| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2025/0074/З |
| Дугаар | 159/ШШ2025/0073 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 159/ШШ2025/0073
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:159/2025/0071/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Ө*******
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга нарын хооронд үүссэн
“Дулаанхаан тосгоны багийн иргэдийн Нийтийн Хурлаар 115 хүний санал авч, тосгоны захирагчаар сонгогдсон Б*******ийн Ө*******г захирагчаар томилохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Дулаанхаан тосгоны захирагчаар томилохыг Шаамар сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ө*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрхэмбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ө******* нь тус шүүхэд Дулаанхаан тосгоны багийн иргэдийн Нийтийн Хурлаар 115 хүний санал авч, тосгоны захирагчаар сонгогдсон Б*******ийн Ө*******г захирагчаар томилохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Дулаанхаан тосгоны захирагчаар томилохыг Шаамар сумын Засаг даргад даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг буюу Дулаанхаан тосгоны иргэдийн Нийтийн Хуралдаан 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдаж, тосгоны захирагчаар Б.Ө******* нэр дэвшиж санал хураалтад оролцсон 118 хүнээс 115 хүний санал авсан ба тус иргэдийн Нийтийн хурлын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Б.Ө*******г тосгоны захирагчаар батламжлуулахаар сумын Засаг даргад уламжлахаар тогтоож, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр холбогдох баримтын хамтаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга М.Г*******од хүргүүлжээ.
1.2. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга нь 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/166 тоот албан бичгээр дээрх 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд хандан “Тус сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолыг үндэслэн Б******* овогтой Ө*******г багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан. Уг хурлыг зарласан зөвлөлийн бүрэлдэхүүн нь хурал зарлах эрхгүй талаар иргэнээс гомдол ирүүлсэн тул 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг хуралдуулж шийдвэрлэнэ үү” гэх хариуг хүргүүлж Б.Ө*******г багийн Засаг даргаар томилохоос татгалзсан байна.
1.3. Б.Ө******* нь 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар хандсан ба Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 01/779 тоот албан бичгээр Шаамар сумын Засаг даргад холбогдох хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэх талаар чиглэл хүргүүлсэн.
1.4. Нэхэмжлэгч Б.Ө******* нь маргаан бүхий асуудлаар 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч Б.Ө******* шүүхэд бичгээр, шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбартаа: "Дулаанхаан тосгоны багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж зарласан.
Багийн иргэдийн Нийтийн Хуралдаан 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр цагтаа эхэлж нийт 194 хүн оролцсон. Миний бие Б.Ө******* нь 115 хүний санал авч ялалт байгуулсан.
Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл хурлын тогтоолыг 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Шаамар сумын Засаг даргад хүргүүлсэн. Б******* овогтой Ө*******г захирагчаар батламжилж өгөхийг даалгасан.
Үүнээс хойш 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Шаамар сумын Засаг дарга М.Г******* нь Б******* овогтой Ө*******гийн Багийн засаг даргаар томилуулахаар уламжилсан уг хурлыг зарласан зөвлөлийн бүрэлдэхүүн нь хурал зарлах эрхгүй, хууль бус гэж үзсэн. Шаамар сумын Засаг дарга М.Г******* ямар ч үндэслэлгүй хурал зарласан зөвлөлийг үндэслэлгүй гэж багийн иргэдийн Нийтийн Хурлыг үл тоож ард түмний сонголтыг эсэргүүцсэн. Гэтэл уг хурал зарласан багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл нь 2023, 2024, 2025 оны Орон нутаг хөгжүүлэх сангийн бүх хурлыг удирдаж, шийдвэр гаргаж байсан зөвлөл мөн болохыг баримт тогтоолоор хавсаргав.
Сэлэнгэ аймгийн Засаг даргад уг асуудлаар 2025 оны 6 дугаар сарын 03-ны хандсан боловч хариу ирээгүй тул шүүхэд хандаж буй тул шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр, шүүх хуралдаанд амаар гаргасан хариу тайлбартаа: “...Тус сумын Дулаанхаан 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаан удирдаж явуулсан зөвлөл нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх заалтын "иргэдийн Нийтийн Хурал нь хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн байна.
Тухайн үед хуралдсан зөвлөл нь өмнөх зөвлөлийн гишүүдийн оролцоогүйгээр буюу 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны шийдвэрээр томилогдсон н.О*******, М.Б*******, Г.Б*******, А.Т*******, Ж.Г******* нарын шийдвэргүйгээр дур мэдэн хурал зарлаж хууль зөрчсөн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг буюу Дулаанхаан тосгоны иргэдийн Нийтийн хуралдаан 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдаж, тосгоны захирагчаар Б.Ө******* нэр дэвшиж санал хураалтад оролцсон 118 хүнээс 115 хүний санал авсан ба тус иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Б.Ө*******г тосгоны захирагчаар батламжлуулахаар сумын Засаг даргад уламжлахаар тогтоож, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр холбогдох баримтын хамтаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга М.Г*******од хүргүүлэхэд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга нь 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/166 тоот албан бичгээр дээрх 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд хандан “Тус сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолыг үндэслэн Б******* овогтой Ө*******г багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан. Уг хурлыг зарласан зөвлөлийн бүрэлдэхүүн нь хурал зарлах эрхгүй талаар иргэнээс гомдол ирүүлсэн тул 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг хуралдуулж шийдвэрлэнэ үү” гэх хариуг хүргүүлж Б.Ө*******г багийн Засаг даргаар томилохоос татгалзсан байна.
2. Нэхэмжлэгч нь “...багийн Засаг даргыг сонгох тус иргэдийн Нийтийн Хуралдааны зөвлөлийн өмнө нь хуралдаж шийдвэрлэсэн тогтоолууд хүчин төгөлдөр үйлчилж байхад багийн Засаг даргыг нэр дэвшүүлэн сонгох асуудлыг шийдвэрлэсэн тогтоол нь хууль бус гэж үзэж байгаа хариуцагчийн татгалзал нь үндэслэлгүй.” гэж маргадаг.
3. Хариуцагч нь “...багийн Засаг даргыг сонгох тус иргэдийн Нийтийн Хуралдааны зөвлөл нь өмнөх хуралдааны зөвлөлийн гишүүдийн оролцоогүйгээр дур мэдэн хурал зарлаж хууль зөрчсөн.” гэж тайлбарлан маргадаг.
4. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн.”, 32.8 дахь хэсэгт “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй”, 32.8.4 дэх заалтад “баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх” эрхтэй, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ”, 56.5.1 дэх заалтад “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана”, 56.5.2 дахь заалтад “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56.6 дахь заалтад “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно.” гэж тус тус хуульчилсан.
5. Мөн тус хуулийн 56.4-т зааснаар “Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч нь бүрэн дундаас дээш боловсролтой, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, ялгүй байх зэрэг шаардлагыг хангасан байхаар хуульчилжээ. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Б.Ө******* нь багийн Засаг даргад тавигдах хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан болох нь тогтоогдож байна.
6. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас ... тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно. Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө тухайн баг, хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна.” гэж заасан бөгөөд хуульд заасан дээрх ирц бүрдээгүй тохиолдолд хуралдааныг хүчингүйд тооцох зохицуулалттай байна.
Мөн зүйлийн 32.9-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл нь иргэдийн төлөөллөөс гадна баг, хорооны Засаг дарга болон Хуралдааны дарга ... нараас бүрдэх бөгөөд гагцхүү иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэгтэй. Зөвлөлийн хурлыг Хуралдааны дарга тэргүүлнэ.” 32.10-т “Баг, хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хуралдаанаас хуралдаан даргалагчийг 2 жилийн хугацаагаар сонгоно. Хуралдаан даргалагч нь хуралдааныг удирдан явуулах, хуралдааны шийдвэрийг албажуулан гарын үсэг зурах, дараагийн хуралдааны зохион байгуулалтын бэлтгэлийг хангах үүрэгтэй. Хуралдааны даргад баг, хорооны Засаг даргын албан тушаалын үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгож болно.” гэж тус тус заасан байна.
7. Хуралдаан даргалагч нь хуралдааныг удирдан явуулах, хуралдааны шийдвэрийг албажуулан гарын үсэг зурах, дараагийн хуралдааны зохион байгуулалтын бэлтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд Зөвлөлийн хурлыг Хуралдааны дарга тэргүүлэх тул зөвлөлийн гишүүд бүрэн оролцсоноор ээлжит хуралдааныг товлох талаар хуульд тусгайлсан заасан зохицуулалт байхгүй тул Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоолоор багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хуралдааныг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр товлож, тус хуралдаанаар багийн иргэдийн Нийтийн Хуралдааны шинэ зөвлөлийг сонгох, багийн Засаг даргыг сонгох сонгуулийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд тус ээлжит хуралдаанаар шинэ зөвлөлийн гишүүд болон шинэ хуралдаан даргалагчийг сонгож улмаар шинэ зөвлөл бүхий иргэдийн Нийтийн Хуралдаанаар багийн Засаг даргыг нэр дэвшүүлэн санал хурааж олонхын санал авсан нэр дэвшигч Б.Ө*******г багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасантай нийцэж байна.
8. Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар уламжилсан багийн иргэдийн Нийтийн Хуралдааны тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа тохиолдолд томилох эрх бүхий этгээд нь тус тогтоолыг хүлээж аваад томилохоос татгалзах эрхтэй хэдий ч багийн Засаг даргад нэр дэвшигчийн нь хувьд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өртэй бол, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөртэй бол, түүнчлэн ялтай байхдаа нэр дэвшсэн тохиолдолд түүнийг томилохоос татгалзахаар байна.
9. Өөрөөр хэлбэл багийн иргэдийн Нийтийн Хуралдааны Засаг даргад уламжлах тухай тогтоол болон иргэдийн Нийтийн Хуралдааныг хууль бус гэж үзэж, эрх бүхий байгууллагаас хуралдаан болон хуралдаанаас гарсан шийдвэрийг хууль бус гэдгийг тогтоож шийдвэрлэсэн, мөн багийн иргэдийн Нийтийн Хурал өөрөө тогтоолоо хүчингүй болгосон тохиолдолд, түүнчлэн багийн Засаг даргад нэр дэвшигч нь хуульд заасан шаардлага хангаагүй талаарх үндэслэл бүхий шалтгаан байгаа тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг багийн Засаг даргаар томилохоос татгалзах эрхтэй байна.
10. Гэтэл тус хурлын тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байхад хариуцагчийн Хуралдааныг удирдаж явуулсан зөвлөл нь хууль зөрчсөн тул томилох боломжгүй гэх тайлбар нь нэхэмжлэгчийг Засаг даргаар томилохоос татгалзах үндэслэл болохгүй учир хариуцагчийн татгалзал хууль бус байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5.2, 56.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ө*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын “Б.Ө*******г Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг буюу Дулаанхаан тосгоны захирагчаар томилохоос татгалзсан шийдвэр” хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Ө*******г Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг буюу Дулаанхаан тосгоны захирагчаар томилохыг хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР