Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/471

 

 

 

 

 

 

  2024              4            23                                         2024/ДШМ/471

 

 

Ш.А, М.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Б.Т,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Г-ын гаргасан давж заалдах гомдлоор Ш.А, М.Г нарт холбогдох ...................... дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ш.А, М.Г нар нь бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ...... дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ..... цахилгаан барааны дэлгүүрийн компьютерын тасгаас хар өнгийн ......... загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 5.499.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ш.А, М.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.А, М.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-ыг хорих ял оногдуулахгүйгээр, 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ыг 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ын урьд шийтгэх тогтоолоор эдлээгүй Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлан 6 сарын зорчих эрх хязгаарлах /6 сар хорих/ ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгч М.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ш.А-т оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Г-д цагдан хорих, шүүгдэгч Ш.А-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс надад оногдуулсан хорих ялыг миний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Г-ын өмгөөлөгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх өмнө оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял биелэгдээгүй, саад учруулсан тул энэ төрлийн ялыг оногдуулах боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн. Гэтэл шүүгдэгчийн хувьд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж, цахим бугуйвчийг зүүж яваад маршрут зөрчсөн, эсхүл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шийтгэх тогтоол хүргэгдэж, гүйцэтгэх байгууллагаас дуудаад байхад очоогүй асуудал байхгүй. Тиймээс шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлгүй. Бавуугийн Лхагвасүрэн гуайн хэлсэн “Төр төмөр илд, цагаан сүү хоёрыг зэрэг агуулж явдаг” гэсэн үг бий. Залуу хүнийг цаашид зөв хүн болж төлөвших, сурч боловсрох боломж олгож, түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Номин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шударга ёсны болон гэм буруугийн зарчим, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулсан. Оногдуулсан ял шийтгэл хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч М.Г-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ш.А, М.Г нар нь бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ........дүүргийн ........... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ......... цахилгаан барааны дэлгүүрийн компьютерын тасгаас хар өнгийн ............. загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 5.499.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-ын “...2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ...... дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... худалдааны төвийн компьютерын тасагт хүмүүс ихтэй бараа олгож байх хооронд манай дэлгүүрээр үйлчлүүлж бараа сонирхож байсан хоёр залуу үзүүлэнгийн компьютерын түгжээг мултлаад аваад явж байсан камерын бичлэг байсан. Би тухайн компьютерыг 18 цаг 40 минутын үед бараануудаа шалгаж байгаад нэг компьютер байхгүй болсныг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Камерын бичлэг дээр хулгай хийж байгаа хоёр залуу ....... загварын нөтбүүкийг хулгайлан авсан. Тухайн нөтбүүкийн зах зээлийн ханш 5.500.000 төгрөгөөр худалдаалагдаж байсан. ...” /хх 18-19/,

гэрч Э.М-ийн “...Тухайн өдөр манай ажилтан Э нь ломбарданд сууж ажиллаж байсан. Тэр үед М.Г гэх хүн ............. брэндийн зөөврийн компьютерыг 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр манай ломбарданд тавьсан байна. Уг зөөврийн компьютерыг 1.500.000 төгрөгөөр үнэлсэн. ...” /хх 25-27/

яллагдагч М.Г-ын “...Гэм буруугийн тал дээр маргахгүй. Учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Хэргээ хүлээн зөвшөөрч шийтгэл хүлээхэд бэлэн байна. ...” /хх 77-78/,

яллагдагч Ш.А-ын “...Болсон зүйлд гэм буруугийн тал дээр маргахгүй. Учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Дэлгүүрээс нөтбүүк хулгайлчихаад ломбарданд тавьсан. ...” /хх 91-92/ гэх мэдүүлгүүд,

….. загварын зөөврийн компьютерыг 5.499.900 төгрөгөөр үнэлсэн. ...” гэсэн Дамно хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан /хх 60-63/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-12/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 34-49/, дууны, дүрсний, дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 50-56/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ш.А, М.Г нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Ш.А, М.Г нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-ыг хорих ял оногдуулахгүйгээр, 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ыг 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ын урьд шийтгэх тогтоолоор эдлээгүй Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлан 6 сарын зорчих эрх хязгаарлах ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдалд тус тус тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч М.Г “...Надад тэнсэж үүрэг хүлээлгэх эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч М.Г-д шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн байх ба ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй.

Шүүгдэгч М.Г нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 599 дүгээр шийтгэх тогтоол /хх 120-124/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс  6 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй, биелүүлээгүй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10-01/248 дугаар албан бичиг /хх 132/-ээр тогтоогдсон ба 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шүүгдэгч Ш.А-тай бүлэглэн .......... дүүргийн ......... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ............. цахилгаан барааны дэлгүүрийн компьютерын тасгаас хар өнгийн ................ загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 5.499.900 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тэрээр энэхүү гэмт хэргийг онлайн покер тоглоомд донтсоны улмаас амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлдсэн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-д энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр урьд эдлээгүй 6 сар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч М.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 69 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

 

            ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

 

            ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ