Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2016/01400

 

Д.Даваадоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/05396 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1660 дугаар магадлалтай,

Д.Даваадоржийн нэхэмжлэлтэй

Б.Болормаад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 16.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Даваадоржийн  гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Даваадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Даваадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Болормаатай 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 15 хоногийн хугацаатай, 15 хоногийн 8 хувийн хүү тооцож авахаар харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулж, 5.000.000 төгрөг зээлдүүлсэн. Б.Болормаа нь 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр зээлийн 15 хоногийн хүүний 50 хувь болох 200.000 төгрөгийг “Хаан” банкны 5003602451 тоот данснаас миний “Хаан” банкин дахь 5076008121 тоот дансанд шилжүүлсэн. Үүнээс хойш хариуцагч Б.Болормаа нь зээлийн гэрээний үүргийг огт биелүүлээгүй. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын хооронд байгуулсан гэрээний ерөнхий агуулгын хүрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлохдоо талууд зээлийн гэрээний хугацааг 15 хоногоор тогтоосон боловч уг хугацаа хэтэрвэл зээлийг төлж дуусах хүртэл гэсэн тодорхой бус хугацаатай болгохоор гэрээний нөхцөлийг тодорхойлсон. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 5-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч зээлийн хүүгийн 50 хувийг төлж үндсэн зээлийг төлөөгүй тул уг гэрээний 2.2-т зааснаар зээлийн гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзнэ. Иймд хариуцагч Б.Болормаагаас үндсэн зээл 5.000.000 төгрөг, алданги 2.500.000 төгрөг, хүү 8.600.000 төгрөг нийт 16.100.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Болормаа шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 5 дугаар сард орчимд 5.000.000 төгрөг зээлэх боломжтой эсэх талаар Д.Даваадоржоос лавлахад хүнээс мөнгө орж ирвэл зээлж болно, маргаашнаас мөнгө ороод ирэх учир өнөөдөр гэрээнд гарын үсэг зурчих, нотариатаар орьё гэсэн. Гэрээнд гарын үсэг зурснаас хойш 2 хоногийн дараа мөнгөө хэзээ авах бэ гэхэд мөнгө орж ирэхээ больсон гэсэн. Би дээрх гэрээг нотариатаар ороогүй учраас ямар нэгэн асуудал байхгүй гэж бодсон бөгөөд тухайн үед Д.Даваадоржоос гэрээг нэхэж аваагүй. Мөнгө авсан бол гэрээг нотариатаар батлуулах байсан. Хуулийн байгууллагад худал зүйл бичиж миний нэр төрийг гутааж асар их хэмжээний мөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/05396 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Болормаагаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 7.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Даваадоржид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8.600.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Даваадоржоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Болормаагаас 134.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Байгалмаад олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1660 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 101/ШШ2016/05396 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Болормаагаас 16.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Даваадоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135.000 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Даваадорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгөлгүй хариуцагч талын анхан шатны шүүхэд гаргаагүй тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэж миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг илтэд хохироож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Магадлалын үндэслэх хэсэгт “нэхэмжлэгчээс нотлох баримтаар цуглуулж өгсөн Хаан банкны депозит дансны хуулга гэх баримт нь хариуцагч Б.Болормаа 5.000.000 төгрөгийг хүлээн авсан гэдгийг нотлохгүй” хэмээн дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг шүүх ноцтой зөрчсөн.

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаантай байгаа үед Б.Болормаа нь ямар үүргийн гэрээ, хэлцлийн үндсэн дээр ямар шалтгаанаар 200.000 төгрөгийг шилжүүлэх болсон учир шалтгааныг сайтар тодруулах ёстой, Хаан банкны дансаар шилжүүлсэн 200.000 төгрөгийн талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй. Б.Болормаа  400.000 төгрөгийг зээлсэн талаар анхан шатны шүүхэд тайлбар гаргаагүй, түүнийгээ нотлох баримтаар нотлоогүй байхад хэргийг дан ганц хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарыг үндэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан заалтыг зөрчиж байна.

Нэгэнт талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь зээлийн гэрээ, зээлийн төлбөр төлж байсан талаар Хаан банкны дансны хуулга зэргээр нотлогдож байх тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Д.Даваадорж нь хариуцагч Б.Болормаас зээл 5.000.000 төгрөг, хүү 8.600.000 төгрөг, алданги 2.500.000 төгрөг нийт 16.100.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлд зээлийн гэрээ, дансны хуулгыг дурджээ.

Б.Болормаа нь Д.Даваадоржоос 5.000.000 төгрөгийг 15 хоногийн хугацаагаар 8 хувийн хүүтэй зээлэхээр тохирч 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулжээ /хэргийн 4 дүгээр тал/. Тэрээр гэрээнд гарын үсэг зурснаа үгүйсгээгүй боловч  мөнгийг хүлээн аваагүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд  хөрөнгө  шилжүүлэх үүрэгтэй ба мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэжээ.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний зүйл болох 5.000.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн хэргийн 19 дүгээр талд авагдсан ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд нэхэмжлэгч Д.Даваадоржийн дансанд Болороос 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 200.000 төгрөг шилжсэн байх боловч гүйлгээний утга бичигдээгүй байх тул үүнийг зээл авч, зээлийн хүү төлснийг нотолсон баримт гэж үзэхгүй.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо зохигчдын хооронд үүссэн маргааны талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1660 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Даваадоржийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 134.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ