| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2018/0052/Э |
| Дугаар | 66 |
| Огноо | 2018-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 66
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч Э.Хосбаяр,
Шүүгдэгч С.Ө, З.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн яллагдагч Боржигин овгийн З.Ж, Хэрээд овогт С.Ө нарт холбогдох 1830000490051 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг “Дэнж” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ЛЮ85042778/ Боржигин овгийн З.Ж,
2. Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн “Таван хонхор” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 161 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 75.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан /РД:ЛЗ80072978/ Хэрээд овогт С.Ө,
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтээр/
Яллагдагч З.Ж нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны шөнийн 23 цагийн орчим Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Таван хонхор” гэх газар иргэн С.Өыг зодож эрүүл мэндэд нь “хамрын таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,
Яллагдагч С.Ө нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны шөнийн 23 цагийн орчим Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Таван хонхор” гэх газар иргэн З.Жг зодож эрүүл мэндэд нь “дээд эрүүнд баруун 1-р шүд, зүүн 1, 2-р шүдний булгарал хугарал” бүхий хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч С.Өсөхбөяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2018 оны 01 сарын 25-ны өдөр би Жавхлантай муудсан нь үнэн. Тэр өдөр манай гэрт манай ойр хавийнхан ирээд тоглож байхад Эрдэнэсүх, Жавхлан нар ирээд Эрдэнэсүх нь бид нартай тоглож байхад Жавхлан гараад машиныхаа сигналыг дуугаргасан. Би гараад хашаатай хонь үргээчихлээ, хашаа задалчихна гэж хэлээд муудсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бид хоёр эвлэрсэн нэхэмжлэх зүйлгүй гэв.
- Шүүгдэгч З.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2018 оны 01 сарын 25-ны өдөр гэрээсээ 14 цагийн үед гараад Дүүрэнбилэгийнх рүү очоод тэднийхээс Өсөхбаярынх руу очсон. Би ууцны хонь цуглуулаад явж байсан. Өсөхбаярынх руу ороод гарахдаа Өсөхбаяртай маргалдаж муудсан. Би Өсөхбаярынхаас гараад Эрдэнэсүхийг дуудах гэж машиныхаа сигналыг дуугаргасан. Тэрээс болж Өсөхбаяртай муудсан. Миний дээд 3 шүд унасан. Өсөхбаярт хамар нь муруйсан гэмтэл учирсан. Одоо гомдол санал байхгүй, бид хоёр эвлэрсэн. Хоёр биенээсээ нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
- Хохирогч З.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би эмчилгээний зардлаа авсан. Надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
- З.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр эвлэрсэн гэв.
- Шүүгдэгч С.Өсөхбөяр мөрдөн байцаалтанд өгсөн: “...Надад сонсогож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн. Надад уг мэдүүлгээс өөрчлөх болон нэмж ярих зүйл байхгүй. З.Ж архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би З.Жг машиныхаа сигнаалыг дуугаргаад байхаар нь уурлаж хонь үргэчихнэ гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр маргалдсан юм. Үүнээс болж намайг зодсон байх. З.Ж манай гэр рүү орж ирэхдээ биед нь гэмтэл байгаагүй зүгээр байсан. Харанхуй байсан болохоор надад гэмтэл бэртэл харагдаагүй. Харин намайг гэртээ орж ирсний дараа манай гадаа миний 3 шүд хугарчихлаа гээд бахирч байсан. Би З.Жтай зодолдож байхдаа З.Жг толгойгоороо нүүр рүү нь мөргөсөн. Тэгэхдээ яг хаана нь мөргөснөө мэдэхгүй байна. Би З.Жд учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Би одоо З.Жтай сайн дураар эвлэрсэн. Надаас нэхэмжлэх зүйлгүй гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/
- Шүүгдэгч З.Ж мөрдөн байцаалтанд өгсөн: “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Миний өгсөн мэдүүлэг үнэн зөв. Надад өмнө мэдүүлснээсээ өөр нэмж ярих зүйл байхгүй. Би машиныхаа сигнаалыг 2-3 удаа дарж дуугаргасан. Тэгэхдээ 1-2 секунд л дарж байсан. Удаан дараагүй. Би С.Өыг эхэлж цохиогүй. Машинаасаа буугаад очтол намайг бариад авахаар нь би тавиулах гээд цохиж байсан. Тэгээд бид хоёр хоорондоо зодолдож бие биедээ гэмтэл учруулсан. Анх С.Өын гэр рүү ороход гэмтэл учраагүй байсан. С.Өтай зодолдсоны дараа хамар амнаас нь цус гарсан байсан. Би С.Өын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би одоо С.Өтай сайн дураараа эвлэрсэн. С.Өаас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/
- Хохирогч С.Өсөхбөяр мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 25-ны орой 22 цагийн орчим гэртээ эхнэртэй байж байсан. Мөн манай гэрт ойролцоо нутагладаг айлуудын хүмүүс хөзөр тоглож зугаагаа гаргаж байтал гаднаас З.Ж, Э.Дүүрэнбилэг, Б.Эрдэнэсүх нар манай гэрт орж ирсэн. Удалгүй Б.Эрдэнэсүх нь бид нартай хамт хөзөр тоглоод нэг ширээнд суусан. Харин Э.Дүүрэнбилэг, З.Ж хоёр гэрээс гарч машиндаа суучихаад машиныхаа сигнаалыг удаан дугаргаад байсан. Тэгээд би гэрээсээ гараад бие засаж байтал З.Ж нь Б.Эрдэнэсүхийг дуудчих гэхээр нь гэрт тоглож байна, битгий машиныхаа сигнаалыг дугаргаад бай, хоттой хонь үргэчихнэ гэтэл хонь чинь хашаатай биздээ гэж З.Ж хэлэхээр нь би “хашаагаа задалчихна” гэтэл машинаасаа бууж ирээд намайг нэг удаа цохиод мөргөсөн юм. Тэгээд би З.Жгийн толгой руу нь мөргөсөн. Бид хоёрын зодолдож байхад Э.Дүүрэнбилэг нь хажууд байсан бид хоёрыг салгасан. Тухайн үед хамарнаас цус гарч байсан. Зүүн талын шанаа хавдаж хөхөрсөн байсан. Тухайн үедээ толгой өвдөж байсан. Одоо зүгээр болсон. Манай гэрт З.Ж нь орж ирэхдээ биедээ гэмтэл аваагүй зүгээр байсан. Надтай зодолдсоны дараа ямар гэмтэл авсан талаар мэдэхгүй байна. Гадаа харанхуй байсан болохоор сайн харж чадаагүй. Анх манай гэрт З.Ж, Э.Дүүрэнбилэг, Б.Эрдэнэсүх нар орж ирэхдээ архи уусан согтуу байсан. Манай гэрт ойролцоогоор 1 цаг орчим байсан байх. Би урьд өмнө нь З.Жтай маргалдаж, муудаж байсан удаа байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
- Хохирогч З.Ж мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цагийн орчим гэрээсээ өөрийн эзэмшлийн 13-15 СҮА улсын дугаартай “Мазда Титан” маркийн ачааны тээврийн хэрэгсэлтэй Дүүрэнбилэг гэдэг найзынхаа гэр рүү нь очсон. Тэнд Эрдэнэсүх, Дүүрэнбилэг хоёр пиво ууж байхаар нь тэр пивыг нь хувааж уучихаад хөдөө айлуудаар ууцны хонь худалдаж авахаар явж байгаад орой 22 цагийн орчим С.Өын гэр рүү нь очсон. Тэнд Энхбат эхнэртэйгээ, Ож /бүтэн нэрийг нь мэдэхгүй/, Энхтайван, Эрдэнэ /Бүтэн нэрийг нь мэдэхгүй/, Амгалан гэх хүмүүс хөзөр тоглоод сууж байсан. Удалгүй явах болж Дүүрэнбилэг бид хоёр машиндаа сууж Эрдэнэсүхийг хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь би машиныхаа сигнаалыг хоёроос гурав удаа дугаргатал гэрийн эзэн С.Ө нь гэрээсээ гарч ирээд миний машины дэргэд ирж зогсоод “хонь үргээлээ” гэхээр нь “хонь чинь задгай юм уу” гэтэл хашаатай гэж байсан. Хашаатай хонь үргэнэ гэж байдаг юм уу гээд машинаасаа буутал хашаагаа задалчихна гээд намайг заамдахаар нь гарыг нь тавиулах гээд гар руу нэг удаа цохьсон. Тэгээд миний уруул руу нэг удаа мөргөхөөр нь С.Өын нүүр рүү нь хэд хэдэн удаа цохьсон. Яаг хаана нь цохисноо мэдэхгүй байна. Тухайн үед харанхуй байсан болохоор С.Ө ямар гэмтэл авсан байсныг нь би хараагүй. Ямар ч байсан хамраас нь цус гарсан байсан. С.Ө нь намайг мөргөсний улмаас миний дээд 3 шүд хугарсан. Би хугарсан 3 шүдээ 200.000 төгрөгөөр Улаанбаатар хотод засуулсан. С.Ө нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор ямар гэмтэл авсан байсныг нь би хараагүй. Ямар ч байсан хамраас нь цус гарсан байсан. Бид хоёр урьд өмнө нь хоорондоо маргалдаж байсан удаа байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/
- Гэрч Э.Дүүрэнбилэг мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар сумын нутаг Буян овоо гэх газар байх гэртээ найз Б.Эрдэнэсүхийн хамт байж байтал өдөр 13 цагийн орчим З.Ж нь өөрийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд Ож /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ ахын гэр рүү явъя гээд Б.Эрдэнэсүх бид хоёрыг дагуулаад явсан...Орой 21 цаг өнгөрөөгөөд С.Ө ахын гэрээр дайраад гаръя, тэнд хүмүүс хөзөр тоглож байгаа гэж Б.Эрдэнэсүх нь хэлж байсан. Тэгээд С.Өын гэрээр бид гурав орсон. Бид нарыг ороход ойролцоо нутагладаг гэх 7-8 хүн хөзөр тоглож байсан. Тэнд жаахан сууж байгаад З.Ж бид хоёр гарсан. Харин Б.Эрдэнэсүх нь С.Өын гэрт нь хөзөр тоглоод үлдсэн. Тэгээд гадаа гараад машиндаа суутал З.Ж нь машиныхаа сигнаалыг 2-3 удаа дугаргатал /нэг дарахдаа 2-3 секунд л дарж дуугаргасан байх/ С.Ө нь гэрээсээ гарч ирээд “битгий сигнаалаа дуугаргаад бай, хонь үргэчихнэ” гэж байсан. З.Ж нь “хонь чинь хашаатай биз дээ” гээд машинаасаа буугаад С.Өтай шууд зодолдоод эхэлсэн. Би машинаасаа буугаад тэр хоёрыг салгах гэсэн боловч дийлдэхгүй байсан. Намайг машинаас буугаад очиход хоорондоо зууралдчихсан байсан. С.Өын хамраас нь цус гарсан байсан. Харин З.Жгийн шүд нь хугарсан байсан. ...Тэр хоёрыг зодолдож байхад хажууд нь надаас өөр хүн байгаагүй. Харин гэр дотор байсан хүмүүс тэр хоёрыг зодолдож дууссаны дараа гарч ирсэн. Гэрээс хүн гарч ирснээс хойш тэр хоёр дахиж хоорондоо зодолдоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 89 дугаартай дүгнэлтэд: С.Өын биед хамрын таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 17/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 91 дугаартай дүгнэлтэд: З.Жгийн биед дээд эрүүнд баруун 1-р шүд, зүүн 1, 2-р шүдний булгарал хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварт бага хэмжээгээр /10%/ тогтонги алдагдсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 15/,Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол /хх-1 х /,Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р багийн Засаг даргын 2018 оны 02 сарын 09-ний өдрийн Б/279 дугаартай албан тоот, / хх-н 33 х / С.Ө,З.Ж нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-н 35, 37х /, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5-р багийн Засаг даргын 2018 оны 02 сарын 08-ны өдрийн 137 дугаартай албан тоот, / хх-н 37 х /, Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар талаарх прокурорын санал / хх-н 52 х / зэрэг болно.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяр шүүгдэгч З.Ж, С.Ө нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд хангагдсан буюу шүүгдэгч З.Ж, С.Ө нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, хохирол, нэхэмжлэх зүйлгүй тул тэдэнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч З.Ж нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны шөнийн 23 цагийн орчим Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Таван хонхор” гэх газар иргэн С.Өыг зодож эрүүл мэндэд нь “хамрын таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт” бүхий хөнгөн санаатай учруулсан, Шүүгдэгч С.Ө нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны шөнийн 23 цагийн орчим Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Таван хонхор” гэх газар иргэн З.Жг зодож эрүүл мэндэд нь “дээд эрүүнд баруун 1-р шүд, зүүн 1, 2-р шүдний булгарал хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэрч Э.Дүүрэнбилэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн эмчийн 89,91 тоот дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тухайн хэрэг иргэд хоорондын маргааны улмаас үүссэн нь С.Өын мөрдөн байцаалтанд өгсөн ...” З.Ж хэлэхээр нь би “хашаагаа задалчихна” гэтэл машинаасаа бууж ирээд намайг нэг удаа цохиод мөргөсөн юм. Тэгээд би З.Жгийн толгой руу нь мөргөсөн. Бид хоёрын зодолдож байхад Э.Дүүрэнбилэг нь хажууд байсан бид хоёрыг салгасан”... гэх, З.Жгийн мөрдөн байцаалтанд өгсөн...” Хашаатай хонь үргэнэ гэж байдаг юм уу гээд машинаасаа буутал хашаагаа задалчихна гээд намайг заамдахаар нь гарыг нь тавиулах гээд гар руу нэг удаа цохьсон. Тэгээд миний уруул руу нэг удаа мөргөхөөр нь С.Өын нүүр рүү нь хэд хэдэн удаа цохьсон. Яаг хаана нь цохисноо мэдэхгүй байна”... гэх, гэрч Э.Дүүрэнбилэгийн мөрдөн байцаалтнд өгсөн:... “ З.Ж нь машиныхаа сигнаалыг 2-3 удаа дугаргатал /нэг дарахдаа 2-3 секунд л дарж дугаргасан байх/ С.Ө нь гэрээсээ гарч ирээд “битгий сигнаалаа дугаргаад бай, хонь үргэчихнэ” гэж байсан. З.Ж нь “хонь чинь хашаатай биз дээ” гээд машинаасаа буугаад С.Өтай шууд зодолдоод эхэлсэн. Би машинаасаа буугаад тэр хоёрыг салгах гэсэн боловч дийлдэхгүй байсан” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдоно.
Шүүгдэгч С.Ө, З.Ж нарыг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Тэдгээр нь бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсэн атлаа бусдын эрүүл мэндэд зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч С.Ө, З.Ж нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотолж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх бөгөөд мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч С.Ө, З.Ж нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч С.Ө, З.Ж нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хийгээд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч С.Ө, З.Ж нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, гомдол, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигин овгийн З.Ж, Хэрээд овогт С.Ө нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Өыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгргөөр, З.Жг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч С.Ө, З.Ж нарыг торгуулийн ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ялтан С.Ө, З.Ж нарыг нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ө, З.Ж нарыг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР