Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/472

 

 

 

 

 

 

  2024              4            23                                         2024/ДШМ/472

 

 

Н.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Амгалан,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Ш,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох ...................... дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ...... дүүргийн .... дүгээр хороо, .... байрны ... тоотод хохирогч С.Э-тай маргалдаж улмаар түүний хоолойг хоёр гараараа боох, шанаа хэсэг рүү нь гараар цохих зэргээр эрүүл мэндэд нь уруулд зулгаралт цус хуралт, хүзүүнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т 500 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Б-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, эрүүгийн ......... дугаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нийтэд тустай ажил хийвэл бусдын өмнө хүлээсэн гэрээний үүрэг зөрчигдөж, мөн түүнчлэн гэр бүлээ тэжээн тэтгэх боломжгүй болно. Би хэд хэдэн байгууллагуудтай барилгын гэрээ байгуулсан байгаа. Нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлснээр гэрээний үүргээ зөрчих нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Б.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдааны явцад прокуророос “шүүгдэгчийн орлогыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна” гэж нийтэд тустай ажил хийх ялын санал гаргасан.Үүний дагуу анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялын санал гаргасан. Иймд бидний зүгээс давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн орлогыг нотолсон баримтуудыг шинээр гарган өгч байна. Шүүгдэгч Н.Б нь эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Улирлын чанартай барилгын ажил хийдэг, хохирогчийн зүгээс ямар нэгэн төлбөр нэхэмжлээгүй. Миний үйлчлүүлэгч Н.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Б нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлаар маргаж оролцдог. Мөн хохирогч С.Э мэдүүлгээсээ буцсан асуудал байдаг. Шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүгдэгч нь прокурорын дуудсан цагт хүрэлцэн ирээгүй. Мөн шүүхийн дуудсан цагт ирэлгүй зохимжгүй зан авир гаргасан. Үүний улмаас шүүх хуралдаан хойшилсон асуудал гарч байсан. Анхан шатны шүүхийн шатанд шүүгдэгч нь ямар ажил, хөдөлмөр эрхэлдэг эсэх нь тодорхойгүй байсан учраас прокурорын зүгээс нийтэд тустай ажил хийх ялын санал гаргасан. Уг саналын хүрээнд шүүхээс шүүгдэгчид нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан. Шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдал, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээд тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр .... дүүргийн ... дүгээр хороо, ... байрны ... тоотод хохирогч С.Э-тай маргалдаж улмаар түүний хоолойг хоёр гараараа боох, шанаа хэсэг рүү нь гараар цохих зэргээр эрүүл мэндэд нь уруулд зулгаралт цус хуралт, хүзүүнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч С.Э-ийн “...2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэртээ 16 цагийн үед байхад манай хамтран амьдрагч согтуу орж ирээд надтай маргалдаад намайг том өрөөнд байхад хоолойноос хоёр гараараа боогоод, шанаа руу нэг удаа цохингуут нь би гэрийн шал дээр унаад босож ирээд гэрээсээ гараад цагдаа дуудсан. ...” /хх 14, 16/,

яллагдагч Н.Б-ийн “...Миний хувьд санаатайгаар цохиж зодож гэмтэл учруулъя гэж бодоогүй бөгөөд миний эд зүйлийг өгөхгүй байсан учраас булаацалдаж байгаад дээрх гэмтлүүдийг учруулсан гэж бодож байна. Нэгэнт ийм асуудал болсон учраас хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 35-36/ гэх мэдүүлгүүд,

“...С.Э-ийн биед уруулд зулгаралт цус хуралт, хүзүүнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, тархи доргилт, хуйх, шилбэнд сорви гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хуучин болон шинэ гэмтлүүд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2144 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх 21-22/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Н.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Н.Б-ийн хохирогч С.Э-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Н.Б “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгч Н.Б-т холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, заасан хэмжээний дотор 500 цагийн хугацаагаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр болон хувийн байдалд тохирсон ба ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.  

Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солихыг хүссэн шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Д.ОЧМАНДАХ

 

                                 ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ