Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 65

 

 

           Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч Э.Хосбаяр,

Хохирогч Ч.Мөнхбаатар

Хохирогчийн өмгөөлөгч: Т.Хүдэр 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Дэлгэрхишиг

Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх  саналтай ирүүлсэн яллагдагч Боржигон овогт Э.А-д холбогдох 1830000650055 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, Далангийн 5-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ЛЮ88121778/  Боржигон овгийн  Э.А

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

          Яллагдагч Э.А нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны орой Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багт оршин суух иргэн С.Ганчимэгийн гэрт Ч.Мөнхбаатарыг зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн доод, дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, тархины доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Э.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2018 оны 02 сарын 17-ны өдөр бид найзуудаараа Сүхбаатар сумын Дархан хаан ууланд гарах гэж явсан. Найзуудаараа уулан дээр гарчихаад Мөнхбаатарын найз Ганчимэг гэдэг айлд хоол идчихээд сумаас гарч яваад цасанд суусан. Тэгээд би машинд сууж байгаад унтсан байсан. Нэг сэрэхэд Сүхбаатар суманд ирсэн байсан. Ганчимэгийнд ороод гал түлээд сууж байхад Мөнхбаатар машин цасанд суучихаад байхад гар хөдөлгөсөнгүй гэж уурласан. Бид хоёр маргалдаад би Мөнхбаатарын нүд рүү гараараа цохисон. Найзынхаа биед гэмтэл учруулсандаа уучлалт гуйж байна. Би эмчилгээний зардалд 1650000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл эмчилгээний зардал болох 706.626 төгрөгийг 2018 оны 04 сарын 15-ны дотор төлнө гэв.  

- Хохирогч Мөнхбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би нүдний хагалгаанд орсон. Одоо хамрын хагалгаанд орно. Ариунболд надад 1.650.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 700.000 төгрөгийг 04 сарын 15-ны өдөр өгнө гэсэн. Би хамрын хагалгааны төлбөрөө иргэний журмаар нэхэмжилнэ. Одоо гомдолгүй гэв.

- Хохирогч Ч.Мөнхбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Батчөдөр, Ариунболд, Нацагдорж, Төмөрбаатар гэх найзуудын хамт Сүхбаатар сум руу “Дархан хан” ууланд гарахаар Нацагдоржийн автомашинтай 14 цагийн орчим Баруун-Урт сумаас явсан. Тэгээд “Дархан хан” ууланд гарчихаад Ганчимэг гэдэг найзынхаа гэрт цуг явж байсан найзуудын хамт очсон. Тэнд хоол идчихээд бүгдээрээ явах гээд Нацагдоржийн машинтай сумаас гарч яваад цасанд суусан. Тухайн үед би Нацагдоржийн автомашиныг бариад явж байсан. Батчөдөр, Төмөрбаатар хоёр сум руу машин дуудахаар явчихсан юм. Ирэхгүй удахаар нь Ганзориг гэдэг ахыгаа Сүхбаатар сумаас дуудаад машинаа цаснаас гаргаж авсан. Тэгээд буцаад Ганчимэг гэдэг найзынхаа гэрт нь очоод Э.Аыг цасанд суучихаад байхад гар хөдлөхгүй машиндаа суугаад байлаа гэж уурлаж байсан. Гэтэл гэнэт Э.А миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохьсон. Миний зүүн нүд бүхэлдээ хавдаж хөхөрсөн. 2018 оны 02 сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод нүдний ухархай ясны хагалгаанд орсон. Одоо миний зүүн нүд маш муу харж байгаа. Улаанбаатар хотод хагалгаанд ороход 1.500.000 төгрөг болсон. 1 дүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний ор хоногийн мөнгө 500.000 төгрөг болсон. Нийтдээ 2.000.000 гаран төгрөгийн зардал гарсан. Э.А нь ор хоногийн мөнгө болох 500.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Үлдэгдэл 1.500.000 төгрөг нэхэмжилнэ. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа Э.Аоос нэхэмжилнэ гэх мэдүүлэг/хх-ийн 13-14, 15/

- Шүүгдэгч Э.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “... Би 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр найз Ч.Мөнхбаатар, Батчөдөр, Төмөрбаатар, Нацагдорж нарын хамт Сүхбаатар сумын “Дархан хаан” ууланд гарч буцаад аймаг руу ирэх замдаа Сүхбаатар сумын иргэн С.Ганчимэгийн гэрт найз Мөнхбаатартай маргалдаж улмаар зүүн нүд рүү нь гараараа цохиж гэмтэл учруулсан. Би уг хэргийнхээ талаар 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дэлгэрэнгүй мэдүүлсэн тул надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Мөнхбаатар нь Ганчимэгийн гэрт ирчихээд “Та нар яв би эндээ үлдлээ, маргааш надад аймаг орох унаа олдчихно. Чи цасанд суучихсан байхад ганцаараа машинд унтлаа” гээд надад хандаж уурлаад салаавч өгөөд байхаар нь би цохьчихсон юм. Би Ч.Мөнхбаатарын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний цохисноос болж Мөнхбаатар нь нүдэндээ гэмтэл авсан нь үнэн. Надад Мөнхбаатар нь гар хүрээгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шимйдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/      

- Гэрч Н.Төмөрбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ч.Мөнхбаатар нь над руу залгаад манай найз М.Нацагдорж гадаад руу гарч байгаа юм байна. Бүгдээрээ “Дархан хан” уул руу цуг яваад ирье гээд М.Нацагдоржийн “Корса” маркийн тээврийн хэрэгсэлтэй Мөнхбаатар, Ариунболд, Нацагдорж, Төмөрбаатар нартай цуг явсан. Тэгээд “Дархан хан” уулан дээр гарчихаад Сүхбаатар суманд Ч.Мөнхбаатарын таньдаг гэх айлд очиж нэг архи уучихаад айлд архи уугаад яахав гээд бүгдээрээ машиндаа суугаад сумаас гарч явж байгаад цасанд суусан. Тухайн үед Ч.Мөнхбаатар нь машин бариад явж байсан. Тэгээд цаснаас гарч чадахгүй байхаар нь би сум руу машин дуудахаар яваад Мөнхбаатарын таньдаг гэх айлд сууж байтал миний араас Төмөрбаатар ганцаараа орж ирсэн. Мөн удалгүй цасанд суусан Мөнхбаатар, Нацагдорж, Ариунболд 3 замд машинтай хүмүүс таараад гаргаж өглөө гээд орж ирсэн. Тэр айлд орж ирчихээд Ч.Мөнхбаатар нь цасанд суучихаад байхад гар хөдөлсөнгүй амь амиа бодлоо гээд уурлаад байсан. Тэгээд Нацагдорж бид хоёр тэр айлаас гарч тамхи татаад эргээд ороод иртэл Ч.Мөнхбаатарын нүд рүү нь Э.А цохьсон гээд байж байсан. Тэгээд бүгдээрээ машиндаа сууж аймагт ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20/

         - Гэрч С.Ганчимэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ч.Мөнхбаатар над руу утсаар яриад танай суманд ирсэн байна гэхээр нь би тэгвэл манайд ирж хоол цай идээд явалдаа гэж дуудсан юм. Тэгээд Ч.Мөнхбаатар нь манайд 4 найзтайгаа 19 цагийн орчим ирж хоол цай идээд 20 цагийн орчим буцаад бүдээрээ гарч явсан. Би тэр хүмүүсийн нэрийг нь мэдэхгүй. Удалгүй хоёр найз нь машинтайгаа цасанд суусан гээд буцаад ирсэн. Мөн араас нь удалгүй Ч.Мөнхбаатар нь хоёр найзтайгаа ирсэн. Харин ирэхдээ бүгдээрээ архи ууцгаасан согтуу байсан. Ирээд Ч.Мөнхбаатар нь та нар манай найзынд ирчихээд зүгээр байсангүй гээд уурлаад байх шиг байсан. Тэгээд Ч.Мөнхбаатар нь би та нартай цуг аймаг явахгүй та нар яв, би маргааш нь унаа олоод явчихна гээд хоорондоо маргалдаад байсан. Тухайн үед би хүүхдээ унтуулах гээд том өрөөндөө орж унтуулчихаад буцаад гал тогооны өрөө рүү ортол Ч.Мөнхбаатар нь сандал дээр суугаад нүүрээ дараад сууж байхаар нь юу болсон талаар асууж Ч.Мөнхбаатарын нүүр рүү хартал зүүн нүд нь хавдаж хөхөрсөн байсан. Тэгээд Ч.Мөнхбаатар нь найзуудтайгаа гараад буцаад аймаг руу явцгаасан. Намайг том өрөөнд байж байхад хүмүүс хоорондоо зодолдох чимээ гараагүй. Мөнхбаатарыг цуг явж байсан Э.А гэдэг найз нь цохьсон гэж байсан. Ч.Мөнхбаатар нь архи уусан согтуу байсан. Намайг том өрөөндөө ороод буцаад гараад ирэх хооронд Э.Аод цохиулсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

             - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2830 дугаартай ... “ Ч.Мөнхбаатарын биед зүүн нүдний ухархайн доод, дотор хананы цөмөрсөн хугарал, /Ухархайн ханыг нөхөх мэс ажилбар 2018.02.22/, хамрын ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 41-42/ ,Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол /хх-1 х/, Яаралтай тусламжийн хуудас /хх-н26х/ Э.Аын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 56 х /,Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2018.02.20-ны өдрийн 6/336 дугаартай тодорхойлолт /хх-н 53 х /,Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар талаарх прокурорын санал / хх-н 68 х / зэрэг болно.

                     Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас шүүгдэгч Э.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд  хангагдсан буюу Э.А гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан  хохиролоо нөхөн төлсөн, мөн хойшид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзлээ.          

Шүүгдэгч Э.А нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны орой Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багт оршин суух иргэн С.Ганчимэгийн гэрт Ч.Мөнхбаатарыг зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн доод, дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, тархины доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгч Э.Аын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Ч.Мөнхбаатарын мэдүүлэг, мөрдөн байцаалтанд өгсөн гэрч Н.Төмөрбаатар,С.Ганчимэг нарын мэдүүлэг болон  Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2830 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Шүүгдэгч Э.Аын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна. Э.А нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.  Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогчийн нүүрэн тус газар санаатай цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

            Шүүгдэгч Э.Аод холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

            Иймд шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

                    Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүхээс шүүгдэгч Э.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн  үндэслэл тогтоогдож байна.

           Шүүгдэгч Э.Аод ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

          Шүүгдэгч Э.Аын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

          Хэргийн хохирогч Ч.Мөнхбаатараас гэмтлийн улмаас эмчилгээнд 2356626 төгргийн бодит  зардал гарсан  бөгөөд шүүгдэгч Ариунболд 1650000 төгргийг бэлэнээр төлж, үлдэгдэл 706626 төгргийг 4 сарын 15-ны дотор төлөхөө илэрхийлсэн нь хэрэгт авагдсан зарлагын, болон мөнгө төлсөн  баримт, шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна. 

           Шүүгдэгч Э.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Мөнхбаатарт цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэнийг дурдах нь зүйтэй.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигон овгийн  Э.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Ялтан Э.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй,хохирогч Мөнхбаатарын эмчилгээний зардалд 1650000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай. 

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Э.Аоос 706626 төгрөг  гаргуулан Баруун-Урт сумын 5-р багийн иргэн хохирогч  Чулуунбаатар овогтой Мөнхбаатарт олгосугай.

          6. Хохирогч Ч.Мөнхбаатар нь  тухайн гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэж журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

           7.Ялтан Э.А шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР