Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01455

 

 

 

П.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/01382 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Б-ын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 19290678 тоот шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Цтай 2000 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан бөгөөд 1999 оны 10 дугаар сарын 09-ний өдөр том хүү Б.Т, 2003 оны 8 дугаар сарын 02-ны өдөр охин Б.А, 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр охин Б.Х, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүү Б.Тнар төрсөн. Энэ хугацаанд П.Б- нь хөдөө орон нутагт байнга томилолтоор ажилладаг байсан. Энэ маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн харш хороолол, 2 дугаар байр, 03 тоотод орших 30.21 м.кв орон сууцны тухай асуудлыг нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сард санамсаргүй байдлаар гэрээсээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хаягтай дугтуйтай албан бичиг олж уншихад тус байр нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан албадан дуудлага худалдаанд орж худалдагдсан тухай олж мэдсэн. Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Л.Цд холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма гандигийн гудамж, Рапид харш хороолол, 2 дугаар байр, 03 тоотод орших 30.21 м.кв орон сууцыг П.Б-, Б.Т, Б.А, Б.Х, Б.Тнарын гэр бүлийн дундын өмч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байдаг бөгөөд тус шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж дундын өмчөөр тогтоосон шийдвэр гарсан. Гэтэл энэ шийдвэр гарсан боловч хууль зүйн үр дагаврын хувьд биелэгдээгүй бөгөөд энэхүү байртай холбоотой 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12290678/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 19290678/03 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолууд гарсан. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тухайн байранд албадан дуудлага худалдаанд орж худалдагдсан байдаг. Гэтэл эдгээр үйл явдал болсноос 6 сарын дараа нэхэмжлэгч нь олж мэдээд хууль ёсны эрхээ хамгаалахаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймээс гэр бүлийн дундын өмч мөн болох нь тогтоогдсон байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 19290678 тоот шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/00796 тоот шийдвэрээр Л.Цгаас 48 250 000 төгрөгийг гаргуулж, Н.Сүхбатад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэлийн 19290678 тоот тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгч Л.Цгийн эд хөрөнгийн талаар холбогдох байгууллагуудаас тодруулахад Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн газрын 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1032 дугаар албан бичгээр Л.Цгийн өмчлөлд /нэг иргэний өмч/ улсын бүртгэлийн Ү-2206016741 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма гандигийн гудамж, Рапид харш хороолол, 2 дугаар байр, 03 тоотод орших 30.21 м.кв 1 өрөө орон сууц бүртгэлтэй байх бөгөөд иргэн Н.Сүхбаттай байгуулсан 2018 оны барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй талаар хариу ирүүлсэн. Төлбөр төлөгч Л.Цд шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөр төлөгдөөгүй тул Л.Цгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206016741 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма гандигийн гудамж, Рапид харш хороолол, 2 дугаар байр, 03 тоотод орших 30.21 м.кв 1 өрөө орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 19290678/01 тогтоолоор битүүмжилж, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 19290678/03 тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 7/356 дугаар тогтоолоор хөрөнгийн шинжээч томилоход хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК дээрх хураасан хөрөнгийг 63 739 500 төгрөгөөр үнэлсэн болохыг төлбөр төлөгчид 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн болно. Төлбөр төлөгч Л.Ц үнэлгээг зөвшөөрч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа авсан боловч төлбөр төлөгдөөгүй. Анхны дуудлага худалдаа явуулах тухай төлбөр төлөгч Л.Цд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэн бөгөөд тус албадан дуудлага худалдаагаар орон сууцыг 54 500 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг төлбөр төлөгч Л.Ц өөрөө мэдэж байсан нь түүний гарын үсэг зурсан байдлаар нотлогдож байх бөгөөд дээрх ажиллагаа, шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах эрх нээлттэй байсан.. Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсанаас хойш 1 жилийн дараа гомдлоо гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсгийг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэрт гүйцэтгэх газарт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч П.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаагүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, үйл явдалд буруу дүгнэлт хийж, илтэд нэг талыг барьсан хууль бус шийдвэр гаргасан гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 19290678/03 тоот тогтоолоор эд хөрөнгө хураан авах ажиллагаа хууль зөрчсөн тухайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг оролцуулаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрч оролцуулах шаардлагагүй гэж тайлбарласан нь ноцтой зөрчил болно. Тухайн эд хөрөнгийг хураан авахдаа нэхэмжлэгчийн хүү Б.Т нь гэртээ байсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 41.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Уг шүүхийн шийдвэрээр 4 хүүхдийн минь эрх ашиг хөндөгдөж, орон байргүй болох дээрээ тулаад байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч П.Б- нь хариуцагч НШШГГт холбогдуулан 19290678 тоот шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 183/ШШ2019/00796 дугаар шийдвэрээр хариуцагч Л.Цгаас 48 250 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 399 200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Сүхбатад олгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 34-36 дугаар тал/

Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2019/05408 дугаар шүүгчийн захирамж, мөн өдрийн 183/ГХ2019/00467 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч биелүүлээгүй байна.

Үүний улмаас Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1032 тоот албан бичгээр Л.Цгийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, 2 дугаар байрны 3 тоот орон сууцыг Н.Сүхбаттай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан болох нь тогтоогдсон ба үүнийг нэхэмжлэгч үгүйсгэж баримт гаргаагүй тул уг үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 19290678/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 19290678/03 дугаар тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хэргийн 42, 45, 46, 49, 50 дугаар тал/

Талуудаас дуудлага худалдаагаар худалдах дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн санал авахад төлбөр төлөгч нь 100 000 000 төгрөгөөр үнэлсэн санал ирүүлснийг төлбөр авагч Н.Сүхбат эс зөвшөөрч 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт ирүүлжээ. /хэргийн 53,54 дүгээр тал/

Хариуцагч байгууллагаас уг хүсэлтийн дагуу 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 7/356 дугаартай тогтоолоор Баян модот ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 55 дугаар тал/

Шинжээч Баян модот ХХК-аас уг орон сууцыг 63 739 500 төгрөгөөр үнэлсэн байна. Дээрх үнэлгээг хийхдээ үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын аргыг ашигласан байх бөгөөд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ. /хэргийн 56-68 дугаар тал/

Төлбөр төлөгч Л.Ц нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ... өөрийн хөрөнгийг шинжээчийн дүгнэлтэд заасан үнээс багагүй үнээр бие даан борлуулж, төлбөр төлөхийг хүссэн хүсэлт гаргасан боловч төлбөрийг төлөөгүй байна. /хэргийн 74 дүгээр тал/ Иймд орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээ болох 63 739 500 төгрөгийн 70 хувь болох 44 617 650 төгрөгөөр 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлээр 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10/24 дугаар тогтоолоор тогтоож, мэдэгдлийг Л.Цд Монгол шуудангаар хүргүүлжээ. /хэргийн 76,77 дугаар тал/

Ийнхүү анхны албадан дуудлага худалдаагаар маргаан бүхий орон сууцыг 54 500 000 төгрөгөөр борлуулж, хариуцагч байгууллагаас 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4-179/36640 дугаар мэдэгдлээр ...53 701 200 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлөх, төлөөгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх талаар Л.Цд мэдэгджээ. /хэргийн 79 дүгээр тал/

Дээрхээс үзэхэд анхны албадан дуудлага худалдаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62, 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.5, 65 дугаар зүйлийн 65.1, 66, 68, 69, 72 дугаар зүйлд заасан шаардлагад нийцжээ.

Хэдийгээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/00181 дугаар шүүхийн шийдвэрээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, 2 дугаар байрны 3 тоот хаягт байрлах 30.21 м.кв талбай бүхий орон сууцыг П.Б-, Л.Ц, Б.Т, Б.А, Б.Х, Б.Тнарын хамтран өмчлөх дундын өмч мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн байх боловч дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үед тухайн орон сууц Л.Цгийн өмчлөх эрхэд бүртгэлтэй байсан болох нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн газрын 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1032 дугаар албан бичгээр тогтоогдож байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан. Иймд улсын бүртгэл үнэн зөв байх шаардлагад нийцэж байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлээ 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 19290678/03 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй гэж тайлбарлаж байх боловч хэргийн 49, 50 дугаар талд авагдсан уг тогтоолд хөндлөнгийн гэрч оролцсон болох нь тогтоогдож байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан тул дээрх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/01382 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 67.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

С.ЭНХТӨР