| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 183/2021/01530/И |
| Дугаар | 210/МА2021/01487 |
| Огноо | 2021-09-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2021/01487
Б-И ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2021/01497 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б-И ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Жд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 3 073 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Б-И ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2030087 тоот зээлийн гэрээг Д.Жтой байгуулж, 1 800 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Хариуцагч Д.Ж нь зээлээ хугацаанд нь төлөхөө илэрхийлэн 6236 УБП улсын дугаартай АНR102004814 арлын дугаартай Toyota Estima маркийн автомашиныг барьцаалж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б-И ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн 2030087 тоот зээлийн гэрээг байгуулсан. Гэтэл хариуцагч Д.Ж нь зээлийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх бөгөөд ийнхүү биелүүлээгүй тохиолдолд үл маргах журмаар автомашинаа хураалган байгууллагын зогсоолд байршуулахаа илэрхийлсэн нөхцөл нь хангагдаагүй байх тул зээлийн үлдэгдэл 1 800 000 төгрөг, зээлийн хүү 421 800 төгрөг, алданги 851 400 төгрөг, нийт 3 073 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ж нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Батжинбат Ирээдүй ХХК-д Toyota Estima маркийн 6236 УБП улсын дугаартай автомашинаа барьцаанд тавьж, 1 500 000 төгрөгийн зээл авсан. Уг зээлээ 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн графикийн дагуу төлж явсан бөгөөд эрхэлж буй бизнес нь зогсонги байдалд орсны улмаас зээлийг төлөх боломжгүй болсон. Зээлээ хэдэн сар төлөөгүй бөгөөд хүү, алдангийг 2020 оны 3 дугаар сараас эхлэн төлөх болсон. Б-И ХХК нь хүү, алданги тооцож явсаар байгаад үлдэгдэл 520 000 төгрөг дээр ахин хүү, алданги тооцож, гарцаагүй байдалд оруулан 2020 оны 12 дугаар сард 1 800 000 төгрөг болж машинаа хураалгах дээрээ тулж аргагүй байдалд орсны улмаас 1 800 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Үлдэгдэл мөнгөө хаагаад, машины нэрээ шилжүүлье гэж захирал, менежер гээд холбогдох хүмүүс рүү ярьсан боловч ахиад л хүү, алданги нэмэгдсэн гэж хариу өгсөн. Иймд Б-И ХХК-ийн нэхэмжилсэн 3 042 000 төгрөгийг өгөх боломжгүй бөгөөд өмнөх зээлийн гэрээний дагуу 1 800 000 төгрөгийг төлж барагдуулах боломжтой. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгчид зээлийн мөнгийг бодитойгоор шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод байгаа 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2030083 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу зээлдэгч талд мөнгө олгогдоогүй. Нэхэмжлэгч байгууллага нь мөнгө олгосон мэт баримтыг үйлдсэн байх боловч 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн орлого, зарлагын ордер гэсэн баримт дээр 1 860 458,3 төгрөг гэсэн байдлаар тооцоо хийгдсэн байдаг. Энэхүү тооцоо нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүү, алдангийг нэмэгдүүлэн тооцоод 60 000 төгрөг авсан гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг. Энэ мөнгийг нийлүүлээд тэгшилсэн байдлаар 1 860 000 төгрөг гэж гэрээг байгуулсан боловч тус өдөр зээлдэгчид ийм хэмжээний мөнгө шилжиж ирээгүй. 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэрээг цааш сунгаад явах боломжтой байсан. Мөн нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг бөгөөд гэрээгээр барьцааны хөрөнгийг барьцаалах ёстой атал 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тухайн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс 1 085 000 төгрөг төлсөн гэж тайлбарласан. Зээлдэгч нь хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд алдангийг төлөх үүрэгтэй ч 2019 оны 11 сарын 23-ны өдөр гэрээ байгуулагдаад, 2019 оны 12 сарын 23-ны өдөр 170 000 төгрөг, 2020 оны 01 сарын 24-ний өдөр 170 000 төгрөг, 2020 оны 02 сарын 26-ны өдөр 175 000 төгрөг, 2020 оны 8 сарын 01-ний өдөр 170 000, 2020 оны 9 сарын 9-ний өдөр 170 000 төгрөг, 2020 оны 10 сарын 08-ны өдөр 170 000 төгрөгийг төлснөөс үзвэл 60 000 төгрөгийн зөрүү гарч байна. Иймд энэ гэрээ хууль зөрчсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй. Би тооцоог гаргаад үзэхэд, 1 025 000 төгрөгөөс холбогдох үндсэн төлбөрүүд тухайн үедээ хасагдах ёстой гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Жоос зээлийн гэрээний үүрэгт 1 664 901 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 408 299 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 622 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 41 588 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс 2030047 тоот зээлийн гэрээг иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсээгүй буюу хэлцэл хийгдээгүй гэж дүгнэжээ. Мөн хариуцагч нь 2030047 тоот гэрээг байгуулахдаа зээлийн үлдэгдэл дээр хүүгийн болон алдангийн өрийг нэмж, хүү, алдангид давхар хүү тооцож байгааг дурдаад 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзсэн. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх дүгнэлтүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд цаашид үйл ажиллагаандаа анхаарч ажиллана. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага болох 3 073 200 төгрөгийн 583 404.12 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолгүй. Мөн дээрх шаардлагын дагуу 190430 тоот зээлийн гэрээнд 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу манай байгууллагад мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэг-ээ бүрэн гүйцэтгээгүй гэж үзнэ. Тиймээс 190430 тоот зээлийн гэрээг хаасан үйлдлийг буцаахад энэ гэрээ хүчин төгөлдөр болно. Түүнчлэн хариуцагч нь уг гэрээний дагуу үндсэн төлбөр, хүү, алдангийг төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ тайлбарласан. Тиймээс 190430 тоот зээлийн гэрээний дагуу манай байгууллага үндсэн төлбөр, хүү, алдангийг шаардах эрхтэй болох юм. Гэтэл шүүхээс 190430 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр, хүүгийн шаардлагыг хангаж, алдангийн шаардлагыг хангахгүйгээр шийдвэрлэсэн. Цаашилбал алдангийг ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцож байгааг шийдвэртээ тодорхой дурдаагүй. Гагцхүү хариуцагчийн тайлбарт 2030047 тоот гэрээ нь 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй гэснийг үндэслэсэн бололтой. Гэтэл 2030047 тоот гэрээ байгуулах хэлцэл хүчин төгөлдөр бус байх нь 190340 тоот зээлийн гэрээний дагуу алдангийн шаардлагыг бууруулах үндэслэл болохгүй. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн цагаасаа хүчингүй байна. Цаг хугацааны хувьд сүүлд байгуулсан хэлцэл нь яаж хэрхэн өмнөх хүчин төгөлдөр хэлцэл, гэрээнд нөлөөлөөд байгаа нь шийдвэрийг ойлгомжгүй болгож байна. Мөн шүүхээс алдангийг тооцсон мэтээр харагдахаар бичсэн нь бодит үнэнд нийцээгүй юм. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг үндэслэн үндсэн зээл 1 200 312.92 төгрөг, хүү 459 751 төгрөг, алданги 830 031.96 төгрөг, нийт 2 490 095.88 төгрөгийг гаргуулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б-И ХХК нь хариуцагч Д.Жд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 073 200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
Талууд 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 190430 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 1 500 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож, уг зээлийн гэрээний үүргийг хангуулахын тулд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2030087 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 1 800 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Toyota Estima hybrid маркийн 62-36 УБП улсын дугаартай автомашиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 5-7, 18-20 дугаар тал/ Зохигчдын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2 дах хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйл шилжүүлэх үүрэг хүлээдэг бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Талууд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний зүйл болсон 1 800 000 төгрөгийг шилжүүлээгүй, өмнөх зээлийн гэрээний үлдэгдлийг тооцож уг зээлийн гэрээг байгуулсан үйл баримтын талаар маргаагүй. Иймд нэхэмжлэгч 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан гэх зээлийн гэрээний дагуу үүргийг шаардах эрхгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгчээс 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй. Хариуцагчаас уг гэрээний үүрэгт 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 170 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 170 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 175 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 170 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 170 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 170 000 төгрөг нийт 1 025 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн талаар талууд маргаагүй.
Анхан шатны шүүхээс зээлийн тооцооллын хувьд алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Дээрх зээлийн гэрээний үүрэг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн зөрчигдөж, үүргийн зөрчил үүсэх үед хариуцагч үндсэн зээл 1 200 150 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байна. Үүнээс нэг сарын хүүг тооцвол 60 007 төгрөг болох бөгөөд 2020 оны 3 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл нийт 9 сарын хугацаанд 540 063 төгрөгийн хүү төлөх үүрэг үүсчээ. Хариуцагчаас 2020 оны 8 дугаар сараас 10 дугаар сарын хугацаанд шилжүүлсэн 510 000 төгрөгийг дээрх хүүнээс хасч тооцвол 30 063 төгрөгийн хүүгийн үлдэгдэл үүссэн гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.7-д ...үндсэн зээлийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног дутам 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөх-өөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийг зөрчөөгүй байх бөгөөд мөн зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн тооцвол 600 075 төгрөгийн алдангийг хариуцагч төлвөл зохино.
Иймд хариуцагч Д.Жоос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1 200 150 төгрөг, хүүгийн үлдэгдэл 30 063 төгрөг, алданги 600 073 төгрөг, нийт 1 830 288 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх төгрөгт 1 242 912 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2021/01497 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1 664 901 гэснийг 1 830 288 гэж, 1 408 299 гэснийг 1 242 912 гэж, 2 дэх заалтын 22 41 588 гэснийг 44 234 гэж тус тус өөрчлөн найруулж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 355 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО
С.ЭНХТӨР