| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00111/И |
| Дугаар | 315/ШШ2025/00168 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 315/ШШ2025/00168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн Овоотын ... тоотод оршин суух, *******гийн *******ын
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Жамъяндорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие 1986 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарыг дуустал, 1990 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оныг дуустал Эх орны төлөө нэгдэл болон Эх орны төлөө ХК-д дуустал малчнаар тус тус ажиллаж байсан. Энэ хугацаанд эм хонин суурь, компанид хуц хариулдаг байсан. Ажиллаж байх хугацаандаа 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цэрэгт татагдаж, 1990 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цэргээс халагдсан. Иймд уг хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1986.06.19-ний өдрийн 28 дугаартай тогтоол, Эх орны төлөө нэгдлийн Дөхөм бригадын 1991 оны цалингийн тооцооны хүснэгт, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 11/111 дугаартай цалингийн лавлагаа, Д.*******ын цэргийн батлахын хуулбар, нэгдлийн гишүүний үнэмлэх, иргэн С.Бямбасүрэнгийн тодорхойлолт, гэрч асуулгах хүсэлт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Д.*******, Х.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь Эх орны төлөө нэгдэл болон Эх орны төлөө ХК-д 1986 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарыг дуустал, 1990 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оныг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Д.******* нь нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1986 оны 28 дугаартай Д.*******т 300 төгрөгийг тэтгэмж олгосон тогтоол, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 11/111 дугаартай Д.*******ын 1986-1988 онуудад Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа (хх 6, 8),
5. Гэрч Д.*******ын: Д.******* 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дөхөм бригадад малчнаар ажилд орсон. ******* бог мал маллаж байсан. Аавтайгаа хамт нэг суурь хариуцаж малладаг байсан. Тэгээд 1988 онд цэрэгт явж, 1990 онд халагдаж ирсэн. Цэргээс ирээд Эх орны төлөө нэгдлийн Дөхөм бригаддаа үргэлжлүүлэн хонин суурь малласан. Эх орны төлөө нэгдэл 1991 онд татан буугдаж Эх орны төлөө ХК болж өөрчлөгдсөн. ******* тэр үед компанийн малыг үргэлжлүүлэн хариулж 1994 оныг дуустал ажилласан. Би нэгдэлд 1983 онд малчнаар орж, *******тай 1986 оноос 1991 оныг дуустал хамт ажиллаж, 1994 оныг дуустал нэг саахалт айл байсан учраас ажил байдлынх нь талаар сайн мэднэ. гэх мэдүүлэг (хх-24х),
6. Гэрч Х.*******ын: Д.******* 1986 онд 08 дугаар ангиа төгсөөд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дөхөм бригадад илгээлтээр гарч малчин болж байсан. Д.*******ын эцэг, эх нь нэгдлийн малчин байсан учраас эцэг, эхийнхээ туслах малчнаар ажилласан. Тэгээд 1988 онд 2 жилийн хугацаатай цэргийн албанд татагдсан. Цэргээс ирээд Эх орны төлөө нэгдлийн Дөхөм бригадад үргэлжлүүлэн малчнаар ажилласан. Эх орны төлөө нэгдэл 1990 онд тарж, Эх орны төлөө ХК болсон. Д.******* компанид үргэлжлүүлэн 1994 оныг дуустал ажилласан. *******ынх манайх хоёр 1977 оноос 2000 он хүртэл хамт нутагладаг байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ (хх-25х).
7. Иймд Д.*******ын Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Харин нэхэмжлэгчийн 1990 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оныг дуустал Эх орны төлөө нэгдэл болон Эх орны төлөө ХК-д ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гэрчүүдийн мэдүүлгээр тогтоох боломжгүй гэж шүүх үзлээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *******гийн *******ын Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Д.******* нь Эх орны төлөө нэгдэл болон Эх орны төлөө ХК-д 1990 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оныг дуустал малчнаар ажилласан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА