Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
Хэргийн индекс | 101/2020/03815/И |
Дугаар | 210/МА2021/01454 |
Огноо | 2021-09-24 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2021/01454
П ДХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2021/02167 дугаар шийдвэртэй, П ДХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.С-т холбогдох гэм хорын хохирлын төлбөрт 57 675 476 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.С- нь 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт нэгдсэн эмнэлгийн баруун талын замын уулзварт Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-т заасан гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас манай компанид даатгалтай, К К ББСБ ХХК-ийн эзэмшлийн 12-73 УНЛ улсын дугаартай Тоёота Ландкруйзер-200 маркийн автомашиныг мөргөж, 62 776 576 төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Д.С-т Хэнтий аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдын эд хөрөнгөд онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт зааснаар тодорхой ял шийтгэж түүнийг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэсэн. П ДХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 3011603263 тоот нөхөн төлбөр олгох тушаалаар 62 776 576 төгрөгийг гэрээний дагуу 100 хувь олгосон. Тухайн Тоёота ландкруйзер-200 маркийн автомашин нь 2016 онд Монгол улсад орж ирсэн, 2016 оны 07 сарын 04-ний өдөр улсын дугаар авч, Авто тээврийн газар бүртгүүлж, тодорхой хэмжээний даатгалын шимтгэл төлж, 148 000 000 төгрөгийн даатгалын хамгаалалтыг тус даатгалын компаниас авсан. Даатгалын гэрээний дагуу учирсан хохиролд 47 938 139 төгрөгийг сэлбэгийн зардалд 2016 оны 09 сард шилжүүлсэн. Дараа нь засвар үйлчилгээг Хэт моторс компаниар хийлгэсэн бөгөөд 14 667 137 төгрөгийг шилжүүлсэн. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах заалт, даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар шаардах эрх манай компанид шилжсэний дагуу 62 776 576 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд Д.С- нь Миг даатгал ХХК-иас жолоочийн хариуцлагын даатгалын 5 000 000 төгрөгийг авч, уг мөнгийг манай компани руу шилжүүлсэн. Үлдэгдэл 57 605 276 төгрөгийг төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч Д.С-аас даатгалын нөхөн төлбөрт төлсөн 57 605 276 төгрөг, эрэн сурвалжлах шийдвэр гаргуулахад тушаасан 70 200 төгрөг, нийт 57 675 476 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үнийн дүнгээс зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэдийгээр П ДХХК өөрийн даатгуулагч К К ББСБ ХХК-д даатгалын нөхөн төлбөр гэрээний үндсэн дээр өгсөн байх боловч Ланд 200 маркийн автомашинд нийтдээ 57 605 276 төгрөгөөр засвар үйлчилгээ хийлгэсэн эсэх нь хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй байдаг тул нотлох баримтгүй хохирлыг төлөх боломжгүй. Хариуцагч Д.С- 2016 оны 07 дугаар сарын 31-ны өдөр Хэнтий аймагт зам тээврийн осол гаргасны улмаас Хэнтий аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоол гарсан. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үндэслэл нь тээврийн хэрэгслийн үнэлгээг "Бэст эстимейт" ХХК болон В ХХК гэсэн 2 үнэлгээний компани гаргасан. "Бэст эстимейт" ХХК нь 41 522 500 төгрөг гэсэн хохирлын үнэлгээ гаргасан. Гэтэл В ХХК-аас 60 251 000 төгрөг гэж 20 000 000 төгрөгийн зөрүүтэй хохирлын үнэлгээ гаргасан байдаг. Тус 2 үнэлгээний компанийн гаргасан үнэлгээ илт зөрүүтэй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үнэхээр ийм их хэмжээний хохирол учруулсан уу гэдэг нь эргэлзээтэй. П ДХХК нь Мөнххада ХХК-аас сэлбэг захиалж 47 938 139 төгрөгийн шилжүүлсэн гэх дансны хуулга хэрэгт авагдсан. Гэхдээ 47 938 139 төгрөгийг 1273 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн сэлбэг захиалахад шилжүүлсэн мөнгө эсэх нь харагддаггүй. Мөнххада ХХК-аас захиалсан сэлбэгийн жагсаалтыг гаргуулах хүсэлт гаргасан боловч гаргаж өгөөгүй. Тийм учраас 47 938 139 төгрөгийн сэлбэг захиалсан гэдэг нь нотлогдохгүй байна. Харин Хэт моторс ХХК-аар 14 667 137 төгрөгийн засвар хийлгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Машин кузов талаасаа эвдэрсэн, дотор талын эд анги нь эвдрээгүй. 14 667 137 төгрөгөөр кузов засварлуулсан нь бодит хохирол юм байна. Тийм учраас 57 675 476 төгрөгөөс 14 667 137 төгрөгийг төлнө, энэ бол бодит учруулсан хохирол гэж үзэж байна. Өмнө нь эрэн сурвалжлуулсан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төлж болно гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 443 дугаар зүйлийн 443.7 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.С-аас 42 410 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П ДХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 265 276 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.С-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 370 001 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П ДХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. П ДХХК нь хариуцагч Д.С-аас 57 675 476 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 42 410 200 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч П ДХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр сэлбэгийн захиалгын төлбөрт 47 938 139.51 төгрөгийг Мөнххада ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны данс руу, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр үйлчилгээний төлбөрт 14 667 137.43 төгрөгийг Хэт моторс ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны данс руу тус тус шилжүүлсэн нь Улаанбаатар хотын банкны дансны хуулгаар тогтоогдож байх боловч мөнгөн шилжүүлгүүд нь 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн зам тээврийн ослын улмаас учирсан хохиролтой холбоотой болох нь баримтаар тогтоогдохгүй байна гэжээ. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Хэт моторс ХХК-иас манай компанид ирүүлсэн үйлчилгээний нэхэмжлэхэд даатгуулагчийн автомашины улсын дугаар, арлын дугаар зэргийг тодорхой бичсэн байх бөгөөд энэ нэхэмжлэхийн дагуу Хэт Моторс ХХК-д засварын зардлыг шилжүүлсэн нь тогтоогддог. Мөн Мөнххада ХХК-иас ирүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01/11 дугаар албан тоот болон албан бичигт хавсаргасан бүртгэлийн программын хэсгийн гүйлгээний утга нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Мөнххада ХХК-д 47 938 119.51 төгрөг шилжүүлсэн гүйлгээний утгатай таарч байхаас гадна тус мөнгийг даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд зориулан хийсэн талаар Мөнххада ХХК-иас 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн албан тоот хэрэгт авагдсан. Анхан шатны шүүхээс дээрх баримтуудыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, энэ талаар шүүхийн шийдвэрт дурдалгүй, үндэслэлгүй дүгнэжээ. Шийтгэх тогтоолын 5 дах заалтад Иргэний нэхэмжлэгч нь хохирлоо нотлох баримтаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай гэсэн байх бөгөөд уг шийтгэх тогтоолоор хохирлын хэмжээг бүрэн тогтоосон, шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Харин бидний шаардаж буй нэхэмжлэлийн дүн нь тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид бодитоор учирсан хохирол болно. Техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг үнэлүүлэхэд В ХХК 60 251 000 төгрөгөөр, Бэст эстимэйт ХХК 41 552 500 төгрөгөөр үнэлсэн байх боловч дээр дурдсан шийтгэх тогтоолд эдгээр үнэлгээний тайлангийн талаар тусгаагүй, автомашинд учирсан хохирлыг даатгалын байгууллагаас хохирлыг барагдуулсан гэх 47 340 000 төгрөгөөр тооцон тодорхойлсон байна гэжээ. Бидний хувьд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3-т учирсан хохирлын тухай хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт материалыг үндэслэн олгоно гэж заасны дагуу буюу В ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 9780 дугаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нөхөн төлбөр олгосон бөгөөд Даатгалын компани өөрөө үнэлгээ тогтоодоггүй болно. Түүнчлэн, энэхүү хохирлын үнэлгээтэй холбоотой асуудлаар хариуцагч нь 2018 оны 05 сард цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, прокурорын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 133 тоот тогтоолоор үнэлгээг үндэслэлтэй, хууль ёсны гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй. Дээр дурдсан үйл баримтуудаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас 1273 УНЛ улсын дугаартай авто машинд Бэст истемент ХХК болон В ХХК гэсэн 2 үнэлгээний компани үнэлгээ хийж, хохирлын хэмжээг илт зөрүүтэй байдлаар гаргасан. Мөн П ДХХК нь Мөнххада ХХК-д 47 938 139 тегрөгийн үнэ бүхий сэлбэг захиалсан гэж тайлбарладаг боловч дансны хуулга дээр гүйлгээний утга хэсэгт сэлбэг захиалсан талаар баримт байдаггүй. Мөнххада ХХК-аас ямар, ямар сэлбэг захиалсан талаар баримт гаргуулах гэтэл тухайн үеийн баримтууд байхгүй гэсэн тайлбараар захиалсан сэлбэгийн жагсаалтыг гаргаж өгөөгүй юм. Харин П ДХХК нь Хэт моторс ХХК-д 14 667 137 төгрөгийн засварын хөлс шилжүүлсэн бөгөөд үүнийг бодит зардал гэж үзэх боломжгүй. Учир нь тухайн тээврийн хэрэгсэл нь дотор эд анги эвдрээгүй, зөвхөн мөргөсөн талаараа гадна тал эвдэрсэн тул кузов засвар хийлгэхэд өмнөх байдалдаа бүрэн сэргэсэн байх бүрэн боломжтой юм. Бодит баримтаар нотлогдсон хохирол нь Хэт моторс ХХК-д телсөн 14 667 137 төгрөг тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч П ДХХК нь хариуцагч Д.С-т холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт төлсөн 57 605 276 төгрөг, эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 57 675 476 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч засварын төлбөр 14 667 137 төгрөг, эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Д.С- нь 2016 оны 7 дугаар сарын 31-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Нэгдсэн эмнэлгийн баруун талын замын уулзварт Тоёота Эстима маркийн 95-40 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх заалтыг зөрчсөний улмаас Г.Нарантуяагийн жолоодож явсан К К Инвестмент ББСБ-ын өмчлөлийн 12-73 УНЛ улсын дугаартай Тоёота Ландкруйзер-200 маркийн автомашиныг мөргөж, бусдын эд хөрөнгөд онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон болох нь Хэнтий аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. /хэргийн 18-21 дүгээр тал/
П ДХХК нь дээрх К К Инвестмент ББСБ-ийн өмчлөлийн 12-73 УНЛ улсын дугаартай Тоёота Ландкруйзер-200 маркийн автомашиныг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай даатгасан болох нь хэрэгт авагдсан 150301002501 дугаартай даатгалын гэрээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дэх хэсэгт зааснаар П ДХХК-д шаардах эрх шилжсэн гэж үзнэ.
Мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэгт зааснаар буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжихээр зохицуулсан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 47 938 139.51 төгрөгийг Мөнххада ХХК-ийн, 14 667 137.43 төгрөгийг Хэт моторс ХХК-ийн данс руу шилжүүлж, нийт 62 776 576 төгрөгийг даатгуулагчийн даатгалын нөхөн төлбөрт төлсөн ба хариуцагч Д.С-аас 5 000 000 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт төлсөн тул 57 776 576 төгрөгийг гаргуулахаар шаардсан гэх агуулгаар тайлбарлажээ.
Хариуцагч Д.С- нь 5 000 0000 төгрөгийг нэхэмжлэгч П ДХХК-д шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.
Анхан шатны шүүхээс Хэнтий аймаг дах Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэн даатгуулагчийн автомашинд 47 340 000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах шаардлагатай.
Тодруулбал, Хэнтий аймаг дах Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолд 47 938 139 төгрөгийн хохирол учирсан гэх дүгнэлт хийхдээ шүүгдэгч бусдын эд хөрөнгөнд онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйл баримтад хамааруулсан байх бөгөөд П ДХХК-ийн даатгуулагч буюу иргэний нэхэмжлэгч К К Инвестмент ББСБ ХХК-ийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг эцэслэн тогтоосон агуулга биш юм. Мөн уг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дах заалтад Иргэний нэхэмжлэгч нь хохирлоо нотлох баримтаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. гэж заасан нь иргэний эрх зүйн гэм хорын хохирлыг уг тогтоолоор хөдөлшгүй тогтоосон гэж үзэх үндэслэлгүй болохыг нотолж байна.
Нэхэмжлэгч П ДХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр сэлбэгийн захиалгын төлбөрт Мөнххада ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 427000960 данс руу 47 938 139.51 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр үйлчилгээний төлбөрт Хэт моторс ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 468010978 данс руу 14 667 137.43 төгрөгийг нөхөн төлбөрийн урьдчилгаа 12-73 гэх утгаар тус тус шилжүүлсэн нь Улаанбаатар хотын банкны дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 10,11 дүгээр тал/
Мөнххада ХХК-аас Хэнтий аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 17/1228 дугаартай албан бичигт нэхэмжлэгч П ДХХК-аас 47 938 139 төгрөгийн сэлбэгийн захиалгыг 12-73 УНЛ улсын дугаартай Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэлд зориулан хийсэн бөгөөд захиалсан сэлбэгийг цаг хугацаанд нь бүрэн хүлээлгэж өгсөн талаарх баримт хэрэгт авагджээ. /хэргийн 15 дугаар тал/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Мөнххада ХХК-аас ирүүлсэн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/257 дугаартай албан бичигт ...2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 17/1228 дугаартай албан бичиг байхгүй болохыг дурдсан нь тус компанид байхгүй байгааг илэрхийлсэн болохоос Мөнххада ХХК уг албан бичгийг үйлдээгүй гэж үзэх боломжгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Түүнчлэн, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/109 дугаар яллах дүгнэлтэд яллагдагч Д.С- нь иргэний нэхэмжлэгч Л.Мэргэнсанаад шууд хохирол 47 340 000 төгрөг, автомашин засварлахад гарсан шууд бус зардал 14 838 436 төгрөгийн хохирол төлбөртэй гэж дурджээ. Уг баримтан дээрх мөнгө шилжүүлсэн баримтуудыг харьцуулан үнэлбэл, Хэнтий аймаг дах Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолд заасан 47 340 000 төгрөгөөр нэхэмжлэгчид учирсан нийт хохиролын хэмжээг тодорхойлох үндэслэлгүй. Мөн уг үнийн дүнд засварын зардал 14 838 436 төгрөг ороогүй байна. /хэргийн 94,95 дугаар тал/ Иймд хариуцагч нь гэм хорын хохиролд сэлбэгийн үнэ 47 340 000 төгрөг болон Хэт моторс ХХК-руу үйлчилгээний төлбөрт шилжүүлсэн 14 667 137 төгрөг, нийт 62 007 137 төгрөг гаргуулахаас, хариуцагчийн даатгагчаас шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг хасч тооцвол гэм хорын хохиролд 57 007 137 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцжээ.
Анхан шатны шүүхээс хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгахгүй бөгөөд хариуцагч 70 200 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрсөн талаар тайлбар гаргасан болно.
Иймд хариуцагч Д.С-аас гэм хорын даатгалын нөхөн төлбөрт төлсөн 57 007 137 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 57 077 337 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П ДХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 668 339 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.
Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхтэй холбоотой дээр дурдсан хуулийн зохицуулалтыг баримтлаагүйг залруулан өөрчлөхөөр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2021/02167 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг заасныг тус тус баримтлан хариуцагч Д.С-аас 57 077 337 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П ДХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 668 339 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дах заалтын 370 001 гэснийг 443 336 гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 280 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296 666 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
С.ЭНХТӨР