Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 146/ШШ2025/00166

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн иргэний шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: У***оршин суух, *** регистрийн дугаартай, И овогт Б.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** оршин суух, *** регистрийн дугаартай, С овогт Б.Б-д холбогдох,

25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Солонго, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсайхан /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** би өөрийн эзэмшлийн LST1912ZX712SТ256 дугаартай *** ГЧ улсын дугаартай flog.20 маркийн, 2007 онд үйлдвэрлэсэн шар өнгийн хагас чиргүүлийг иргэн Б.Б-д 2023 оны 12 сард цагаан сарын өмнө мөнгийг өгнө гэж 25,000,000 төгрөгт зарахаар тохиролцож ярилцаж байгаад 2 сард Б.Б нь мөнгөө өгөөгүй байж цагаан сарын өмнө зөвшөөрөлгүй хашаанаас аваад явсан. Ингээд мөнгөө өгөөч гэхээр өгөхгүй өнөөдрийг хүртэл утсаа авахгүй алга болсон. Иймд Б.Б-оос чиргүүлийн үнэ 25,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Б.Б чиргүүлийг авна гэж манай нөхөр Б.А-той тохиролцоод цагаан сарын дараа эмчилгээнд хэрэглэнэ миний дүү цагаан сарын дараа мөнгөө өгөөрэй гэхэд за гэж хэлээд аваад явсан. Тэгээд хугацаандаа өгөөгүй болохоор бид нар цагдаад хандсан. Би 6 сард мөнгийг нь өгнө гэж хэлсэн байгаа. Тэгээд 6 сард мөнгийг нь өгнө гэсэн гээд бид нар хүлээж байсан. Гэтэл утасдаад утсаа авахгүй байсан. Тэгж байгаад нэг удаа ярьсан. Нэг удаа ярихдаа би миний дүү боломжоороо мөнгөө гаргаад өг, болохгүй бол наадхаа банк бусад тавиад эгчдээ мөнгөө гаргаж өг гэж хэлсэн. Гэтэл надад манай компани энэ чиргүүлийг чинь аваад 11 сард мөнгийг нь өгье гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгч нь нөхрөө эмчилгээнд авч явах гэж байгааг чи мэдэж байгаа. Эгчид нь тийм хугацаа байхгүй. Тийм учраас мөнгөө яаж ийж байгаад гаргаж өг гэдэг шаардлагыг тавьсан. Одоо энэ хоёр жилийн хугацаанд энэ хүн чиргүүлийг хэрэглээд эд анги нь мэдээж эдэлгээ хорогдолд ороод муудчихсан байгаа. Тийм учраас би энэ хүнээс чиргүүлийнхээ мөнгийг буюу 25,000,000 төгрөгөө нэхэмжилж авна. Өмнөх шүүх хурал дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нь буцаагаад өгье гэж ярьсан өгье гэж бодож байсан гэж хэлж байсан. Хэрэв үнэхээр тэгж бодож байсан бол авч ирээд өгөх сэтгэл яагаад байгаагүй юм бэ. Бие муутай хүний юмыг авчхаад буцаагаад өгье гэсэн бол авч ирээд өгчихгүй яасан юм бэ. Тэгэхээр энэ хүн энэ чиргүүлийг ашиглаад явж байгаа гэдэг нь үнэн. Хэрвээ ашиглаагүй байсан бол яахаараа тэр компани нь авъя гэж байна 11 сард мөнгийг нь өгье гэж хэлэх юм бэ. Тийм учраас би хариуцагч Б.Б-оос 25,000,000 төгрөгөө нэхэмжилнэ. 1,400,000 төгрөгөөр нь дугуй авч тавьсан гэж бодоод тэрийг бол нэхэмжлэхгүй. 6 сарын хугацаанд бүтнээр нь авна гэж шахсан гэж хэлж байна. Анхнаасаа бид хоёр эмчилгээ хийлгэх гээд мөнгөний хэрэг гараад чиргүүлээ зарахаар болсон. Гэтэл энэ хүн анхнаасаа энэ хүнийг мэхлэх гэж авсан юм уу. Эхлээд машинаар солино гэж байгаад өвчтэй хүнийг харчхаад солихоо болиод шууд аваад явсан. Энэ Б.Б-д үнэхээр өөрт нь сэтгэл байсан бол ахаа хоёулаа нотариат ороод нотариатаар батлуулчихъя гэж хэлэхгүй яасан юм бэ. Үнэхээр өөрт нь сэтгэл байгаагүй. Энэ хүн анхнаасаа хууран мэхэлж авч явсан гэдэг үгийг би дахиад хэлье. Машинаар солино гээд зураг явуулсан бичлэг байгаа. Гэтэл ахаа шууд мөнгийг нь өгье гээд аваад явсан. Тэгвэл Цагаан сарын дараа эмчилгээнд явах гээд мөнгө хэрэгтэй гээд чиргүүлээ зарж байгаа байж яагаад мөнгөө 6 сарын дараа авна гэж хэлэх юм бэ. Өнөөдөр гэрээ хийгээгүй нь Б.А-ын буруу байж болно. Гэхдээ та нар анхнаасаа өвчтэй хүнтэй яах гэж худалдан авах юм хийсэн юм бэ. Буцаая гээд удаа дараа залгасан гэж байна. Тэгвэл над руу залгасан дугаарын жагсаалтаа гаргаад ир. Энэ хүн бол нэг ч удаа залгаж байгаагүй. Би л харин удаа дараа залгаж, удаа дараа энэ хүн рүү мессеж бичиж хэл амаа ололцох гэж хичээсэн. Гэтэл гэрээ хийгээгүй учраас үүрэг хүлээхгүй гэж юу гэсэн үг юм бэ. Энэ хүнд хүн чанар гэж байна уу, өвчтэй явж чадахгүй, тэргэнцэр дээр суучихсан ярьж чадахгүй хүнээс юмыг нь авч явчхаад энэ хүн одоо ийм юм яриад сууж байгаа нь надад үнэхээр өрөвдөлтэй санагдаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Нэхэмжлэгч ******* овогтой ******* нь иргэн Б овогтой Б надад холбогдуулж нийт 25.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Иргэн Б.Б миний бие нь нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч ******* болон миний бие харилцан тохиролцож 6 сарын хугацаанд худалдаж авсан чиргүүлийн төлбөрийг шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон байдаг боловч хугацаанаас өмнө буюу харилцан тохиролцсоноо хойш 2 сарын дараа төлбөрийг бүтнээр өг гэдэг шахалтыг үзүүлсэн байдаг. 2. Нэхэмжлэгч *******ын хашаанаас миний бие дур мэдэн тухайн чиргүүлийг аваагүй бөгөөд харилцан тохиролцсоны дагуу түүний зөвшөөрлөөр тухайн чиргүүлийг авч явсан болно. 3. Нэхэмжлэгч нь харилцан тохиролцсоны дагуу тухайн чиргүүлнэ ямар ч эвдрэл гэмтэлгүй эрхийн доголдолгүй чиргүүлийг надад өгөх ёстой байтал шаардлага хангаагүй чиргүүлж өгснөөр миний бие нь засвар үйлчилгээ хийж эдийн засгийн хохиролд учирсан байдаг. Учир нь миний техникийн инженер мэргэжилгүй засварчин биш учраас нэхэмжлэгчийн хэлсний дагуу итгэж тухайн чиргүүлийг авч явсан. 4. Иргэн ******* миний бие нь дээрх шалтгаан нөхцөлийн улмаас тухай чиргүүлийг буцааж өгөх гэж олон удаа оролдсон боловч эвдрэлтэй чиргүүлээ буцааж авахгүй гэж эсэргүүцэж байгаа болно. 5. Дээрх бүгдээс дүгнэхэд нэхэмжлэгч ******* нь анхнаасаа эвдрэлтэй чиргүүлийг надад худал хэлж зарсан гэж үзэж байгаа юм. 5. Нэхэмжлэгч ******* бид хоёрын дунд ямар нэгэн худалдах худалдан авах гэрээ болон түүнтэй адилтгах ижил төрлийн гэрээ хэлцэл бичгээр байгуулаагүй тул иргэн ******* миний бие ямар нэгэн үүрэг хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн чиргүүлийг миний бие өнөөдрийг хүртэл ашиглаагүй ашиглах боломжгүй байгаа тул буцааж өгөх шаардлага тавьж байгаа болно. 7. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрмөөргүй байна. Үүнд нэхэмжлэгч ******* хариуцагчтай харилцан тохиролцоод 6 сарын хугацаанд чиргүүлийн мөнгийг өгөхөөр тохиролцсон байдаг боловч тохиролцсоноос хойш 2 сарын хугацааны дараа мөнгийг бүтнээр нь өг гэдэг шаардлагыг тавьж эхэлсэн. 2-т нэхэмжлэгч *******ын хашаанаас хариуцагч дур мэдэх тухайн чиргүүлийг аваагүй. Харилцан тохиролцсоны дагуу хариуцагчийн зөвшөөрснөөр тухайн чиргүүлийг авч явсан. Энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрчийн мэдүүлэг дээр тодорхой тусгагдсан байдаг. 3-т нэхэмжлэгч харилцан тохиролцсоны дагуу ямар ч эвдрэл гэмтэлгүй, эрхийн доголдолгүй чиргүүлийг хариуцагчид өгөх ёстой байтал шаардлага хангаагүй чиргүүлийг өгснөөр засвар үйлчилгээг хийж эдийн засгийн хохиролд учирсан. Учир нь хариуцагч засварчин биш учраас нэхэмжлэгчид итгэж тухайн чиргүүлийг авсан байдаг. Эвдрэл гэмтэлтэй чиргүүл авсан гэдгээ хариуцагч өөрөө тайлбарлаж байгаа. Мөн ******* нь дээр шалтгаан нөхцөлийн улмаас тухайн чиргүүлийг буцааж өгөх гэж олон удаа оролдсон боловч эвдрэлтэй чиргүүлээ буцааж авахгүй гэж эсэргүүцэж байгаад өнөөдрийг хүрч байна. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч ******* нь анхнаасаа эвдрэлтэй чиргүүлийг худал хэлж зарсан гэж үзэж байгаа. Мөн ******* нь ямар нэгэн худалдах худалдан авах гэрээ болон түүнтэй адилтгах гэрээ хэлцэл бичгээр байгуулаагүй тул хариуцагч ******* нь ямар нэгэн үүрэг хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн чиргүүлийг өнөөдрийг хүртэл ашиглаагүй, ашиглах боломжгүй байгаа тул буцааж өгөх шаардлагаа удаа дараа тавьсаар байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан байдаг. Өөрөөр хэлэх юм бол хариуцагчийн ярьж байгаа энэ бүх үйл баримтууд нь хэрэгт хавсаргасан нотлох баримтаар нэг ч зүйл байхгүй. Тиймээс энэ нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй, амаар ярьсан зүйлийг нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. 6 сарын дараа тухайн чиргүүлийг өгөх талаар харилцан тохиролцсон асуудал байхгүй гэж байна. Хэрэгт цугларсан гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл дээр тухайн чиргүүлийг 2023 оны 11 дүгээр сард аваад 2024 оны 06 дугаар сард төлбөр мөнгийг нь өгөхөөр харилцан тохиролцсон гэх хууль сануулж авсан гарын үсэгтэй нотлох баримт байна. Үүнээс үзэх юм бол тухайн чиргүүлийн мөнгийг 6 сарын дараа өгөхөөр харилцан тохиролцсон болох нь энэ мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэж байна. Гэтэл харилцан тохиролцсоноосоо буцсан үйлдэл гаргасан гэдэг нь манай хариу тайлбар дээр байна. Иргэний хуулийн 493.5-т эд хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсоны улмаас түүнтэй холбоотой зардал гаргасан бол зардал, хохирлоо нөхөн төлүүлж уг зүйлийг буцааж өгөх үүрэгтэй. Харин хөрөнгийн шинж байдлаас түүнийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй нь илтэд байвал энэ журам үл хамаарна гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хариуцагч харилцан тохиролцчихоод тухайн чиргүүлийг өөрийн болгосон гэж үзсэн байсан учраас авч явсан байгаа. Гэтэл нэхэмжлэгч хэлснээсээ буцаад хугацаанаасаа өмнө мөнгөө нэхсэн ийм нөхцөл байдал үүсээд байгаа учраас чиргүүлийг буцааж өгөх үндэслэл бүрдэж байна. Харин нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд ямар нэгэн худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй учраас эрх үүрэг гэдэг зүйл яригдах үндэслэлгүй байна. Яагаад манай талаас хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэхээр нэгэнт худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй учраас хэн, ямар үүрэг хүлээх нь тодорхой бус байна. Тиймээс бид нар бол чиргүүлийг буцааж өгөх шаардлагыг л тавьж байгаа. Мөн тухайн чиргүүлийг хүлээлцэхдээ шинж байдлын талаар ямар нэгэн акт үйлдэж хүлээлгэж өгсөн нотлох баримт хэрэгт байхгүй байгаа. 1-т нэхэмжлэгч талаас худалдах худалдан авах гэрээгээр өгсөн гэдэг зүйлийг ярьж байна. Хавтаст хэрэгт авагдсан материалд ямар нэгэн худалдах худалдан авах гэрээний зүйл байхгүй. 2-т анхнаасаа нэхэмжлэгч хариуцагч хоёрын хийсэн хэлцлийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан хэлцэл гэж үзэхээр байгаа боловч мөн хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл эвдрэл гэмтэлтэй чиргүүлийг худалдсан нөхцөл байдал байгаа. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т Сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж байгаа. Өөрөөр хэлбэл 6 сар биш бид нар 1 жилийн дотор шаардлагаа гаргах эрхтэй. Энэ шаардлагынхаа хүрээнд чиргүүлээ буцааж ав гэдэг шаардлагыг тавьсан. Хэдэн удаа шаардлага тавих талаар хуульд байхгүй. Бид нэг удаа хэлсэн бол үүнийг шаардлага тавьсан гэж үзэх үндэслэлтэй байна. Дахин хэлэхэд худалдах худалдан авах гэрээ хийгээгүй учраас үүнийг худалдах худалдан авах гэрээний зарчмын дагуу шийдэх үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал ямар үүрэгтэй юм, хариуцагч тал ямар үүрэгтэй юм гэдэг нь тодорхойгүй байна. Тиймээс манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, чиргүүлийг буцааж өгөхөд бэлэн байна. Хариуцагчийн оршин суугаа газар дээр тухайн чиргүүл нь байгаа гэв.

 

Нэхэмжлэгч өмгөөлөгч Б.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* өөрийн эзэмшлийн чиргүүлийг *******той худалдахаар тохиролцоод чиргүүлийг өгөөд явуулсан. Чиргүүлийг өгч явуулчхаад мөнгөө нэхсэн. Энэ үйл баримт бол аль алиных нь мэдүүлэг тайлбараар нотлогдож байгаа. Хариуцагчийн тайлбар дээр худалдаж авсан нь үнэн, мөнгөө төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн гэдгээ илэрхийлсэн байдаг. Гол нь хариуцагчийн тайлбар дээр энэ чиргүүлийг буцаая гэсэн санаа байдаг. Тэгээд доголдолтой холбоотойгоор буцаах гэсэн агуулга байдаг. Энэ тайлбараас харахад мөнгөө төлөхгүй, худалдаж аваагүй гэдэг дээр маргасан зүйл байдаггүй. Доголдолтой эд хөрөнгийг буцаах тохиолдолд иргэний хуульд зааснаар 6 сарын хугацаа байдаг. Гэтэл үнэхээр 6 сарын хугацаандаа буцааж өгсөн зүйл байхгүй. Машин нь одоо хариуцагч талын эзэмшилд байгаа. Тэгэхээр нэгэнт хугацаа өнгөрсөн учраас бид нар машиныг буцааж авахгүй мөнгөө авах асуудал л яригдана. 2-т ******* гэдэг хүн өөрөө бие нь өвдсөн учраас машинаа зарсан. Тухайн үед эмчилгээнд явах зорилгоор маш олон эд хөрөнгүүдээ зарсан нөхцөл байдал байгаа. Тэгэхээр манай талаас мөнгөө гаргуулж авна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн харин одоо мөнгөө авах л нөхцөл байдал байгаа. Гэтэл одоогоор чиргүүлийн мөнгөө аваагүй байгаа. Тиймээс тэр эд хөрөнгийнхөө үнийн дүнг нэхэмжилж байгаа. 2-т нэгэнт буцааж өгөх гэж байгаа бол гэрээнийхээ дагуу үнэхээр доголдолтой эсэх талаарх баримт нь хэрэгт байхгүй байна. 3-т хэрвээ доголдолтой тохиолдолд иргэний хуульд зааснаар буцааж өгөх 6 сарын хугацаа байгаа. Гэтэл энэ хугацаа нэгэнт өнгөрсөн байна. Хэрэгт авагдсан мэдүүлэг дээр мөнгөө өгнө гэж ярьсан гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байгаа. Тиймээс манай талаас чиргүүлийнхээ мөнгийг гаргуулж авах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэгч ******* хариуцагч *******ид холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

 

2.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв.

 

3.    Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ... *** улсын дугаартай flog.20 маркийн, 2007 онд үйлдвэрлэсэн шар өнгийн хагас чиргүүлийг иргэн *******ид 2023 оны 12 сард цагаан сарын өмнө мөнгийг өгнө гэж 25,000,000 төгрөгт зарахаар тохиролцож ярилцаж байгаад 2 сард ******* нь мөнгөө өгөөгүй байж цагаан сарын өмнө зөвшөөрөлгүй хашаанаас аваад явсан. нөхөр *******той тохиролцоод цагаан сарын дараа эмчилгээнд хэрэглэнэ миний дүү цагаан сарын дараа мөнгөө өгөөрэй гэхэд за гэж хэлээд аваад явсан. Гэтэл надад манай компани энэ чиргүүлийг чинь аваад 11 сард мөнгийг нь өгье гэж байна гэж хэлсэн гэж тайлбарлажээ.

 

4.    Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, харилцан тохиролцсоны дагуу чиргүүлийг авч явсан, харилцан тохиролцсоны дагуу тухай чиргүүл ямар ч эвдрэл гэмтэлгүй эрхийн доголдолгүй чиргүүлийг надад өгөх ёстой байтал шаардлага хангаагүй чиргүүлийг өгснөөр би засвар үйлчилгээ хийсэн, анхнаасаа надад эвдрэлтэй чиргүүлийг өгсөн, бид хоёрын дунд ямар нэгэн худалдах худалдан авах гэрээ болон түүнтэй адилтгах ижил төрлийн гэрээ хэлцэл бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

5.    Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу тухайн 65-93 ГЧ улсын дугаартай flog.20 маркийн, 2007 онд үйлдвэрлэсэн шар өнгийн хагас чиргүүлийг нэхэмжлэгчийн зүгээс нийтэд худалдан борлуулах тухайн зарыг тарааж, түүнийг хариуцагч тухайн эд хөрөнгийг /чиргүүлийг/ нэхэмжлэгчийн хашаанаас авч үйлдэл хийж буй нь талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх нь зүйтэй байна.

 

6.    Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан бөгөөд худалдах худалдан авах гэрээг хуульд заавал бичгээр хийхээр хуульчлаагүй ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 1-т зааснаар нэхэмжлэгч ******* нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, хариуцагч тал буюу ******* нь *******од хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Нөгөө талаар хариуцагч ******* нь тухайн чиргүүлийг 2024 оны 02 дугаар сард тухайн чиргүүлийг нэхэмжлэгчийн хашаанаас авсан болох талуудын тайлбараар нотлогдож байх тул худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсан тооцохоор хуульчилсны дагуу худалдагч тал буюу ******* гэрээний үүргээ биелүүлжээ.

 

7.    Нөгөө талаар тухайн эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар хариуцагч мэдэх боломжтой байсан буюу нийтэд мэдээлсэн зардаа тухайн эд хөрөнгийн /чиргүүлийн/ эвдрэл, гэмтлийн талаар танилцуулсан болох нь 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл-ээр тогтоогдож байна.

 

8.    Иймээс Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгийг хүлээж авах үед уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тул худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заасны дагуу тухайн эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн атлаа тухайн эд хөрөнгийг /чиргүүлийг/ хүлээн авчээ.

 

9.    Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******оос чиргүүлийн үнэ болох 25,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгохоор шийдвэрлэлээ.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас 5,146,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 282,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч С овогт Б.Б-оос чиргүүлийн үнэ болох 25,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И  овогт Б.А-д олгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 282,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА