Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 20

 

109/2016/0014                    2016-09-28                    №20

 

 


         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Нэхэмжлэгч: В.Мөнхбат
Хариуцагч: Архангай аймгийн Хотонт сумын сонгуулийн хороо
Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Хотонт сумын Сонгуулийн хороонд холбогдуулан: “Архангай аймгийн Хотонт сумын сонуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Мөнхбат, хариуцагч Архангай аймгийн Хотонт сумын сонгуулийн хорооны дарга И.Бүзмаа, түүний өмгөөлөгч В.Удвал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Мөнхбат  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Монгол овгийн Ванчингийн Мөнхбат 1975 оны 02 дугаар сарын 15-нд Хотонт суманд төрсөн. Одоо эхнэр 2 хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг төгссөн. Ардчилсан намд өөрийн хүсэлтээр элсч, 2004 онд Улаанбаатар хот Баянгол дүүргийн Ардчилсан намын батлах авсан. Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших хүсэлтээ гарган холбогдох баримт материалыг хуулийн дагуу хугацаанд нь өгсөн. 
Гэтэл Архангай аймгийн Хотонт сумын Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг зөрчин нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаад иргэн миний сонгогдох эрх зөрчигдөж байна. Архангай аймгийн Хотонт сумын Сонгуулийн хороо нь Хотонт сумын Ардчилсан намын 21 нэр дэвшигчийг 3 дугаар тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэснийг Хотонт сумын Ардчилсан намд албан ёсоор хүргүүлсний дараа Монгол ардын намын хүсэлтийн дагуу Монгол ардын намын батлах авсан гэж ямар нэгэн нотлох баримтгүйгээр гүжирдэн нэр дэвшигчээс хассан болно. Миний бие Монгол ардын намд элсэх хүсэлт гаргаж байгаагүй учир Монгол ардын намын батлах байхгүй болно. 
Иймд Архангай аймгийн Хотонт сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Архангай аймгийн Хотонт сумын сонгуулийн хороонд миний биеийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Архангай аймгийн Хонтонт сумын сонгуулийн хорооны дарга И.Бүзмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн 34.1.4-т заасны дагуу Монгол ардын намаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэсэн. Ардчилсан намаас нэр дэвшигч В.Мөнхбатыг дараах үндэслэлээр нэр дэвшигчээс татгалзуулсан. Монгол ардын намаас 2011 оны 3 дугаар сарын 03-нд 0079399 тоот намын үнэмлэх авсан байна. 
Архангай аймгийн Хотонт сум болон Өндөрсант багийн Монгол ардын намын гишүүдийн бүртгэлд 41 дугаарт бүртгэгдсэн. Намын бүртгэл гэдэг бол нууцын зэрэглэлтэй тухайн намын түүх, түүхэн баримт бичиг гэж бид үзэж байна. В.Мөнхбатын өөрийн өргөдлийг үндэслэн 2011 онд Монгол ардын намын дарга байсан Ж.Базаррагчаагаас тодруулга авахад тухайн үед В.Мөнхбат Монгол ардын намын батлах авсан нь үнэн гэж гэрчилж байгаа болно. Эдгээрийг үндэслэл болгон Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасны дагуу нэр дэвшигчээс хассан бөгөөд нэр дэвшигчийн нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэж сонгуулийн хорооны гишүүдийн  саналаар үзэж байна гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч В.Удвал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон нутгийн сонгууль 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болохоор товлон зарлагдсан. Уг сонгуульд орон нутгийн сумын иргэдийн Төлөөлөгчдын Хурлын төлөөлөгчдыг сонгох сонгуульд оролцохоор Архангай аймгийн Хотонт сумын хувьд Ардчилсан нам, Монгол ардын нам хоёр 21 нэр дэвшигчийг бүртгүүлэхээр материалыг Архангай аймгийн Хотонт сумын Сонгуулийн хороонд хүргүүлсэн байдаг. Хуульд заасны дагуу нэр дэвшигчдийн материалууд нь бүрэн дүүрэн гэж үзээд Архангай аймгийн Хотонт сумын сонгуулийн хороо нь Ардчилсан нам, Монгол ардын намаас ирүүлсэн нэр дэвшигчдийг бүртгэсэн. Энэ тал дээр нэхэмжлэгч, хариуцагч нар маргах зүйлгүй байхгүй. Нэр дэвшигчдийг бүртгэсний дараа 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дүгээр албан бичгээр Архангай аймгийн Хотонт сумын Монгол ардын намын хорооноос Хотонт сумын сонгуулийн хороонд хүсэлт өгсөн. Тухайн гаргасан хүсэлтийг сонгуулийн хороо үндэслэлтэй гэж үзсэн. Хүсэлтдээ “Ардчилсан намаас Архангай аймгийн Хотонт сумын иргэдийн Төлөөлөгчдын Хуралд нэр дэвшиж байгаа В.Мөнхбат нь 2011 оны 3 сарын 03-ны өдөр “Монгол ардын нам”-д элссэн. 
Энэ хүн нь Монгол ардын намын гишүүн байна. Тийм учраас Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасныг зөрчсөн учраас энэ хүнийг нэрийн жагсаалтаас хасаж өгнө үү гэсэн албан бичгийг хүргүүлсэн. 
Мөн албан бичигтэй хавсаргаад Хотонт сумын Монгол ардын намын гишүүдийн бүртгэлийг явуулсан байдаг. Тухайн бүртгэл болон холбогдох хүсэлтийг Архангай аймгийн Хотонт сумын Сонгуулийн хороо хүлээж аваад, Хотонт сумын Өндөрсант багт нэр дэвшиж байгаа В.Мөнхбатын нэрийг нэрсийн жагсаалтаас хасаагүй. Эхлээд өргөдлийг нь хүлээж аваад өргөдөл дурдсан асуудлыг шийдвэрлүүлэхээр тодруулга хийсэн байдаг. Үүнд өөрсдийнхөө тамга, тэмдэг, гарын үсгийг зураад ирүүлсэн байдаг. Түүнээс гадна энэ хүн Монгол ардын намд элсэж байсан юм уу, үгүй юм уу гэдгийг 2011 онд Монгол ардын намын дарга байсан Н.Базаррагчаа гэдэг хүнээс тодруулж асуусан байдаг. 2011 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Өндөрсант баг дээр өдөрлөг болж байсан. Тухайн өдөрлөгийн арга хэмжээгээр В.Мөнхбатад Монгол ардын намд элссэн мөн намын бат илэрхийллийг тухайн өдөрлөг дээр гардуулж өгч байсан байдаг. Үүнээс Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь заалтыг зөрчсөн байна гэж үзсэн.  2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг Архангай аймгийн Хотонт сумын Сонгуулийн хороогоор хэлэлцээд нэр дэвшигчийг шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр нэрийн жагсаалтаас хассан тогтоол гарсан. Уг тогтоолын тогтоох хэсэгт Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийг нэрийг жагсаалтаас хассугай гэсэн байгаа. Хавтаст хэрэгт 2011 онд Хотонт сумын Монгол ардын намын гишүүдын бүртгэл авагдсан байдаг. Энэ авагдсан бүртгэлийн 41 дүгээрт Монгол овогт Ванчингийн Мөнхбат, мөн регистрийн дугаар нь зөв бичигдсэн бүртгэл байсан. Яагаад хэргийн материалд 2011 оны бүртгэл яваад байна бэ? гэдгийг Архангай аймгийн Хотонт сумын Монгол ардын намын хорооноос тодруулахад хуучин Монгол ардын нам нь Монгол ардын хувьсгалт нам гэж явж байгаад 2011 онд нэрээ өөрчилж, Монгол ардын нам болсон байдаг. Нэрээ өөрчилсөнтэй холбоотой намын гишүүдээ дахин бүртгэсэн байдаг. Энэ нь тухайн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 17.1.1-д .. монгол улсын иргэн хуулийг дээдэлж, хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Үүнийг би яагаад дурдаж байна гэхээр Улс төрийн намын тухай хуульд зааснаар Монгол улсын иргэн улс төрийн нэг намыг гишүүнчлэлтэй байх ёстой гэж зохицуулсан байдаг. Гэтэл В.Мөнхбат гэдэг хүн хоёр улс төрийн намд бүртгэлтэй, хоёр улс төрийн намын гишүүнчлэлтэй явж байна. Нэхэмжлэгч өөрөө Монгол ардын намд элсээгүй. Гишүүний үнэмлэх аваагүй, хэрвээ авсан бол буцааж өгөөд намаас гарах боломжтой байсан гэж тайлбар хэлж байна. Үүнийг нотлох баримт хэрэгт байхгүй. Эсрэгээрээ Монгол ардын намын гишүүн байна гэдгийг нотолж байгаа нь Монгол ардын намын бат илэрхийлэл буюу үнэмлэхний дугаар нь нэг ижил байгаа. Гишүүдын бүртгэл бол нууцлалтай, гадны ямар нэгэн хүмүүст үзүүлдэггүй баримт бичиг байдаг. Энэ баримт бичиг дээрээс үндэслээд сонгуулийн хороо нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байгаа юм. Тийм учраас нэрийн жагсаалтаас хасаж шийдвэрлэсэн тогтоол шийдвэр нь агуулгын хувьд үндэслэлтэй, хууль зүйн дагуу шийдвэр гарсан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн В.Мөнхбатаас Архангай аймгийн Хотонт сумын сонгуулийн хороонд холбогдуулан “Архангай аймгийн Хотонт сумын сонуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гаргасныг хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.  
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч түүний өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Архангай аймгийн Хотонт сумын сонгуулийн хороо нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг татгалзуулах тухай” 04 дүгээр тогтоолоор Ардчилсан намаас нэр дэвшсэн Ванчин овогтой Мөнхбат нь Монгол ардын намд элсэж 0079399 дугаартай намын үнэмлэх авсан, намын гишүүний бүртгэлд байдаг гэх үндэслээр Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч В.Мөнхбат нь миний бие 2004 онд Ардчилсан намд элсээд одоо хүртэл тухайн намдаа тууштай ажиллаж байна. Сумын сонгуулийн хороо намайг Монгол ардын намд элсэж намын батлах авсан гэж ямар ч нотлох баримтгүйгээр намайг нэр дэвшигчээс хассан болно. Миний бие Монгол ардын намд элсэх хүсэлт гаргаж байгаагүй, тийм учраас надад Монгол ардын намын батлах байхгүй гэж маргажээ.
Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сайн дурын үндсэн дээр нам байгуулах, намд элсэх, намаас гарах, хууль болон тухайн намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нийцүүлэн улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй.” гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаас үзвэл намд элсэх, намаас гарах нь тухайн намын дүрмээр зохицуулсан байхаар хуульчилсан байна. 
Монгол ардын намын дүрмын /Монгол ардын хувьсгалт намын 26 дугаар их хурлаас баталсан 13 дугаар тогтоолын дагуу намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулав. гэжээ 2010 он/ 3 дугаар зүйл. “Монгол Ардын Намд гишүүнээр элсэх.”, 3.2.-т “Намд гишүүнээр элсэхээ илэрхийлсэн иргэний хүсэлтийг оршин суугаа газарт нь үйл ажиллагаа явуулдаг намын анхан шатны байгууллага /НАШБ/ хүлээн авч шийдвэрлэн намын бат илэрхийлэл олгож, бүртгэнэ. Монгол Ардын Намд элсэх өргөдлийг бичгээр гаргана.” гэж заажээ.
Намын дүрмийн дээрх заалтуудаас үзвэл Монгол ардын намд гишүүнээр элсэхдээ оршин суугаа газартаа үйл ажиллагаа явуулж байгаа намын анхан шатны байгууллагадаа намд элсэх талаарх өргөдлөө бичгээр гаргаж өгөхөөр намын дүрмээр зохицуулсан байна. 
Хариуцагчийн шүүхэд  болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гэрч Ж.Базаррагчаагийн мэдүүлэг , Архангай аймгийн Хотонт сумын Монгол ардын намын бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл  зэргээр нэхэмжлэгч В.Мөнхбат нь Монгол ардын намд гишүүнээр элсэхээр өргөдөл гаргаж байгаагүй болох нь тогтоогдож байна.
Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Ж.Базаррагчаагийн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч В.Мөнхбат нь Монгол ардын намд гишүүнээр элсэх талаарх хүсэлтээ амаар гаргасан гэх боловч Монгол ардын намын дүрэмд зааснаар намд гишүүнээр элсэх талаарх өргөдлөө бичгээр гаргана гэж заасан байх тул нэхэмжлэгч В.Мөнхбат нь Монгол ардын намын гишүүнээр элсэхээр өргөдөл гаргаж байсан нь тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгч В.Мөнхбатыг Монгол ардын намын гишүүнээр элсээгүй байна гэж үзлээ.
  Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Архангай аймгийн Хотонт сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг татгалзуулах тухай” 04 дүгээр тогтоолоор Ардчилсан намаас нэр дэвшсэн Ванчин овогтой Мөнхбат нь Монгол ардын намд элсэж 0079399 дугаартай намын үнэмлэх авсан, намын гишүүний бүртгэлд байдаг гэх үндэслээр Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасаж шийдвэрлэсэн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч В.Мөнхбатын “Архангай аймгийн Хотонт сумын сонуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 154 дүгээр зүйлийн 154.6., 158 дугаар зүйлийн 158.1.2., 159 дүгээр зүйлийн 159.1., Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Хотонт сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг татгалзуулах тухай” 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, иргэн Монгол овогт Ванчингийн Мөнхбатыг /РД:АМ75021510/ 2016 оны Архангай аймгийн Хотонт сумын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг сонгох сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Архангай аймгийн Хотонт сумын сонгуулийн хороонд даалгасугай.   
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Хотонт сумын сонгуулийн хорооноос 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.1., 113 дугаар зүйлийн 113.2.-т зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                С.ГАНБАТ