Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 133

 

“Ариг банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч О.Зандраа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хүрэлбаатар, Н.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 913 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 144 дүгээр магадлалтай, “Ариг банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч П.Долгормаа, И.Зуд нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хүрэлбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ариг Банк” ХХК-ийн 2010-2014 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч П.Долгормаа, И.Зуд нар 2015 оны 3 дугаар сард татварын хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 210003897 тоот актаар 145,003,544.80 төгрөгийн төлбөр ногдуулснаас 2010-2013 онд 22,516,300 төгрөгийн үндсэн хөрөнгө борлуулсны, 115,335,800 төгрөгийн түрээсийн орлого болон бусад орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, Свийвтийн үйлчилгээний төлбөрт 2010-2013 онд 98,904,100 төгрөгийн орлого шилжүүлснээс нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд ногдуулсан 35,584,456.80 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч /төлж барагдуулсан/, 109,419,088.00 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандсан боловч 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 67 тогтоолоор татварын улсын байцаагчийн актыг хэвээр баталсан.

Нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр гаргасан болно.

1. Тус банкнаас “Мегагрупп” ХХК нь 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09/106 тоот гэрээгээр 470,000,000 төгрөг, “Еврохаус” ХХК 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 09/105 тоот гэрээгээр 480,000,000 төгрөг, 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 09/105А тоот гэрээгээр 274,200,000 төгрөг, “ДБТХ” ХХК 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 09/107 тоот гэрээгээр 450,000,000 төгрөг, “Салхит Алтай” ХХК 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 019108 тоот гэрээгээр 200,000,000 төгрөгийн зээл олгогдож, олгогдсон зээл төлөгдөхгүй хүндэрсний улмаас дээрх компаниудын захирал, үүсгэн байгуулагч Д.Буянтогтохтой харилцан тохиролцож, түүний дүү иргэн Д.Ганхуягийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, их тойруу, 53/3-т байрлах Ү-2202016642 эрхийн бүртгэлийн гэрчилгээтэй “Мега” төвийн 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалтаар ашиглаж буй талбай, зоорийн давхрын 4 машины граш, фитнес клубын зориулалт бүхий барилгыг 2010 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээл төлүүлэх зорилгоор “Эрэл банк” түр өмчлөлдөө шилжүүлэн авч улмаар зээлдэгчийн хүсэлтээр буцаан Б.Дашдамбатай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан зээлийн төлөлтийг хийж байгаад 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр санхүүгийн түрээсийн төлбөрийг төлж дуусгасан.

Иргэн Б.Дашдамбын хүсэлтийн дагуу 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр иргэн О.Мөнхдалай, Д.Оюунгэрэл нарт 100,000,000 төгрөгөөр худалдан борлуулах гэрээ байгуулан тэдний өмчлөлд шилжүүлсэн. Дээр дурдсан нэр бүхий 4 компанийн үлдэгдэл өрийг тэдний батлан даагч болох “Баянконстракшн” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 127/10-д байрлах Ү-2204032138 эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 368 м.кв талбай бүхий дуусаагүй барилгыг 2011 оны 3 дугаар сарын 29-ний өдөр мөн зээлийн өрийг барагдуулах зорилгоор түр өмчлөлдөө шилжүүлэн авсан. Зээлдэгчидтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээний дагуу банкны зээлээр “Стандарт оёдол” ХХК-д шилжүүлсэн.

2011 онд 406,470,000.00 төгрөгийн өмчлөх бус эд хөрөнгийг худалдан борлуулж, 2012 онд 100,000,000.00 төгрөгийн, нийт 506,470,000.00 төгрөгийн өмчлөх бус эд хөрөнгийг зээлдэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдан борлуулж, зээлдэгчийн төлөгдөөгүй зээлийн үлдэгдлээс төлүүлж, зээлийн үйлчилгээг дуусгавар болгосон байхад татварын байцаагчийн зүгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд нэмүү өртөг бий болгосон гэж үзэн 51,963,930.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, 26,137,856.80 төгрөгийн хүү торгууль ногдуулсныг тус банкны зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ.

Манай банк өөрсдийн эрхэлж байгаа үйл ажиллагааны хүрээнд бусдад олгосон зээлийн барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгийг зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, улмаар зээлдэгчийн санал болгосон этгээдэд худалдан борлуулж, зээлийн үүргийг хангуулсан бөгөөд бараа борлуулж, үйлчилгээ үзүүлж, ажил гүйцэтгээгүй учраас Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.4 дэх заалтыг үндэслэн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.5-д “зээл олгох үйлчилгээ”-г нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр заасан бөгөөд энэ зорилгоор барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч улмаар борлуулах байдлаар зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр буцаан төлүүлж байгааг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа” гэдэгт хамруулан үзэж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь хууль бус үйлдэл болсон гэж үзэж байна.

Учир нь дээрх ажиллагаа нь ашиг олох зорилгоор, өөрөөр хэлбэл нэмүү өртөг бий болгож худалдан борлуулж байгаа бус харин зээл төлүүлэхэд чиглэгдсэн ажиллагаа юм. Банк нь эрсдэлтэй зээлдэгчийн төлж чадаагүй төлбөрийн барьцаа хөрөнгийг зээлдэгчтэй харилцан тохиролцож буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр төлбөрийг бүрэн барагдаж дуустал өөрийн банкны нэр дээр шилжүүлэн авсан ба зээлдэгч нь авсан зээлийнхээ үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр буцаан төлж байгаа билээ. Мөн банкинд уг эрсдэлтэй зээлийн хүрээнд ихээхэн хэмжээний зардал гардаг бөгөөд уг зээлтэй холбоотой хүү, алданги, үндсэн төлбөрүүд бүгд зогсдог зэргийг үл харгалзан татварын улсын байцаагч нар зөвхөн борлуулсан бол нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна хэмээн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж акт тогтоосон.

Гэтэл уг борлуулсан гэх хөрөнгө нь банк харилцагчид зээл олгоод тухайн зээлдэгч авсан зээлээ төлж чадаагүйн улмаас барьцаанд байсан дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг зээл төлж дуустал банкны нэр дээр шилжүүлсэн ба зээлдэгч өөрөө өрөө барагдуулахаар худалдан авагч олж ирэн банкаар судлуулж, банк зээл олгон зээлийг барагдуулсан харилцаа юм. Зээлдэгчийн өмчлөлд байсан эд хөрөнгийг борлуулах замаар зээлийн гэрээний биелэлтийг зээл, хүүгийн төлбөрт хангуулсан. Банк ашиг олох зорилгоор энэ хуулийн 6 дугаар зүйлд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор түр эзэмших, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй.

Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “...банк зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор түр эзэмших, худалдах үйл ажиллагаа эрхэлж болох...”-оор, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дөрөвдүгээр бүлэгт “зээл олгох болон эргэн төлүүлэх” ажиллагааг бүхэлд нь зохицуулсан байгаагаас үзэхэд эдгээр нь бүхэлдээ зээлийн үйл ажиллагаанд хамаарна. Мөн Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д “...Банк хугацаандаа төлөгдөөгүй зээл, хүүгийн төлбөрт зээлдэгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгө, хувьцаа, түүний ногдол ашгийг гэрээ болон шүүхийн шийдвэрийн үндсэн дээр авч болох бөгөөд энэ нь энэ хуулийн 17.4-т заасанд хамаарахгүй...” гэж тодорхой заасны дагуу манай банк хугацаандаа төлөгдөөгүй зээлдэгчийн өмчлөлд байсан эд хөрөнгийг борлуулах замаар зээлийн гэрээний биелэлтийг зээл, хүүгийн төлбөрт хангуулсан.

2. Татварын улсын байцаагчид 210003897 тоот актаар тус банкнаас Оросын Холбооны Улсын хуулийн этгээд /Монгол улсад төлөөлөгчийн газар байхгүй/ “Санхүүгийн харилцаа холбооны аюулгүй ажиллагаа” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэгтэй байгуулсан үйлчилгээ үзүүлэх 04/44/06 тоот гэрээний 2010 оны төлбөр 25,373,700 төгрөг, 2011 оны төлбөр 22,737,500 төгрөг, 2012 оны төлбөр 24,022,200 төгрөг, 2013 оны төлбөр 26,770,700 төгрөг, нийт 98,904,100 төгрөгийн төлбөрт Монгол улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9 дэх заалтыг үндэслэн 19,780,820 төгрөгийн нөхөн татвар, 5,934,246 төгрөгийн торгууль, 7,581,581 төгрөгийн алданги, нийт 33,296,647,00 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч байна.

Тус банк нь 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Оросын Холбооны Улсын хуулийн этгээд /Монгол улсад төлөөлөгчийн газар байхгүй/ “Санхүүгийн харилцаа холбооны аюулгүй ажиллагаа” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэгтэй үйлчилгээ үзүүлэх 04/44/06 тоот гэрээг байгуулсан. Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчид дараах аж ахуйн нэгж хамаарна”, 5.4.1-д “төлөөний газраараа дамжуулан Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж”, 5.4.2-т “...энэ хуулийн 5.4.1-д зааснаас бусад хэлбэрээр Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон гадаадын аж ахуйн нэгж...” гэж заасан заалт, мөн Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай” хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн 3, 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу Оросын Холбооны Улсын байнга оршин суугч аж ахуйн нэгж “Санхүүгийн харилцаа холбооны аюулгүй ажиллагаа” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг нь аж ахуйн үйл ажиллагааны ашгийн татварыг өөрийн улсад төлөхөөр байна.

Иймд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 210003887 тоот актын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч П.Долгормаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ариг банк” ХХК-ийн 2010-2014 оны татварын ногдуулалт төлөлтийн байдлыг Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч П.Долгормаа, И.Зуд нар Хяналт шалгалтын хэлтсийн даргын томилолтын дагуу шалгаж 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 210003897 тоот актаар төлбөр тогтоосон.

Үүнд: 1. Өмчлөх бус үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого 2010 онд 406,470.0 мянган төгрөг, 2011 онд 100,000.0 мянган төгрөг, нийт 506.470.0 мянган төгрөгийн орлогод Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 5.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа импортолсон болон экспортолсон этгээд, түүнчлэн бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна”, 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа”, 4.1.2-т “бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг ойлгоно” гэж заасныг зөрчсөн гэж үзээд 506,470.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 151.9 мянган төгрөгийн хүү, 25,323.5 мянган төгрөгийн торгууль, нийт 76.122.4 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан.

Мөн хуулийн 13.6.2-т “мөнгө хүлээн авах, шилжүүлэх, баталгаа, төлбөрийн нэхэмжлэл гаргах, вексель, хадгаламжийн данстай банкны үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр” заасан. Харин зээл төлүүлэхтэй холбоотой хөрөнгө борлуулсны орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүйгээр хуульчилсан байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.5-т “урьдчилгаа, зээл олгох үйлчилгээ”-нд дээрх үндсэн хөрөнгө болон бусад хөрөнгө борлуулсны орлогыг хамруулж чөлөөлүүлэх үндэслэлгүй юм. Учир нь зээл төлүүлэхтэй холбоотойгоор үндсэн хөрөнгө борлуулж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэж акт тогтоосон бөгөөд энэ нь зээл олгох үйлчилгээнд хамаарахгүй юм.

2. Свийвт үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу шилжүүлсэн орлого 2010 онд 25.373,700 төгрөг, 2011 онд 22,737,500 төгрөг, 2012 онд 24,022,200 төгрөг, 2013 онд 26,770,700 төгрөг, нийт 98,904,100 төгрөгөөс аж ахуй нэгжийн орлогын албан татвар суутган авч төсөвт шилжүүлээгүй нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9-д “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч Монгол Улсад олсон дараах орлогод 20 хувиар”, 17.2.9-ын г/ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлого”, 21 дүгээр зүйл 21.5-т “суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ” гэж заасныг үндэслэн 19.780.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 5.934.2 мянган төгрөгийн торгууль, 7,581.6 мянган төгрөгийн алданги, нийт 33,296.6 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан. Шалгалт хийх явцад тус банк нь Свийвт үйлчилгээ авах 2 талын гэрээг шаардахад гэрээ болон тус байгууллагын оршин суугчийн гэрчилгээ өгөөгүй гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 913 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.5, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 210003887 тоот актын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж, 2 дахь заалтын 2010 онд 406,470.0 мянган төгрөгийн, 2011 онд 100,000.0 мянган төгрөгийн, нийт 506.470.0 мянган төгрөгийн өмчлөх бус үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 50.647.000 төгрөгийн нөхөн татвар, 25.323.500 төгрөгийн торгууль, 151.941 төгрөгийн хүү, нийт 76.122.441 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгож, актаар ногдуулсан төлбөрийг 76.122.441 төгрөгөөр багасгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 144 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 913 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нь зээл төлүүлэх харилцааг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.6.5-т заасан “зээл олгох үйлчилгээ”-нд хамаарна гэж үзсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “...тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэнэ”, Татварын ерөнхий хуулийн 3.2-т “дор дурдсанаас бусад тохиолдолд татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна”, 7 дугаар зүйл “нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ” 7.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна” 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа” 8 дугаар зүйл “нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах” 8.1-д “нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар ногдуулна” 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээг импортолсон буюу экспортолсон, түүнчлэн борлуулсан бол тухай бүрт ногдуулахаар” гэж тус тус заасан байна.

Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг банк нь өөрийн нэр дээр шилжүүлж худалдан борлуулж буй үйлдэлд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1.1, 8.1.1-д зааснаар борлуулсан бол тухай бүрт нь ногдуулна гэсэн заалтын дагуу ногдуулсан. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэсэн зохицуулалтаас үзвэл зээл олгох үйлчилгээ нь зээлийн дансанд гүйлгээ орсноор дуусгавар болсон байна.

Зээл төлүүлэх үйл ажиллагаа нь уг “зээл”-тэй холбогдон үүсч буй хэдий ч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.6.5-т зээл олгох үйл ажиллагааг тухайлан зааж татвараас чөлөөлөхөөр, харин зээл төлүүлэхтэй холбогдож үүсэх аливаа гүйлгээг уг татвараас чөлөөлөх талаар зохицуулаагүй байна. Мөн зээл төлүүлэх харилцаа нь албадлагын шинжтэй зохицуулалт юм. 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 210209 тоот акт нь хуулиар хориглоогүй дээрх үйл ажиллагаанд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1.1-д зааснаар татвар ногдох ёстой гэж үзсэн бөгөөд уг хуулийн заалтад борлуулалтын зорилго, агуулгаас үл хамааран “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа”-нд Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар заасан байх бөгөөд зээл төлүүлэхтэй холбоотойгоор үндсэн хөрөнгө борлуулж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэж акт тогтоосон бөгөөд энэ нь зээл олгох үйлчилгээнд хамаарахгүй юм. Дээрх өмчлөх бус эд хөрөнгөтэй холбоотой маргаан нь захиргааны шүүхээр урьд нь хэд хэдэн удаа орж байсан бөгөөд янз бүрийн шийдвэр гарсан.

Өөрөөр хэлбэл захиргааны шүүхэд нийт 5 удаа хандсаны 3 нь Татварын албаны талд, үлдсэн 2 нь татвар төлөгчийн талд гарч байсан байна. Үүний татвар төлөгчийн талд гарсан хоёрын нэг нь Татварын албаны талд гарч байсан байна. Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”,  Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 2-т “Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж тус тус заасан.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч П.Долгормаа, И.Зуд нар нь Татварын ерөнхий газраас олгосон татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу “Ариг банк” ХХК-ийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт шалгалтыг хийж, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 210003897 дугаар актаар “2010-2013 онд оршин суугч бус этгээдэд гэрээний дагуу 98904.1 мянган төгрөгийн орлого шилжүүлэхдээ орлогын албан татвар суутган авч төсөвт төлөөгүй; 2010-2011 онд 506470.0 мянган төгрөгийн өмчлөх бус үл хөдлөх эд хөрөнгийг, 2010-2013 онд 22516.3 мянган төгрөгийн үндсэн хөрөнгийг тус тус борлуулсаны орлого, 2010-2013 онд 115335.8 мянган төгрөгийн түрээсийн орлого, 2010-2013 онд 98904.1 мянган төгрөгийг үйлчилгээ авсны төлбөрт шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй” гэх зөрчлүүдэд 94103.4 мянган төгрөгийн нөхөн татвар, 43095.5 мянган төгрөгийн торгууль, 7581.5 мянган төгрөгийн алданги, 222.9 мянган төгрөгийн хүү нийт 145003.5 мянган төгрөгийн төлбөр ногдуулсанаас нэхэмжлэгч “...зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан, зээлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгө нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах бараа биш гэж,... Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай” хэлэлцээрийн дагуу Оросын Холбооны Улсад байнга оршин суугч, тус улсад  бүртгэлтэй аж ахуйн нэгжийн Монгол Улсад олсон орлогод ашгийн татвар төлүүлэх үндэслэлгүй” гэж маргаж, актаар тогтоосон эдгээр зөрчил, ногдуулсан төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Ариг банк” ХХК /Эрэл банк/-нь 2009 оны 09/105, 09/105А, 09/106, 09/107 дугаартай зээлийн болон зээлийн  батлан даалтын гэрээнүүдийг үндэслэн “Еврохаус”, “Мега групп”, “ДБТХ”, “Салхит Алтай” ХХК-иудын зээлийн төлбөрт Чингэлтэй дүүрэг дэх “Мега” төвийн барилгын 1 дүгээр давхрын ресторан, зоорийн давхрын 4 машины граж, фитнесс клубийн зориулалттай 384 м.кв талбай бүхий, мөн Баянзүрх дүүрэг дэх “Өглөө” цогцолборын үйлчилгээний зориулалттай 368 м.кв талбай бүхий 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг тус тус өөрийн өмчлөлд шилжүүлэн авч бусдад худалдан борлуулж, зээлдэгчийн зээлийн төлбөрийг хаасан, уг үйл баримттай хариуцагч маргаагүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 7 дугаар зүйлийн 7.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа”, 7.5-д “энэ хуулийн 7.1-д заасан бараа, ажил, үйлчилгээнд татвар ногдуулахад дор дурдсан нөхцөлийг хангасан байна”, 7.5.2-д “борлуулалтыг аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийсэн байх”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.5-д “...зээл олгох үйлчилгээ”-г нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэж тус тус заажээ.

Түүнчлэн Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “банк ашиг олох зорилгоор энэ хуулийн 6 дугаар зүйлд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор түр эзэмших, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй” гэж заасан байна.

Үүнээс үзэхэд “Ариг банк” ХХК нь зээлдэгчтэй харилцан тохиролцож, тэдний санал болгосон /өөрсдөө олсон гэх/ худалдан авагчид зээлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг “зээлдэгчийн зээлийн төлбөрийн дүнд дүйцүүлэн” худалдсаныг дээр дурдсан хуулиудын зохицуулалтын дагуу банкинд хориглосон бөгөөд аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийгдэх “нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах “борлуулалт” гэж үзэх үндэслэлгүйн зэрэгцээ банк ашиг олох зорилгоор барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, улмаар зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтөөс илүү хэмжээгээр худалдан борлуулсан гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “борлуулалтын зорилго, агуулгаас үл хамааран борлуулсан бүх бараанд НӨАТ ногдуулахаар хуульд заасан” гэх гомдлын үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд, зээл олгох үйлчилгээ гэдэгт зээлийг эргэн төлүүлэх үйл ажиллагаа хамаарна гэж анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөв дүгнэсэн байна.

Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид “зээлдэгч” гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид “зээл” гэх/ гэнэ” гэж томъёолсоноос үзвэл  барьцааны хөрөнгөнөөс зээлийг эргэн төлүүлэх уг ажиллагаа нь зээлийн үйл ажиллагааны бүрэлдэхүүн бөгөөд “зээл олгох үйлчилгээ”-нээс салгаж ойлгох эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөө талаар барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалагч, барьцаалуулагчийн хэн аль нь худалдан борлуулсанаас үл хамааран өөрийн олгосон зээлийг эргэн төлүүлэх банкны үйл ажиллагааг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох “ажил, үйлчилгээ” гэж үзэхгүй.

Маргаан бүхий актын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлалд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдол гаргаагүй учир энэ хэсэгт дүгнэлт хийх шаардлагагүй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Банкны тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулахаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 913 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 144 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Ч.ТУНГАЛАГ