| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 159/2025/0077/З |
| Дугаар | 159/ШШ2025/0074 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 159/ШШ2025/0074
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:159/2025/0077/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Д.А*******
Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Э.Эрдэнэбаярт холбогдох зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Д.А*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ч.Нарангэрэл, хариуцагч Э.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Э.Эрдэнэбаярын 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 0896844 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдол гаргажээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Э.Эрдэнэбаяр нь 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Алтанбулаг боомтоор Оросын холбооны улсын Хякта тосгоноос Монгол улсын хилээр нэвтрэх хэсэгт хяналт шалгалт хийх явцдаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай иргэн Д.А******* нь Алтанбулаг боомтоор Монгол Улсын хилээр нэвтрэхдээ “Тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан” гэх үндэслэлээр 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 0896844 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Гурав. Гомдол гаргагч, түүний өмгөөлөгч, хариуцагч нарын тайлбар түүний үндэслэл:
3.1. Гомдол гаргагч 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн гомдолдоо: “Миний бие Доёддоржийн А******* нь 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Алтанбулаг авто замын боомтоор Оросын холбооны улсын Хиагт тосгон руу хувийн ажлаар буюу дэлгүүрээс өөрийн хэрэгцээний хүнсний зүйлээ худалдаж авах зорилгоор хил нэвтэрч хүнсний зүйлс болон өөрийн найзын 11 сартай зээ хүүд 12 ширхэг 6-12 сартай хүүхдийн хэрэглэдэг нэмэлт тэжээл, өөрийн 2 настай зээ охин 12 сараас дээш настай хүүхдийн хэрэглэдэг нэмэлт тэжээл буюу найруулдаг сүүг монгол мөнгөөр 120,000 орчим төгрөгөөр худалдан авч Монгол Улсын хилээр 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 22 цаг 50 минутад орж ирсэн. Хилийн цэргийн албан хаагчид машинаа шалгуулсны дараа гаалийн байцаагч Б.Д******* машин шалгахаар ирсэн. Ирээд хориотой бараа байгаа юу гэж асуухад нь би “байхгүй” гэж хэлсэн. Надад гаалийн мэдүүлэгт худалдаж авсан зүйлсээ бич гэж хэлээгүй. Хилээр гарахад мэдүүлэг бөглүүлдэггүй. Машиныг шалгаж байхдаа миний худалдаж авсан хүүхдийн нэмэлт тэжээл буюу сүүг “энэ юу вэ?” гэж асуухад нь “хүүхдийн нэмэлт сүү” гэж хэлэхэд “хориглосон бараа байна, торгоно, энэ сүүг чинь хурааж авна” гэж хэлээд тухайн нэмэлт 13 ширхэг сүүг хурааж аваад намайг гаалийн газрын байр руу дагуулж орсон.
Тухайн үед 23 цаг өнгөрч байсан. Би “яагаад хүүхдийн сүү оруулж болохгүй вэ? Би хэрэгцээндээ худалдаж авсан” гэж хэлэхэд “хувийн хэрэгцээндээ авсан гэж яаж нотлох юм бэ?” гэж хэлэхээр нь “худалдаж авсан баримт энэ байна” гэж үзүүлэхэд баримтыг аваад буцааж өгөөгүй. Тухайн үед би “ийм сүүг хилээр оруулах хориотой гэж мэдээгүй шүү дээ гэж хэлэхэд 100,000 төгрөгөөр торгоно. Торгуулиа төл гэсэн. Би 120,000 төгрөгөөр нэмэлт сүү худалдаж авсан мөртлөө 100,000 төгрөгөөр торгуулиад дээр нь худалдаж авсан сүүгээ хураалгана гэж бодохоор их хохиролтой санагдаж байсан учраас охиныхоо найз н.Халиун гэдэг гаальд ажилладаг охин руу залгаад “би нэмэлт сүү 13ш худалдаж авсан юм. Намайг торгоод сүүг маань хураад авна гээд байна. Нэмэлт сүү өөрийн хэрэгцээнд худалдаж аваад оруулж ирэх нь хориотой юм уу” гэж асуухад сайн мэдэхгүй байна. Би асууя” гэж хэлсэн. Гэтэл Б.Д******* байцаагч намайг гаалийн газрын байранд утсаар ярьж болохгүй, хэнтэй яриад байгаа юм, наанаа суу гэх зэргээр ширүүн харьцсан бөгөөд би айгаад утсаар ярьж чадаагүй.
Манай гэрийнхэн намайг яагаад шөнө болсон байхад ирэхгүй байгаа юм бэ гэж санаа зовоод залгахаар яриулахгүй байсан. Би утсаараа чат бичиж гааль дээр байна гэдгээ хэлсэн. Б.Д******* гэх байцаагч Э.Эрдэнэбаяр байцаагчид хэлээд Э.Эрдэнэбаяр байцаагч надад Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгосон гэх шийтгэлийн хуудас бичээд харуулсан. Тэнд ачаа бараандаа нэмэлт сүүг нуусан гэж бичсэн байсныг би “нуугаагүй” гэж хэлэхэд балаараа зурж дарсан. Бас тайлбар бичүүлсэн. Тухайн тайлбарт хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэж бич гэж хэлэхэд нь би бичээгүй.
Э.Эрдэнэбаяр байцаагч бас торгуулиа хэд хоногоос төлж болно гэж хэлсэн бөгөөд намайг шийтгэлийн хуудаст гарын үсэг зур гэж Б.Д******* байцаагч хэлэхээр нь “би хүлээн зөвшөөрөхгүй байна, зурахгүй” гэж дахин хэлсэн. Э.Эрдэнэбаяр байцаагч намайг өрөөндөө оруулаад овог нэр зэргийг асуусан. Би цахим системдээ бүртгэж байна гэж бодсон боловч надаас ийм асуудал болсон талаар мэдүүлэг авсан юм байна лээ. Би мэдүүлэг авч байгааг мэдээгүй. Надад мэдүүлэг авч байна гэж хэлээгүй. Хэдэн юм асууж байгаад сүүлд нь ийм, ийм эрхтэй гэж уншиж өгсөн. Тэр үед надаас мэдүүлэг авсан юм байна гэж мэдсэн. Надаар гарын үсэг зуруулаагүй. Тэгээд намайг Б.Д******* гаалийн байцаагчаас явж болно гэсэн зөвшөөрөл олгож тэмдэг дардаг нарийн хуудсаа авъя гэхэд шийтгэлийн хуудаст гарын үсэг зурахгүй бол явуулахгүй, хэзээ зурна тэр болтлоо, өглөө болтол хамаагүй наанаа байж бай гэж зандарч, дээрэнгүй харьцсан. Би сахарын өвчтэй тул үүрийн 3 цаг хүртэл тэнд удаан саатуулагдаж, хүн урдаас зандарч харьцахад нь айж зүрх дэлсэж, бие эвгүй болоод “би өвтэй хүн, бие муудвал яах юм бэ?” гэхэд “гарын үсэг зурах хүртлээ наанаа бай” гэж хэлэхэд нь гарын үсгээ зураад тайлбар бичсэн цаасан дээрээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэж бичээд нарийн хуудсаа аваад гарахад 03 цаг 30 минут болж байсан. Надад шийтгэлийн хуудасны 1 хувийг өгөөгүй санаад буцаж ороод шийтгэлийн хуудасны 1 хувийг аваад “би шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд гомдол гаргана. Харин Б.Д*******ийн харилцаа хандлага болон намайг явуулахгүй шөнийн цагаар 4 цаг гаран саатуулсан, дээрэнгүй харьцсан, зандарсан, айлган сүрдүүлсэн үйл ажиллагаанд гомдол гаргана” гэж хэлэхэд Б.Д******* “тэгж ярьж байгаа бол үзэлцье лдаа, хэн нь дийлэхээ үзье” гэж хэлсэн. Би өөрийн хууль эрх зүйн мэдлэггүй байдлаасаа болоод улсын хилээр зөвшөөрдөггүй бараа оруулсан эсэхийг мэдэхгүй байна. Энгийн ард иргэдтэй гаалийн байцаагч буюу төрийн албанд тангараг өргөж ард иргэдийнхээ төлөө хүнлэг энэрэнгүй, хууль дээдэлж ажиллахаа тангаргалж, тангараг өргөдөг төрийн албан хаагчид зүй бус харьцаж, шөнийн цагаар эрүүдэн шүүлт явуулж хүчээр зөрчил үйлдсэнээ хүлээ гэж харьцсанд маш их гомдолтой байна. Энэ асуудлыг Гаалийн газрын дарга, үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг хяналтын прокурорууд анхаарч үзээсэй. Надаас өөр иргэд дахиж ийм байдлаар саатуулагдаж, эрүүдэн шүүлтээр зөрлийн хэрэг хүлээхгүй байгаасай гэж хүсэж байна.
Мөн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох дараах үндэслэлүүд тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:
1. Намайг Зөрчлийн тухай хуулийн 11.21. дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар “Тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 100,000 нэгжээр торгосон байна.
Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн” гэсэн заалт байна.
Миний хувьд гаалийн байцаагч машин шалгахаар ирээд шууд л энэ хориотой бараа байна гэж хэлээд тухайн 13 ширхэг сүүг хурааж аваад намайг торгосон асуудал болсон. Хилээр орж ирэхэд мэдүүлэг бөглүүлдэггүй. Мэдүүлэг бөглө гэж надад хэлээгүй.
Гэтэл Зөрчлийн тухай хуулийн дээрх зүйл, заалтад гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, худал бичсэн гэсэн заалт байгаа нь гаалийн мэдүүлэг бичихдээ тухайн 13 ширхэг сүүг бичээгүй, худлаа өөр зүйл гэж бичсэн мэтээр зүйлчлэн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
3. Зөрчлийн тухай хуулийн 11.21. дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг.” гэж хуульчилсан байна. Гэтэл дээрх сүү нь тарифын бус хязгаарласан бараа мөн үү? Тарифын бус хязгаарласан барааны жагсаалтад хүүхдийн нэмэлт тэжээлийг дурьдаагүй байсан.
4. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчил ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1-12 дугаар зүйлд зөрчилд холбогдогчоос мэдүүлэг авах талаар хуульчилсан байна. Дээрх хуулийн заалтуудыг бүгдийг нь зөрчил надаас мэдүүлэг авсан.
Жишээлбэл: Мэдүүлэг авахын өмнө үнэн зөв өгөхийг ач холбогдлыг тайлбарлаагүй, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах эрхгүй, бичгээр мэдүүлгээ өгч болно гэдгийг хэлээгүй, эрүүдэн шүүх болон бусад хүнлэг бусаар доромжлон харьцаж мэдүүлэг авахыг хориглоно, мэдүүлэг авч дуусмагц тэмдэглэлийг мэдүүлэг өгч байгаа хүнд танилцуулж, нэмэлт оруулах, засвар хийх боломж олгоно, мэдүүлэг өгөхөөс татгалзсан бол энэ тухай тэмдэглэлд тусгана гэснийг зөрчсөн бөгөөд шөнийн цагаар мэдүүлэг авахыг хориглосон байхад явуулахгүй гэж айлган сүрдүүлж мэдүүлэг авсан байна. Би өөрөө мэдүүлэг өгч байгаагаа ч мэдээгүй.
Мөн хуулийн 4.8 дугаар зүйлийн 13 дахь заалтад: Доор дурдсанаас бусад тохиолдолд мэдүүлгийг шөнийн цагаар авахыг хориглоно:
13.1.шөнийн цагаар явагдаж байгаа үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний газарт гарсан зөрчлийг газар дээр нь шийдвэрлэх бол;
13.2.олон нийтийн аюулгүй байдал, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учирч болох нөхцөл байдал үүссэн, эсхүл үүсч болзошгүй бол;
13.3.зөрчлийн ул мөр устах, холбогдогч оргон зайлж болзошгүй;
13.4.гудамж, талбай, олон нийтийн газарт шөнийн цагаар үйлдэгдсэн зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шалган шийдвэрлэх бол гэснийг мөн зөрчсөн байна. Шөнийн цагаар надаас мэдүүлэг авсан үйл ажиллагаа болон бодит байдалд нийцээгүй зохиомол байдал үүсгэж надад шийтгэл оногдуулсан байна гэж үзэж маш их гомдолтой байна.
Мөн 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шийтгэл оногдуулсан гаалийн байцаагч Э.Эрдэнэбаяр нь миний 99241892 дугаар руу 86818283 дугаарын утаснаас залгаж ирээд мэдүүлэг дээрээ гарын үсэг зур гэсэн. Би зурахгүй гэж хэлэхэд “таныг 100,000 төгрөгөөр торгосон нь бага байна, илүү торгох байсан юм гэж манай ажлынхан хэлсэн. Гарын үсгээ зур гэж хэлсэн” би очиж зурж чадахгүй гэж хэлээд утсаа тасалсан.
Мөн Б.Д******* байцаагч миний машиныг шалгасан мөртлөө зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Э.Эрдэнэбаяр байцаагчийг оролцуулан шийтгэлийн хуудас бичүүлж өөрөө хажуунаас нь гарын үсэг зур, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж бич гэх зэргээр шахалт үзүүлж байсан нь ямар учиртайг ойлгоогүй.
Мөн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өглөө Оросын холбооны Улс руу явах гээд Алтанбулаг боомт руу орох гэтэл хилийн цэргийн албан хаагч таны тээврийн хэрэгслийг саатуулсан байна гэж гарч ирээд байна. Машиныг нь бүртгэж болохгүй байна гэж хэлсэн тул би буцаж ирсэн. Намайг алдаатай шийдвэрээ хүлээн зөвшөөр гэж тулгаж хэл ам хийлгэхгүйн тулд хүчээр тулгаж байна гэж ойлгож байна. Гаалийн байцаагч миний машиныг саатуулаагүй байж хилээр нэвтрүүлэхгүйн тулд албаар цахимдаа тийм бүртгэл хийж намайг хохироож байна.
Өөрийнхөө эрхийг зөрчигдөж байгаа талаар хэлж гомдол гаргана гэхэд “тэгж ярьж байгаа бол үзэлцье л даа” гэж хэлсэн Б.Д******* байцаагийн үгийг сонсоод их гайхсан. Төрийн албан хаагч, тэр тусмаа зөрчил шалгадаг эрх бүхий албан тушаалтан нь иргэний гомдол гаргах эрхээ эдэлнэ гэж хэлсний төлөө үзэлцье гэж хэлсэн талаар ойлгохгүй байна. Хилээр дахин нэвтрэх үед надад ямар нэг байдлаар муу зүйл хийж, зохиомол хэрэг тохох вий гэж айж байна. Иргэдэд үйлчилж, төрд ажиллаж байж төрөөс цалин хөлс бусад нэмэгдэл эрх эдэлдэж албан хаагч яагаад иргэнд ингэж хандаж байгааг гайхаж байна. Хэрвээ намайг худалдаж авсан барааныхаа үнийн дүнгийн 10 юмуу, 20 хувиар татвар төл гэвэл би төлөөд явах л байсан. Шөнөжин 4 цаг гаран залхаан цээрлүүлж, хүнлэг бус харьцаж, дарамт шахалт үзүүлээд хуульд нийцээгүй үндэслэлгүй шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.
Зөрчлийн тухай хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршдог бөгөөд төрийн албан хаагч нь хүнлэг энэрэнгүй байх, үнэнч шударга байх, хариуцлагатай байх зарчмыг баримтлах үүрэгтэй бөгөөд ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх, зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хууль ёс, шударга ёсыг дээдлэн сахих, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, албан үүргээ гүйцэтгэхдээ гаргасан өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн төлөө ёс зүйн хариуцлага хүлээдэг байх, албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх нийтлэг үүргийг хүлээдэг.
Төрийн албан хаагч, гаалийн байцаагч Б.Д*******ийн хууль бус, хүний эрхийг зөрчсөн, ёс зүйгүй, эрүүдэн шүүсэн шинжтэй, хүнлэг бус үйлдэл, үйл ажиллагаанаас зөрчигдсөн эрхийг минь сэргээж, хүний эрхийг зөрчсөн болон түүний буруутай үйлдэлд хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэжээ.
3.2. Гомдол гаргагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хойшоо гаргаад 22 цаг 50 минутын үед орж ирсэн. Хойноос орж ирэхдээ хүнсний хэрэглээний зүйл авч орж ирсэн. Их хэмжээний хайрцаг, тортой зүйл байгаагүй. Орж ирэхэд гаалийн томилгоо дээр 15 гэсэн дугаартай гаалийн улсын байцаагчтай таарахад “машинаа шалгуула” гэж хэлэхэд нь шалгуулсан. Гэтэл миний шар торонд байсан 13 ширхэг нутрилак гэсэн хүүхдийн сүүг машинаас аваад “хураалаа” гэсэн. Яагаад хурааж байгаа талаар асуухад “хориотой зүйл авч явж байна, хураана” гэхэд нь “худалдаж авсан баримт нь энд байна” гэж баримтаа үзүүлж, араас нь дагаад явахад “наашаа ороод ир, хориотой, хязгаарласан бараа авч орж ирлээ” гэж намайг загнахад нь “би хориотой бараа авч орж ирж байгаагаа мэдэхгүй байна, би хориотой гэж бодохгүй байна. Би Титан дэлгүүрээс худалдаж баримт нь энд байна” гэж үзүүлэхэд “хураана” гэж хэлээд намайг “гараад байж бай” гэсэн. Би гараад хүлээгээд 1 цаг гаруй болсон. Би буцаж ороод “яасан бэ эгчийн дүү эгчийнхээ асуудлыг шийдэхгүй юм уу” гэхэд “цаашаа байж бай машиндаа очоод сууж бай” гэсэн. Дахиад сууж байтал 00 цаг өнгөрч, 2, 3 цаг болсон. Дахин ороод “яасан бэ” гэж асуусан. Энэ хооронд би ямар ч хэрэлдэж, маргалдсан, эсэргүүцсэн асуудал гаргаагүй. Гэтэл “одоо хүн ирж зөрчлийг чинь бичнэ, хүлээгээд байж бай” гэж хэлснээс хойш дахин хүлээж, нэлээн удаж, шөнийн 02 цаг болсон. Яагаад удаад байгаа юм бол гээд тэвчээр алдагдаад “болж байна уу, эгчийнх нь бие муу байна” гэж асуухад “хүрээд ир” гээд Э.Эрдэнэбаяр байцаагчийн өрөөнд оруулсан. Э.Эрдэнэбаяр байцаагч надаас юу болсон талаар асуусан. Би өөрийнхөө хэрэглээнд авсан, дэлгүүрээс худалдаж авсан баримтаа үзүүлсэн. Урьд нь ч надад тухайн сүүг захиж хэрэглэж байсан хүн захисан болохоор авчирч өгч байсан. Манай нөхрийн дүүгийнх нь хүүхэд нь нэмэлт сүүг ууж хэрэглэж байгаад ээж нь ажилдаа орох гээд эмээд нь орхиод явсан эмээ нь “учир зүггүй орилоод байна, би өөрөө хойшоо гарч чадахгүй байна, та надад сүү аваад ирээч” гэж намайг хойшоо гарах гэж байхад захисан учраас авчирсан. Урьд нь ч нэмэлт сүүг авчирч байсан, тэр хүүхэд хэрэглэж л байсан. Хориотой зүйл авч явж байгаа гэж би бодоогүй. Надад 100,000 төгрөгийн торгуулийн хуудас бичээд 13 ширхэг сүүг хураасан. Торгуулийн хуудсыг бичээд гарын үсэг зур гэхэд нь би хүлээн зөвшөөрөөгүй учраас “зурахгүй” гэхэд “заавал зурах ёстой” гэсэн. Тэгээд Б.Д******* орж ирсэн. Би өөрийгөө буруугүй гэж үзээд өмгөөлөгч рүүгээ зөвлөгөө авах гээд залгахад хоёулаа нийлээд “хэн рүү яах гэж залгаад байгаа юм, наад утсаа унтраа, боль гэж байна шүү” гэж над руу хашхирч, сүрдүүлсэн. Гарын үсэг зурахгүй гэхэд "зурахгүй бол гаргахгүй" гэсэн. Э.Эрдэнэбаяр байцаагч “гарын үсэг зурахгүй байж болно” гэж хэлээд надад бичсэн зүйлүүдээ танилцуулж, хуудас өгөөд гаргах гэсэн чинь Б.Д******* “юу гэсэн үг вэ, заавал гарын үсэг зурах ёстой, зурж байж эндээс гарна” гэхэд нь би “би зөвшөөрөхгүй байна, эгч нь группт байдаг, сахарын өвчтэй” гэж хэлсэн. Тэр үед би унтаж байх ёстой хүн байтал намайг явуулахгүй байсан. Хамаагүй юм идэхээр, мөн удаан юм идэхгүй байхаар миний сахар унадаг. Бие муу байгаагаа хэлж, “ингэж байгаад унах юм бол чи хариуцах юм уу” гэж Б.Д*******оос асуухад юм хэлэхгүй атлаа “гарын үсэг зурахгүй бол дуугүй цаашаа гараад өглөө болтол сууж бай” гэж намайг дарамталсан. Тэгээд би аргагүй эрхэд гарын үсэг зурж, “би хүлээн зөвшөөрөхгүй байгаа, аргагүй эрхэд гарын үсэг зурлаа шүү” гэж хэлээд гарсан. Тэр хооронд намайг шалгаж, зөрчил өгсөн хүн бол Б.Д******* юм. Э.Эрдэнэбаярын хувьд гайгүй байсан. Зан харилцааны хувьд Б.Д******* байцаагчид маш их гомдолтой байгаа. Би өөдөөс нь ямар ч үйлдэл гаргаагүй, чимээгүй, тэвчээртэйгээр 22 цагаас шөнийн 03 цаг 30 минут хүртэл байхад намайг дарамталж, намайг дээрэлхсэн ч юм уу, залхаан цээрлүүлэх маягаар байлгасан. Тэр ч бүү хэл “өглөө ээлж солигдсны дараа гарын үсгээ зураад гардаг юм байгаа биз, наад өрөөнөөсөө гар, хэнтэй яриад байгаа юм” гэх зэргээр хашхирч, дарамт үүсгэсэн. Үүнээс болж миний бие муудсан. Ярихад ч хүнд болж байна. Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл бол энэ юм. Хоёрдугаарт, зөрчлийн албаны байцаагчид Б.Д******* байцаагчтай холбогдуулан гомдол гаргахад “байцаагчтай хэлж ярьсан” гэсэн хариу өгсөн. Мөн хүүхдийг сүүг хориотой бараа гэж бодоогүй. Жишээ нь, би хойшоо гарахын тулд Гаалийн хуулийг уншъя гэхгүй зүгээр гараад л явдаг. Гаалиар орж нарийн хуудсаа бөглөөд гарахад хориотой бараа гэсэн мэдээлэл байдаггүй. Өндөг оруулахгүй гэж хэлдэг байсан. Түүнээс биш хүүхдийг сүүг оруулж болохгүй гэсэн мэдээлэл байдаггүй. Би урьд нь захисны дагуу хүүхдийн сүүг аваад өгч байсан болохоор хориотой гэж бодоогүй, болно гэж бодсон. Тийм учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, хоёрт, Б.Д******* гэх байцаагчийн хүнтэй харьцах харьцааны асуудалд гомдолтой байна. Төрийн албан хаагчийн хүнлэг энэрэнгүй байх гэсэн зарчим байгаагүй. Дэлгүүрээс худалдаж авсан баримтаа үзүүлж байхад “болохгүй бараа оруулж ирсэн байна” гэж тайлбарлаж болох байсан. 13 ширхэг 3,900 кг сүү байгаа юм. Гаалийн байцаагч надад яагаад хүнлэг энэрэнгүй байх зарчмаа баримтлаад анхааруулж болоогүй вэ. Үүнд гомдолтой байна.” гэв.
3.3. Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдол гаргагчаас гаалийн улсын байцаагч Э.Эрдэнэбаярын гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Хуулийн үндэслэлийг танилцуулахад Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, гаалийн мэдүүлэгт бичигдээгүй байгааг орхигдуулсан, худал мэдүүлэг гаргасан гэсэн зөрчил гаргасан гэж үзсэн. Гэтэл зөрчлийн материалд бичигдээгүй орхигдуулсан, эсхүл худал мэдүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Хоёрдугаарт, 13 ширхэг хуурай сүү хязгаарласан, хориглосон барааны жагсаалтад хамаарахгүй гэж үзэж байна. Гуравдугаарт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хууль бус явагдсан гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1-12 дугаар хэсэгт заасан ажиллагаа зөрчигдсөн гэж үзэж байна. Тухайлбал холбогдогчоос мэдүүлэг авахын өмнө түүнд үнэн зөв мэдүүлэг өгөхийн ач холбогдлыг тайлбарлаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нууцыг хадгалах талаар мэдэгдэнэ гэсэн ажиллагаа явагдаагүй. Мөн эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар, эсхүл хүний нэр төрийг гутаан доромжлон харьцаж мэдүүлэг авахыг хориглоно гэсэн заалт хэрэгжээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль шатанд өмгөөлөгч оролцоно гэсэн хуулийн зохицуулалт хэрэгжээгүй. Шөнийн цагаар мэдүүлэг авах зөвшөөрөгдсөн 4 тохиолдол байгаа. Д.А*******аас мэдүүлэг авсан цаг тохирохгүй байгаа юм. Мөн зөрчлийн шийтгэлийн хуудаст заасан зөрчилд холбогдуулсан ажиллагааг эрх бүхий албан тушаалтнаас хангалтгүй гүйцэтгэсэн. Тухайлбал, үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэг, бусад гэрчийн мэдүүлэг байдаггүй. Мөн зөрчил гэж үзсэн үндэслэсэн баримтууд байдаггүй. Мөн хавтаст хэрэгт хуурай сүү гаалийн байгууллагад мэдүүлэхгүйгээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэх гомдол мэдээлэлтэй танилцаагүй, гомдол мэдээлэл нь байдаггүй. Хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэсэн байдал нь үйлдлээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тогтоогдож байна гэсэн байдаг. Гэтэл холбогдогч өөрөө үйлдлээ хүлээн зөвшөөрсөн талаар мэдүүлээгүй байдаг. Эрх бүхий албан тушаалтан 00 цаг 20 минутад зөрчлийг илрүүлж, 00 цаг 40 минутад дуусгав гэсэн тэмдэглэл үйлдсэн байдаг. Гэтэл мэдүүлэг авах цаг нь 01 цаг 40 минутаас 02 цаг 40 минут гэсэн байдаг. 00 цаг 20 минутад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй, дуусгаагүй гэх нөхцөл байдал нь холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлээр тогтоогдож байгаа юм. Мэдүүлгийг харахад 4 мөрт мэдүүлгийг 1 цагийн турш авсан байдаг. Холбогдогч 22 цаг 50 минутад хилээр нэвтэрсэн. Материалын цагийг харахаар залхаан цээрлүүлэх байдлаар явагдсан гэж үзэж байна. 03 цаг 30 минут хүртэл саатуулагдсан. Зөрчилтэй холбоотойгоор залхаан цээрлүүлэх ажиллагааг эрх бүхий албан тушаалтнаас явуулсан байдаг. Хариуцагчийн бичгээр өгсөн тайлбарт “манай хүүхэд прокурор...” гэсэн байдаг. Хүүхэд нь прокурор байснаараа давуу байдал эдлэх юм шиг зүйл бичсэн байгаа нь ёс зүйгүй байгаа юм. Мөн албан тушаалтнаас авсан мэдүүлэг байдаггүй. Ийм учраас шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэж байгаа учраас хүчингүй болгож өгнө үү.” гэв.
3.4. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие гаалийн улсын байцаагч Э.Эрдэнэбаяр нь 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Алтанбулаг боомтод ээлжийн хуваарийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд ээлжийн ахлах гаалийн улсын байцаагч н.Энхтүвшингөөс үүрэг болгосны дагуу тухайн зөрчлийг илрүүлсэн гаалийн улсын байцаагч Б.Д******* нь Монгол улс руу орох талын байцаагч ажлын ачаалалтай хөдөлгөөн их байсан учраас зөрчилд холбогдсон Д.А******* гэх иргэнд хүндрэл чирэгдэл хүнд сурталгүй түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхийн тулд тухайн иргэний зөрчлийн асуудлыг над руу шилжүүлж өгсөн юм. Тухайн иргэн нь 13 ширхэг хүүхдийн Нутрилак гэх сүүг зохих зөвшөөрөлгүй, импортын гэрчилгээгүй тээвэрлэсэн, гаалийн байгууллагад мэдүүлээгүй нь зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авах явцад мэдүүлэг, тайлбар өгөхгүй утсаар ярьж миний охин прокурор гээд нэг хүнтэй утсаар яриад гарч яваад байсан тул гаалийн тухай хуулийн 251 дүгээр зүйлд заасны дагуу тээврийн хэрэгслийн саатуулах гэж байхад өөрөө хялбаршуулсан журмаар шийдүүлье гэж хэлж тайлбар мэдүүлгээ өгч өөрийн хүсэлтийн дагуу шийтгэлийн хуудсанд гаалийн улсын байцаагч Б.Д*******ийг өөр нэг зөрчилд холбогдсон хүнээс тайлбар мэдүүлэг авч байхад нь өрөөнд нь зөвшөөрөлгүй орж хэрүүл маргаан үүсгэж миний бие өвдөөд байна гэх шалтгаанаар шийтгэлийн хуудсанд гарын үсэг зурж гаалийн хяналтын бүсээс гарч явсан тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
3.4. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 20 цаг 00 минутаас 8 дугаар сарын 14-ний өглөөний 08 цаг 00 цаг хүртэл ээлжийн хуваарийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан. Тухайн хугацаанд миний өөрийн хуваарь 105 чиглэл буюу Монгол Улсаас гарах чиглэлийн улсын хилийн триминалд үүрэг гүйцэтгэж байсан. Нэхэмжлэгчийн хэлээд байгаагаар Б.Д******* гэх байцаагч нь Монгол Улсын хилийн орох хэсэг буюу 104 триминалын хэсэг байгаа юм. Орж ирэх хэсэг нь энгийн үе ч гэлтгүй, баяр ёслолын үе гэлтгүй хамгийн ачаалал, хариуцлага, эрсдэл өндөртэй хэсэг юм. Тэр хэсэгт ажилласан байсан тухайн үеийн ажил үүргээ гүйцэтгэж байсан алба хаагч нарын хувьд ажил үүргийн гүйцэтгэл нь хүнд хэлбэртэй байсан. Миний гарч байсан триминалын хэсэг хөнгөн байсан. Тухайн үед гаалийн улсын байцаагчийг ажиллаж байх явцад гаалийн ахлах байцаагч надад давхар намайг машин техник хэрэгслийг шалгах үүргийг өгсөн. Учир нь, би тусгай үүргийн бэлтгэгдсэн байцаагч тул давхар хяналт шалгалтад гарах эрхтэй байдаг. Б.Д******* байцаагчийн үүрэг гүйцэтгэж байсан хэсэгт ачаалал ихтэй байсан учраас надад хүсэлт тавьж “ачаалал ихтэй байна, нэг машинд хүүхдийн сүү олон тоо ширхэгээр ороод ирсэн. Би зөрчлийн материалыг гүйцэтгэж бичих гэсэн боловч уг иргэнтэй ам мурийж, зөрчилдөөн үүссэн, би уг иргэний зөрчлийг бичих боломжгүй байна” гэсэн. Гаалийн улсын үүргээ гүйцэтгэх явцдаа танил тал, найз нөхөд, хамаатан, эсхүл ямар нэгэн байдлаар шалгахыг татгалзсан, зөрчлийг хүлээн авахыг хүсээгүй тохиолдолд гаалийн улсын байцаагч гаалийн ахлах байцаагчид үүргээ шилжүүлэх эрхтэй байдаг. Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэмд хүнлэг энэрэнгүй байх, хүнд сурталгүй, тодорхой богино хугацаанд шийдвэрлэх гэсэн байхыг заасан. Уг дүрмийнхээ дагуу гаалийн улсын байцаагч Б.Д******* надад тухайн хүсэлтийг тавьсан. Би тухайн зөрчлийг хүлээн авсан. Тухайн зөрчлийг хүлээн авах явцад тухайн иргэн орж ирж, Б.Д******* байцаагчтай хэрэлдэж, муудалцсан гэх тайлбарыг гаргасан. Би тайлбарыг хүлээн авсан. Миний хувьд тухайн иргэний зөрчлийг хянан шалгаж үзээд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэх ёстой байсан. Улсын хилээр тарифын болон тарифын бус зохицуулалттай бараа болон хязгаарласан, хориглосон бараа гэж байдаг. Тус иргэн хязгаарласан болон хориглосон барааг мэдэхгүй байгаа юм. Хориглосон бараа гэдэг нь тарифын зохицуулалттай гэдгээрээ бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулж ирэхийг хориглосон байхыг ойлгоно. Харин хязгаарласан гэдэг нь тухайн бараа бүтээгдэхүүн нь тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн болон зохих шатны байгууллагын зөвшөөрлийн дагуу шийдвэрлэгдэж орж ирэх үүрэг хүлээсэн хэмжээний хязгаарласан бараанууд багтаж байгаа юм. Тухайн иргэний авч орж ирсэн бараа нь 13 ширхэг байсан. Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлсийн жагсаалтад аялалын туршид хэрэглэгдэх эд зүйлс байдаг. Тухайн бараанд хүнсний бүтээгдэхүүн, ойр зуурын ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүд байдаг. Үүнийг дийлэнх иргэд буруугаар ойлгодог. Жишээ нь, би хэдэн хоног, хэдэн цаг ч яваад ирсэн байсан машиндаа өөрийн авч яваа бүтээгдэхүүнээ гэртээ сараар хэрэглэх, жилээр хэрэглэх бараагаа авч явж байна гэх тайлбарыг өдөр болгон хэлдэг. Миний хэлж байгаа зүйлс одоо улсын хил дээр явагдаж байгаа. Тус иргэн нь улсын хилээр цөөн тоогоор зорчдог иргэн биш. Харин байнгын зорчдог иргэн юм. Байнгын тээврийн хэрэгсэлдээ бараа бүтээгдэхүүн авч явдаг иргэн юм. Тухайн байцаагч ямар эрсдлийг тогтоосон бэ гэхээр нэгдүгээрт, улсын хилээр байнгын бараа таваартай зорчдог, эсхүл бараа тавааргүй ч зорчдог учраас тухайн байцаагч надад давхар үүрэг өгсөн. Үүрэг өгөхдөө “байнгын зорчдог учраас эрсдэлтэй” гэсэн. Бүх алба хаагчид эрсдлийг тооцож ажилладаг. Уг эрсдлийнхээ хүрээнд тухайн барааг яагаад саатуулах болсон бэ гэхээр уг бараа бүтээгдэхүүн урьд нь 4, 6 дугаар сард улсын хилээр тухайн барааны нэр хаяг, шошгийг ашиглаж хууль бус эм, эмийн хэрэгсэл орж ирж байсан. Нутрилак гэх бараа бүтээгдэхүүн нь хэдий нялх балчир хүүхдийн сүү, сүүн тэжээл боловч түүнийг өнгөлөн далдлах хэлбэрээр хууль бус явдал хэд хэдэн удаа давтагдсан учраас тодорхой хэмжээний хариуцлагыг уг хүнээс нэхэмжлэх боломжгүй болсон. Тус иргэний бараа бүтээгдэхүүнээс хууль бус зүйл илрээгүй. Гэхдээ хувийн хэрэглээний эд зүйлсэд авч явах хэмжээнээс хэтэрсэн. 2 хүртэлх ижил төрлийн барааг тухайн иргэн аялалынхаа турш авч явах ёстой байтал 13 ширхэг нутрилак гэх хүүхдийн сүүн тэжээлийг авч явсан. Нялх балчир хүүхдийн хүнсний тухай хуульд тухайн бараа бүтээгдэхүүн хүүхдийн эрүүл ахуйг бүрэн хангасан, Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэглэгдэж байгаа тохиолдолд санамжууд нь Монгол хэлээр байхыг, мөн эхийн сүүг орлохуйц бүтээгдэхүүн мөн гэх санамж бичигтэй зүйлийг агуулаагүй байхыг заасан. Гэтэл уг иргэн Титан гэх дэлгүүрээс сүүн тэжээлийг худалдаж авсан чекийг үзүүлсэн. Тус чек нь манай улсын бараа орлогыг хүлээн авах няравт бараа бүтээгдэхүүнтэй хамт хүргэгдсэн. Би давхар шалгаж үзсэн Титан дэлгүүрээс 13 ширхэгийг худалдаж авсан гэдэг нь бараа бүтээгдэхүүний жагсаалтад байсан. Гэхдээ 13 ширхэг хүүхдийн сүүн тэжээл нь хувийн хэрэглээний эд зүйлсэд авч явах хэмжээнээс хэтэрсэн. Улсын хилээр нялх балчир хүүхдэд зориулсан шим тэжээл, эм, эмийн хэрэгсэл авч явж байгаа тохиолдолд заавал эмчийн магадлалгаа, эмчийн үзлэг, эсхүл эрүүл мэндийн дэвтэр, эрүүл ахуйн тодорхойлолтын бичиг байх ёстой. Бид эрсдэл тооцож ажилладаг алба хаагч нар учраас шаардлага тавьж, асуусан. Эрүүл мэндийн болон эмчийн тайлбар бичиг байгаагүй, зөвхөн дэлгүүрээс худалдаж авсан бүтээгдэхүүн байсан. Үүнд нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар зөрчилд тооцсон. Мөн Нялх балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3 дахь заалтад заасан байдаг. Торгуулийн арга хэмжээ авахад өндөр шүү гэдгийг өөрт нь тайлбарласан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч эрх, үүргийг тайлбарлаагүй гэж байна. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын яриа зөрж байна. Д.А******* өөрөө хэлэхдээ “Э.Эрдэнэбаяр байцаагч надад эрх, үүргийг тайлбарласан” гэсэн. Би эхнээс нь бүх эрх, үүргийг тайлбарласан. Тухайлбал, “санал гомдолтой байгаа бол эрх бүхий шүүхийн байгууллагад гомдол гаргаж болно” гэх мэт тайлбарласан. Бид зөрчлийн материалыг бүрдүүлэхдээ иргэнээс тайлбар болон мэдүүлгийг авахдаа эрх, үүргийг тайлбарладаг. Уг иргэн миний гаргасан зөрчлийн материалд гарын үсэг зурахаас татгалзсан. Би өөрт нь “та гарын үсэг зурахгүй байж болно” гэж хэлсэн. Гэхдээ миний гаргасан зөрчлийн материалд гарын үсэг зурахгүй гэх үндэслэлдээ Б.Д******* байцаагчийн талаарх асуудлыг тусгасан учраас энэ байдлыг үгүйсгэмээр байна. Учир нь, би шийтгэлийн хуудсыг бичсэн тохиолдолд Б.Д******* байцаагчид биш, Э.Эрдэнэбаяр байцаагчтай холбоотой асуудал байвал өргөдөл, гомдол бичих байсан. Гэтэл тухайн Б.Д******* байцаагчтай холбоотой харилцаанаас болж үүссэн асуудлыг тухайн байцаагчид л гомдол, санал гаргах ёстой. Тийм учраас тухайн иргэний гомдлыг би үгүйсгэж байна. Шийтгэлийн хуудсыг танилцуулахдаа би “танд 1,000,000-1,500,000 төгрөгийн торгууль гарах магадлалтай, би харин Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн торгууль бичиж байна” гэж хэлээд бичсэн. Би тайлбар, мэдүүлэг авч байгаагаа хэлээгүй биш хэлж, эрх, үүргийг бүгдийг нь тайлбарлаж өгсөн. Д.А******* өөрөө гарын үсэг зурахгүй гэсэн. Б.Д*******, Д.А******* хоёр өрөөнд байсан, тухайн байцаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь Д.А******* орж ирээд гарын үсэг зурахгүй гэсэн. Тэр өрөөнд юу ярьсныг би мэдэхгүй. Буцаж орж ирэхэд гараад явсан байсан. “Яагаад гараад явсан бэ, зөрчлийн материалд гарын үсэг зураагүй шүү дээ” гэхэд “шийтгэлийн хуудаст гарын үсэг зураад машинаа гаргуулъя гэж хэлээд тамгаа даруулаад гараад явлаа” гэсэн. Шийтгэлийн хуудсыг харахад гарын үсэг зурсан байсан. Шалгаад үзвэл зөрчлийн материалд Д.А******* гарын үсэг зураагүй. Зөрчлийн материалд гарын үсэг зураагүй тухайд дараагийн шатанд төрийн албан хаагчийг ажил үүргээ гүйцэтгэхэд тодорхой хэмжээнд саад учруулсан, тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох саналтай байгаа. Тийм учраас өнөөдөр Д.А*******ыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 11.21., 2 дугаар зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн маргаан бөгөөд эрх бүхий албан тушаалтан болох Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын улсын байцаагчийн 0896844 дугаартай шийтгэлийн хуудаст холбогдох гомдлыг мөн хуулийн 7.7. дугаар зүйлийн 2.-т заасны дагуу тус шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн байна.
2. Шүүх хэргийн оролцогч шүүхэд гаргасан гомдол, тайлбар, шүүх хуралдаан гаргасан мэдүүлэг, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн зөрчлийн хэргийн материал зэргийг шинжлэн судлаад шүүхээс гомдол гаргагч Д.А*******ын гомдол үндэслэлтэй байна гэж дүгнэв.
3. Гомдлын үндэслэлт байдал:
3.1. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Э.Эрдэнэбаяр нь иргэн Д.А******* нь Алтанбулаг боомтоор Монгол Улсын хилээр нэвтрэхдээ “Тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан” гэх үндэслэлээр 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 0896844 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсгийн 3.1.7. дахь заалт “гаалийн мэдүүлэг” гэж мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах мэдээлэл агуулсан бичиг баримтыг; 3.1.8. дахь заалт “мэдүүлэгч” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалын байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг; 3.1.12. дахь заалт “гаалийн бүргдүүлэлт” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагааг; 3.1.14 дэх заалтад “тарифын бус хязгаарлалт” гэж Монгол Улсын хилээр бараа нэвтрүүлэхийг хориглох, эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тоон хязгаарлалт тогтоох болон бусад арга хэмжээг;” гэж тус тус хуульчилсан.
4.2. Мөн хуулийн 273 дугаар зүйл 273.1. дэх хэсэгт “Гаалийн хууль тогтоомжийн дагуу хяналт, шалгалт хийх эрх эдэлж, үүрэг хүлээх гаалийн албан тушаалтныг гаалын улсын байцаагч гэнэ.”, 274 дүгээр зүйлийн 274.1. дэх хэсгийн 274.1.2.-д “гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор иргэн, ..-д хууль ёсны шаардлага тавьж биелэлтийг хангуулах;”, 274.1.4.-д “гаалийн хяналт, шалгалтад ач холбогдол бүхий бичиг баримт, тайлбар, лавлагааг холбогдох этгээдээс гаргуулан авах; 274.2. дахь хэсгийн 274.2.2.-д “гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ .. хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, .. хэтрүүлэхгүй байх;” гэж зааснаар хариуцагч гаалийн улсын байцаагч нь дээрхи эрх, үүргийг хэрэгжүүлэх албан тушаалтан юм.
4.3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, .. хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино.” гэж уг хуулийн зорилго, зорилтыг тодорхойлсон.
4.4. Мөн хуулийн 6.11. дэх хэсэгт зааснаар гаалийн улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн ........ , 11.21, .... дүгээр зүйлд заасан зөрчлийг шалган шийдвэрлэхээр зохицуулжээ.
4.5. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11.-д “Тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ... торгоно.” гэжээ.
4.6. Дээрхи хуулийн заалт болох 11.21 дүгээр зүйлийн 1-д “Гаалийн тухай хууль зөрчих. Үүнд,
1.1. гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн,
1.2. гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн
1.3. барааны хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчилсөн, эсхүл гаалийн шалгалтаас нуун далдалсан
1.4. гаалийн бичиг баримтыг сольсон, эсхүл засварласан,
1.5. гаалийн тэмдэглэгээг өөрчилсөн, эсхүл сольсон, эсхүл гэмтээж татвараас зайлсхийсэн болон зайлсхийхийг завдсан бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварыг дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалтай.
4.6. Гэтэл Гаалийн газрын гаалын улсын байцаагч Э.Эрдэнэбаярын дээрх хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1-д заасан аль зөрчлийг иргэн Д.А******* зөрчсөн эсэхийг нь тодруулаагүй байна.
4.7. Тодруулбал, зөрчил гаргагч нь гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, худал бичсэн эсэх, барааны тоо хэмжээ, гарал үүслийг худал мэдүүлсэн эсэх, барааг хэлбэр дүрсийг өөрчилж, нуун далдалсан эсэх, гаалийн бичиг баримтыг сольж, засварласан эсэх, татвараас зайлхийсэн эсэх, хуульд заасан зохицуулалт бүрийг шалгаж тогтоох үүрэгтэй бөгөөд шийтгэлийн хуудас бичихдээ дээрх хуулийн заалтанд байхгүй “..тарифын болон тарифын бус зориулалттай барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийн завдсан,.. ачаа бараанд авч явсан..” гэх үндэслэлээр шийтгэл хуудас бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
4.8. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1. дүгээр зүйл. Зөрчил шалгах ажиллагаа 1.-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ., 4.3. дугаар зүйл. Үзлэг хийх 1.-д Эрх бүхий албан тушаалтаэн зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор үзлэг хийнэ. 7.-д Эд зүйл, .. ачаа тээш, ... үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. .. эсхүл гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно., 4.8 дугаар зүйл. Мэдүүлэг авах 1.-д Эрх бүхий албан тушаалтан зөрчил гаргасан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна., 3.-д Холбогдогчоос мэдүүлэг авахын өмнө түүнд үнэн зөв мэдүүлэг өгөхийн ач холбогдлыг тайлбарлаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нууцыг хадгалах талаар мэдэгдэнэ., 7.-д Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр .. хүнлэг бусаар, эсхүл хүний нэр төрийг гутаан .. харьцаж мэдүүлэг авахыг хориглоно., 12.-д Мэдүүлэг өгөхөөс татгалзсан бол энэ тухай тэмдэглэлд тусгана.”, 13.-д Доор дурдснаас бусад тохиолдолд мэдүүлгийг шөнийн цагаар авахыг хориглоно: 13.1.-д шөнийн цагаар явагдаж байгаа .., ажил, .. -т гарсан зөрчлийг газар дээр нь шийдвэрлэх бол;” гэж тус тус заасныг зөрчиж мэдүүлэг авсан, гарын үсэг зурахыг шаардаж хүнлэг бусаар харицах, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд асуулт, хариулт, тайлбар байхгүй, мэдүүлэг авахдаа эхэлсэн цаг хугацаа 01.40 минутад авч, шөнийн 02 цаг 40 минутад дуусгасан, тухайн цаг минутад ямар тайлбар, мэдүүлэг өгч байсан нь тодорхойгүй, тэмдэглэлд тайлбар, мэдүүлгийг нэг бүрчлэн бичигдээгүй, шөнийн цагаар мэдүүлэг авсан болох нь шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдлоо. /х.х-ийн 31-32/
4.9. Мөн хуулийн 4.14 дүгээр зүйлийн Нотлох баримт 1.-д Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж ахвсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ. 2.-д Зөрчлийн нотлох баримт нь гэрч, .., холбогдогчийн мэдүүлэг, .., баримт бичиг,..., мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, зөрчил шалган ажиллагааны ..тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл,..., бусад баримтаар тодорхойлогдоно., 4.15 дугаар зүйл. Зөрчлийг нотлох 1.-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ., 6.6. дугаар зүйл. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх 3.-д Холбогдогчийг зөрчил үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно., 4.-д Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.” гэж тус тус заасны дагуу эрх бүхий албан тушаалтан болох гаалийн улсын байцаагч нь холбогдогчид шийтгэл оногдуулсан хуудсанд гарын үсгийг зуруулахаар албадах, тулган шаардах эрхгүй.
4.10. Шүүх хуралдаанд хариуцагч “ ..холбогдогч заавал гарын үсэг зурах ёстой...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд дээрх хуулийн хориглосон заалтыг зөрчжээ.
4.11. Зүй нь гаалын улсын байцаагч нь шийтгэл оногдуулсаныг үл зөвшөөрсөн, гарын үсэг үл зурахаас татгалзсан тохиолдолд тухайн холбогдогчид гаалийн байцаагч гомдол гаргах эрхийг нь тайлбарлаж, гарын үсэг үл зурахгүй байгаа талаар холбогдогчийн тайлбарыг тэмдэглэлд тусгаж, тэмдэглэл үйлдсэн тайлбар, мэдүүлгийг танилцуулснаар дуусгавар болох хуулийн зохицуулалттай.
4.12. Иймд шүүхээс дээрх дурдсан хууль зүйн үндэслэлээр гомдол гаргагч Д.А*******ын гаалын улсын байцаагчийн Э.Эрдэнэбаярт холбогдох 2025 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн 0896844 дугаартай шийтгэлийн хуудас нь хууль зөрчигдөж гарсан байх тул түүнийг хүчингүй болгох зүйтэй гэж дүгнэв.
4.13. Гомдол гаргагч Д.А******* нь “.. гомдолдоо худалдаж авсан хүүхдийн 13 ширхэг сүүний чекийг надаас улсын байцаагч авсан .. мөн худалдан авсан чек материалд байхгүй байна... “ гэж мэдүүлсэн, шүүхээс Сэлэнгэ аймаг дахь гаалийн газраас хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг нотлох баримтын шаардлага хангуулж авсан, тухайн хүүхдийн сүүг худалдаж авсан гэх чек нь нотлох баримтаар ирээгүй бөгөөд хавтаст хэргийн 37, 38 дугаар Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд “..Барааны үнийг Титан дэлгүүрийн чекээс авав.” гэж тэмдэглэсэн болохыг хэргийг оролцогчид танилцуулсан, энэ талаар маргахгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй.
4.14. Гомдол гаргагч нь шүүхэд бичгээр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гаалийн улсын байцаагч Б.Д*******ийн хууль бус, ёс зүйгүй үйл ажиллагаанд гомдолтой байгаа талаар дурддаг бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ.” гэж зааснаар маргаан бүхий захиргааны акт болох 2025 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн 0896844 дугаартай шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтан буюу гаалийн улсын байцаагч Э.Эрдэнэбаяр үйлдсэн байх тул гаалийн улсын байцаагч Б.Д*******ийн үйл ажиллагаатай холбоотой үйл баримт нь хэрэгт хамааралгүй бөгөөд гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой асуудлыг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу гомдол гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурдав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2., 106.3.1. дэх заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11., 4.8. дугаар зүйлийн 1., 12. дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч Д.А*******ын гомдлыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Э.Эрдэнэбаярт холбогдох 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 0896844 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч Д.А*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.Эрдэнэбаяраас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, гомдол гаргагч Д.А*******д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА