Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2018/0054

 

"Э.Э.Э" ХХК, "З.А" ХХК,
"П" ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, "Э.Э.Э" ХХК, "З.А" ХХК,
"П" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 к, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоолын хавсралтаас Мандал нэртэй 833.29 гектар талбайд холбогдох хэсэг, Нар нэртэй 11225.59 гектар талбайд холбогдох хэсэг, Хар нэртэй 33230 гектар талбайд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий "Э.Э.Э" ХХК, "З.А" ХХК, "П" ХХК-уудын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Учир нь шүүхээс хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөвөөр дүгнээгүй байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, маргаан бүхий захиргааны акт хууль зөрчөөгүй, Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэх ёсгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд нэхэмжлэгч нараас дараах үндэслэлээр шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухайд:

Шүүхийн шийдвэрт ... ашигт малтмалын хайгуулын... тусгай зөвшөөрөл олгогдоогүй, дээрх нэр бүхий газар, талбайд ашигт малтмал эрж, хайх эрх тэдэнд үүсээгүй байгаа учраас маргаан бүхий захиргааны актын улмаас тэдний эрх. хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй юм гэж дүгнэжээ.

"Э.Э.Э" ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоосон талбайд Уул уурхайн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 203 тоот тушаалаар Ашигт малтмалын газраас зарласан шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл цахимаар олгох журмын дагуу 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр оролцсон. Улмаар 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд бүрэн хамаарч байсан Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт байрлах Мандал нэртэй талбайд нийт 11 солбицлын цэг бүхий 833.29 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-018475-001-НЕ дугаар бүхий өргөдлийг Ашигт малтмалын газарт гаргасан.

Өргөдлийг хүлээж аваад Ашигт малтмалын газраас зураг зүйн шүүлт хийхэд ямар нэгэн давхцалгүй болохыг Ашигт малтмалын газрын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 6/2619 албан тоотоор тодорхойлж энэ тухай Завхан аймгийн Засаг даргад хүргүүлсэн байдаг.

"З.А" ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоосон талбайд Уул уурхайн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 203 тоот тушаалаар Ашигт малтмалын газраас зарласан шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл цахимаар олгох журмын дагуу 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр оролцсон. Улмаар 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд бүрэн хамаарч байсан Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт байрлах Нар нэртэй талбайд ХА-017957-001-НЕ дугаар бүхий өргөдлийг Ашигт малтмалын газарт гаргасан. Тус газраас өргөдлийг хүлээн авч НЕ-025209 дугаартай өргөдлийн бүртгэлийн дугаар олгосон.

Өргөдлийг хүлээж аваад Ашигт малтмалын газраас зураг зүйн шүүлт хийхэд ямар нэгэн давхцалгүй болохыг Ашигт малтмал газрын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 6/1250 албан тоотоор тодорхойлж энэ тухай Завхан аймгийн Засаг даргад хүргүүлсэн байдаг.

"П" ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоосон талбайд Уул уурхайн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 203 тоот тушаалаар Ашигт малтмалын газраас зарласан шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл цахимаар олгох журмын дагуу 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр оролцсон. Улмаар 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд бүрэн хамаарч байсан Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт байрлах Хар нэртэй талбайд ХА-017737-001-НЕ дугаар бүхий өргөдлийг Ашигт малтмалын газарт гаргасан. Тус газраас өргөдлийг хүлээн авч NЕ- 025007 дугаартай өргөдлийн бүртгэлийн дугаар олгосон.

Өргөдлийг хүлээж аваад Ашигт малтмалын газраас зураг зүйн шүүлт хийхэд ямар нэгэн давхцалгүй болохыг Ашигт малтмалын газрын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/429 албан тоотоор тодорхойлж энэ тухай Завхан аймгийн Засаг даргад хүргүүлсэн байдаг.

Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч нарын хайгуулын тусгай зөвшөөрөл цахимаар олгох журмын дагуу өргөдөл гаргасан талбай нь Монгол Улсын.Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоосон талбайд хамаарч байсан.

Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11 геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх гэж заасныг үндэслэсэн байдаг.

Иймд нэхэмжлэгч нарын өргөдөл гаргасан талбай нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбай байсан. Монгол Улсын Засгийн газраас хайгуулын талбай олгож болох талбай гэж тогтоосон талбайд өргөдөл гаргаж буй явдал нь тухайн компанид уг талбайд хайгуул явуулах ашиг сонирхол бий болсон буюу байгаа гэдгийг тодорхой харуулж буй гэж үзнэ.

Гэтэл зөвхөн өргөдөл гаргаснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохгүй, Ашигт малтмалын газраас нэхэмжлэгч нарт тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан буюу нэхэмжлэгч нар хайгуулын тусгай зөвшөөрөл аваагүй гэдэг үндэслэлээр эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компаниуд тухайн талбайд хайгуулын ажил явуулах ашиг сонирхолтой байгаа гэдгээ Ашигт малтмалын газарт гаргасан өргөдлөөр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 32 дугаар тогтоол илт хууль бус захиргааны акт болох тухайд:

Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015-05-11-ний өдрийн 32 дугаар тогтоол нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан дараах үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй юм.

1/ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3. захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль 18 дугаар зүйлд сум, дүүргийн хурлын бүрэн эрхийг хуульчилсан ба 18.1.2.нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар:

к/ нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх гэж заасан. Нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг Засаг даргын саналыг үндэслэн сумын хурал төлөөлөгчид нийтээрээ буюу хуулиар тогтоосон ирц бүрэн хангасан байдалтайгаар хуралдаж шийдвэрлэх ёстой байна.

Түүнчлэн, тус хуулийн 20 дугаар зүйлд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг хуульчилсан ба 20 дугаар зүйлийн 20.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18.1.1."е", 18.1.1.ж", 18.Т.2."г", 18.1.2. "ж, 18.1.2."з", 18.1.3. в, 18.1.3. г, 18.1.3. ж, 18.1.3. з\ 18.1.3. к, 18.1.3. л, 18.1.3."н"-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараах асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ гэж зааснаас үзвэл Нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах талаарх эрхийг Хурлын Тэргүүлэгчид хэрэгжүүлэх эрхийг хуулиар олгоогүй байна.

Гэтэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хурлын 2015 оны 32 дугаар тогтоолыг Тэргүүлэгчид хуралдан гаргасан байдаг ба шүүхээс энэхүү байдлыг зөвтгөсөн байдлаар дүгнэсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтад маргаан бүхий тогтоолыг гаргасан хурлын тэмдэглэл ... Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл гэсэн гарчигтай бөгөөд Төлөөлөгчид бус Тэргүүлэгчид хуралдсан байдаг. Энэ байдлыг шүүхээс дүгнэхдээ хэт нэг талыг баримтлан дүгнэсэн.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т зааснаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн газрыг тусгай хамгаалалтад авахаар заасан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 32 дугаар тогтоол нь хэдийгээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гэсэн нэртэй боловч хурлын тэмдэглэлээс үзэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдсан байна. Иймд эрх хэмжээгүй этгээдийн гаргасан шийдвэр гэж үзэхээр байна.

2/ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй.

Нэхэмжлэгчээс Засаг даргаас албан ёсоор гаргасан санал гаргаагүй байтал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдан маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэж маргаж байгаа.

Шүүхээс ...уг хуралдаанд сумын Засаг дарга Н.Б өөрийн биеэр оролцсон. гэж дүгнэн, түүний саналыг үндэслэн шийдвэрлэсэн гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн юм.

Захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь хуульд унлэспэсэн байх талаар Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоож өгсөн. Зүй нь Засаг даргаас бичгээр гаргасан саналыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зарлан хуралдаж, асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл нэгэнт зарласан хуралд биечлэн оролцож, саналаа амаар хэлсэн гэсэн үндэслэлээр шүүхээс захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааг зөвтгөн тайлбарлаж байгаа нь шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байдалд хүргэж байна.

Маргаан бүхий тогтоолыг гаргахдаа Засаг даргаас гаргасан саналыг үндэслээгүй бөгөөд санал гаргаагүй байтал газрыг тусгай хамгаалалтад авч шийдвэрлэснийг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл бүрдээгүй байхад акт гаргасан гэж үзэхээр байна.

Шүүхээс ... 2015 онд батлан гаргасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг нэхэмжлэгчээс 2017онд гаргаж байгаа тул уг захиргааны актыг гарах үед үйлчилж байсан бус одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг шүүх дээрх маргаанд хэрэглэж маргаан бүхий захиргааны актыг хууль бус болох эсэхийг тогтоох нь зүйтэй байна гэжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хууль нь материаллаг болоод процессын зохицуулалтыг агуулсан хууль байсан бөгөөд материаллаг хуулийн зохицуулалтыг буцаан хэрэглэх нь эрх зүйд нийцэх юм.

Захиргааны байгууллагаас үйл ажиллагаагаа тухайн цаг үед үйлчилж буй хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай тул маргаан бүхий захиргааны акт гарах үеийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх ёстой байна.

Иймд анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 -д заасан захиргааны акт илт хууль бус байх үндэслэлийг агуулаагүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй байна.

Ийнхүү дээрх үндэслэлээр Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ныөдрийн 64 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбарт үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч "Э.Э.Э" ХХК, "З.А" ХХК, "П"  ХХК-уудаас Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоолын хавсралтаас Мандал нэртэй 833.29 гектар талбайд холбогдох хэсэг, Нар нэртэй 11225.59 гектар талбайд холбогдох хэсэг, Хар нэртэй 33230 гектар талбайд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч дээрх нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлсэн, нэхэмжлэгч компаниудын эрхлэх үйл ажиллагааны чиглэлд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэх талаар бүртгэгдээгүй хэмээн маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолыг үндэслэн маргаан бүхий 2015 оны 32 дугаар тогтоолыг гарахаас өмнө нэхэмжлэгч компаниуд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 541, мөн оны 07 дугаар сарын 07-ныөдрийн 544 дүгээр шийдвэрүүдээр өргөдлийн талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхацсан гэх үндэслэлээр уг компаниудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

Нэхэмжлэгч нараас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн уг талбайнууд нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоолын үйлчлэлд хамаарч, орон нутгийн тусгай хамгаалалтад авагдаж, кадастрын улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь Ашигт малтмалын газрын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 6/3878 дугаар албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 488 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогджээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д сумын Хурлын хэрэгжүүлэх онцгой бүрэн эрхийг хуульчилсан байх ба 18.1-ийн к-д нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д газрын харилцааны талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилж, 20.1.3-т тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг ... сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д нутгийн өөрөө удирдах байгууллагын ашигт малтмалын асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилж, 12.1.4-д Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3-т ... сум ... өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутагт орон нутгийн тусгай хамгаалалт авч болно гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгогдсон байх ба уг хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төлөөлөгчдийн 80 хувийн ирцтэйгээр буюу 12 төлөөлөгч оролцон хуралдаж 32 дугаар тогтоол гаргасан нь хуульд нийцсэн, нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдохгүй байх тул гомдолд дурьдсан үндэслэлээр уг тогтоолыг илт хууль бус гэж үзэх боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Дээрх болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул гомдолд дурдсанаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ