Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 315/ШШ2025/00164

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг Баяндэлгэр сум 1 дүгээр багт оршин суух, *******ийн *******ын

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: П.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Жамъяндорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч П.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Баян бригадад 1986 оны 01 дүгээр capaac 1988 оны 10 дугаар сар хүртэл малчнаар ажилласан. 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цэргийн албанд татагдаж 1990 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр халагдаж ирсэн. Тиймээс миний Эх орны төлөө нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, Эх орны төлөө ХК-д 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Миний бие 3-р анги төгсөөд ээж, аавынхаа хамт мал дээр байсан. Нэгдэл, компанид бог мал малладаг байсан. Иймд тус хугацааны ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.  

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 11/129, 11/130 дугаартай лавлагаанууд, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, Цэргийн батлахын хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх У.*******, И.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч П.******* нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, Эх орны төлөө ХК-д 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. Нэхэмжлэгч П.******* нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарыг дуустал, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар, Эх орны төлөө ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 11/129 дугаартай ******* нэртэй 1986-1988, 1990 онуудын цалингийн бичилт бүхий лавлагаа, П.*******т 1991 онд олгосон 1991-1994 онуудын цалингийн бичилт бүхий, 1988 онд олгосон 1985-1988, 1990 оны цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар, 1988 онд олгосон цэргийн батлахын хуулбар (хх 5-15),  

5. Гэрч У.*******ын: П.******* сургуулиа төгсөөд аавынхаа туслах малчнаар Эх орны нэгдлийн Баян багт ажиллаж байсан. Сумаас 50 орчим км газарт Аяган, Шанаган гэх газарт нутагладаг байсан. П.******* 8 дугаар анги төгсөөд мал дээр гарч, нэгдэл 1990 онд хувьчлал бий болох хүртэл тасралтгүй малчнаар ажилласан. Эх орны нэгдэл тараад Эх орны төлөө ХК болж өөрчлөгдсөн. Тэр үед нэгдлийн зарим гишүүд компанид шилжин ажиллаж, зарим нь ардын аж ахуйтан болсон. П.******* компанийн малчнаар үргэлжлүүлэн ажилласан. Компанийн малчнаар хэдэн он хүртэл ажилласныг бол мэдэхгүй байна. П.******* цэргийн алба хааж байсан. Оныг нь мэдэхгүй байна. Манай нэгдэлд ******* гэж өөр хүн байгаагүй. Бид саахалт нутаглаж байсан учраас ажиллаж байсан байдлынх нь талаар сайн мэднэ гэх мэдүүлэг, (хх-27х) 

6. Гэрч И.*******ын: П.******* 3 дугаар ангиасаа сургуулиас гарч, хар багаасаа мал дагасан. Аав нь Эх орны төлөө нэгдлийн малчин хүн байсан. Тиймээс П.******* аавыгаа дагаад хүүхэд байхаасаа эхлэн нэгдлийн мал малласан. 1986 онд 16 нас хүрэхэд Эх орны төлөө нэгдэлд гишүүнээр элсүүлж хөдөлмөрийн дэвтэр нээж өгсөн. Аавтайгаа хамт аавынхаа туслах малчнаар ажиллаж байсан. Тэгээд 1988 онд цэргийн албанд татагдаж, 152 дугаар цэргийн ангид 2 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж байх хугацаандаа цэргийн ангийн малыг маллаж байсан. Цэргийн албанаас халагдаж ирээд нэгдэлдээ үргэлжлүүлэн ажилласан. Нэгдэл 1991 онд тарж Эх орны төлөө компани болсон. П.******* компанийн гишүүн болж үргэлжлүүлэн компанийн мал малласан. Компанид хэдэн он хүртэл ажилласныг бол мэдэхгүй байна. Насаараа мал маллаж байгаа хүн. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-28х) 

7. Иймд П.*******ын Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарыг дуустал, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар, Эх орны төлөө ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн *******ын Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарыг дуустал, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар, Эх орны төлөө ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА