| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2018/0061/Э |
| Дугаар | 77 |
| Огноо | 2018-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 77
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,
Хохирогч Ц.Хатанбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жав овгийн Н.Нд холбогдох эрүүгийн 1830000770049 тоот хавтаст хэргийг 2018 оны 04 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ЛИ86022870/ Жав овгийн Н.Н
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Н.Н нь 2018 оны 03 дугаар сарын 03-ны өглөө 09 цаг 30 минутын орчим Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр баг сумын төвд байх Нацагдоржийн гэрт Ц.Хатанбаатарыг зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд зовхины болон салстын цус хуралт, дээд эрүүний 1 шүдний булгаралт, 1 шүдний сулралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэхдээ: Хатанбаатар нь цагаан сарын битүүний өдөр манайд ирээд явахгүй, хүүхдүүдийнхээ хичээлийг тасдуулаад, бас аав маань хүчилтөрөгч залгаатай олон хүн төвөгтэй байсан болохоор яв гэж хөөсөн чинь өөдөөс олон юм яриад хогийн сав өшиглөөд байхаар нь уур хүрээд Хатанбаатарын нүүр рүү нь цохисон. Хатанбаатарын үүднийх нь нэг шүд нь хугарч, нэг шүд нь хөдөлсөн гэмтэл учруулсан гэв.
- Хохирогч Ц.Хатанбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би хүүхдүүдээ аавыгаа санаад бэтгэрэх байх гэж бодоод хүүхдүүд дээрээ ирэх гэсэн боловч өвөлжин сургалтанд суугаад ирж чадаагүй. Тэгээд цагаан сараар хүүхдүүд дээрээ ирсэн. Хүүхдүүд маань явуулахгүй байсан, би яваад сар болоод ирье гэхэд явуулахгүй байсан. Би 3 настайдаа ааваасаа өнчирч үлдээд 14 нас хүртлээ орондоо шээдэг байсан. Манай хүү орондоо шээгээд байсан. Би хүүгээ эдгээх санаатай байж байсан. Намайг хүүхэд дээрээ байж боллоо, яв гэсэн. Би явах гэж байна. Хүүхэд маань зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн. Манай эхнэр хүүхдээ хаячихаад хайрлаж байгаа зүйл байхгүй. Би аавын хайрыг өгчих юмсан гэж боддог. Миний 2 шүд угаараа хугарсан байсан учраас эмч хоёр шүдийг маань авсан. Авагддаггүй, хиймэл шүд суулгуулъя гээд асуухад нэг шүд нь 2.500.000 төгрөг гэсэн. Хоёр шүдний 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Шүдээ авахаар шүлс гоожоод байдаг, шүдээ авахгүй унтахаар бохь наалдцан байгаа юм шиг санагдаад байдаг.Тухайн үед хийлгэсэн эмчилгээний болон унааны мөнгө төлөгдсөн гэв.
- Шүүгдэгч Н.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 03-ны өглөө 09 цаг 30 минутын үед байх манай хүргэн байсан Хатанбаатарыг “Одоо гэрлүүгээ яваа манайх өвчтэй зовлонтой хүнтэй хэцүү байна” гээд гэрээсээ хөөсөн. Тэгсэн чинь Хатанбаатар “Чи юу хуцаад байгаа юм, чиний гэр юмуу танай аавын гэр болохоос, гуйгаад байж болохгүй бол алалцаад байж байхаас” гэхээр нь би босож очоод баруун орон дээр дарж унаад 2, 3 удаа цохьсон. Бид хоёрыг манай ээж салгасан юм. Тэгээд Хатанбаатар манай гэрээс гарахдаа үүдэнд байсан хогийг хойш нь өшиглөхөөр нь би “Чи айл доромжлоод байна уу” гээд хойд орноосоо босож очоод зүүн гараараа нүүр рүү нь 1 удаа цохьсон чинь Хатанбаатар баруун орон дээр сууж байснаа шүд унасан байна гээд уйлаад гүйгээд гарсан. Миний хувьд Хатанбаатарт өс хонзон гээд байх юм байхгүй. Өмнө нь 2 удаа муудаж байсан. Хатанбаатар манай төрсөн эгч Түмэннасттай сууж байгаад 2 жилийн өмнө салсан юм. Манай эгчтэй амьдарч байх үедээ эгчийг их дарамталж зоддог байсан гэж манай эгч ярьж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/
- Хохирогч Ц.Хатанбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 03-ны өглөө 09 цаг 30 минутын үед манай хадам дүү болох Намсрайжав намайг өөрийн гэртээ хэрүүл маргааны улмаас зодсон. Намайг гэнэт “Чи одоо яв, одоо чиний хэрэг байхгүй, чамтай чамгүй бид нар энэ 2 хүүхдийг чинь өсгөчихнө” гэхээр нь би “Та нар тэгвэл энэ 2 хүүхдийг аавыгаа санахаа болиулчих, би тэгвэл ирэх шаардлага алга” гэж хэлэхэд Намсрайжав босож ирээд миний нүүр рүү 3, 4 удаа цохиод авсан. Тэгтэл ээж нь ирээд салгасан. Тэгээд би хүүхэддээ цайг нь уулгаад явлаа гэхэд Намсрайжав цай өгөхгүй гэсэн. Тэгэхээр нь “би чамайг бодвол би үр хүүхэдтэй хүн, үр хүүхэд дээрээ ирчихээд байна. Чи үр хүүхэдтэй болж амжихгүй шүү” гэж хэлсэн чинь намайг гар гээд үүд рүү чирсэн. Тэгтэл манай хүүхэд надаас чангаагаад уйлаад байсан. Хадам ээж манай хүүхдийг салгаж авахад Намсрайжав намайг дарж байгаад нүүр рүү өшиглөсөн. Тэгээд би шүд уначихаад байна гэж байж болиулсан. Зодуулсны улмаас үүдэн нэг шүд хугарч, нэг шүд хөдөлсөн мөн зүүн нүд хөхөрч зүүн гарны тохойн хэсэг хөдөлгөж болохгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/
- Гэрч Б.Лхагвын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүргэн байсан Хатанбаатарыг манай хүү болох Н.Н 2018 оны 03 дугаар сарын 03-ны өглөө босоод 09 цаг 30 минутын үед байх, чи одоо явахгүй юм уу хүүхдээ уруу татаад байна гэж хэлж байсан. Тэгсэн чинь Хатанбаатар би хүүхэд дээрээ ирчихээд байна чамд хамаагүй гэж байсан. Гэтэл манай хүү Намсрайжав босож очоод 1 удаа Хатанбаатарыг цохьсон. Тэгэхээр нь би та хоёр боль гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад амбаарт хог асгачихаад гэрт орж ирэхэд Хатанбаатар шүд рүү цохьчихлоо гэж хэлээд гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 136 дугаартай дүгнэлтэд: Ц.Хатанбаатарын биед зүүн нүдний дээд зовхины болон салстын цус хуралт, дээд эрүүний 1 шүдний булгаралт, 1 шүдний сулралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 10-11/
- Хохирлын баримтууд / хх-17-18 /
- Амбулаториор эмчлүүлэгсдийн карт / хх-20-21 /
- АШУИС-ийн нүүр ам судлалын сургуулийн үзлэгийн карт шүдний зураг /хх-22-26 х /
- Н.Нын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-22/
- Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 4-р багийн засаг даргын 2018.03.05-ны өдрийн 128 дугаартай тодорхойлолт /хх-23/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Н.Н нь 2018 оны 03 дугаар сарын 03-ны өглөө 09 цаг 30 минутын орчим Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр баг сумын төвд байх Нацагдоржийн гэрт Ц.Хатанбаатарыг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхины болон салстын цус хуралт, дээд эрүүний 1 шүдний булгаралт, 1 шүдний сулралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Нын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ц.Хатанбаатар, гэрч Б.Лхагва нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 136 дугаартай шинжээчийн дүгнэлт, Ц.Хатанбаатарын Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, шүдний гэрэл зураг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тухайн хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл нь Шүүгдэгч Н.Н хохирогч Ц.Хатанбаатар нарын маргаан нь тэдний таарамжгүй харьцааны улмаас үүссэн болох нь шүүгдэгч Намсрайжавын “...Чи айл доромжлоод байна уу гээд хойд орноосоо босож очоод зүүн гараараа нүүр рүү нь 1 удаа цохьсон чинь Хатанбаатар баруун орон дээр сууж байснаа шүд унасан байна гээд уйлаад гүйгээд гарсан...” гэх, хохирогч Ц.Хатанбаатарын “...Намсрайжав намайг дарж байгаад нүүр рүү өшиглөсөн. Тэгээд би шүд уначихаад байна гэж байж болиулсан... “ гэх, гэрч Б.Лхагвын “...манай хүү Намсрайжав босож очоод 1 удаа Хатанбаатарыг цохьсон. Тэгэхээр нь би та хоёр боль гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад амбаарт хог асгачихаад гэрт орж ирэхэд Хатанбаатар шүд рүү цохьчихлоо гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдоно.
Шүүгдэгч Н.Ныг уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсэн атлаа хохирогч Ц.Хатанбаатарын нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч Н.Нд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч Н.Нын хохирогчид эмчилгээний зардал төлсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Н.Нын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, эмчилгээний зардлыг төлсөн, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.Н энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэрээр хохирогчийн эмчилгээний зардалд 318.500 төгрөг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Хохирогч Ц.Хатанбаатарын АШУҮИХ-ийн Нүүр ам судлалын сургуулийн үнийн тарифыг үндэслэн эмчилгээ хийлгэх төлбөрт нэхэмжилж буй 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.
Учир нь хохирогч Ц.Хатанбаатар шүдэндээ таван сая төгрөгийн эмчилгээ хийлгэсэн гэх нотлох баримт хэрэгт байхгүй тул энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Харин хохирогч нь тухайн гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн бол баримт, эсвэл хохиролтой холбоотой нотлох баримтыг тодорхой бүрдүүлэн тухайн нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах нь зүйтэй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жав овгийн Н.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Ц.Хатанбаатарын 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.\
5. Ялтан Н.Нын нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид эмчилгээний зардал 318.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Н.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР