| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
| Хэргийн индекс | 126/2025/0006/З |
| Дугаар | 126/ШШ2025/0018 |
| Огноо | 2025-10-17 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 126/ШШ2025/0018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Б******** Овгийн Б********гийн **************-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ц.Баасанжав, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У************** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг, хариуцагч Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э************** , хариуцагчийн өмгөөлөгч П.Жамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь;
1.Нэхэмжлэлийн шаардлага
Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох
2.Хэргийн нөхцөл байдлын талаар товч
Нэхэмжлэгч Б.Н************** нь Хөвсгөл аймгийн Р************** сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан. Түүнийг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо удаа дараа хангалтгүй биелүүлж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болж төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэх үндэслэлээр 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас бууруулжээ. Нэхэмжлэгч Б.Н************** иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхэд хандаад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргаагүй байна.
3.Нэхэмжлэгч Б.Н************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ
3.1.Миний бие Б.Н************** нь 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг даргын Б/03 дугаар бүхий захирамжаар Хөвсгөл аймгийн Р************** сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдсон.
3.2.Би 2013-2025 он хүртэл нийтдээ 12 жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Р************** сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа ажилдаа Хөдөлмөрийн хууль тогтоомж, Төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын чиг үүргийг мөрдөж, аливаа зөрчил гаргалгүй ажиллаж ирсэн билээ.
3.3.Гэтэл шинээр томилогдсон Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг дарга Х.Б************** нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар бүхий Засаг даргын захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 59 дүгээр зүйлийн 59.1.20, 46 дугаар зүйлийн 46.2.3, 45.1.1 дэх заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 974 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо удаа дараа хангалтгүй биелүүлж үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй бол төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн учир нь Б.Н************** намайг Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас бууруулж сахилгын шийтгэл оногдуулсан.
3.4.Би Хөвсгөл аймгийн Р************** сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн хууль тогтоомж, Төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын чиг үүргийг мөрдөж, аливаа зөрчил гаргаагүй байхад Засаг дарга Х.Б************** нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр намайг өрөөндөө дуудаж оруулж ирээд таныг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 947 дугаар бүхий албан бичгийн дагуу тухайлбал тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Н************** нь аймгийн хэмжээнд тохиолдлын удирдлагын тогтолцооны баг идэвхижсэн томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед байгууллагын тогтолцооны баг идэвхижсэн томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед байгууллагын дотоод зохион байгуулалт үйл ажиллагааны уялдаа холбоо хангалтгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээнд эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болгон, Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.9 дахь заалтуудыг тус тус зөрчиж байна. Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.20 заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлүүдэд зааснаар хяналт тавьж, арга хэмжээ авах саналыг хүргүүлье гэсэн албан тоотоор таныг Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас бууруулах сахилгын шийтгэл оногдуулж байна гээд албан тушаал бууруулсан захирамжийг өгсөн.
3.5.Уг албан тоотод Б.Н************** надад хариуцлага тооц гээгүй харин хяналт тавьж, арга хэмжээ авах саналыг хүргүүлье гэсэн байхад Засаг дарга Х.Б************** нь намайг улс төрийн байдлаар албан тушаалыг үндэслэлгүй бууруулсан.
3.6.Би Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан ба Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 320/ШЗ2025/00734 дугаар бүхий шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гарсан.
3.7.Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөж дахин нэхэмжлэл гаргасан ба 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 320/ШЗ2025/01620 дугаар бүхий Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар миний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.**************-ийн эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Р************** сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарч байх тул тэрээр нэхэмжлэлээ Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргана гэсний дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
3.8.Иймд Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар захирамж нь Б******** Н************* миний хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус захиргааны акт байх тул тус захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа
4.1.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааг заавал хийсэн байх шаардлагагүй. Уг захиргааны акт гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор дээд шатны эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй. Хуулийн дагуу шүүхэд гомдол гаргасан.
4.2.2024 оны 974 дугаар албан бичгээр ирүүлсэн саналд энэ хүн ажил нь болохгүй байгаа учраас хал гэх утга агуулга байгаагүй. Зөвхөн ажлыг хянаж сайжруулж, эрчимжүүлье гэсэн утгатай байсан.
4.3.Маргаан бүхий захиргааны актад хариуцагч талаас 2024 оны 52.3 хувь үнэлэгдсэн гүйцэтгэлийн төлөвлөгөөг яриад байх шиг байна. Уг үр дүн нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гарсан тушаалтай холбоо хамааралгүй гэж үзэж байна. Учир нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тухайн тайланг хүргүүлсэн байгаа юм. Үүнийг хүргүүлэхээс 8 хоногийн өмнө Б.Н*************-г албан тушаал буурсан байдаг. Тэгэхээр 52.3 хувь үнэлэгдсэн нь маргаан бүхий захиргааны акттай хамааралгүй гэж үзэж байна. 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гарсан захиргааны актад хамааруулж яриад байгаа нь хууль бус захиргааны акт болох нь харагдаж байна.
4.4.Б.Н*************-г албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтод заасан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж, үйл ажиллагаа мэргэжлийн үйлчилгээг эрхлэх шаардлага хангахгүй, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн учир албан тушаал бууруулсан. Хангалтгүй биелүүлсэн зүйл байхгүй. Үнэхээр тухайн албан тушаалыг хангахгүй болчихсон бол эрх бүхий албан тушаалтан комисс бүрдүүлээд тамга тэмдэгтэй дүгнэлт гаргаад тухайн албан тушаалд нийцэхгүй байна гэдгийг харуулах ёстой. Гэтэл зүгээр л чиглэл хүргүүлэх тухай, санал зөвлөмж хүргүүлэх тухай гэх мэтчилэн албан бичгийг албан тушаалтан ажлаа хийхгүй байна гэдэг талаас нь харлуулаад байна. Б.Н************** нь төрийн алба хаах насны дээд хязгаарт 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүрэх байсан.
4.5.Сонсох ажиллагааны тэмдэглэлд танилцсан гэж Б.**************-ийн гарын үсэг зурагдаагүй. Үүнээс үзэхэд тэмдэглэлийг Б.Н*************-д танилцуулаагүй эсхүл сонсох ажиллагаанд яригдсан зүйлс зөрүүтэй учраас гарын үсэг зураагүй гэдэг зүйл харагдаж байна.
4.6.2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр уг тушаал гарсан. Мөн тухайн өдөр сонсох ажиллагаа явагдсан. 12 цаг 50 минутад сонсох ажиллагаа дууссан. Гэтэл сонсох ажиллагаа дуусаад тухайн захиргааны актыг өгсөн байгаа юм. Урьдчилан бэлдсэн юм шиг харагдаж байна.
4.7.Захиргааны актыг хүлээн авсны дараа Б.Н************** бодохдоо улс төрийн шахалтаас болоод үнэхээр болохгүй юм байна. Үүнээс болоод ажил албагүй сүүлдээ тэтгэвэргүй болох юм байна гэж айсны үндсэн дээр 14 цагт өргөдлөө өгсөн байдаг. Хэн ч айх л байсан.
4.8.Удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдгийг хоёроос дээш удаа хангалтгүй биелүүлсэн гэж ойлгоно. Хариуцагч талаас дээрээс ирсэн албан тоотуудыг хамруулж үзээд байх шиг байна. Чиглэл хүргүүлэх тухай, санал хүргүүлэх тухай гэдэг ойлголт нь зөвхөн Б.Н************** гэдэг хүнд хариуцлага оногдуулах асуудал биш.
4.9.2025 онд нярайн эндэгдэл гарсан гэж байна. Ажил албаа хаяж явдаг гэдэг асуудал яригдлаа. 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/2159 дугаартай Хөвсгөл аймгийн Засаг даргын албан тоот ирсэн. Уг албан тоотод 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 08 цаг 30 минутад аймгийн Соёмбо танхимд бэлэн байна уу гэх утгатай. Энэ нь 2 өдрийн сургалт байсан. Сургалтад явж байх хугацаанд эмч, сувилагч нараа хот руу авч явсан асуудал яриад байгаа юм.
4.10.Үүнээс өмнө 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Эрүүл мэндийн төвд огт хүн үлдээгээгүй асуудал биш. Эрүүл мэндийн даргын албан үүргийг орлон гүйцэтгэх гээд 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүмүүсээ тэнцүү хуваасан байгаа юм. Мөн илтгэх хуудасны талаар дурдлаа. Илтгэх хуудаст 1 хүүхдийн бие өвдсөн тухай ярьдаг. Гэхдээ илтгэх хуудасны хамгийн арын хуудаст хүүхдийн бие сайжирсан гэж байгаа. Тэр хүүхдийн бие муудаагүй. Улаанбаатар хотод шинжилгээнд хамрагдах ажилчдын бүртгэлийг гаргаж өгсөн байсан. Тиймээс ажлаа хаяж явсан асуудал байхгүй.
4.11.Хариуцагч талаас өөрийн дураар ингэдэг тэгдэг гэж яриад байгаа нь ямар ч нотлох баримт үндэслэлгүйгээр ярьж байна. Б.Н************** нь өөрийн ажил үүргийг гүйцэтгэж байсан гэдэг нь харагдаж байгаа. Мөн 2024 онд энэ хүний хийсэн ажлыг 100 хувь үгүйсгэж байгаа нь таалагдахгүй байна.
4.12.Учир нь 2024 онд урамшуулал олгох тухай захирамжууд байдаг. Үүнд 2024 онд Б.Н************** нь сайн ажиллаж урамшуулал авсан. Үүнээс харахад дандаа урамшуулал авдаг. Ажлаа хойш тавьдаггүй хүн гэдэг нь харагдаж байна.
4.13.2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулсан учраас нотлох баримтаар аваад ирчихсэн байгаа юм. 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд Б.Н************** нь тухайн оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулчихсан байсан. Өмнөх шүүх хуралдаанд хариуцагч талаас гүйцэтгэлийн төлөвлөгөө байхгүй гэдэг баримт шүүхэд гаргаж өгөөд байсан. Гэтэл гүйцэтгэлийн төлөвлөгөө гараад ирчихсэн. Үүнээс харахад Б.Н************** гэдэг хүнийг ямар нэг аргаар албан үүргээс нь холдуулах гэж байгаа нь харагдаж байна.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа
5.1.2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б.Н************** өмгөөлөгч аваагүй байсан. 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өмгөөлөгч авсан. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Учир нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээж аваад иргэний хэрэг үүсгээд шалгасан. 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр энэхүү хэргийг хэлэлцээд 01620 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хэрэгсэхгүй болгосон захирамжийг үндэслээд 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
5.2.2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаартай захиргааны акт нь хууль бус захиргааны акт байгаа юм. Тухайлбал Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46 дугаар зүйлийн 46.2.3-т заасныг баримталсан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэж үзсэн байна. Гэтэл 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б.Н************** нь 65 насанд хүрээгүй байсан.
5.3.Мөн Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-т заасныг баримтлаад хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшин нь тухайн албан тушаалыг хашихад хангалтгүй болсон гэдэг.
5.4.Тэгэхээр энэ 2 шалгуур шинж нь хэрэгт авагдсан нотлох баримт буюу Б.Н************** нь хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрхэн яаж хангалгүй биелүүлсэн юм бэ? Энэ нь ямар шалгалтаар нотлогдоод байгаа юм бэ? Шалгалтыг хэн хэн хэзээ хийсэн бэ? Шалгалтаар энэ хүн ажлын байрандаа тэнцэхгүй болсон талаарх дүгнэлт байхгүй.
5.5.Нөгөөтэйгүүр Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасныг баримталсан нь үндэслэлгүй. Үүнд сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө гэж заасан. Эрүүл мэндийн газрын даргатай яаж зөвшилцөөд ямар шийдвэр гаргасан юм бэ? Эрүүл мэндийн газрын дарга ямар санал гаргасан юм бэ? Ямар шийдэлд хүрсэн талаарх нотлох баримт хэрэгт байдаггүй.
5.6.2024 оны 974 дугаар албан бичгээр ирүүлсэн санал байгаа. Энэ нь 974 биш. 947 дугаартай байгаа. Үүнд ийм ийм алдаа дутагдал гаргасан учраас энэ хүмүүст хариуцлага тооц гэсэн зүйл байхгүй. Зөвхөн хяналт тавьж арга хэмжээ авах саналыг хүргүүл гэсэн байгаа. Саналыг үндэслэн хүнд арга хэмжээ авч болохгүй ээ. Саналыг үндэслэж албан тушаал бууруулан өөрчлөх үндэслэл байхгүй.
5.7.Мөн захирамжлах хэсэгт Эрүүл мэндийн төвийн дарга Б******** овогтой Н************* нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго зорилтоо удаа дараа хангалтгүй биелүүлж гэсэн нь үндэслэлгүй. Тухайлбал Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг даргаас ирүүлсэн холбогдох материалаар ч, Эрүүл мэндийн газраас ирүүлсэн материалаар ч удаа дараа хангалтгүй биелүүлсэн нэг ч баримт байхгүй.
5.8.Б.**************-ийн гомдоод байгаа асуудал нь хууль ёсны эрх ашиг илтэд хохирсон. Зүгээр ажлаа хийж байхад өрөөндөө дуудаад тантай холбоотой Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас 974 дугаартай албан бичиг ирсэн учраас энэхүү албан тоотын хүрээнд таныг ажлаас хална эсхүл та ажлын байраа өг гэдэг шаардлага тавьсан.
5.9.Нэгэнт ажлын байраа өгөх, тэтгэвэр тэтгэмжгүй болох асуудал яригдсан учраас миний зүгээс тэтгэвэрт гарах хүсэлтээ өгөхөөс аргагүй байдалд хүрлээ гэсэн. Ямар нэгэн нам, улс төрийн зорилгоор намайг ажлаас халах нь тодорхой болчихлоо. Үнэхээр өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарахгүй бол миний эрх зүйн байдал дордох юм байна гэж үзээд хүчээр тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан байдаг.
5.10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н************** гэх хүнтэй хамтран ажиллах боломжгүй гэсэн учраас 5 сайн эмч ажлаас гарсан гэж байна. Энэ бол хэрэгт үнэхээр хамааралгүй асуудал.
5.11.Б.Н************** гэдэг хүн үнэхээр болдоггүй. Ажлаа хийдэггүй, дураараа ажлаа хаяж явдаг. Цаана нь 5000 гаран иргэний эрх ашиг хөндөгддөг гэж тайлбарлаад байна. Энэхүү 2 хавтаст хэрэгт Б.Н************** гэдэг хүн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаанд олон иргэд, эмч, ажилчин хохирсон асуудал байдаггүй. Тухайлбал 2 дугаар хавтаст хэргийн 96 дугаар талд 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан Т.Д*************-ийн өргөдөл байдаг. Энэ хүнээр өргөдөл бичүүлчхэж байгаа юм. Түүнийгээ Б.Н*************-тай холбогдуулан шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч байгаа юм. Ийм байж боломгүй зүйл хийж болохгүй шүү дээ.
5.12.Б.Н************** нь үнэхээр ажлаа хийж чадахгүй хаяж явдаг, асуудал гаргадаг гэж үзээд байгаа юм бол яагаад 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн А/16 тоот Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар урамшуулал олгогдоод байгаа юм бэ, Хавтаст хэргийн 9 дүгээр талд Р************** сум нь сар тутмын мэдээ нь 91.7, жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан мэдээ нь 92.9, тусгай мэргэжлийн үүргийн тайлан мэдээ нь 90.7, статистик бусад тайлан мэдээ нь 86.6 нийт үнэлгээ нь 90 хувь гэж 2024 оны эрүүл мэндийн байгууллагуудын статистик тайлан мэдээний үнэлгээ гэж байгаа шүү дээ.
5.13.Яагаад Хөвсгөл аймгийн Р************** сумын Эрүүл мэндийн төв нь 90.5 хувьтай үнэлэгдээд байна вэ? 52.3 хувь гэдэг үнэлгээ нь н.Ч************* гэдэг хүний дүгнэсэн үнэлгээ байсан.
5.14.Хуульд зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа заавал хийх ёсгүй. Шүүхэд хандана эсхүл дээд шатны байгууллагад хандах ёстой. Тиймээс хөдөлмөрийн эрхийн маргаан байгаа учраас 01 дүгээр сарын 31-ний өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл тушаал гарснаас хойш 29 хоногийн дараа.
5.15.Сонсох ажиллагаа явагдаад 12 цаг 50 минутад дууссан. Хавтаст хэрэгт авагдсан Б.**************-ийн өргөдөл хурал болсноос хойш цаг гаруйн дараа 14 цаг 00 минутад бичиж өгсөн байгаа. Эдгээр хүмүүсийн дарамт шахалт, улс төрийн айдас түгшүүр, ямар байдлаар энэ хүний сэтгэл зүйд нөлөөлсөн бэ гэдэг нь цаг, минутаар харагдаж байна.
5.16.2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаартай захиргааны акт үндэслэлтэй, хуульд нийцсэн байх ёстой. Гэтэл ямар ч үндэслэл байхгүй. Хууль бусаар гарчихсан. Төрийн албаны тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль зэргийг ягштал бариад захиргааны актыг гаргах ёстой. Хууль бус учраас өнөөдөр хамгаалж чадахгүй байгаа нь харагдаж байна. Үнэхээр үнэн зөв бол Б.Н************** нь ийм алдаа дутагдал гаргасан, ийм нотлох баримт хавтаст хэрэгт байгаа, ингэж хариуцлага тооцсон, ийм шалгуураар ажлын шаардлага хангахгүй байгаа гээд бүгдийг нь харилцан уялдаа холбоотой тайлбарлах байсан. Гэтэл чадахгүй байна.
5.17.Үнэхээр энэ хүнтэй таарч тохирохгүй асуудал байсан бол тэр 5 хүнээс нэг нь ч гэсэн өргөдөл өгөөд шалгуулаад явна шүү дээ. Гаргасан өргөдөл нэг ч байхгүй байна. Хамгийн сүүлд 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр н.Д*************-с өргөдөл гаргуулаад хавсаргаж оруулж ирж байгаа нь хууль бус байна. Дээрх бүгд уг захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болж байна гэдгийг өмгөөлөгч миний зүгээс тайлбарлая гэв.
6.Хариуцагч Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
6.1.Миний бие Х.Б************** нь 2024 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг даргаар томилогдож өөрийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд шийдвэр гаргаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүдтэй хамтарч суманд үйл ажиллагаа явуулдаг төр хувийн хэвшлийн байгууллагууд болон иргэдтэй хийх уулзалтуудыг үе шаттай зохион байгуулж малчин иргэдтэй багийн төвүүдэд уулзалт зохион байгуулж тэднээс санал хүсэлтийг сонсож орон нутагт эхний ээлжинд авч хэрэгжүүлэх ажлын зорилго, зорилтоо тодорхойлсон.
6.2.Ингэхэд сумын иргэдээс хамгийн ихээр гаргасан санал нь тус сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа доголдолтой байгаа, баг дээр ажиллах эмчийн асуудал шийдвэрлэгдэхгүй байна, тус эрүүл мэндийн төвийн дарга Б.Н**************-ийн харилцаа, хандлага, ёс зүйн зөрчлийн талаар, шинээр ирж байгаа эмч болон туршлагатай эмч нараа нутагт нь тогтвор суурьшилтай дэмжиж ажиллуулахгүй байна зэрэг санал хүсэлтүүдийг гаргаж байсан юм.
6.3.Иргэдээс ирүүлсэн суманд эмч мэргэжилтний дутмаг байгаа санал хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор тус суманд урьд ажиллаж байгаад ажлаасаа гарсан эмч нартаа холбогдоход “сумын эрүүл мэндийн төвийн дарга Б.Н************** эмчийн ёс зүйн байдал, хувийн зан харилцааны байдал, залуу эмч хамт олноо дэмжиж хамтран ажиллах чадваргүй, ажлын байранд байнгын дарамттай байдаг байдлаас шалтгаалан ажиллах боломжгүй болж байсан. Түүнээс орон нутагтаа ажиллах хүсэл сонирхолтой байгаа гэдэг.
6.4.Түүнчлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагын дарга удирдлагуудын 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл Засаг даргатай хийсэн гэрээний үр дүнг тооцох ажлыг зохион байгуулан ажилласан. Эрүүл мэндийн төвийн дарга 2024 онд Засаг даргатай хийсэн гэрээ байхгүй, батлуулсан төлөвлөгөө байхгүй гэх шалтгаанаар эрүүл мэндийн төвийн дарга Б.Н************** нь 2024 оны ажлаа дүгнүүлээгүй. Тухайн үед протокол хөтөлж үүрэг чиглэл өгсөн.
6.5.Мөн Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 947 дугаар “Тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Н************** нь аймгийн хэмжээнд тохиолдлын удирдлагын тогтолцооны баг идэвхижсэн, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед байгууллагын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааны уялдаа холбоо хангалтгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээнд эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болгон Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.9 дэх заалтуудыг тус тус зөрчиж байна. Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.20 дахь заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлүүдэд зааснаар хяналт тавьж, арга хэмжээ авах саналыг хүргүүлье” гэсэн албан бичгийг миний нэр дээр ирүүлсэн юм.
6.6.Нэхэмжлэгч Б.Н*************-д Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 464 дугаар “Ажил сайжруулах чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлж хувийг сумын Засаг даргад ирүүлсэн байдаг бөгөөд энэхүү албан бичигт нөгөө л иргэдтэй уулзах үед гаргасан хүсэлтэд дурдагдсан удирдлага зохион байгуулалтын ажлаа сайжруулах, шинэ залуу боловсон хүчнийг дэмжих, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хандлагыг төлөвшүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулах талаар чиглэл үүрэг өгсөн байсан болно.
6.7.Энэ нь Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, удирдлагын асуудлаар 19 иргэний гарын үсэгтэй санал гомдол ирсэнтэй холбоотой Эрүүл мэндийн газраас ажлын хэсэг томилж газар дээр нь очиж ажил сайжруулах зөвлөмж чиглэл өгч ажилласан юм билээ.
6.8.Хүний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний асуудал бол нэн тэргүүний анхаарал хандуулах асуудал бөгөөд ялангуяа манай сум шиг алслагдмал орон нутагт чадварлаг, залуу боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, чанартай үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх нэн шаардлагатай юм байна гэж би энэ талаарх авч хэрэгжүүлэх ажлынхаа эхний зорилгоо тодорхойлсон.
6.9.Миний зүгээс нэхэмжлэгч Б.**************-ийн Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна.
6.10.Үүнд: Миний хуулиар өөрт олгогдсон эрх буюу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 59 дүгээр зүйлийн 59.1.20-д зааснаар Хөвсгөл аймгийн Р************** сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Н************** нь хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д заасан үндэслэлээр Б.**************-ийн албан тушаалыг бууруулсан болно.
6.11.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ надад сахилгын шийтгэл оногдуулсан, би ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй гэж үндэслэлээ тодорхойлсон байна.
6.12.Гэтэл сумын Засаг даргын хувьд миний зүгээс тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдсон тул албан тушаал бууруулсан юм.
6.13.Мөн нэхэмжлэгч нь дээрх маргаанаа шийдвэрлүүлэхээр холбогдох дээд шатны байгууллагад хандаагүй буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй ба мөн нэхэмжлэгч нь тус захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацаагаа хэтрүүлсэн байна.
6.14.Энэхүү гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн байдлаа харьяаллын бус шүүхэд хандсантай холбож бичсэн гэж ойлгогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулж байсан нь тухайн хэрэгт авагдсан хүсэлтээр нотлогддог.
6.15.Тухайн үеэсээ захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болохыг мэдэх боломжтой гэж үзэж байгаа тул дээрх байдлыг нэхэмжлэгчийн тус шүүхэд гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэгч Б.**************-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э************** шүүх хуралдаанд тайлбарлахдаа
7.1.Сумын Засаг дарга 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б/03 дугаартай захирамжаар Б.Н*************-г албан тушаал бууруулсан. Үндэслэл нь шинээр орон нутгийн сонгууль болсноос хойш сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, сумын үйл ажиллагаа, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний ажлын алба, сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар мөн дээр нь аймгийн Эрүүл мэндийн газар гээд 3 субьектийн ажлын уялдаа холбоо маш хангалтгүй болсон.
7.2.Эрүүл мэндийн газрын даргын сумын Эрүүл мэндийн төвтэй холбоотой ирүүлсэн албан бичгүүд маш их байгаа. Албан бичгээр харьцахаас өмнө аймгийн эрүүл мэндийн газартай маш олон удаа санал солилцсон.
7.3.Сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Н************** нь Улаанбаатар хот болон гадаад улсад, бусад аймаг, суманд албан ажлаар болон хувийн ажлаар зорчихдоо сум орон нутагтаа болон аймгийн Эрүүл мэндийн газарт огт мэдэгдэлгүй явчихдаг. Үүнээс улбаатайгаар тухайн сумын 5000 иргэний эрүүл мэндийн асуудал хөндөгдөх, эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болсон.
7.4.Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын ирүүлсэн албан бичгүүдэд дурдагдсан байгаа. Бага насны буюу нярайн тусламж үйлчилгээ хангалтгүй явуулсан. Маш том эрсдэлт нөхцөл байдалд үлдээсэн. 2 дугаар шатны эмнэлэгт хүргэх өвчтөнийг шинээр томилогдсон, мэдлэг чадвар, туршлагагүй эмч томилж явуулсан. Заавар зөвлөгөө өгөөгүй гэх мэт асуудлууд зөндөө гарсан.
7.5.Мөн дээр нь Эрүүл мэндийн төвийн даргын төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ гэдэг зүйл 2021 оноос хойш маш их өөрчлөгдсөн. Үүнийг тухайн нутгийн иргэд болон эрүүл мэндийн төвийн ажилтан албан хаагчид хэрэглэгчийн үнэлгээгээр олон удаа нотлогдсон. Үүнээс үүсэлтэйгээр нэг нотолгоо нь манай суманд чадварлаг эмч нар Б.Н************** гэдэг хүнтэй үнэхээр хамтарч ажиллаж чадахгүй юм байна гэдэг үндэслэлээр өргөдлөө өгөөд сумын удирдлагуудад танилцуулаад саналаараа ажлаас гараад явсан байдаг.
7.6.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолд байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулах, боловсруулах, үнэлэх, дүгнэх журмын дагуу Б.Н************** дарга 2024 оны ажлын төлөвлөгөөг 01 дүгээр сарын 07-ны дотор гаргаж төсвийн шууд захирагчаар батлуулсан байх ёстой. Үүнд давхар үр дүнгийн гэрээ хийгддэг. Уг гэрээгээ байгуулаагүй. Гүйцэтгэлийн төлөвлөгөөг албан ёсоор батлуулаагүй.
7.7.Тухайн 2024 онд н.О************* гэх Засаг дарга байсан. Засгийн газрын 217 дугаар тогтоолоор эхний хагас жилээр 6 дугаар сарын 20-ны өдөр, сүүлийн хагас жилээр 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор тухайн жилд батлуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг гаргаж үнэлж, дүгнүүлнэ гэсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй.
7.8.2025 он гараад шинэ оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулах хугацаа өнгөрчихсөн буюу 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн төвийн даргын гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнүүлэх гэсэн юм аа гээд биелэлт тооцоод тухайн байгууллагын дүн бүртгэгч хариуцсан н.Н************* гэдэг хүн миний өрөөнд орж ирсэн. Би тухайн тогтоол, хуулийг тайлбарлаад 2024 оны ажил дүгнэх хугацаа өнгөрсөн. Шинэ оны төлөвлөгөө батлуулах ёстой. Шинэ оны төлөвлөгөө авч ирэхээс өмнө та хуучин оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнүүлье гэж орж ирж байна гэж хэлээд дүгнэх боломжгүй гээд буцаасан.
7.9.Эрүүл мэндийн газраас ирүүлсэн албан бичиг байгаа. Танай сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа доголдолтой байна. 1 дүгээрт хяналт тавь. 2 дугаарт арга хэмжээ авч ажилла гэсэн.
7.10.Захиргааны ерөнхий хуулийн дагуу энэхүү албан бичгийг танилцуулаад, албан тушаал бууруулах асуудлаар Б.Н************** даргыг Засаг даргын өрөөнд дуудаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга сумын удирдах эрх бүхий албан тушаалтнууд байлцуулан тэмдэглэл хөтлөгчтэй сонсох ажиллагааг явуулсан.
7.11.Ингээд таныг албан тушаалаас чөлөөлөх үндэслэлтэй ч гэлээ тэтгэвэрт гарах болсон учраас албан тушаал бууруулж, тэтгэвэрт гарах хүртэлх хугацаанд Эрүүл мэндийн төвийн хүүхдийн их эмчээр ажиллуулж тэтгэврээ тогтоолгох боломж олгоё гэж хуралдаанаар ярилцсан.
7.12.Сонсох ажиллагаа явуулсны дараа сумын Засаг даргын Б/03 тоот захирамж гарч албан тушаал бууруулсан. Ингээд Эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр н.Ч************-г томилоод н.Ч************-н шийдвэрээр Б.Н*************-г хүүхдийн их эмчээр томилон ажиллуулсан байгаа.
7.13.Тэтгэвэр тогтоолгох нөхцөл боломжоор нь хангаж өгсөн учраас сумын Засаг даргын 03 тоот захирамжийг хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэхгүй байна. Тухайн шийдвэрийг гаргах процессыг бид нар Захиргааны ерөнхий хуулийн дагуу зохион байгуулсан.
7.14.Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн 2023 оны 34 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтад заасан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалтай адилтгана гэсэн заалт байдаг. Тухайн албан хаагч төрийн захиргаанд хамаарах учраас Төрийн албаны тухай хуулиа үндэслэл болгож шийдвэр гаргасан.
7.15.Эрүүл мэндийн төвийг даргыг ажлаас чөлөөлөх биш албан тушаал бууруулах асуудал яригдаж байгаа учраас Эрүүл мэндийн газартай зөвшилцөх шаардлагагүй. Аймгийн Эрүүл мэндийн газрын 2024 оны 947 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн шийдвэр гаргасан. 974 гэж алдаатай бичсэн байна гэв.
8.Хариуцагчийн өмгөөлөгч П.Жамба шүүх хуралдаанд тайлбарлахдаа
8.1.Илт хууль бус болохыг тогтоолгох, хууль бус болохыг тогтоолгох яг аль үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэдгийг тодруулах хэрэгтэй байна.
8.2.Захиргааны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах ёстой. Уг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 93.1-д иргэн, хуулийн этгээд тухайн захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гээд хуульчилсан. Үүний дагуу гомдлоо гаргаагүй гэж үзэж байна.
8.3.Мөн хөөн хэлэлцэх хугацааны тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах байсан боловч энэ хугацаагаа алдсан.
8.4.Тэтгэвэртэй холбоотой асуудалд өөрийн хүсэл зоригоор өргөдөл гаргасан нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 08-ны 138 дугаар албан бичигт тэтгэвэр олгож эхэлсэн, он, сар гээд 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэснээр нотлогддог.
8.5.Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс харин тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн өдрөөс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс нас барсны дараагийн сар дуустал олгоно гэж заасан.
8.6.Тэгэхээр Б.Н************** нь 25-аас дээш жил ажилласан. Тэтгэвэр тогтоолгох нас нь 55. Хуулийн 5 дугаар зүйлд тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн, 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй гэж заасан. Тиймээс аль хэдийн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж үзэхээр байна. Өргөдөл хүчээр бичүүлсэн гэдэг нь үүгээр няцаагдаж байна. Учир нь өөрийн хүсэл зоригоор өргөдөл гаргаж өгсөн байна.
8.7.Засаг дарга өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд хуулийн зохицуулалтыг тухайн захиргааны актад нийцүүлэн зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтныг төрийн захиргааны албан тушаалтай адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг баталсан бөгөөд тус тогтоолын 3 дугаар хавсралт нь сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн даргыг адилтгасан.
8.8.Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар тогтоолд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан нь нийтийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэгчийн хувьд мөн нийтийн сан хөмрөг болон төсвийн хөрөнгийг ерөнхийлөн захирагчийн хувьд бусад нийтийн эрх зүйн хууль тогтоомжоор тусгайлан эрх, үүрэг хүлээдгээс гадна төрийн албаны сонгон шалгаруулалтаар томилогдож, үр дүнгийн гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа дүгнүүлэх зэргээр төрийн жинхэнэ албан хаагчтай адилтгах эрх зүйн байдалтай байгаа нь нийтлэг байдаг.
8.9.Дээрх тогтоолд захиргааны хэргийн шүүх төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны хөдөлмөрийн эрхийн маргааныг дагнан шийдвэрлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын дагуу маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоохдоо ажлаас үндэслэлгүйгээр халагдсантай холбоотой ажилгүй байсан хугацааны цалин хөлс, тэтгэвэр орлого болон нийгмийн баталгааны бусад асуудлыг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэж нэг мөр тодорхой шийдвэрлэж үүний дараа иргэний маргаан үүсэх үндэслэлийг хаах зарчмыг баримтлахаар заасан байгаа. Ингээд Төрийн албаны тухай хуулийн 45.1.1-д заасныг баримтлан албан тушаал бууруулсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна.
8.10.Тухайн захиргааны акт нь Б********гийн Н************* нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго зорилтод заасныг удаа дараа хангалтгүй биелүүлсэн талаар сая ярьсан. Хэрэгт авагдсан баримтад албан тушаалын тодорхойлолтод заасан байгаа. 3 дугаар зорилтын хүрээнд сумын удирдлага болон Эрүүл мэндийн даргын өгсөн үүрэг даалгаврыг хуулийн дагуу шуурхай биелүүлж, эргэн мэдээлэх, 5 дугаарт байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулж, хэрэгжүүлж, тайлагнах гэх мэт ажлын байрны тодорхойлолтод тодорхой байна.
8.11.Мөн Р************** сумын Эрүүл мэндийн төвийн эмч ажилчдын 2024 оны эрт илрүүлэг, үзлэгт Улаанбаатар хотод “Мөнгөн гүүр” эмнэлэгт хамрагдсан тухай илтгэх хуудаст бичигдсэн байгаа. Удаа дараа гэдэг нь эдгээр зүйлсээр тогтоогдож байгаа гэдгийг тайлбарлаж байгаа юм. Мөн Эрүүл мэндийн газрын 2024 оны эрүүл мэндийн газрын үнэлгээ байдаг. Р************** сумын Эрүүл мэндийн төв 52.3 хувийн үнэлгээтэй байгаа.
8.12.Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тушаал байна. Үүнийг хэрэгжүүлж ажиллаагүй гэдэг нь сая дурдсан илтгэх хуудас дээр байгаа. Мөн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай албан бичиг өгсөн. Үүнийг биелүүлээгүй гэдэг нь мөн илтгэх хуудаст байдаг. Эрүүл мэндийн газрын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 464 дугаартай албан бичиг хүргэгдсэн. Дээрх зүйлсээр тогтоогдож байх тул энэхүү захиргааны акт нь үндэслэл бүхий захиргааны акт гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
9.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.**************-ийн нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10.Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 59 дүгээр зүйлийн 59.1.20, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.3, 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, аймгийн Эрүүл мэндийн газрын 2024 оны 974 дүгээр албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн Эрүүл мэндийн төвийн дарга Б********н Н************* нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо удаа дараа хангалтгүй биелүүлж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болж төрийн албан хаах насны дээд хязгаарт хүрсэн учир 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас бууруулжээ.
11.Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан бүх шинжийг агуулж байна.
12.Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Б.Н************** урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангаагүй бөгөөд шүүхийн харьяалал зөрчин иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүхэд нэхэмжлэл гаргасан нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн үндэслэлд хамаарна гэсэн агуулгаар маргасан.
13.Нэхэмжлэгч Б.Н************** Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар албан тушаал бууруулсныг эс зөвшөөрч Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 320/ШЗ2025/00734 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ.
14.Б.Н************** 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд хандан “Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
15.Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 320/ШЗ2025/01227 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.**************-ийн хариуцагч Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Р************** сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ.
16.Улмаар Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 320/ШЗ2025/01620 дугаар захирамжаар хэргийн харьяалал зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
17.Нэхэмжлэгч Б.Н************** 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд “Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлээгүй боловч шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжгүй гэж үзсэн болно.
18.Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: … 54.1.3.Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.**************-ийн хувьд цаг хугацааны хувьд урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргах боломжгүй болсон байв.
19.Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, 94.2-д “Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасан.
20.Нэхэмжлэгч Б.**************-ийн хувьд 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-д зааснаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нөхөн сэргээлгэх хугацаа дуусгавар болж буй тул мөн өдрийн 15:08 цагт шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хүлээж авч иргэний “шударга шүүхээр шүүлгэх” үндсэн эрхийг нь хангасан болно.
21.Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 320/ШЗ2025/01620 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс хойш 30 хоногийн дотор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, энэ тохиолдолд нэхэмжлэгч иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа өмгөөлөгчтэй байсан эсэх нь түүний үндсэн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.
22.Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: … 59.1.23.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасны дагуу Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг дарга тус сумын Эрүүл мэндийн төвийн даргад сахилгын шийтгэл ногдуулах, томилж, чөлөөлөх эрхтэй.
23.Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Төрийн албыг доор дурдсанаар ангилна: … 6.1.4.төрийн үйлчилгээний алба”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна: … 10.1.4.төрийн үйлчилгээний албан тушаал”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна: … 14.1.2.боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж заасан тул Хөвсгөл аймгийн Р************** сумын Эрүүл мэндийн төвийн дарга төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтанд хамаарна.
24.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан тул төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болох Хөвсгөл аймгийн Р************** сумын Эрүүл мэндийн төвийн даргад албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна: 123.2.4.албан тушаал бууруулах” гэж заасныг баримтлана.
25.Гэтэл Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар захирамжид Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно: 45.1.1.хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж заасныг баримталсан нь буруу болжээ.
26.Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний албан хаагчид төрийн жинхэнэ албан хаагчийн нэгэн адил хандсан нь хууль хэрэглээний алдаатай болсон байна. Гэсэн хэдий ч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэн дараах хууль зүйн дүгнэлтийг хийв.
27.Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 12.1.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах; … 12.1.4.харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих” гэж заасан.
28.Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/94[1], 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар[2] нь томуу, томуу төст өвчний эрсдлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангах, өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлж, биелэлтийг тооцож ажиллахыг харьяалах нутаг дэвсгэрийнхээ төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын дарга нарт үүрэг болгосон нь дээрх хуульд нийцэж байна.
29.Хөвсгөл аймгийн Р************** сумын Эрүүл мэндийн төвийн нийт албан хаагчдын зарим буюу 14 эмч, ажилтан 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаатай Улаанбаатар хотод эрт илрүүлэг, үзлэгт хамрагдсан болох нь хэрэгт авагдсан илтгэх хуудас[3], хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.
30.Монгол орны 12 дугаар сар бол хүйтний эрч чангарч, томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхиждэг цаг үе болох нь нийтэд илэрхий үйл баримт юм. Энэ хугацаанд Хөвсгөл аймгийн Р************** сумын Эрүүл мэндийн төвийн нийт албан хаагчдын зарим болох 14 эмч, ажилтан 7 хоногийн хугацаагаар Улаанбаатар хот руу эрт илрүүлэг, үзлэгт хамрагдахаар явахдаа орон нутгийн удирдлага болон Эрүүл мэндийн газарт танилцуулаагүй, энэ үеэр хүүхэд хүндэрч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрсдэлтэй байдал үүссэн болох нь Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 925 тоот албан бичиг[4], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.
31.Энэ нь сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтын[5] 3 дугаар зорилтын хүрээн дэх “Сумын удирдлага болон Эрүүл мэндийн газрын даргын өгсөн үүрэг даалгаврыг хуулийн дагуу шуурхай биелүүлэх эргэн мэдээлэх” чиг үүрэг, Р************** сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний[6] 1.2.6-д “Улирлын томуу, томуу төст өвчин, бусад шинэ сэргэж байгаа халдварт өвчний үед дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, тандалтыг эрчимжүүлэх нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эмнэлгийн тусламж үйлчилгээтэй уялдуулан зохион байгуулах” зорилтыг тус тус зөрчжээ гэж шүүх үзлээ.
32.Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 925 тоот албан бичгээр[7] Р************** сумын Засаг даргад хандан тус сумын Эрүүл мэндийн төвийн удирдлагад хариуцлага тооцож, эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд хяналт тавьж, ажлын уялдаа холбоог сайжруулж хамтран ажиллана уу гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд энэхүү Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 925 тоот албан бичигт заасан үндэслэлээр Эрүүл мэндийн төвийн дарга Б.Н*************-д хариуцлага тооцсон шийдвэр гаргаагүй байх хугацаанд дахин 947 тоот албан бичгийг[8] ирүүлжээ. Эдгээр албан бичгүүд нь агуулгын хувьд үргэлжилсэн шинжтэй байна.
33.Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 947 тоот албан бичигт “Тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Н************** нь аймгийн хэмжээнд тохиолдлын удирдлагын баг идэвхижсэн, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед байгууллагын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааны уялдаа холбоо хангалтгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээнд эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болгон Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.9 дэх заалтуудыг тус тус зөрчиж байна. Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.20, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлүүдэд зааснаар хяналт тавьж, арга хэмжээ авах саналыг хүргүүлье гэжээ.
34.Улмаар Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар[9] тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Н************** албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо удаа дараа хангалтгүй биелүүлж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болж төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн учир 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас бууруулжээ.
35.Маргаан бүхий захиргааны актад аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 974 дүгээр албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэсэн гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.
36.Б.Н*************-г Хөвсгөл аймгийн Р************** сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас бууруулан хүүхдийн эмчээр ажиллуулахаар томилсон, тэрээр одоо ч хүүхдийн эмчээр ажиллаж байгаа[10] болох нь хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбараар нотлогдож байна.
37.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-д “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна: 123.2.4.албан тушаал бууруулах” гэж заасан тул Р************** сумын Засаг дарга нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Н*************-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах бүрэн эрхтэй.
38.Түүнчлэн Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас Р************** сумын Засаг даргад хандан ирүүлсэн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 925 тоот, 12 дугаар сарын 24-ний өдрийн 947 тоот албан бичигт Р************** сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Н*************-д хариуцлага тооцох тухай ижил агуулга дурдагдсан, хариуцагч хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан тул Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
39.Маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-ийг баримталсан нь алдаатай боловч Б.Н************** сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдсон бөгөөд Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг эрх зүйн үйлчлэлтэй гэж үзнэ.
40.Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан бөгөөд захиргааны акт илт хууль бус шинжийг агуулаагүй бол эрх зүйн үйлчлэлтэй байдаг онцлогтой. Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
41.Хариуцагч Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг дарга 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан хугацааны дотор шийдвэр гаргасан байна.
42.Тодруулбал Хөвсгөл аймгийн Р************** сумын Эрүүл мэндийн төвийн 14 эмч, ажилтан 2024 оны 12 дугаар сарын 08-наас эхлэн 7 хоногийн хугацаагаар Улаанбаатар хот руу эрт илрүүлэг, үзлэгт хамрагдахаар явахдаа орон нутгийн удирдлага болон Эрүүл мэндийн газарт танилцуулаагүй, энэ үеэр хүүхэд хүндэрч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрсдэлтэй байдал үүссэн гэх зөрчил үйлдэгдсэнээс хойш 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаа өнгөрөөгүй байна.
43.Нөгөө талаас нь авч үзвэл маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч Б.Н*************-д сэргээгдэх субьектив эрх байхгүй байна. Субьектив эрх гэдэг нь хууль буюу хэмжээний актад шууд заасан, эсхүл тэдгээрийн үндсэн дээр олж авч болох эрх мэдэл буюу боломж юм.
44.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, …-ээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, … эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, … гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: … 3.1.3."нэхэмжлэл" гэж хүн, …-ээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, … эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, … захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 106 дугаар зүйлийн 106.3т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: 106.3.1.захиргааны акт, … хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус заасан.
45.Иймд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь захиргааны хэргийн шүүхийн зорилго юм. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно: … 78.1.9.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Н************** өндөр насны тэтгэвэр тогтоолгосон учир түүнд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзнэ.
46.Тодруулбал тэрээр 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 14:00 цагт өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байгаа гэх өргөдөл сумын Засаг даргад гаргасныг үндэслэн Хөвсгөл аймгийн Р************** сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар[11] Б********н Нансалмааг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хүүхдийн эмчийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
47.Хэрэгт авагдсан баримт болох Б.**************-ийн өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудаст[12] нэхэмжлэгч Б.**************-ийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаа 40 жил, 7 сар, 29 хоног, тэтгэвэр тогтоосон он, сар, өдөр 2025-02-18, тэтгэвэр эхэлж олгох он, сар, өдөр 2025-01-03 гэсэн байна.
48.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: … 5.1.2.тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй” гэж заасан тул тэрээр өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй, хэрэгт авагдсан Д.**************-ийн өргөдөл[13], өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсаар[14] өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон болох нь нотлогдож байна.
49.Өөрөөр хэлбэл хуулийн дагуу Хөвсгөл аймгийн Р************** сумын Эрүүл мэндийн төвийн даргын хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон байна.
50.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар Б.Н************** төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байсан, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 45.2.3 дахь хэсгийг үндэслэсэн нь буруу гэсэн агуулгаар маргаж байгаа боловч нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул энэ нь хэрэгт ач холбогдолгүй юм.
51.Нэхэмжлэгч Б.Н*************-д Р************** сумын Эрүүл мэндийн төвийн 2023 оны жилийн эцсийн санхүү, төсвийн гүйцэтгэлийн тайлан өөрчлөлтгүй дүгнэлт авсан үндэслэлээр урамшуулал олгосон, эрүүл мэндийн газарт мэдээ тайлангаа хугацаанд нь гаргаж өгсөнтэй холбогдуулан урамшуулал олгож байсан зэрэг нь түүний энэ шийдвэрийн 31 дэх хэсэгт дурдсан сахилгын зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
52.Сонсох ажиллагааны тэмдэглэлд Б.Н************** гарын үсэг зураагүй боловч хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судалсан дууны бичлэгээр сонсох ажиллагаа хийсэн болох нь нотлогдож байна.
53.Хэргийн 2 дахь хавтасны 21 дэх хуудаст авагдсан Т.Д*************-ийн өргөдөл, 35 дахь хуудаст авагдсан Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 464 тоот албан бичиг, хэргийн 2 дахь хавтасны 36-37, хэргийн 1 дэх хавтасны 91-95 дахь хуудаст авагдсан 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 250 тоот албан бичиг нь маргаан бүхий захиргааны акттай цаг хугацааны хувьд хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
54.Харин шүүхээс нотлох баримт шаардсан албан бичгийн хариуд ирүүлсэн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Р************** сумын Эрүүл мэндийн төвийн эмч ажилчдын эрт илрүүлэг үзлэгт Улаанбаатар хотод очиж Мөнгөнгүүр эмнэлэгт хамрагдсан тухай илтгэх хуудас” гэх баримтыг[15] нотлох баримтаар үнэлсэн болно.
55.Хариуцагч талаас Б.Н************** 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулаагүй гэж маргаж байгаа ч энэ нь хэргийн 2 дахь хавтасны 74-82 дугаар хуудаст авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна.
56.Р************** сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг аймгийн Эрүүл мэндийн газраас 52,3 хувьтай гэж дүгнэсэн талаар маргаан бүхий захиргааны актад үндэслэл болгоогүй тул энэ талаар маргаж буй хэргийн оролцогчдын тайлбарыг ач холбогдолгүй гэж үзсэн бөгөөд үнэлгээг хэзээ хийсэн огноо тодорхойгүй тул хэргийн 2 дахь хавтасны 190-192 дугаар хуудаст авагдсан баримтыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй.
57.Маргаан бүхий захиргааны актаас хойш үйлдэгдсэн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Р************** сумын ЭМТ-ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлт гэх хэргийн 2 дахь хавтасны 194-200 дугаар хуудаст авагдсан баримт, тайлан гэх 193-198, 201-210 дугаар хуудаст авагдсан баримтууд, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Р************** сумын эрүүл мэндийн төвийн 2024 оны гүйцэтгэлийн биелэлт гэх 1 дэх хавтасны 20-48 дугаар хуудаст авагдсан баримтуудыг тус тус нотлох баримтаар үнэлээгүй болно.
58.Хэргийн 2 дахь хавтасны 155-156 дахь хуудаст авагдсан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнээс хэргийн 1 дэх хавтасны 9-11 дэх хуудаст авагдсан Хөдөлмөрийн гэрээ өөр байх тул эргэлзээтэй эдгээр баримтыг аль алиныг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.**************-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Р************** сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ
[1] Хэргийн 1 дэх хавтасны 112-113 дугаар хуудас
[2] Хэргийн 1 дэх хавтасны 103-109 дүгээр хуудас
[3] Хэргийн 2 дахь хавтасны 66-67 дугаар хуудас
[4] Хэргийн 1 дэх хавтасны 114 дүгээр хуудас
[5] Хэргийн 1 дэх хавтасны 13-19 дүгээр хуудас
[6] Хэргийн 2 дахь хавтасны 74-82 дугаар хуудас
[7] Хэргийн 1 дэх хавтасны 114 дүгээр хуудас
[8] Хэргийн 1 дэх хавтасны 115 дугаар хуудас
[9] Хэргийн 1 дэх хавтасны 6 дугаар хуудас
[10] Хэргийн 1 дэх хавтасны 59 дүгээр хуудас
[11] Хэргийн 2 дахь хавтасны 246 дугаар хуудас
[12] Хэргийн 2 дахь хавтасны 249 дүгээр хуудас
[13] Хэргийн 2 дахь хавтасны 20 дугаар хуудас
[14] Хэргийн 2 дахь хавтасны 249 дүгээр хуудас
[15] Хэргийн 2 дахь хавтасны 66 дугаар хуудас