Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 146/ШШ2025/00134

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

Нэхэмжлэгч: ***** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************ холбогдох зээлийн гэрээний үүрэгт “11,304,447 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч тусгай ажиллагааны журмаар иргэний хэрэг үүсгэн хянаад

 

           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: “******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч ******* нь ХААН Банкны Өмнөговь салбарын Оюутолгой тооцооны төвөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ЗГ- 47641138 тоот Зээлийн гэрээ, БГХ/ 47641138 тоот Барьцааны гэрээ байгуулан цалингийн орлогоо барьцаалуулан 14,560.000 /Арван дөрвөн сая таван зуун жаран мянган/ төгрөгийн онлайн цалингийн зээлийг жилийн 15.6%-п хүүтэй, 30 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар авсан. Дээрх Зээлийн эрх нээх гэрээний хүрээнд цалингийн зээлийн үлдэгдэл дээр онлайнаар дараах нэмэлт цалингийн зээл авсан. Үүнд: 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 800,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарыг 09-ний өдөр 400,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 854,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 400.000 төгрөгийн нэмэлт цалингийн зээлийг тус тус зээлж авсан. Хамгийн сүүлд буюу 2022 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр дээрх Зээлийн эрх нээх гэрээний хүрээнд онлайн цалингийн зээлийн үлдэгдэл 14,154,298.38 төгрөг дээр нэмэлтээр 400,000 төгрөг нийт 14,554,298.38 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 15.6%-ийн хүүтэй, сар бүр зээл хүүгийн төлбөрт 631,000 төгрөг төлөх нөхцөлтэй зээлсэн. Зээлдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр "Цалин ордог өдөр өөрчлөгдөж, зээлээ төлж чадахгүй байгаа тул зээлийн гэрээний эргэн төлөлтийн өдөрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ -47641138-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан 12,909,381.36 төгрөгийн үлдэгдэлтэй цалингийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Зээлдэгч ******* нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлийн төлбөр төлөхийг удаа дараа утсаар холбогдон шаардан зээл төлөх мэдэгдлийг 2023 оны 10-р сарын 1?-ны өдөр Монгол шуудангаар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар нийт 662 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Мөн талууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1 -д"Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно." гэж, мөн хуулийн 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ" гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд "Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно" гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц код/ тоон гарын үсэг (аль тохирохыг сонгох)-ээр баталгаажуулсан болно” гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Доржготов овогтой Отгонбаяр миний бие Оюутолгой *******наас цалингийн зээл аваад төлөлтөө цалингаараа төлж байсан. Одоо хэрэгт холбогдож ял эдэлж байгаа болно. *******ны нэхэмжилсэн 11,304,447 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******ын зээлийн гэрээний үүрэгт “11,304,447 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч *******аас нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 11,304,447 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн 11,304,447 төгрөгийг төлж барагдуулах тухай хариу тайлбарыг дэмжиж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

            Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргаж болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,821 төгрөгийн 50 хувь буюу 97,910.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 97,910.5 төгрөгийг улсын орлогоос, 97,910.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

      ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “Х банк” ХК нь хариуцагч Д.О-аас зээлийн гэрээний үүрэгт 11,304,447 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195,821 төгрөгийн 50 хувь буюу 97,910.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 97,910.5 төгрөгийг улсын орлогоос, 97,910.5 төгрөгийг хариуцагч Д.О-аас гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                            Ц.ДАГИЙМАА