2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 193/ШШ2025/00571

 

 

2025            07           01

                                 193/ШШ2025/00571

            

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******од оршин суух,******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,*******,*******од оршин суух, /РД:/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,236,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, илүү төлсөн 5,802,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч Н.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.,

Гэрч Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Серк нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2.Нэхэмжлэгч Н. хариуцагч О.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,236,000 төгрөгийг гаргуулах тухай, хариуцагч О. нэхэмжлэгч Н.т холбогдуулан илүү төлсөн 5,802,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус тусгайлсан журмын дагуу гаргасан.

 

3.Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

- Талууд гэрээг бичгээр байгуулсан гэрээ байхгүй боловч бодит үйлдлээр гэрээ байгуулагдсан,

- Нэхэмжлэгч Н. хариуцагч О.гийн данс руу 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт 68,000,000 төгрөгийг шилжүүлсэн,

- Хариуцагч О.гаас нэхэмжлэгч Н.ийн данс руу 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийт 73,802,000 төгрөгийг шилжүүлсэн,

-Хариуцагч О. нь нэхэмжлэгч Н.ийн харилцах данс руу зээлийн хүүнд гэсэн хуулгын агуулгаар нийт 5,802,000 төгрөгийг шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчид талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй боловч уг гэрээний үүрэг дуусгавар болсон, зээлийн гэрээ сарын 9 хувийн хүүтэй байгуулсан зэрэгт маргасан.

 

4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болон сөрөг нэхэмжлэлийн татгалзлаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Би өөрийн хадгаламж болон эд хөрөнгийг бусдад барьцаалан зээл авч О.д сарын 9 хувийн хүүтэй зээлсэн. О. надаас зээлсэн мөнгөө бусдад өндөр хүүтэй мөнгө зээлүүлж, мөнгө хүүлсэн. Үүнд гомдолтой байна. Бид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч хүү тохиролцсон болох нь бодит үйлдэл болон түүний зөвшөөрснөөс тодорхой харагдана. Би зээлсэн мөнгөө тохирсон хүүтэй нь хамт авмаар байна гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ болон нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Зээлсэн мөнгөө бүхэлд нь биелүүлсэн тул үүрэг дуусгавар болсон. Хариуцагч О. нь зээлийн тооцоолол дээр алдаж илүү мөнгө төлсөн. Гэрээг заавал бичгээр байгуулсан тохиолдолд зээлийн хүү шаардах эрхтэй. Нэхэмжлэгч хэрэв хүүтэй, зээлийн гэрээ байгуулах гэж байгаа бол заавал хуульд зааснаар тусгай зөвшөөрөл авах ёстой гэж тайлбарласан.

 

5.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө болон төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлж, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч тал зээлдүүлэгчийг ашиг олох зорилготойгоор зээлийн гэрээ байгуулсан тул Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль нийцэхгүй гэж маргасан.

 

Зээлийн гэрээний хүү нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотойгоор тохиролцож болох хариу үүрэг байх боломжтой. Харин зээлдүүлэгчийг байнга, ашиг олох зорилготой олгосон гэх үйл баримт тогтоогдсонгүй. Иймд тохиролцсон мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт болон гэрээний агуулгаас харахад талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

 

Зээлийн гэрээ нь хариу үүрэг бүхий бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээ бөгөөд уг гэрээг заавал бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигддаггүй боловч зээлийн гэрээнд хүү тогтоосон бол гэрээг бичгээр байгуулна, бичгээр байгуулаагүй бол хүү шаардах эрхээ алдана гэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т заасан.

 

Нэхэмжлэгч Н. нь зээлийн гэрээний дагуу нийт 68,000,000 төгрөгийг зээлдүүлснээс үндсэн зээлийн үлдэгдэл 1,386,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 3,850,000 төгрөг гэж тайлбарласан боловч үндсэн зээлийн төлбөр 68,000,000 төгрөгийг зөвшөөрсөн хүүгийн хамт үүрэг гүйцэтгэгч үүргийг бүрэн биелүүлсэн байна.

Харин нэхэмжлэгчийн хариуцагчаас зээлийн хүүнд шаардсан 3,850,000 төгрөгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т зааснаар шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй.

 

6.Хариуцагч О. нь нэхэмжлэгч Н.т холбогдуулан зээлийн гэрээний тооцооллын алдаанаас болоод илүү төлсөн 5,802,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д заасан үндэслэлээр шаардсан.

 

Талуудын хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн болох нь нэгэнт тогтоогдсон тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөр шаардах эрхийн урьдчилсан нөхцөл хангагдахгүй.

 

Хариуцагч О. нь нэхэмжлэгч Н.ийн харилцах данс руу зээлийн хүүнд утгатай дансны хуулгын агуулгаар нийт 5,802,000 төгрөгийг шилжүүлснээс дүгнэхэд зээлийн хүү, хүүгийн хэмжээг зөвшөөрөн биелүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т заасан энэхүү зохицуулалт нь гагцхүү зээлдүүлэгчид хамааралтай. Өөрөөр хэлбэл зээлдэгч хүүг зөвшөөрөх, зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах, эсхүл үндсэн зээлд тооцуулахыг хүссэн шаардах эрхийн үндэслэлд дээрх хуулийн зохицуулалт хамааралгүй. Харин зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүйг зохицуулсан гэж үзнэ.

Нөгөө талаар, нэхэмжлэгч нэгэнт зөвшөөрч хүү төлсөн учир талуудын хоорондох урт хугацааны туршид үргэлжилсэн зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг хариуцагчид эдийн засгийн хувьд ашиггүй буюу хариу төлбөргүй, хохиролтой байдлаар шүүх шийдвэрлэх нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй юм.

 

7.Иймд зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,236,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл болон илүү төлсөн 5,802,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1.,115 дугаар зүйлийн 115.2.3, 759.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.ийн хариуцагч О.д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,236,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч О.гийн нэхэмжлэгч Н.т холбогдох 5,802,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,726 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,782 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3.-д зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-д зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.НЯМСҮРЭН