| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2018/0054/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2018-04-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 67
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч Э.Хосбаяр,
Шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч Хонгорууд овгийн О.Ад холбогдох 1830000340025 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тэсэлгээчин мэргэжилтэй, “Цайрт Минерал” ХХК-д тэсэлгээчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын 27-26 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ЛЮ89081177/ Хонгорууд овгийн О.А.
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Яллагдагч О.А нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны шөнийн 01 цаг 30 минутын орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 27-26 тоотод А.Наранбаатарын баруун гарын бугалганд нь архины шилээр зүсэж эрүүл мэндэд нь “баруун гарын бугалганы доод 1/3 хэсгийн гүн зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч О.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Наранбаатар бид хоёр хөдөө Цоорхойн говь гэх газар таараад 0,75 литрийн архи хувааж уугаад хамт аймаг руу орж ирсэн. Аймагт орж ирээд дэлгүүр ороод 1 шил архи аваад манай гэр рүү очсон. Манай эхнэр гэрт архи уух гэлээ гэж уурлахаар нь би эхнэрээ зүгээр бай гичий минь гэж хэлсэн. Наранбаатар намайг эхнэрээ гичий гэж хэллээ гээд намайг цохиж бид хоёр муудсан. Би Наранбаатарыг ууж байсан архиныхаа шилээр цохисон. Наранбаатар намайг цохиход би арагшаа унахдаа Наранбаатарын баруун бугалгыг зүссэн байх. Шалан дээр цус гарсан байхаар нь хамраас цус гарсан байх гэж бодоод үзэхэд хамраас цус гараагүй байсан. Би Наранбаатарыг хагарсан шилэн дээр дарсан байх гэж бодоод үзэхэд гарын алга нь цусгүй байсан. Тэгээд цамцыг нь тайлж үзэхэд баруун бугалга нь зүсэгдсэн байсан. Би такси дуудаад Наранбаатарыг эмнэлэгт хүргэж өгсөн гэв.
- Хохирогч А.Наранбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Атарсайхантай Баруун-Урт сумын 8 дугаар баг “Цоорхойн говь” гэх газар хөдөө таарсан бөгөөд 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи хувааж уугаад хамт Баруун-Урт суманд ирж Хайлаастын байранд байх “Яргайт” нэртэй караокед орж дахин архи ууж байгаад Атарсайханы гэр рүү архи аваад очсон юм. Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 27-26 тоотод байх Атарсайханы гэрт нь ороод архи ууж байтал Атарсайхан нь эхнэр рүүгээ “гичий” гэх мэтээр хэлээд байхаар нь “чи ингэж болохгүй боль” гэж хэлсэн чинь “чамд ямар хамаатай юм” гээд надтай муудаад ууж байсан 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архитай шилээр миний зүүн нүдний орчимд цохьсон чинь шил хагарч байсан. Архи нь миний зүүн нүдэнд ороод хорсоод нүдээ нээж чадахгүй ямар нэгэн зүйл харахгүй байсан. Нэг сэргэсэн чинь би эмнэлэгт байсан. Миний баруун гарын бугалганы дотор булчин хэсэгт босоо зүсэгдсэн байсан. Уг гэмтэл яаж үүссэнийг мэдэхгүй байна. Ямар ч байсан архины шилээр миний зүүн нүдний дээд хэсэгт нэг удаа цохиж байсныг санаж байгаа юм. Үүнээс хойш ухаан алдсан байна лээ. Цохиулахаас өмнө миний баруун гарт ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй байсан. Миний бодлоор толгой руу архины шилээр цохих үед шил нь хагарч доош шувтрахдаа баруун гар зүсэгдсэн байх. Атарсайхан дараа нь надад ярихдаа толгой руу шилтэй архиар цохьсон чинь би зөрүүлээд цохьсон, энэ үед би Атарсайханы дээрээс нь унаад Атарсайхан нь хагархай шилээ гартаа бариастай байхад нь зүсэгдсэн гэсэн. Миний бие одоо зүгээр болсон. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9 х /
- Шүүгдэгч О.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Наранбаатартай хөдөө таарч хамт архи уугаад Баруун-Урт сумын төв орж орой 22 цаг 50 минутын орчим “Яргайт” караокед Наранбаатарын хамт ороод тэнд архи ууж байгаад гэр рүү явсан юм. Яргайт баарнаас авсан байсан архийг манай гэрт очоод уух гэсэн чинь манай эхнэр Сарангоо уурлаад байхаар нь би эхнэртээ уурлаад “юу гээд байгаа юм бэ гичий минь” гээд хэлсэн чинь Наранбаатар манай эхнэрийг өмөөрөөд уурлаад “чи эхнэрээ гичий гэлээ, би ямар та хоёрыг муудалцуулах гэсэн юм уу” гэж хэлээд намайг цохьсон. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ хөгшөөн” гэсэн чинь эхнэртээ тэгж хэлэх ёсгүй гэсэн. Тэр үед шилтэй архи барьж байгаад А.Наранбаатарын толгой руу нь цохьсон чинь шил нь хагарчихсан. Тэгтэл Наранбаатар нь зөрүүлээд намайг гараараа цохьсон бөгөөд би хойшоо унасан чинь Наранбаатар нь намайг цохьсон эрчиндээ миний дээрээ унасан энэ үед би архины хагархай шилийг тавиагүй байсан бөгөөд А.Наранбаатарын баруун гарын бугалга хэсэгт зүсчихсэн. Босч ирээд байж байтал хулдаасан дээр цус байхаар нь юун цус гарсан юм гээд байж байтал Наранбаатарын баруун гарнаас цус гарч байхаар нь цамцыг нь тайлсан чинь баруун гарын бугалга хэсэгт зүсэгдчихсэн байхаар нь түргэн тусламж дуудсан чинь өөрсдөө ир гэхээр нь такси дуудаад эмнэлэг дээр очиход эмнэлгийн гадна ирээд Наранбаатар ухаан алдчихсан юм. Наранбаатар бид 2 ямар нэгэн муудах асуудал байхгүй байсан. Урьд муудаж байгаагүй юм. Би маш их гэмшиж байна. Наранбаатараас уучлал гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38 х /
- Гэрч Б.Сарангоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 12-ны орой ажлаасаа 22 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд манай нөхөр байхгүй байсан. Гэртээ ирэхийн өмнө нөхөртэйгээ ярихад хөдөөнөөс орж ирлээ гэж байсан. Тэгээд надад гэрийн түлхүүр байхгүй байсан ба манай нөхөр гэрийн гаднаас такситай ирж аваад 2 хүүхэд байгаа айлд буулгасан. Би хоёр хүүхдээ аваад гэртээ 23 цаг өнгөрөөгөөд ирсэн. Манай нөхөр найз Баатарын хамт 00 цагийн үед нилээн архи уусан байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь “яасан их архи уудаг юм” гээд загнаад эргээд хартал гэрийн баруун талд баганын урд манай нөхөр, хойд талд Баатар нар өөд өөдөөсөө хараад голдоо 0.75 литрийн 1 шил “Ерөөл” архи тавьчихсан уух гэж байсан. Тэгэхээр нь “арай даварч байгаа юм биш үү” гээд загнасан чинь “пизда чинь” гэхээр нь “чиний архи уух чинь зөв үү” гэсэн чинь Баатар нь манай нөхрийг 2-3 удаа алгадсан. Тэгээд хоорондоо суугаагаараа гэрийн баруун урд хувцасны шкафны тэнд барьцалдаад байж байсан. Тэгэхээр нь та хоёр битгий маргалдаад бай гээд эргэж хараад хүүхдийнхээ хоолыг өгөөд байж байтал шил хагарах чимээ гарсан. Эргээд хартал манай нөхөр, Баатар хоёр хоорондоо зууралдаж байхаар нь “юу болж байгаа юм бэ” гэхэд тэр хоёр дээшээ зууралдсан чигээрээ босож ирсэн чинь Баатарын духны хэсгээс цус гарсан байсан. Тэгээд явлаа гээд байхаар нь “чи байж бай, түргэн дуудъя” гээд хэлсэн чинь Баатар хэрэггүй гээд байсан ба “энэ архитай цамцыг тайлна” гээд цамцаа тайлтал баруун гарын булчингийн хэсэгт нилээн том язарчихсан, цус гоожсон байхаар нь би нөхөртөө “Хөөе Баатарын чинь гарнаас цус гараад байна, зүсчихсэн байна” гэсэн чинь түргэн дууд гэхээр нь эмнэлэг рүү залгасан чинь “аваад ир, гэрт оёдол хийдэггүй” гээд байсан. Тэгэхээр нь такси дуудаад манай нөхөр Баатарыг эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд явсны дараа нь архины шилний хагархай болон цусыг нь цэвэрлээд угаадасны цэнхэр хувинд хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 х /
- Гэрч Г.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 13-ны орой 01 цаг 56 минутын орчим миний гар утас руу Атарсайхан гэдэг залуу 99514159 дугаарын утсаараа залгаад “таксинд явж байна уу, манайд хурдан хүрээд ир” гэсэн.Тэгэхээр нь би шуудангаас хүн авах гэж байснаа шуудан ирэхээс өмнө гээд шууд очсон юм. Тэгээд эмнэлэгт хүргэж өгсөн. Эмнэлгийн гадаа очоод Атарсайхантай хамт тэр залууг өргөж оруулж өгсөн юм. Атарсайхан гэдэг залууг өмнө нь найзтай нь хамт Дөрвөлжийн арын цагаан худгийн тэндээс 01 цаг 11 минутын орчимд гэрт нь хүргэж өгч байсан юм. Би Атарсайхан гэдэг залууг бол танина. Манайхтай хамт хөдөө ойрхон байдаг байсан юм. Харин нөгөө залууг нь Наранбаатар гэдэг юм. Тэр залуу болохоор надтай хамт цэрэгт хамт байсан юм билээ.Сүүлд л мэдсэн юм. Наранбаатар гэдэг залууг анх Атарсайхан гэдэг залуугийнхаас машинд суухад нь л гартаа шархтай гэдгийг нь мэдсэн. Тэгээд би наадах цусаа гэж хэлээд хурдан эмнэлэгт очихоор явсан. Замдаа яаж байна гэж л асуусан. Би тэр хоёрыг яг яасан талаар асуугаагүй. Атарсайхан надад түргэн дуудсан чинь өөрсдөө авчирч өг гэж хэлсэн гээд ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13 х /
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дугаартай дүгнэлтэд: А.Наранбаатарын биед баруун гарын бугалганы доод 1/3 хэсгийн гүн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь хурц үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 32 х /
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол /хх-1 х /
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг,гэрэл зураг / хх- 3-7х /
- Яаралтай тусламжийн хуудас / хх-н 24-25 х /
- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 154 дугаартай дүгнэлт, / хх-н 132 х /
- О.Аы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 39 х /
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2018.03.13-ны өдрийн 9/195 дугаартай тодорхойлолт /хх-н 22 х /
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар талаарх прокурорын санал / хх-н 56 х / зэрэг болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд хангагдсан буюу О.Аы гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хэрэгт нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.А нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны шөнийн 01 цаг 30 минутын орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 27-26 тоотод А.Наранбаатарын баруун гарын бугалганд нь архины шилээр зүсэж эрүүл мэндэд нь “баруун гарын бугалганы доод 1/3 хэсгийн гүн зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгч О.Аы хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч А.Наранбаатарын мэдүүлэг, гэрч Б.Сарангоо, Г.Ганбаатар нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 154 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тухайн хэрэг иргэд хоорондын маргааны улмаас үүссэн нь шүүгдэгч О.Аы мөрдөн байцаалтанд өгсөн ...” Наранбаатар манай эхнэрийг өмөөрөөд уурлаад “чи эхнэрээ гичий гэлээ, би ямар та хоёрыг муудалцуулах гэсэн юм уу” гэж хэлээд намайг цохьсон. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ хөгшөөн” гэсэн чинь эхнэртээ тэгж хэлэх ёсгүй гэсэн. Тэр үед шилтэй архи барьж байгаад А.Наранбаатарын толгой руу нь цохьсон чинь шил нь хагарчихсан. Тэгтэл Наранбаатар нь зөрүүлээд намайг гараараа цохьсон бөгөөд би хойшоо унасан чинь Наранбаатар нь намайг цохьсон эрчиндээ миний дээрээ унасан энэ үед би архины хагархай шилийг тавиагүй байсан бөгөөд А.Наранбаатарын баруун гарын бугалга хэсэгт зүсчихсэн”... гэх, хохирогч А.Наранбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн...” надтай муудаад ууж байсан 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архитай шилээр миний зүүн нүдний орчимд цохьсон чинь шил хагарч байсан.”... гэх, гэрч Сарангоогийн мөрдөн байцаалтнд өгсөн:...“Баатар нь манай нөхрийг 2-3 удаа алгадсан. Тэгээд хоорондоо суугаагаараа гэрийн баруун урд хувцасны шкафны тэнд барьцалдаад байж байсан. Тэгэхээр нь та хоёр битгий маргалдаад бай гээд эргэж хараад хүүхдийнхээ хоолыг өгөөд байж байтал шил хагарах чимээ гарсан. Эргээд хартал манай нөхөр, Баатар хоёр хоорондоо зууралдаж байхаар нь “юу болж байгаа юм бэ” гэхэд тэр хоёр дээшээ зууралдсан чигээрээ босож ирсэн чинь Баатарын духны хэсгээс цус гарсан байсан” гэх, гэрч Г.Ганбаатарын мөрдөн байцаалтнд өгсөн:...” Наранбаатар гэдэг залууг анх Атарсайхан гэдэг залуугийнхаас машинд суухад нь л гартаа шархтай гэдгийг нь мэдсэн. Тэгээд би наадах цусаа гэж хэлээд хурдан эмнэлэгт очихоор явсан” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдоно.
Шүүгдэгч О.А гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Тэдгээр нь бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсэн атлаа бусдын эрүүл мэндэд зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч О.Ад холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотолж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх бөгөөд мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч О.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч О.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч О.Аы гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Наранбаатар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хонгорууд овгийн О.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аы орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ялтан О.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Наранбаатар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Ялтан О.А нь шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР