| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/00424/И |
| Дугаар | 191/ШШ2025/04237 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/04237
| 2025 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 191/ШШ2025/04237 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *********** тоотод байрлах, Г с ХХК /Регистрийн дугаар: **************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **********************тоотод байрлах Д б б ХХК /Регистрийн дугаар:**************/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 68.442.878 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Т.С нар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэгч нь Д б б ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 68.442.878 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Г С ХХК болон Д б б ХХК нь 2023 оны 03 дугаар сард Ажил гүйцэтгэх гэрээ болон Хамтран ажиллах гэрээ-г тус тус байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээгээр манай Г С ХХК өөрийн өмчлөлийн *******ААА улсын дугаартай SHACMAN X300 маркийн автомашин, *****АА улсын дугаартай LIANG SHAN маркийн чиргүүл, 5994 АР улсын дугаартай LIANG SHAN маркийн чиргүүлийг тус тус түрээслүүлэх, Д б б ХХК тухайн тээврийн хэрэгслүүдээр тээвэр хийж, тээврийн хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Ажил гүйцэтгэх гэрээ дуусах үед тээврийн хөлс 38.402.878 төгрөг болсон бөгөөд үүнээс хариуцагч тал 10.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 28.402.878 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сард төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ХАГ-015-0000001 дугаартай Хамтран ажиллах гэрээ-р Г С ХХК нь 4 ширхэг чингэлгийн барьцаа болгож 80.000 юань буюу Монгол төгрөгөөр нийт 40.040.000 төгрөгийг тээврийн хөлснөөс суутгаж авсан. Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний 3.1.3-т Гэрээлэгч тал 4 ширхэг чингэлгийн гэнэтийн болзошгүй тохиолдолд зориулсан эрсдэлийн сан бий болгосон бөгөөд гүйцэтгэгч талын машинаас суутгаж авсан 80.000 юанийг гэрээ дуусгавар болсон өдрөөс хойш өдөр тохирон тооцоо нийлэн гүйцэтгэгчид шилжүүлэн өгнө гэж заасан бөгөөд уригдагч тал нь өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Д б б ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний дагуу тээврийн үлдэгдэл хөлсөнд 28.402.878 төгрөг, мөн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний 3.1.3-т заасны дагуу тээврийн хөлснөөс суутгаж авсан 80.000 юань буюу Монгол төгрөгөөр 40.040.000 төгрөг, нийт 68.442.878 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Тээврийн хэрэгсэлд суурилуулсан чингэлэг түрээслэсний хөлсийг манайх хариуцаж төлөх талаар гэрээгээр тохиролцоогүй. Мөн хариуцагч хэнтэй ямар гэрээ хэлцэл хийж түрээслэснийг мэдэхгүй тул төлбөрөөс суутгахыг зөвшөөрөхгүй гэв.
Хоёр.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлд дурдсан ****ААА улсын дугаартай ************** арлын дугаартай Shacman X3000 маркийн зүтгүүр, ****АА ******************* арлын дугаартай 1-р чиргүүл, ****АА улсын дугаартай ***************** арлын дугаартай 2-р чиргүүлийн хамт тус тээврийн хэрэгсэл нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээ хүрэн боомтоос БНХАУ-ын Сэхэ боомт хооронд чингэлэг тээврээр нүүрс тээврийн ажлыг 2022 оны 9 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл М Т ХХК-тай ХАГ-000000000-01 тоот гэрээг тээврийн хэрэгслийн өмчлөгч Ц овогтой Б /РД: ***********/ нь байгуулан нүүрс тээврийн ажлыг чингэлэг тээврээр гүйцэтгэж байсан. Нүүрс тээврийг чингэлэг тээврээр гүйцэтгэхэд БНХАУ-ын В Э ХХК-тай байгуулсан Нүүрс тээвэрлэх гэрээ-ний дагуу тус компанийн чингэлгийг ашиглан нүүрс тээвэрлэж байсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын тээврийн хөлснөөс 40.000 юань буюу тухайн сарын ханшаар 19.640.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын тээврийн хөлснөөс 40.000 юань буюу 20.400.000 төгрөгийг барьцаа төлбөр болгон суутгасан болно. 2023 оны 1 дүгээр сараас тус тээврийн хэрэгслийн өмчлөгч Ц овогтой Б /РД:**********/-ийн зөвшөөрлөөр Д Б Б ХХК-ийн эзэмшилд шилжин 2023 оны 1 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сар хүртэл чингэлэг тээврээр нүүрс тээврийн ажил гүйцэтгэсэн болно. Д Б Б ХХК нь БНХАУ-ын В Э ХХК-тай байгуулсан Нүүрс тээвэрлэх гэрээ-ний дагуу тухайн тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэн тээврийн хөлсийг олгодог байсан бөгөөд 2023 оны 3 дугаар сарын тээврийн хөлсний үлдэгдэл тооцоо 28.402.878 төгрөгийн өглөгтэй, тус төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Чингэлгийн барьцаа төлбөр болох 40.040.000 төгрөгөөс тус ажлыг гүйцэтгэхэд чингэлгийн төлбөр болох 1ш чингэлэг 1000 юань, 4 чингэлгийн 4.000 юанийн төлбөрийг 2023 оны 1 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд 23.136.000 төгрөгийг суутгаад 16.904.000 төгрөг буцаан олгох тооцоотой болно. Ганган Сухай ХХК-д 45.306.878 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Гурав.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ХАГ-000000-01 тоот Хамтран ажиллах гэрээ, дансны хулга, тээврийн хөлс тооцсон хүснэгт, ****ААА, ****АА, ****АА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зэргийг ирүүлжээ. /хх 4-11, 28-30/
Хариуцагчаас баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл зэргийг ирүүлжээ. /хх 18-19, 21, 36-37/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г с ХХК нь хариуцагч Д б б ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 68.442.878 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 45.306.878 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргав.
2.Хэрэгт авагдсан баримт, талуудын маргаангүй тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
2.1.Нэг талаас Д б б ХХК, нөгөө талаас Г с ХХК нар харилцан тохирч, 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ХАГ-000000-01 тоот Хамтран ажиллах гэрээ-г байгуулжээ.
Дээрх гэрээгээр: Г с ХХК нь өөрийн эзэмшлийн ****ААА улсын дугаартай Shacman X3000 маркийн тээврийн хэрэгсэл буюу чирэгч толгой, ****АА улсын дугаартай, Liang Shan маркийн чиргүүл 1, ****АА улсын дугаартай, Liang Shan маркийн чиргүүл буюу хоёр ширхэг чиргүүлээр заасан маршрутын дагуу ачаа барааг тээвэрлэн гүйцэтгэхээр, тээвэр гүйцэтгэхтэй холбоотой жолооч, түүний цалин, түлш шатахуун, төлбөр, татварыг болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцахаар, харин Д б б ХХК нь тээвэрлэлтийн хөлсийг тээвэрлэсэн ачааны тонн тутмаар тооцон нэг тонн-ыг 70 юанаар тооцож хөлс төлөхөөр тус тус тохиролцжээ.
Талууд гэрээг Хамтран ажиллах гэрээ гэж нэрлэсэн, шүүх хуралдааны явцад ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан хэмээн тайлбарлах боловч дээрх гэрээний агуулга, зорилго болоод зохигчдын илэрхийлсэн хүсэл зоригоос үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.
2.2.Гэрээний зүйл болсон зүтгүүр болох 1 ширхэг чирэгч толгой, 2 ширхэг чиргүүл буюу тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийн эзэмшлийн хөрөнгө болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгчээс өөрийн шаардах эрхийг нотлох үүднээс ирүүлсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд хөрөнгийн өмчлөгч Номун цацраг ХХК гэж тэмдэглэгдсэн байна. Гэвч хэн алин нь тухайн тээврийн хэрэгслээр ачаа тээвэр гүйцэтгэхийн тулд гэрээтэй хуулийн этгээдийн өмчлөлд хөрөнгийг шилжүүлдэг гэж тайлбарлаж, хариуцагч энэ талаар маргахгүй байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж, мөн зүйлийн 42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж, 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар хамаарна гэж заасан.
Хэрэгт дээр дурдсан талуудын хоорондох гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээнээс өөр баримт авагдаагүй. Зохигчид тээвэр гүйцэтгэсэн рэйс давтамж, энэ хугацаанд төлсөн хөлс хэд болох зэргээр маргаанд хамаарах өөр бусад баримтуудыг хэн алин нь баримтаар ирүүлээгүй болно.
Гэвч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл: автомашинаар нүүрс тээвэрлэж Монгол Улсын хилээр гаргах ажлыг энэ гэрээний дагуу гүйцэтгэсэн, нэхэмжлэгч компани тээвэрлэх тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зардлыг бүрэн хариуцахаар, харин хариуцагч компани тээвэрлэх нүүрсийг гуравдагч этгээдээс худалдан авах, буцаан худалдан борлуулах ажиллагааг бүхэлд нь хариуцаж ажилласан болох нь тогтоогдож байна. Мөн нүүрс тээвэрлэхийн тулд тээврийн хэрэгслийн чиргүүл тус бүрд 2 ширхэг чингэлэг суурилуулсан, уг чингэлгийн эрсдэл гэж 80.000 юанийг хариуцагч нэхэмжлэгчид олгох хөлснөөс барьцаа болгож авсан, талууд 2022 оны 11 сараас эхлэн 2023 оны дуусталх хугацаанд нүүрс тээвэрлэсэн, тээврийн хөлсний төлөөгүй үлдэгдэл 28.402.878 төгрөг байгаа гэж тайлбарлаж маргахгүй байна. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэн зөвд тооцож маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д 1.Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан, хариуцагч төлөөгүй үлдэгдэл тээврийн хөлс 28.402.878 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй тул энэ мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
5.Харин зохигчид чингэлгийн эрсдэлд суутгасан 80.000 юаны барьцааг буцаан төлөх эсэх, уг барьцаанаас чингэлэгийн түрээсэнд гуравдагч этгээдэд төлсөн төлбөрийг хасч тооцох эсэхэд маргасан.
5.1.Талуудын хоорондох гэрээний 3.1.3-т Гэрээлэгч тал 4 ширхэг чингэлгийг гэнэтийн болзошгүй тохиолдолд зориулсан эрсдлийн сан бий болгосон бөгөөд гүйцэтгэгч талын машинаас суутгаж авсан 80.000 юанийг гэрээ дуусгавар болсон өдрөөс хойш өдөр тохирон тооцоо нийлэн гүйцэтгэгчид шилжүүлэн өгнө гэж заажээ. Дээрх зохицуулалтаас үзвэл энэ нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 231 дүгээр зүйлийн 231.1.4-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгосон барьцаа байна.
Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т Энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй гэж заасан, талуудын хооронд байгуулагдсан тээвэрлэлтийн гэрээний хугацаа дууссан, гэрээнд заасан эрсдэл бий болоогүй гэдэгт маргаагүй тул барьцааг нэхэмжлэгч гаргуулахаар шаардах эрхтэй.
5.2.Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ: тээвэрлэлт хийхээр байршуулсан чингэлэгийг БНХАУ-ын хуулийн этгээдээс түрээслэсэн, БНХАУ-ын хилээр нэвтэрч тээвэрлэхийн тулд заавал нүүрс худалдан авах талын чингэлгийг байршуулах шаардлага тавьдаг, үүнийг нэхэмжлэгч мэдэж байсан, БНХАУ-ын хуулийн этгээдэд чингэлэгийн түрээсийг манайх төлсөн тул уг зардал 23.136.000 төгрөгийг суутгаж хасна гэв.
Нэхэмжлэгчээс энэ төрлийн зардлыг манайх хариуцахаар гэрээгээр тохироогүй тул зөвшөөрөхгүй, ямар компанитай ямар хэлцэл хийж хэдэн төгрөг төлснийг манайх мэдэхгүй гэв.
Хэрэгт авагдсан гэрээнд тээврийн хэрэгсэлд байршуулсан чингэлэг-ийг гуравдагч этгээдээс түрээслэсэн түрээсийн зардлыг хэн хариуцах талаар тухайлсан тохиролцоогүй байх боловч дээрх гэрээний 3.1.1-д ...холбогдон гарах зардал, шимтгэл хураамжийг гүйцэтгэгч тал буюу Г с ХХК төлөхөөр, 3.2.2-т тээвэр хийхтэй холбоотой гарах бүх зардлыг гүйцэтгэгч хариуцна гэж /түлш, сэлбэг хэрэгсэл, жолоочийн цалин, замын хураамж гэх мэт/ гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч дээрх гарсан зардлыг огт хариуцах үүрэггүй гэж үзэх боломжгүй байна. Үүнээс гадна тээврийг гүйцэтгэх хэрэгцээ шаардлагын улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд чингэлэг байршуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул шүүх энэ тохиолдолд гарсан зардлыг зохигч талуудад тэнцүү хэмжээгээр хариуцуулах нь зүйд нийцнэ гэж үзлээ.
Хариуцагчаас чингэлэгийн түрээсэнд 23.136.000 төгрөг төлсөн гэж тайлбарласан ч энэ талаар дэмжих баримтыг ирүүлээгүй. Гэвч хуралдааны явцад нэхэмжлэгч үнийн дүнд маргаан үүсгээгүй тул шүүх хариуцагчийн тооцоолсон 23.136.000 төгрөгийг 50/50 хувиар хариуцуулах нь зүйтэй.
5.3.Дээрхийг нэгтгээд хариуцагчаас тээвэрлэлтийн хөлс 28.402.878 төгрөг, барьцаа 28.472.000 (40.040.000 - 23.136.000/2) төгрөг, нийт 56.874.878 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолоор Хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрснийг мэдэгдэж, уг баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг хэрэглэж болохоор тайлбарласан. Энэ хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагч талаас хэн алин нь шинээр нотлох баримт шаардлагатай талаар тайлбар хүсэлтийг шүүхэд гаргаагүй тул шүүх баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 160 дугаар зүйлийн 160.3-д зааснаар Д б б ХХК-иас 56.874.878 /тавин зургаан сая найман зуун далан дөрвөн мянга найман зуун далан найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г с ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11.568.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 500.164 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 442.324 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ