэднэ.
Сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй, мөн уг хуулинд заасны дагуу тайлбар гаргах боломж надад олгоогүй.
Би 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цагаас Тамгын газрын аппаратын хурлыг зохион байгуулж ажил төрлийн яриа хийж албан хаагчдад үүрэг чиглэл өгсөн. Энэ хурал дээр сумын Засаг дарга Т.Болдбаатар, Засаг даргын орлогч Д.Н******* болон бусад албан хаагчид, мэргэжилтнүүд оролцсон бөгөөд хурлын үеэр Засаг дарга Т.Болдбаатар намайг Малын үржил бүртгэлийн асуудал хариусан мэргэжилтэний албан тушаал дээр тусгай шалгалтанд тэнцээгүй иргэн И.Ш*******ыг ажилд авах, жолооч ажилтай Р.С*******ыг ажлаас хууль бусаар халахыг шаардахад нь би “....хууль бус томилгоо хийж, хууль бусаар хүн ажлаас халахгүй, ямар их дарамт шахалт үзүүлдэг юм бэ...” гэж хэлэхэд над руу “...чамайг ч ажлаас халах мэдэл байгаа, чамд хариуцлага тооцно чи чаддаг ажлаа хий, хуучин ажил дээрээ оч...” гэх мэтчилэн албан тушаалаараа далайлгаж дарамталсан. Хууль бус томилгоо хийх, хууль бусаар ажлаас хүн халах үүрэг даалгаварыг нь биелүүлээгүйн төлөө ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж сахилгын шийтгэл тооцсонд гомдолтой байна. Мөн Засаг дарга Т.Болдбаатар 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр албан өрөөндөө дуудаж намын бүлгээс С.Э******* /Төсвийн ерөнхий нягтлан бодогч/ та хоёрыг ажлаас нь хал эсвэл өөр ажил албан тушаал дээр тавь тэгж чадахгүй бол намайг ажлаа өг гэж шаардаад байна гэхэд нь би хууль журмын дагуу томилогдсон тушаал буурах, ажлаа өгөх алийг нь ч хүлээн авахгүй гэж хариу өгч байсан. Мөн холбогдох хууль журмыг нь тайлбарлаж хэлж байсан.
Энэ байдал дахин давтагдаж 3 дугаар сард мөн ажлаа өг би намын бүлгээс 1 сарын хугацаатай үүрэг авсан гэж албан өрөөндөө дуудаж хэлсэн.
Би Тамгын газрын даргаар томилогдсон цагаас эхлэн төрийн захиргааны зэрэг дэвээ хууль журмын дагуу аваагүй байсан Рашаант тосгоны нийгмийн бодлогын мэргэжилтэн О.Ц*******, байгаль орчны хяналтын улсын байцаагч О.М******* нарын зэрэг дэв шинээр авах саналыг хүргүүлж шинээр Дэс түшмэлийн Дөтгөөр зэрэг, Төсвийн Ерөнхий нягтлан бодогч С.Э******* Дэс түшмэлийн Тэргүүн зэрэг, Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Х*******, Төрийн сангийн мэргэжилтэн Д.С******* нар Дэс тшмэлийн Дэд зэргийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлж аймгийн Засаг даргын захирамжаар олгуулсан. Төрийн үйлчилгээний албан хаагчдад ур чадварын нэмэгдэл, улирлын урамшууллыг хууль журмын дагуу олгож ирсэн. Энэ бүгд баримтаар нотлогдоно.
Орхонтуул сумын Засаг дарга Т.Болдбаатарыг албан үүргээ хэвийн гүйцэтгэхэд шаардлагатай суурин компьютер шинээр, мөн нягтлан бодогч Б.Х, төрийн сангийн мэргэжилтэн Д.С*******, хүнс, жижиг дунд үйлдвэрлэл хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Х******* нарт шинээр зөөврийн компьютер байгаль орчны хяналтын улсын байцаагч О.М*******д 3 үйлдэлт өнгөт принтер, сумын архивт архивын шүүгээ шинээр худалдан авсан зэргээр албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулан ажиллаж ирсэн. Сүүлийн 15 жилийн хугацаанд сумын Засаг даргын Тамгын газрын барилга дотор их засварын ажил хийгдээгүй байсан тул сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2025 оны хөрөнгө оруулалтаар сумын Засаг даргын Тамгын газарт их засвар хийх ажлыг 197,000,000 төгрөгөөр хийхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар батлуулсан.
Мөн 2024 онд сумын Засаг даргын Тамгын газарт сантехникийн засварын ажлыг 65,000,000 төгрөгийн төсөвтэйгээр батлуулж, хийлгэсэн. Ингэснээр 2024-2025 оны өвөл Тамгын газрын нэг ч өрөөнд халаагуур тень залгаагүй албан хаагчдын ажиллах орчинг сайжруулсан. Мөн Тамгын газрын хэсэгчилсэн засварын ажил, интернэт сүлжээний засвар зэрэг байгууллага хамт олны ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэх зэргээр албан үүргээ хангалттай гүйцэтгэж ирсэн.
Би нэг өдөр, нэг цаг ч ажлаа тасалж байгаагүй, илүү цагаар ажиллаж дутуу орон тоогоо нөхөж байхгүй /сул орон тоо/ мэргэжилтний албан үүргийг өөрөө хийж ажиллаж байгаа. Үүнийхээ төлөө ямар нэгэн нэмэгдэл урамшуулал авдаггүй болно. 2025 оны эхний 4 сарын байдлаар сумын Засаг даргын Тамгын газраас иргэдтэй хийх уулзалтыг баг тус бурт 2 буюу нийт 6 удаа 700 орчим иргэнийг хамруулж зохион байгуулсан. Мөн төрийн албан хаагчид иргэдэд зориулсан сургалт нөлөөллийн "Эерэг" сэдэлжүүлэх лекц Chila лектор, Ёс зүйн академи доктор н.Ойнмандах нарыг урьж 500 гаруй төрийн албан хаагчид, иргэд, сурагчдыг хамруулан зохион байгуулсан.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бэлтгэл ажлыг хангаж хуулийн дагуу хурлаас 3 өдрийн өмнө хэлэлцэх асуудлын материалыг бэлтгэн төлөөлөгчдөд хүргүүлэх, иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж хуулийн хугацаанд хариу өгөх, сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанааар хэлэлцүүлж батлуулах, Тамгын газрын бичиг хэргийг хөтлөх зэргээр хэнээр ч шаардуулахгүйгээр ажлаа хийж ирсэн. Оны эхний 4 сарын байдлаар хичнээн иргэдтэй уулзалт хийж, хэдэн ажил хэргийн чанартай захирамж гарч ямар, ямар ажлууд зохион байгуулагдсан нь сар бүр аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлдэг "Сарын ажлын мэдээ"-р нотлогдоно гэж би үзэж байна.
Би Төрийн албанд 14 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд сахилгын шийтгэл авч байгаагүй, төрийн албандаа хүндэтгэлтэй хандаж, эрхэлсэн ажилдаа сэтгэл, зүтгэлтэй ажиллаж байна.
Би албан үүргээ хангалттай гүйцэтгэж ажилладаг гэж үзэж байна. Сумын Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байх хугацаанд иргэдээс гомдол санал гарч байгаагүй.
Би болон Төсвийн ерөнхий нягтлан бодогч С.Э******* бид нар сумын Засаг дарга Т.Болдбаатарын ажил албан тушаалаар далайлган дарамталж хууль бус томилгоо хийхийг шаардах, хууль бусаар ажлаас халахыг шаардаж байгаа болон ажлаа өг, тушаал буур гэх зэргээр дарамт шахалт үзүүлж байгаа талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржид 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр бичгээр хандаж байсан. Энэ өргөдлийг маань Хүний эрхийн үндэсний комисст шилжүүлсэн талаар тус комиссын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ТГ-05/780 "Гомдол шийдвэрлүүлэх тухай" албан бичгээр хариу авсан.
Аймгийн Засаг даргад ажил албан тушаалын дарамт шахалт үзүүлээд байгаа талаар гомдол гаргасантай холбоотойгоор надад сахилгын шийтгэл тооцсон гэж үзэж байна. Учир нь надад сахилгын шийтгэл ногдуулсан 2025 оны 4 дүгээр 22-ны өдрийн Б/13 дугаар захирамж дээр удирдлагаас өгсөн ямар үүрэг даалгавар, албан тушаалын тодорхойлолтод заасан аль чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн талаар тодорхойгүй байна. Ямар үндэслэлээр сахилгын шийтгэл тооцуулсанаа би мэдэхгүй байна. Иймд надад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл тооцсон сумын Засаг даргын 2025 оны 4 дүгээр 22-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
2.2. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга Т.Болдбаатар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Д.М*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай" Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах үндэслэлээр хариу тайлбар хүргүүлж байна.
Нэг. Засаг даргын хууль ёсны үүрэг үүрэг даалгаврыг үндэслэлгүйгээр удаа дараа зөрчиж, хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байсан тухайд:
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга Т.Болдбаатар миний бие тус сумын Засаг даргаар 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр томилогдсон бөгөөд томилогдсон цагаасаа хойш Засаг даргын Тамгын газарт халаа сэлгээ хийх, төрийн захиргааны албан хаагчдыг шахаж дарамтлах үйлдэл гаргаж байгаагүй болно.
Тус сумын Засаг даргын Тамгын газар нь хүний нөөцийн хувьд дутмаг, орон тоо бүрэн гүйцэт нөхөгдөхгүй байгаа тул Засаг даргын зүгээс одоо ажиллаж буй албан хаагчдыг ажлын байранд нь тогтоон ажиллуулах, төрийн албанд ажиллах шаардлага хангасан иргэдийг сонгон шалгаруулж Засаг даргын Тамгын газрын дутагдаж буй орон тоог нөхөн ажиллуулах бодлого баримтлан ажиллаж байна.
Харамсалтай миний бие тус сумын Засаг даргаар томилогдсоноос хойш Засаг Даргын Тамгын газрын зарим албан хаагчдын зүгээс улс төржиж Засаг даргын хуулиар хүлээсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дараах байдлаар саад учруулж байсан болно.
1.1. Албан хаагчийн мэдээлэл болон тайлантай танилцах эрхийг хууль бусаар хязгаарласан:
2025 оны 1 дүгээр сард Засаг даргын зүгээс Тамгын газрын даргад үүрэг өгч, албан хаагчийн мэдээлэл, өмнөх жилийн цалингийн карт, 2024 оны сахилгын шийтгэл авсан албан хаагчдын мэдээлэл, холбогдох тайлан мэдээ, санхүүгийн зарцуулалтын талаарх баримттай зохих журмын дагуу танилцах боломж олгохыг даалгасан.
Гэтэл Тамгын газрын дарга тухайн үүргийг биелүүлэлгүй бөгөөд нууц танд үзүүлэх албагүй, уг мэдээллийг "хүний хувийн нууц мэдээлэл" гэсэн үндэслэлээр өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн хязгаарлаж, мэдээлэл танилцуулахаас үндэслэлгүйгээр татгалзсан. Тухайлбал энэхүү асуудлаар Т.М*******аас надад хандан "Хууль хэрэгжүүлж ажиллах тухай" 2025 оны 02/222 дугаар албан бичгийг байгууллагын албан бланк дээр буулган ирүүлсэн. Тус албан бичгээр Засаг дарга намайг ямар нэгэн тодорхой баримт, үндэслэлгүйгээр "хувь хүний эмзэг мэдээллийг гадагш буюу гуравдагч этгээдэд задруулах гэж буй тул хууль хэрэгжүүлж ажилла" хэмээн гүтгэж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнийг харах боломжтой.
Хувь хүний нууцын тухай зохицуулалт нь тухайн нөхцөлд хамааралгүй бөгөөд албан хэрэгцээ, тайлант хяналттай холбоотой төрийн мэдээллийг Засаг даргын Тамгын газрын дарга хуульд заасан тодорхой үндэслэлгүйгээр нууцлах эрхгүй юм.
1.2. Байрны асуудал дээр Засаг даргын чиглэлийг зөрчиж, дур мэдэн эмчийг байрлуулсан:
Сургуулийн дотуур байранд суралцагчидтай хамт багш нар буюу насанд хүрсэн хүнийг байрлуулах нь холбогдох хууль тогтоомжтой зөрчилдөж буй тул 2025 оны 4 дүгээр сард сургуулийн багш нарыг Засаг даргын Тамгын газрын байранд байрлуулах талаар үүрэг, чиглэлийг Тамгын газрын даргад өгсөн. Гэсэн хэдий ч Тамгын газрын дарга энэхүү үүрэг даалгаврыг үл харгалзан, өөр байраар хэдийн хангагдсан буюу тухайн байранд байрлуулах ямар нэгэн яаралтай хэрэгцээ, шаардлагагүй үүсээгүй эмчийг дур мэдэн байрлуулсан.
Энэ нь албан үүргийг санаатайгаар зөрчсөн, өөртөө эрх мэдэл төвлөрүүлсэн төрийн албаны захирах, захирагдах харилцааг зөрчсөн, хууль бус шийдвэр бөгөөд төрийн байгууллагын шатлан захирах ёсны зарчимд нийцэхгүй болно.
1.3. Байгуулсан гэрээний талаар мэдээллийг нуун дарагдуулсан:
Миний бие тус сумын төсвийн ерөнхийлөн захирагч, мөн Засаг даргын хувьд Тамгын газраас ямар гэрээ, хэлцэл байгуулсан талаар мэдээлэл авах, хяналт тавих эрхтэй. Энэ хүрээнд ковшыг ямар этгээдүүдэд, ямар нөхцөлөөр, ямар гэрээгээр түрээсэлсэн талаарх мэдээлэлтэй танилцахаар холбогдох санхүүгийн баримт бичгүүдийг гаргуулан авч, тайлагнах үүргийг Тамгын газрын даргад өгсөн. Гэвч Тамгын газрын дарга Д.М*******ын зүгээс "нярав, нягтлангаасаа гаргуулж ав" хэмээн зохих баримтыг тайлагнахаас зайлсхийж, хурлыг орхин гарсан.
Энэ нь байгууллагын дотоод хяналтыг сулруулсан, мэдээлэл нуусан, төрийн хяналтын тогтолцоог үгүйсгэсэн, төрийн үйл ажиллагааны шуурхай тасралтгүй байх зарчмыг зөрчсөн үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл энэхүү тушаалын зорилго нь Засаг даргын Тамгын газарт халаа сэлгээ хийх бус албан хаагчдыг улс төржилгүй өөрт хуулиар болон албан тушаалын тодорхойлолтоор хүлээлгэсэн үүргээ биелүүлэхийг даалгах зорилготой байсан болно.
Хоёр. Биечлэн уулзах хэлбэрээр сонсох ажиллагаа явуулсан тул протокол хөтлөлт хийгдээгүй, баримт нотолгооны боломж хязгаарлагдсан тухайд:
Засаг даргын зүгээс Тамгын газрын даргад өгсөн үүрэг чиглэлтэй холбоотойгоор гарсан зөрчлийн талаар хэлэлцэхээр уулзалт зохион байгуулж, сонсох ажиллагаа явуулсан. Тухайн үед Тамгын газрын дарга амаар өгсөн үүрэг даалгавруудыг үл биелүүлэх, биелүүлэхээс татгалзаж буй үндэслэл тайлбар зэргээ бичгээр өгөхөөс зайлсхийж байсан тул сонсох ажиллагааны протокол, тэмдэглэл зэргийг албажуулж баталгаажуулах боломжгүй байсан болно.
Гурав. Албан хаагчдаас гомдол гаргаж буй тухайд:
Засаг даргын Тамгын газрын дарга Д.М*******ын зүгээс Тамгын газрын албан хаагчдад дарамт шахалт үзүүлдэг талаар гомдол мэдээлэл их ирж байна.
Тухайлбал, Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтэн Д.С*******аас 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр "Засаг даргын Тамгын газрын дарга М******* нь албаны эрх мэдлээ урвуулан ашигладаг, ялгаварлан гадуурхдаг тул зохих арга хэмжээ авхуулах" талаар гомдлыг Засаг дарга надад хандан ирүүлсэн болно.
Дээрх байдлаар М*******ын зүгээс Тамгын газрын албан хаагчдад дарамт шахалт үзүүлдэг тул Засаг даргын өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг биелүүлэхээс айж цааргалах зэргээр төрийн үйл ажиллагааны тасралтгүй хэвийн явагдах нөхцөлд саад учруулж байгаа болно.
Дөрөв. Төрийн албанд ажиллах шаардлага хангаагүй иргэн ажилд авахаар шахсан гэдэг нь үндэслэлгүй тухайд:
4.1. И.Ш*******тай холбоотой томилгооны намайг Засаг даргаар томилогдохоос өмнө гаргасан талаар.
И.Ш******* нь анх 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Б/29 дугаар тушаалаар, мөн 11 дүгээр сарын 21-ний өдөр Б/31 дүгээр тушаалаар Түр орлон гүйцэтгэгчээр ажилд томилогдсон бөгөөд эдгээр томилгоонууд нь намайг Засаг даргаар томилогдохоос өмнө буюу 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө, Тамгын газрын дарга Д.М*******ын гарын үсэгтэйгээр гарсан нь баримтаар нотлогдоно.
4.2. И.Ш*******ыг ажилд авах талаар аливаа үүрэг, даалгавар өгөөгүй, шахалт огт үзүүлж байгаагүй талаар.
Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу төрийн албанд томилгоо хийх эрх, чиг үүргийг Засаг даргын Тамгын газрын дарга хэрэгжүүлдэг бөгөөд миний бие Засаг даргын хувьд дээрх иргэнийг ажилд томилуулахыг Тамгын газрын даргад шахах, шаардах, даалгах, чиглэл өгөх зэргээр ямар нэгэн үйлдэл хийж байгаагүй болно.
4.3. Тамгын газрын даргын нэхэмжлэлд дурдагдсан мэдэгдэл нь нотлох баримтгүй, гүтгэлгийн шинжтэй.
"Засаг дарга хууль зөрчсөн томилгоо хийхээр намайг шахсан" гэх агуулга бүхий тайлбар нь баримтаар няцаагдах ба гүтгэлгийн шинжтэй байгаа нь Төрийн байгууллагын удирдлагын нэр хүндэд илт халдсан; ажлын харилцаанд үл итгэх байдал үүсгэсэн; үндэслэлгүйгээр бусдын нэр хүндэд халдсан, хууль зөрчсөн үйлдэл болж байгаад Засаг даргын хувьд туйлын харамсаж байна.
Тав. С*******ыг албан тушаалаас чөлөөлөх тухай саналыг гаргасан нөхцөл, бодит шалтгааны тухайд:
Тамгын газрын жолооч н.С*******ыг албан тушаалаас чөлөөлөх саналыг миний бие гаргасан нь үнэн бөгөөд энэ нь хувь хүний асуудлаар бус, төрийн өмчийн эд хөрөнгийн хамгаалалт, ашиглалтыг хангах зорилгоор, ажил хэргийн санал байсан болно.
Тухайн үед Засаг даргын албан хэрэгцээнд ашиглагдах автомашин нь эвдрэлтэй, бараг унаж явахааргүй болтлоо муудсан, техникийн хувьд бүрэн бус, мөн хотын улсын дугаартай байсныг тухайн жолооч өөр хүнд шилжүүлсэн нь тогтоогдсон. Энэ нь төрийн өмчийн тухай хууль болон "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ыг зөрчсөн үйлдэл байсан.
Мөн түүнчлэн тухайн автомашин нь хаана байгааг мэдэгдэхгүй байсан тул миний бие шаардаж, хөөцөлдсөний үндсэн дээр машиныг Тамгын газрын хашаанд буцаан байршуулсан болно. Одоо тухайн автомашин улсын дугааргүй, зорчих боломжгүй байдалтай, ашиглалтын нөхцөл хангагдахааргүй байгаа нь газар дээрээ нотлогдоно.
Ийм нөхцөлд төрийн үйлчилгээг тасалдуулахгүй байхын тул Засаг дарга миний бие нь өөрийн хувийн эзэмшлийн "Приус" маркийн автомашинаар төрийн ажлыг явуулж, албан хэрэгцээгээ хангаж байгаа нь дурдах нь зүйтэй байна.
Зургаа. Д.М*******т сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр хэрэгжээгүй буюу цалинг бүрэн олгож байгаа тухайд:
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар Д.М*******т сахилгын шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд цалингийн хэмжээг бууруулах шийдвэр гаргасан. Гэсэн хэдий ч Нягтлан бодогч Б.Х нь уг захирамжийн хэрэгжилтийг хангах үүргээ биелүүлэлгүй, сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд Д.М*******т цалинг бүтнээр нь тооцон олгосоор байгаа болно.
Тус асуудлаар Нягтлан бодогч Б.Хг дуудаж тайлбар авахад Тамгын газрын дарга Д.М******* цалинг нь бүрэн олго хэмээн дарамталж шахсан хэмээн тайлбар өгсөн болно.
Иймд Д.М*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
2.3. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн дагуу Засаг даргын тайлбартай уншиж танилцсан. Эцсийн бүлэгт шүүхээс дүгнэж үзээд үнэн зөв шийдвэр гарах байх гэж бодож байна. Нэг нь зөв, нөгөө нь буруу гэж би шийдвэрлэхгүй. Шүүх шударга шийдвэрлэх болов уу гэж найдаж байна.” гэв.
2.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Асуулт асуугаагүй шалтгаан нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын орлогчоор оролцож байгаа хариуцагч Д.Н******* нь болсон асуудлыг сайн мэдэхгүй, баримтууд байхгүй гэж байгаа учраас асуух асуулт олдсонгүй. Уг тушаалын хувьд Төрийн албан тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т зааснаар тус хуулийн 37 дүгээр зүйл нь олон заалттай. Өөрөөр хэлбэл, 37.1.1-37.1.18 хүртэл буюу 18 нийтлэг үүргийг заасан. 18 нийтлэг үүргүүдээс аль үүргийг зөрчсөн болох нь тодорхойгүй. Мөн хуулийн 39 дүгээр зүйлд 18 хориглох зүйлийг заасан. Уг 18 хориглох зүйлсийн алийг нь зөрчсөн болох нь мөн тодорхойгүй. Тушаалд Төрийн албан тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлийг зөрчсөн гэж байна. Албан үүргээ биелүүлээгүй гэх тухайд ямар албан үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтад байхгүй. Хавтаст хэргийн 9 дүгээр хуудаст тайлбар авагдсан. Уг тайлбарт “...Албан хаагчийн мэдээлэл болон тайлантай танилцах эрхийг хууль бусаар хязгаарласан, хууль ёсны даалгаврыг үндэслэлгүйгээр удаа дараа зөрчсөн, хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байсан...” гэж байна. Гэтэл уг тайлбарт заасан зөрчлийн талаарх нотлох баримт байхгүй. Хуулиар заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нэхэмжлэгчийн зүгээс ямар байдлаар саад болж байгаа нь тодорхойгүй, энэ талаарх баримт байхгүй. Мөн удаа дараа ямар даалгавар өгсөн нь тодорхойгүй, баримт байхгүй. Байрны асуудал дээд Засаг даргын чиглэлийг зөрчиж, дур мэдэн эмчийг байрлуулсан гэдэг. Тухайн эмчийг байрлуулсан асуудал нь хууль зөрчсөн эсэх баримт байхгүй. Тус сумыг эмчтэй байлгахын тулд байранд байрлуулсан асуудал яаж буруудсан бэ. Эмчийг сургуулийн дотуур байранд байлгаснаараа ямар хууль дүрэм зөрчсөн, хэнд хохирол учирсан нь тодорхойгүй. Төрийн захиргааны албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулахдаа 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Төрийн жинхэнэ албан хаагчдад сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журмыг баримтлах ёстой. Албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй асуудал огт байхгүй. Мөн сахилгын шийтгэл ногдуулахад шалгасан асуудал байдаггүй. Шалгах асуудал нь дээрх журмаас гадна Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд нөхцөл байдлыг тогтоох гэдгээр орж ирсэн байгаа юм. Нөхцөл байдлыг тогтооно гэдэг нь мөн адил шалгана гэсэн үг. Эдгээр ажиллагаа огт хийгдээгүй. Шүүхээс удаа дараа нотлох баримт гаргуулах баримт бичгүүдийг явуулсан боловч хариу өгөөгүй, тушаалтай холбоотой баримтыг өгөөгүй. Тийм учраас үндэслэлгүй байна. Цалингаас суутгасан асуудлыг дараа нь тус байгууллагаас нэхэмжлэх байдлаар зохицуулж болох асуудал юм. Эхний ээлжид захирамжийг хүчингүй болгох шаардлагыг гаргаж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Д.М*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/13 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг үндэслэн тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.М*******т “...удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг, үүргийг хангалтгүй биелүүлсэн тул...” албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
2. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-т “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь сонгох боломжийн хүрээнд дээрх сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг эс зөвшөөрч шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
3. Нэхэмжлэгч Д.М******* нь “...сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй, уг хуульд заасан тайлбар гаргах боломж олгоогүй..., удирдлагаас өгсөн ямар үүрэг даалгавар, албан тушаалын тодорхойлолтод заасан аль чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн талаар тодорхойгүй байна.” гэж тайлбарлан маргадаг.
4. Хариуцагч нь “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.М******* нь албан хаагчийн мэдээлэл болон тайлантай танилцах эрхийг хууль бусаар хязгаарласан, Засаг даргын чиглэл зөрчиж дур мэдэн сургуулийн дотуур байранд эмч байрлуулсан, Тамгын газрын байгуулсан гэрээний талаар мэдээллийг тайлагнахаас татгалзсан, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан "Засаг даргын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах" үүргээ зөрчсөн тул 3 сарын хугацаанд цалинг буруулах сахилгын шийтгэл ногдуулсан.” гэж тайлбарлан маргадаг бөгөөд сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан эсэх талаар тайлбарлахдаа “Засаг даргын зүгээс Тамгын газрын даргад өгсөн үүрэг чиглэлтэй холбоотойгоор гарсан зөрчлийн талаар хэлэлцэхээр уулзалт зохион байгуулж, сонсох ажиллагаа явуулсан. Тухайн үед Тамгын газрын дарга амаар өгсөн үүрэг даалгавруудыг үл биелүүлэх, биелүүлэхээс татгалзаж буй үндэслэл тайлбар зэргээ бичгээр өгөхөөс зайлсхийж байсан тул сонсох ажиллагааны протокол, тэмдэглэл зэргийг албажуулж баталгаажуулах боломжгүй байсан болно.” гэж тайлбарладаг.
5. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна” гэсний 12.1.7-д “аймаг, сум, нийслэл, дүүргийн ... Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал” гэж заасанд хамаарах төрийн захиргааны албан тушаал байх ба мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд хамаарч байх тул холбогдох харилцаа нь Төрийн албаны тухай хуульд зааснаар зохицуулагдана.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10-т “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батлахаар заасан бөгөөд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-д төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахтай холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан байна.
6. Д.М*******т сахилгын шийтгэл ногдуулсан захирамжид Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг үндэслэсэн байх ба уг зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж заажээ.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд төрийн албан хаагчийн дагаж мөрдвөл зохих 18 нийтлэг үүрэг, 39 дүгээр зүйлд төрийн албан хаагчийн явуулахыг хориглосон 18 үйл ажиллагааг жагсаан хуульчилсан байх ба Д.М*******т сахилгын шийтгэл ногдуулсан захирамжид уг төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасан ямар нийтлэг үүрэг, хориглох хэм хэмжээг зөрчсөн талаар дурдаагүй бөгөөд “...Сумын Тамгын газрын дарга Д.М******* нь удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго чиг,үүргийг хангалтгүй биелүүлсэн тул...” гэж сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлийг тодорхойлжээ.
“Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3.3-т зааснаар “хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй” бол төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хууль, энэхүү журам, тэдгээрт нийцүүлсэн төрийн байгууллагын дотоод журмыг баримтлан дараахь үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байна.
7. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх тул нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж буй тушаалын үндэслэл болсон үйл баримт, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүний хуульд заасан материаллаг болон формаль шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэх ёстой.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий тушаалын үндэслэл болсон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг ямар хэлбэрээр өгсөн талаар тодруулахад “...үүрэг даалгавруудыг амаар өгч байсан...” гэж тайлбарладаг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам"-ын 4.2-т “Албан хаагчид удирдах албан тушаалтнаас шууд өгсөн нэмэлт үүрэг даалгавар, арга хэмжээг энэхүү журмын 2.8-д заасан нэмэлт ажил, үүргийн нэгэн адилаар төлөвлөгөөний "Гүйцэтгэлийн зорилт" хэсэгт хамааруулан тайлагнана., 4.3-т “Энэ журмын 4.2-т заасан удирдах албан тушаалтнаас шууд өгсөн нэмэлт үүрэг даалгавар, арга хэмжээг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын баталсан "Нэмэлт үүрэг даалгаврын хуудас"-аар тухай бүр нь баталгаажуулж, цахим системд бүртгэнэ.” гэж заасны дагуу албан хаагчийн ажил үүрэгтэй холбогдуулан удирдах албан тушаалтнаас нэмэлт үүрэг даалгаврыг ногдуулахдаа хуулийн тус зохицуулалтад нийцүүлэн биелэлтийг тайлагнаж, дүгнэх нь зүйд нийцэх байжээ. Гэтэл “амаар өгсөн” гэх үүрэг даалгаврууд гэдэг нь чухам ямар үүрэг даалгавар болох, Тамгын газрын дарга тухайн үүрэг даалгавруудыг хэрхэн биелүүлээгүй, мөн дутуу, хангалтгүй биелүүлсэн талаар шалгаж тогтоож, үнэлэх ажиллагаа хийгдээгүй байна.
Мөн маргаан бүхий захирамжийн үндэслэл болсон албан тушаалын тодорхойлолтод заасан ямар зорилго чиг үүргийг хэрэгжүүлээгүй талаар хариуцагчаас тодруулахад Засаг даргад бодлогын зөвлөгөө, мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлж мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлээгүй гэж тайлбарладаг.
8. “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-д маргаан бүхий харилцааг хэрэгжүүлэх журмыг нарийвчлан зохицуулсан бөгөөд тус журмын 1.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна.” 2.2-т “...албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтооно.” ингэхдээ тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах, шаардлагатай бол гомдол гаргагчтай уулзаж тайлбар, тодруулга авах, шаардлагатай мэдээ мэдээллийг цуглуулах; гаргасан зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоох; цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах зэргээр холбогдох баримтыг бүрдүүлэх шаардлагыг журамласан байх бөгөөд хариуцагч нь уг журамд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй болох нь талуудын тайлбараар нотлогддог ба сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалган тогтоосон холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
9. Захиргааны актыг “нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, эрх зүйн үндэслэлтэй буюу шийдвэр гаргах ажиллагааны эрх зүйн шаардлагыг хангасан” тохиолдолд хууль ёсны гэж тодорхойлох ба захиргааны байгууллагаас гаргаж буй аливаа шийдвэрээс гадна түүнийг гаргах үйл ажиллагаа нь хуулиар олгосон эрхийн хүрээнд, тогтоосон журмын дагуу байх нь захиргаанаас хууль зөрчсөн ямарваа үйлдэл хийхийг хориглох, хуульгүйгээр дур мэдэн аливаа үйлдэл хийхийг хориглох; эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд шийдвэр гаргах ажиллагааны талаар заавал урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах агуулга бүхий Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх зарчим”, 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчим”-д нийцнэ.
Маргаан бүхий захиргааны акт болох Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Д.М*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/13 дугаар захирамж нь шийдвэр гаргах ажиллагааны оролцогч нэхэмжлэгчид эрх зүйн сөрөг үр дагавар үүсгэсэн захиргааны байгууллагын шийдвэр байх тул захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “захиргааны акт” гаргах ажиллагаанд уг ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд болон хөндөгдөж болзошгүй этгээдийг татан оролцуулах, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эдлэх эрх, бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаанд оролцуулах, нөхцөл байдлын талаар тайлбар болон санал гаргах эрхийг хангах зорилгоор сонсох ажиллагааг явуулах, сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг хүргүүлэх, оролцогч баримт бичигтэй танилцах эрхийг хангах шаардлагатай.
10. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол, иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд, захиргааны шийдвэрийг техник хэрэгслийн тусламжтайгаар гаргаж байгаа бол, захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол, төрийн болон албаны нууцын тухай, байгууллагын нууцын тухай, хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль тогтоомжоор хамгаалагдсан бусдад дамжуулах боломжгүй мэдээлэлд хамаарах бол” сонсох ажиллагааг хийхгүй байж болно гэж заасан ба мөн зүйлийн 28.2-т зааснаар сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүргийг хүлээдэг байна.
11. Нэхэмжлэгчээс захиргааны шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хийгдээгүй гэж маргасан учраас хариуцагч талаас сонсох ажиллагааг хийсэн эсэх, хийсэн бол холбогдох баримтыг ирүүлэх, хэрэв хийгээгүй бол сонсох ажиллагааг хийхгүй байх Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан үндэслэл тогтоогдсон эсэх талаар тайлбар, баримтыг ирүүлэхийг шаардсан боловч хариуцагчийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 01/422 тоот албан бичгээр “...сонсох ажиллагааг явуулсан боловч Тамгын газрын дарга амаар өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлэхээс татгалзсан шалтгаан, үндэслэлээ бичгээр өгөхөөс зайлсхийсэн, Засаг даргын үүрэг, чиглэлийг биелүүлэхгүй байхыг шаардаж Тамгын газрын албан хаагчдад дарамт шахалт үзүүлж, байсан, сонсох ажиллагааны тэмдэглэл хөтлөн баталгаажуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн ... сонсох ажиллагааны тэмдэглэл нь албажиж гараагүй тул шүүхэд хүргүүлэх боломжгүй байна.” зэрэг хариуг ирүүлсэн тул шүүхээс дахин дээрх тайлбарыг нотлох баримтыг ирүүлэхийг хариуцагчаас шаардсан боловч холбогдох баримтыг ирүүлээгүй, мөн нэхэмжлэгч нь сонсох ажиллагаа хийгдээгүй гэж маргаж, сонсох ажиллагааг хийсэн гэх нотлох баримтыг хариуцагчийн зүгээс ирүүлээгүй тул хариуцагч сумын Засаг дарга уг маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзлээ.
12. Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, ...батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2-т “сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд ... хүргүүлнэ” гэж зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийн оролцох эрхийг хангаагүй, нэхэмжлэгчид нөхцөл байдлын талаар тайлбар болон санал гаргах боломж олгох сонсох ажиллагааг явуулаагүй, энэ тухай мэдэгдлийг хүргүүлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд дээрх захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” гэсэн тусгай зарчимтай нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”- ын 1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Д.М*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР