Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 63

 

 

              Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                                                                                                  

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгч Я.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Ад холбогдох 1730001810137 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр  сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 3, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6-р баг, 24 айлын 19 тоот багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /рд:ЛБ73111418/ Цахар овогт Я.А.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Яллагдагч Я.А нь Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг “Зуугийн овоо” гэх газраас 2017 оны 10 дугаар сард иргэн Г.Батчулуугийн  эзэмшлийн  өвснөөс 160 боодол өвс хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Я.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 10 сарын 14-ний өдөр би Асгат сумын нутаг Бөөрийн төвд байдаг дүүгийнх рүүгээ явсан. Тэнд очоод Асгат сумын нутагт эзэнгүй өвс тараад дуусч байна гэж сонссон. Бас хятад хүмүүсийн хадаад орхисон өвс гэж дуулсан. Тэгээд тэр газар очоод хэсэг өвсийг ялгаж тавьчхаад маргааш нь буцаж ирж авсан. Өвс бүр тарчихсан байсан. Хураалттай өвс байгаагүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна өвсний үнийг нь төлсөн буруугаа маш сайн ойлгосон, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.

  - Хохирогч Г.Батчулууний мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2016 оны намар 09 дүгээр сард Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн нутаг Зуугийн овоо гэх газарт Цогтбаатар гэдэг хүний нэр дээр 200 га газар авч уг газраас 20 гаруй мянган боодол авсан юм. Тэгээд 2016 оны намар уг өвсөө зөөж байтал Малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул уг өвсөө зөөж чадаагүй, 11.000 боодол өвсөө орхисон юм. Тухайн үед бол манаачтай байсан бөгөөд 2017 оны 09 дүгээр сар хүртэл сахиултай байж байсан юм. 2017 оны 09 дүгээр сард би Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд хадланд гарсан бөгөөд Зуугийн овоонд сахиулж хийж байсан хүн маань манай боогч ажиллуулдаг байсан тул уг хүнээ дуудаад ажиллуулж байтал 2017 оны 10 дугаар сарын эхээр Асгат сумын нутаг Зуугийн овоонд хураасан байсан 11.000 боодол өвснөөс 9.000 боодол өвсийг хүмүүс зөөсөн байсан. Алдагдсан өвсөө олж хохирлоо барагдуулмаар байна. миний хувьд өвсийг авахгүй, мөнгөөр нь авна.миний хувьд дээрхи хүмүүсээр 1 ширхэгийг 6000 төгрөгөөр төлүүлэх саналтай, шүүх хэдэн төгрөгөөр төлүүлэхийг шийдэх байх” гэх мэдүүлэг,

          - Шүүгдэгч Я.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгэндээ “...Би 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг Буйрын төвийн урд байх Санжаадорж гэх дүүгийнх  рүүгээ өөрийн эзэмшлийн 23-40 сүэ улсын дугаартай Приус-20 маркийн авто машинтай адуу үзэж харахаар явсан юм. Энэ үед хүмүүс эзэнгүй өвс Зуугийн-Овоо гэх газар байна хүмүүс аваад дуусч байгаа байх  гэж ярихаар нь буцах замдаа уг газраар очиход талын нэг тарчихсан байхаар нь зүүн урд зүгт арай зайдуу газар 100 гаран ширхэг өвсийг ялгаж тавьсан. Ялгаж тавьдаг шалтгаан нь хүмүүс аваад дуусгачихна, мөн шилээд авчихна гэж бодсон гэх мэдүүлэг,

 - Гэрч А.Батчулуун мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 дугаар сарын 14-ны өдөр шиг санаж байна. манай хийдийн лам Амарсайхан ах Асгат сум руу 2 адуу буулгахаар хамт яваад ирээч гэж гуйсан. Амарсайхан ах “өмнө нь би адуу үзэж харах гэж ирсэн,энэ үедээ хэдэн боодол өвс ялгаад тавьчихсан байгаа” гээд өвс байсан газар руу очсон. Тарсан байсан өвснөөс зүүн урд  зүгт жалганд тараагаад тавьчихсан өвсийг машиндаа ачсан” гэх мэдүүлэг,

- Хэрэг бүртгэлт нээх тухай 340 дугаартай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 1-р хуудас/,

- Сүхбаатар аймгийн Асгат сумын эд зүйлийн үнэлгээ, /хх-ийн 12-р хуудас/

- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 22-р хуудас/                                                                                                                                                                                                                                                                   

- Я.Аы  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23-р хуудас/ зэрэг баримтууд болно.

                       Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

          Шүүгдэгч Я.А нь Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг “Зуугийн овоо” гэх газраас 2017 оны 10 дугаар сард иргэн Г.Батчулуугийн  эзэмшлийн  өвснөөс 160 боодол өвс хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Я.Аы мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Г.Батчулуу, гэрч А.Батчулууны мэдүүлэгүүд болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Хэрэг гарсан шалтгаан, нөхцлийг тодруулбал, шүүгдэгч Я.А нь өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор бусдын хөрөнгийг хулгайлсан болох нь шүүгдэгч Я.Аы ...“ хүмүүс эзэнгүй өвс Зуугийн-Овоо гэх газар байна лэй, хүмүүс аваад дуусч байгаа байх  гэж ярихаар нь буцах замдаа уг газраар очиход талын нэг тарчихсан байхаар нь зүүн урд зүгт арай зайдуу газар 100 гаран ширхэг өвсийг ялгаж тавьсан... “ гэх, гэрч А.Батчулууны...” Амарсайхан ах өмнө нь би адуу үзэж харах гэж ирсэн,энэ үедээ хэдэн боодол өвс ялгаад тавьчихсан байгаа гээд өвс байсан газар руу очсон. Тарсан байсан өвснөөс зүүн урд  зүгт жалганд тараагаад тавьчихсан өвсийг машиндаа ачсан...” гэх,  мэдүүлгүүдээр тус тус хэрэгт нотлогдоно.

Шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал, тэр нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа, эд зүйл авах, шунахай сэдэлттэй, зорилгоор, санаатайгаар Асгат сумын нутаг “Зуугийн овоо” гэх газраас 2017 оны 10 дугаар сард иргэн Г.Батчулуугийн  эзэмшлийн  өвснөөс 160 боодол өвсийг хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэнд зориуд хохирол учруулсан байна. 

          Хэргийн байдлыг нотлох дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Я.А нь хулгайлсан 160 боодол өвсний үнэ болох 400.000 төгрөгийг төлсөн нь мөнгө шилжүүлсэн баримтаар нотлогдож байна.

         Иймд шүүгдэгч Я.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэлээ.              

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүхээс шүүгдэгч Я.Аыг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгч Я.Аыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Я.Аыг тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч бусдад  учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэрэг гарах болсон нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв. 

           Я.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

         1. Цахар овогт Я.Аыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Ад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Я.Ад мэдэгдсүгэй.

         4. Ялтан  Ч.Амарсайхан цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулууд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

         5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.СУГАР