| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00131/И |
| Дугаар | 315/ШШ2025/00166 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 315/ШШ2025/00166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн ...-р гудамжны ... тоотод оршин суух, *******ийн *******гийн
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Жамъяндорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие 1987 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 1989 оныг дуустал Нэгдэл дундын үйлдвэрийн блокийн цех, Шохойн цехэд нормчноор тус тус ажиллаж байсан. Блокийн цехэд ажиллаж байхдаа цемент зуурах, зөөх, блок зөөх ажлыг хийдэг байсан. Шохойн цехэд буталсан чулууг өрөх гэх мэт туслах ажлуудыг хийж байсан. Ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас халагдсан тушаал байхгүй. Иймд тухай жилүүдэд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 70 дугаартай тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11/161 дугаартай цалингийн лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Д.*******, Ш.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн блок, шохойн цехэд 1987 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 1989 оныг дуустал туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Б.******* нь Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн блокийн цехэд 1987 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарыг дуустал нормчноор ажилласан болох нь Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 70 дугаартай Б.*******г 1988.09.18-нд ажилд томилсон тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11/161 дугаартай Б.*******гийн нийгмийн даатгалын шимтгэлд нормчноор ажиллаж байхдаа авч байсан 1987-1989 онуудын цалингийн лавлагаа (хх 5-6х),
5. Гэрч Ш.*******гийн: Б.******* Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Шохойн цехэд барилгачнаар ажиллаж байсан. Цехийнх нь ахлагч Дорж гэж хүн байсан. Б.******* 1987 онд ажилд орсон. Хэдэн сард гэдгийг нь мэдэхгүй байна. Нэгдэл дундын үйлдвэр 1991 онд хувьцаат компани болсон. Б.******* 1990 онд хүнтэй гэр бүл болоод ажлаасаа гарсан. Ажлаасаа гарахдаа ажлаас гарсан тушаалаа бичүүлэхгүй, ажлаа хаяад явсан. Би Нэгдэл дундын үйлдвэрт 1977 оноос эхлэн ажиллаж 1992 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Би тухайн үед боловсон хүчний эрхлэгч хийж байсан учраас Б.*******гийн ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. гэх мэдүүлэг (хх-18х)
6. Гэрч Д.*******: Би 1987 онд Техникум төгсөөд тэр оныхоо 09 дүгээр сард Нэгдэл дундын үйлдвэрийн Блокийн цехийн мастераар ажилд орсон. Тэгэхэд Б.******* блокийн цехэд туслах ажилчнаар ажиллаж байсан. Би 1990 онд барилгын ТМС-д засал чимэглэлчийн сургуульд суралцахаар явсан. Б.******* 1989 оныг дуустал блокийн цехэд туслах ажилчнаар ажилласан. Намайг сургуульд явахад Б.******* жирэмсний амралтаа авсан байсан. Бид 1987-1990 оныг хүртэл хамт ажиллаж байсан учраас Б.*******гийн тухайн үед ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-19х)
7. Иймд Б.*******гийн Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн блокийн цехэд 1987 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарыг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Харин нэхэмжлэгчийн Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн блокийн цехэд 1989 оны 11, 12 дугаар саруудад нормчноор ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэг авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул энэ хугацааны ажилласан байдлыг хангаж, шийдвэрлэх үндэслэлгүй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн *******гийн Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн блокийн цехэд 1987 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарыг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Б.******* нь Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн блокийн цехэд 1989 оны 11, 12 дугаар саруудад нормчноор ажилласан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА