Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/446

 

 

 

 

    2024           4            17                                        2024/ДШМ/446

 

Б.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

цагаатгагдсан этгээд Б.А-, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/1414 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2023 оны 12 дугаар 19-ний өдрийн 67 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Б.А-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Б овгийн Б-ы А-, 2003 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эгчийн хамт Баянгол дүүргийн ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 0000/,

 

            Б.А- нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “-” хүнсний дэлгүүрийн худалдагч С.Н-тай маргалдаж, түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гараас нь татан цааш түлхэж унагаан, түүнийг газраас босож ирэхэд нь гэдэснийх нь баруун хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд умайн булчингийн чангарал, зүүн бугалганы цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.А-ыг цагаатгаж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан компакт диск 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Р.Очирсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Н- нь шүүгдэгч Б.А-т зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан талаар дурдаж, хэргийн үйл баримтыг тогтвортой мэдүүлэхээс гадна, хохирогчийн удаа дараагийн өгсөн мэдүүлэг нь бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал болох гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл бүрэн тогтоогдсон байна.

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Н-гийн “... “-” хүнсний дэлгүүрт сууж байтал гаднаас 21 цагийн үед үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирж үйлчлүүлсэн. Тэгээд арын хаалгаар гарах үед нь “хаалгаа хаагаарай” гээд хэлчихсэн чинь эрэгтэй нь “мэдэж байна пизда минь” гэхээр нь би “зүгээр чамд хэлж байна” гээд очтол баруун гараас татангуутаа түлхээд унагачихаар нь би босоод иртэл гэдэсний баруун хэсэгт гараа зангидаж байгаад цохисон...” гэх мэдүүлэг, мөн түүний дахин өгсөн “... тухайн үед намайг Б.А- нь коридорт хэвлий хэсэгт маань цохиж унагаасны дараагаар би дэлгүүртээ эргэн ороод цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд кассныхаа ард уйлаад сандал дээр сууж байтал орцоор дамжин Оогий гэх үйлчлүүлэгч орж ирээд “юу болсон бэ” гэж надаас асуусан юм. Тэгэхэд нь би тэр эгчид хандан “сая нэг залуу орж  ирээд хэрүүл хийгээд, миний гэдэс рүү орцонд цохиж унагаагаад яваад өгсөн, би цагдаад хандсан” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Н-гийн “...тэгэхэд миний гараас татаад миний гэдэс рүү түлхэж, цохиж унагаасан...” гэсэн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүгүй, ямар нэгэн эргэлзээгүй, тогтвортой, нэг агуулгатай байхаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан байна.

Шүүгдэгч, хохирогч нар үл ялих зүйлээр маргалдаж, шүүгдэгч хохирогчийн биед халдаж, түлхсэнээр хохирогч газарт унахад шинжээчийн дүгнэлтээр дурдагдсан гэмтэл учирсантай шалтгаант холбоотой болох нь хохирогчийн удаа дараагийн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ө.Сарангэрэл, О.Нансалмаа, Б.Сэргэлэн нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 849 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 315 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. Жирэмсэн үеийн холбогдох тусламж үйлчилгээний баримтуудад гэмтэл авахаас өмнө жирэмслэлтэй холбоотой умайн булчингийн чангарал эмгэг тогтоогдсонгүй. 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хэт авиан шинжилгээнд илэрсэн умайн тонус ихтэй гэсэн нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэмтэлтэй холбоотой эмнэлзүйн хувьд умайн булчингийн чангарал ба энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, шинжээч эмч Б.Сэргэлэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Умайн булчин маань эмэгтэй хүний биед байгаа хамгийн зузаан бөгөөд хамгийн урт сунаж чаддаг мэдрэг булчин байдаг. Уг булчин яагаад чангараад байдаг вэ гэхээр умай дотор ураг бүрэлдсэн байх үед гаднаас ямар нэгэн байдлаар цочролт өгөх үед умайн булчин агшдаг. ...Мөн бөгс хэсгээрээ унах үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан этгээдийг гэрч гэж тодорхойлох ба хэдийгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн Ж.Е, Т.О нар нь шүүгдэгч хохирогчийн биед халдаж, түлхэж унагаасан хууль бус үйлдлийг хэргийн газарт хамт байж хараагүй боловч хохирогч газарт унасан байхыг харсан Ж.Е-ийн өгсөн “...хоёр үл таних хүмүүс хаалга хаалгүй гарчихаар нь “хаалга хаагаад явчихаарай” гэж хэлэхэд ажлын эрээн хувцастай эрэгтэй нь “мэдэж байна пизда минь” гээд над руу уурлаад цаашаа гараад явчихсан. ...ажлын хувцастай залуу хүрч ирээд дахиж хэрүүл өдөөд хаалга онгойлгож орж ирээд эхнэртэй маань маргалдаж байгаад хамт орц руу гарсан. Гэнэт эхнэр маань миний нэрийг дуудаад орилох шиг болсон. Тэгэхээр нь би гүйгээд очиход гарах хаалганы хажууд газарт уначихсан байсан. ...” гэх, шүүгдэгчтэй орцонд таарч яриаг нь сонссон гэх Т.О-гийн өгсөн “...дээд давхраас цайвар шаргал эрээн өнгийн десант цамц болон ажлын хослол өмд өмсчихсөн 20-22 орчим насны залуу, эмэгтэй хүнтэй лифтээр бууж ирж байсан юм. Тэр үед хоорондоо эрэгтэй нь “Энэ саяны түлхэж унагаадаг хүүхэн чинь жирэмсэн байсан байна шүү, доод дэлгүүрийн охин чинь” гэж хоорондоо яриад байсан, би 1 давхарт хүнсний дэлгүүрт ороход худалдагч жирэмсэн охин уйлчихсан сууж байсан. Тэгэхэд нь би юу болсон талаар асуухад “эрээн хувцастай залуу намайг түлхээд унагаачихсан, цагдаа дуудчихсан байгаа” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлгүүдээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч гэх субъектэд хамаарч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр тухайн хэргийн үйл баримт давхар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг хэргийн газарт шүүгдэгч, хохирогч нартай хамт байсан үйл явдлыг нүдээр харсан гэрч Б.С нь нотолж байна гэж шүүх дүгнэх боловч гэрч Б.С нь шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болохыг, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх” гэсэн заалтыг тус тус анхаарч үзэлгүйгээр, мөн хохирогчийн эх сурвалжаа заан мэдүүлсэн удаа дараагийн мэдүүлгийг ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаа талаараа үндэслэл бүхий дүгнэлтийг огт хийгээгүй атлаа шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ төрсөн гэх хуулийн агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэг үйлдэгдсэн газар болох “-” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгээр тухайн үед дэлгүүрийн дотор байсан Б.А-, түүний эхнэр Б.С, хохирогч С.Н-гаас өөр хүн байгаагүй, хохирогчийн нөхөр Ж.Е дэлгүүрийн арын коридор руу гардаг хаалганы эсрэг талд буюу бохь өрсөн лангууны цаана орсон байдалтай зогсож байх ба Н-г бусдад цохиулсны дараа буюу арын коридорт С.Н-г орилж тусламж гуйсны дараа Е дэлгүүрийн заалаар дамжин арын коридор луу гүйн гарч байгаа нөхцөл байдал тусгагдсан бөгөөд гэрч Т.Х нь хохирогч С.Н-г Б.А-т цохиулсны дараа буюу шүүгдэгч Б.А-, хохирогчийн нөхөр Есөн-Эрдэнэ нарыг хоорондоо маргалдах үйл явцыг харж үзсэн хүн байх тул түүний гэрчийн мэдүүлэг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна.

Шүүх хэрэгт тусгагдсан өөр хоорондоо нэгнээ нотолсон, дэмжсэн бичгийн нотлох баримтуудад тал бүрээс нь дүгнэлт хийлгүйгээр, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэхгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заахгүйгээр хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж, мөн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хохирогч С.Н-д гар хүрээгүй, түүнд огт ойртоогүй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан байхад дахин намайг гэм буруутай эсэхийг хэлэлцүүлэхээр миний цаг завыг үрж байгаад гомдолтой байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.А-ын өмгөөлөгч З.Ариунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Сэргэлэн, Амартүвшин нар гэмтлийн талаар тайлбарласан. Хохирогч 1 удаагийн үйлдлийн талаар мэдүүлдэг. Мөн хохирогч С.Н- нь хэрэг гарснаас хойш 5 хоногийн дараа эмнэлэгт үзүүлсэн. Энэ хугацаанд хохирогчид юу болсон талаар мэдүүлэг авч, тодруулах ажиллагааг хийгээгүй. ... Хохирогч С.Н- нь тухайн үед Б.А-ын араас гарч хэрэлдсэн болохыг бүгд мэдэж байгаа. Түлхэж унагаасан гэдэг боловч унагаасан болохыг мэдэхгүй байх ямар ч боломжгүй. Гэрч О “цахилгаан шатанд 2 хүн “яанаа жирэмсэн байсан байна шүү дээ” гэж ярьж байсан” гэж хэргийн үйл явдалд нийцэхгүй мэдүүлэг өгсөн. Гэрч Е “тухайн үед юу болсныг би хараагүй” гэдэг. Хохирогч С.Н- эхний мэдүүлэгтээ “баруун дээд бугалга хэсгээс татаж, гэдэс рүү цохиж түлхэж унагаасан” гэж, дараагийн мэдүүлэгтээ “гараас татаад гэдэс рүү нэг удаа цохисон” гэж, сүүлийн мэдүүлэгтээ “баруун гараас татангуутаа түлхэхэд би унасан. Унаад босох үед гэдэсний баруун хэсэгт гараа зангидаж байгаад цохисон” гэж зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн. Хохирогчоос хууль сануулж мэдүүлэг авч байхад тэрээр худал мэдүүлэг өгсөн байж болзошгүй байна. Прокурор нь гэрч С-гийн мэдүүлгийг ямар шалтгааны улмаас үнэлээгүй болох нь тодорхойгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг прокурор зөрчсөн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хянан үзэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангаж гарсан байна.

            Прокуророос Б.А-ыг хохирогч С.Н-тай маргалдаж, түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гараас нь татан цааш түлхэж унагаан, түүнийг газраас босож ирэхэд нь гэдэснийх нь баруун хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд умайн булчингийн чангарал, зүүн бугалганы цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Б.А-, С.Н- нарын хооронд үүссэн маргаан болон үйл баримтыг сэргээн тогтоож, Б.А-ын үйлдлийн улмаас С.Н-гийн эрүүл мэндэд умайн булчингийн чангарал бүхий хөнгөн хохирол учирсан гэж шууд дүгнэх боломжгүй гэж үзэн, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй байна.

            Учир нь шүүх хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарал, талуудын тайлбар, мэдүүлэг, мэтгэлцээнд тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох ажиллагаа явуулсны эцэст шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, эсхүл түүний үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулсан гэж бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт өгч чадахгүйд хүрвэл үүнийг үндэслэл бүхий эргэлзээнд тооцох ба ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл болдог.

            Үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт эрүүгийн хэрэгт цугларсан баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарлыг тал бүрээс нь шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг нэг бүрчлэн шалгаж, дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн иж бүрэн дүгнэлт хийх боломжгүйд хүрэх буюу үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно. 

            Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ болон шүүгдэгч Б.А-ыг гэм буруутайд тооцуулах дүгнэлтдээ хохирогч С.Н-, гэрч Ж.Е, Т.О, шинжээч Т.Амартүвшин нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 315 дугаартай дүгнэлт, С.Н-гийн жирэмсний хэт авиан оношлогоо, ургийн дүрс бичлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А-ын гэм буруутай үйлдэл тогтоогдсон гэж яллаж байх боловч дээрх баримтуудаар хохирогч С.Н-гийн биед учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч Б.А-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэх үндэслэл нотлогдон тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийжээ.

            Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.Н- 4 удаа, гэрч Ж.Е 2 удаа, мөн гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус мэдүүлэхдээ хэргийн үйл баримт талаар мэдүүлэг бүртээ өөр өөрөөр мэдүүлцгээсэн байх тул тэдгээрийн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байна.

            Мөн, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед умайн булчингийн чангарал, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдсон байх боловч хөнгөн зэрэгт хамаарах умайн булчингийн чангарал гэмтэл нь эмэгтэй хүний биед хэрхэн үүсэх боломжтой талаар шинжээч Т.Амартүвшин, Б.Сэргэлэн нар дэлгэрэнгүй тайлбарласан байхаас гадна зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдсон нь хохирогч С.Н-, гэрч Ж.Е нарын мэдүүлгийг давхар үгүйсгэх үндэслэл болжээ. 

            Түүнчлэн, хэргийн нөхцөл байдлын талаар гэрчилсэн хөндлөнгийн этгээдүүд болох Т.Х, Г.Б нарын мэдүүлэг, хэрэг учрал болох үед хамт явж байсан гэрч Б.С нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.А-, хохирогч Б.Н- нар нь дэлгүүрийн хаалга хаасангүй гэх асуудлаас болж хоорондоо хэрүүл маргаан хийсэн нөхцөл байдал тогтоогдож байх боловч хохирогчийн биед шүүгдэгч халдан түлхсэн, унагаасан, цохисон гэх үйл баримт тогтоогдоогүй байна.         

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, цагаатгагдсан этгээд Б.А-ын үйлдлийн улмаас С.Н-гийн эрүүл мэндэд шинжээчийн 315 дугаартай дүгнэлтэд дурдагдсан /хх 95/ умайн булчингийн чангарал гэмтэл буюу хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт хөдөлбөргүй нотлогдоогүй, гэмт хэрэг гарсан байдлын талаар эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд, прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 67 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/1414 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/1414 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 67 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ,

               ШҮҮГЧ                                                              Т.ШИНЭБАЯР

 

ШҮҮГЧ                                                              Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                              С.БОЛОРТУЯА