Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/433

 

 

 

 

   2024           4             11                                         2024/ДШМ/433

А.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч А.А-ы өмгөөлөгч Ж.Баяржавхлан,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/209 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.А-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн А-ын А-, 1986 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “...” ХХК-ийн захирал, ам бүл 1, Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: .../,

Шүүгдэгч А.А- нь хохирогч Г.С-т “би засгийн газрын авто баазад ажилладаг, чамд акталсан машин гаргаж өгч чадна” гэж итгүүлэн “баазаас машин актаар гарах гэж байна, мөнгөө яаралтай шилжүүл” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар Г.С-ын 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 23-ны өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны салбараас нийт 71,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “-” ХХК-ийн дансаар болон бусдын данс ашиглан шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.А-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Авирмидын А-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаас бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.А-д 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-аас 45,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.С-т олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.А- давж заалдах гомдолдоо: “...Би найз Г.С-т хохирол учруулсандаа маш их гэмшин уучлалт хүсч байна. Мөн 71,000,000 төгрөгийн 26,000,000 төлсөн. Үлдэгдэл 45,000,000 төгрөгийг заавал төлж барагдуулахаа чин сэтгэлээсээ илэрхийлж байна. Иймд миний анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч А.А-ы өмгөөлөгч Ж.Баяржавхлан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар дүгнэлт хийхдээ “...шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлаа хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно. ...” гэжээ. Шүүгдэгч А.А-ы хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хохирогч Г.С-т учруулсан 71,000,000 төгрөгийн хохирлоос 26,000,000 төгрөгийг төлсөн байгаа нь мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус хангаж байна гэж үзэж байна.  

Түүнчлэн төлөгдөөгүй хохирол болох 45,000,000 төгрөгийг мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд төлөхөө илэрхийлж байна гэж үзэх үндэслэлтэй байхад шүүхээс ийнхүү хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс иргэн Э.Н-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данс /хх 82-83/, Г.С-ын эзэмшлийн Хаан банкны ... тоот данс, Голомт банкны .... тоот данс /хх 119-120/ зэрэгт үзлэг хийсэн байдаг бөгөөд ийнхүү үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, хуульд зааснаар ийнхүү үзлэг хийсэн тохиолдолд данс эзэмшигчийг байлцуулах, хэрэв ийнхүү байлцуулах боломжгүй тохиолдолд хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулах ёстой байсан. Гэвч хавтас хэргийн материалтай танилцахад энэхүү ажиллагааг хуулийн дагуу хийгдээгүй байгаа нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Дээрхээс үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргасан.

Гэвч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ өөрчилж байна. А.А- нь эрүүл мэндийн хувьд асуудалтай буюу 8 дугаар ангиасаа эхлэн 2020 он хүртэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлж байсан. 2012 онд эмэгтэйчүүдийн хүнд хагалгаанд орсон БНСУ-д үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэж байсан. Мөн түүний төрсөн ах А.Б-ы дансанд 10,000,000 төгрөг байгаа. А.А-д оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгчийн хувьд анх удаа ял шийтгүүлж байгаа боловч гэмт хэргийг тохиолдлын шинжтэй анх удаа үйлдсэн гэмт хэрэг гэж үзэхгүй. Учир нь, шүүгдэгч хохирогчид мөнгө байгаа гэдгийг мэдсэн бөгөөд хохирогчийн мөнгийг авах зорилгоор худал хэлж итгүүлэн залилсан нөхцөл байдлыг тохиолдлын шинжтэй анх удаа үйлдсэн гэж үзэхгүй. Мөн хохирогчид 26,000,000 төгрөг буцаан төлснийг Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирол төлсөн гэж үзэхгүй. Мөн Э.Намдаг, Г.С- нарын дансны хуулгуудыг өөрсдийнх нь хүсэлтээр гаргуулж, хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол гарсан. Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн дансны орлого, зарлагын гүйлгээний асуудлыг тодорхой болгох зорилгоор нэгтгэж тэмдэглэл үйлдсэн. Гэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад алийг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь шүүхийн асуудал. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна. 

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч А.А- нь хохирогч Г.С-т “би засгийн газрын авто баазад ажилладаг, чамд акталсан машин гаргаж өгч чадна” гэж итгүүлэн “баазаас машин актаар гарах гэж байна, мөнгөө яаралтай шилжүүл” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 23-ны өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны салбараас нийт 71,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “-” ХХК-ийн дансаар болон бусдын данс ашиглан шилжүүлэн авч, хохирогч Г.С-т их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.С-ын “... А.А- нь “би засгийн газрын авто баазад ажилладаг, чамд акталсан машин 45,000,000 төгрөгөөр гаргаж өгч чадна, надад 50,000,000 төгрөг өгчих” гэсэн. Дээрх асуудлын талаар би дүү Билэгсайханд хэлэхэд манай дүү машин авъя гэхээр нь би А.А-д хоёр машин авья гэж хэлсэн. … А.А-д нийт 71,000,000 төгрөг машин авна гэж цувуулж шилжүүлсэн. … Би мөнгө шилжүүлчихээд хэлэхэд тухайн өдрөө “ажил гарчихлаа, би амжсангүй” гэж хэлсэн. Тэрнээс хойш удаа дараа залгахад хойшлуулаад байхаар нь Засгийн газрын авто баазад очиж асуухад “тийм хүн ажилладаггүй” гэж хэлсэн. ...” /хх 40-42/,

гэрч Г.Б-ы “... Тухайн үед манай эгч надад “манай найз Засгийн газрын авто баазад ажилладаг, хямд машин гаргаж өгнө гэж байна, чи машин авах уу, Ланд-200 загварын тээврийн хэрэгслийг 45.000.000 төгрөгөөр гаргаж өгч чадах юм байна” гэж хэлсэн. Тэгээд би 2022 оны 06 дугаар сард Увс аймагт явж байхад эгч Г.С- залгаад “баазаас машин гарах гэж байна, мөнгөө шилжүүл гээд байна” гэхээр нь тухайн үед мөнгө байгаагүй тул Г.С- эгчийг өөрөөсөө урьдчилгаа 25,000,000 төгрөг гаргаад өгчих гэж хэлсэн. ...” /хх 53-54/,

гэрч Г.Б-ийн “... Би А- гэх хүнийг танина, бид хоёр 2021 оны 12 дугаар capд танилцаж найзууд болсон. … Тухайн үед А- надад “карт байхгүй байна, чам руу мөнгө шилжүүлчихье, чи хүн рүү дамжуулаад шилжүүлээд өгөөч” гэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн үед миний дансанд 1.000.000 төгрөг орж ирсэн. … Хэн гэж хүнээс ямар учиртай мөнгө авч байгаа талаар мэдээгүй. ...” /хх 92-93/,

гэрч Э.Н-ийн “... А- гэх эмэгтэй 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр надтай зээлийн гэрээ байгуулж надаас 60.000.000 төгрөгийг сарын 4%- н хүүтэй зээлж улмаар хүүг cap бүрийн 30-ны өдөр над руу шилжүүлэхээр болж тохирсон... тухайн мөнгийг надад одоо болтол өгөөгүй байгаа бөгөөд хааяа сардаа миний мөнгөний хүүг хийдэг байсан. 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг “amarsaikhan sainaa” гэх утгатай орсон мөнгө А-ы надаас зээлсэн мөнгөний хүүг шилжүүлсэн байх гэж бодож байна. ...” /хх 99/

гэрч Г.Ч-ийн “... Миний бие Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн арга хэмжээ дээр явж байгаад А.А-ыг таньдаг болсон. Тэр үед А.А- нь нутгийн зөвлөлийн гишүүн байсан. Би яг ямар ажил хийж байсныг нь мэдэхгүй байна. … Би засгийн газрын авто баазын захирлаар 2020 оноос хойш ажиллаж байна. Би тухайн байгууллагад анх 2018 онд орж байсан ба намайг ажилд орсноос хойш нэг удаа л төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтарч дуудлага худалдаа зохион байгуулсан. А.А- надад тээврийн хэрэгсэл худалдан авах талаар болон дуудлага худалдаагаар машин худалдан авах талаар огт ярьж байгаагүй. …” /хх 142/ гэсэн мэдүүлгүүд,

“-” ХХК-ийн Хаан банкны ... тоот дансны хуулбар /хх 19-21/, хохирогч Г.С-ын Голомт банкны 1825111641 тоот дансны хуулбар /хх 24-33/, төлбөрийн баримт /хх 86/, Г.Б-гийн Хаан банкны дансны хуулбар /хх 102-103/, Э.Н-ийн Хаан банкны дансны хуулга /хх 78-79/,

“Засгийн газрын авто бааз” ТӨҮГ-ийн “...Тус авто баазад А овогтой А- ажилладаггүй” гэх 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1/160 дугаар албан бичиг /хх 35/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч А.А-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, хохирогчид их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлангаас “... шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгуулах...”-аар гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт тэрээр “... ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү” хэмээн давж заалдах гомдлын үндэслэлээ өөрчилсөн.

 Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.А-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан торгох болон хорих ялын төрлүүдээс хорих ялыг сонгож хэрэглэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэмжээ, гэм буруу, хувийн байдал зэрэгт тохирсон байна.  

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлын талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэг эсэх нь тодорхойгүй, торгох ялыг хэрхэн биелүүлэх нь эргэлзээтэй байх тул шүүхээс оногдуулсан хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлэх боломжгүй байна.

Харин, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч А.А-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоос зарим хэсгийг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жилийн хорих ялыг багасгаж, 3 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгч А.А- болон түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан давж заалдах гомдлоос “ял хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ы анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл хугацаанд цагдан хоригдсон 55 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/209 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... шүүгдэгч А.А-д 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “...шүүгдэгч А.А-ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А- нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 55 /тавин тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ,

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН

 

 

            ШҮҮГЧ                                                                    Т.ШИНЭБАЯР

 

 

            ШҮҮГЧ                                                                    С.БОЛОРТУЯА