Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/12

 

 

Д.Цэнгэлд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга,

Шүүгдэгч Д.Цэнгэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нарыг оролцуулан

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуугийн даргалж хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/51 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Д.Цэнгэлийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Цэнгэлд холбогдох эрүүгийн 2415000000004 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Монгол Улсын иргэн, Даваасүрэнгийн Цэнгэл.

Д.Цэнгэл 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Сайхан сум, Хульж 3 дугаар багийн нутаг “Бор нуруу” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мах идэж байхдаа эхнэр Ж.Батцэцэгийг хэрүүл маргаан өдөөснийг “төвөгшөөх байдлаар цаашаа бай” гээд өөрөөсөө холдуулах зорилготойгоор түлхэх явцдаа мах идэж байсан хутгатай гараараа эхнэр Ж.Батцэцэгийн гэдэс рүү хатгасны улмаас эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний чацархайн судас тасарсан гэмтэл, хэвлийн хөндийн цус алдалт бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймгийн Прокурорын газраас Д.Цэнгэлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/51 дугаар шүүгчийн захирамжаар:

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Даваасүрэнгийн Цэнгэлд холбогдох эрүүгийн 2415000000004 дугаартай хэргийг Булган аймгийн прокурорын газарт буцааж,

Шүүгдэгч Д.Цэнгэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 26 см урттай ажлын хэсгийн урт 15 см, бариулын урт 11 см урттай модон иштэй хутгыг 1 ширхгийг хураан авсан болохыг дурдаж,

Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон эсэргүүцэлдээ: ... Яллагдагч Д.Цэнгэл нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Сайхан сум Хульж 3 дугаар багийн нутаг “Бор нуруу” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мах идэж байхдаа эхнэр Ж.Батцэцэгийг хэрүүл маргаан өдөөснийг “төвөгшөөх байдлаар цаашаа бай” гээд өөрөөсөө холдуулах зорилготойгоор түлхэх явцдаа мах идэж байсан хутгатай гараараа эхнэр Ж.Батцэцэгийн гэдэс рүү хатгасны улмаас эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний чацархайн судас тасарсан гэмтэл, хэвлийн хөндийн цус алдалт бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх хэрэгт холбогдуулан Д.Цэнгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалт явуулж, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 03 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар харьяаллын дагуу Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж “Хэргийн зүйлчлэл тохироогүй, Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлд хуульчлагдаагүй ялын санал гаргасан” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Захирамжийн 1 дэх заалтын тухайд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэжээ. Харин мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Улсын дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №634 дугаартай тогтоолд “...Аливаа болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байх буюу хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг.

Санаатай гэмт хэргийн тухайд “гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсэж хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа дээрх гэм буруугийн болгоомжгүй хэлбэрүүдээс ялгагддаг” гэсэн байх ба яллагдагч Д.Цэнгэлийн тухайд “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтолттой байх хугацаандаа гэртээ орж ирэн мах идэж байх явцад эхнэр Ж.Батцэцэг нь хэрүүл маргаан өдөөснийг төвөгшөөж, уг хэрүүл маргааныг улам дэвэргэхгүй байх, даамжруулахгүй байх зорилгоор цаашаа бай унт гээд гараараа түлхэх үйлдэл хийжээ. Ингэхдээ гартаа хутга байсныг анзаараагүй, хутгатай гараараа түлхсэнээ мэдээгүй гэх нөхцөл байдал нь нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байх буюу хайхрамжгүй хандсан” гэж үзэх үндэслэл болж байна.

Энэ нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.Батцэцэгийн “...Д.Цэнгэл миний гэдэс рүү хутгаар хатгахдаа санаатай бол хатгаагүй. Би нөхрийнхөө хажууд нь очоод хэрүүл маргаан хийгээд зогсоод байхаар цаашаа бол гээд манай нөхөр намайг мах идэж байсан хутгатай гараараа түлхсэн чинь хутга нь миний гэдэс рүү орсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-16-р ху/,

Гэрч Б.Дуламын “...Анх дуудлага дээр ирэхэд гэмтэл авсан гэх Батцэцэг нь гэртээ орон дээр ухаангүй байдалтай хэвтэж байсан. Сайхан сумын 3-р багийн эмч Н.Очгэрэл, гэмтэл авсан хүний нөхөр болох Цэнгэл нар байсан. Батцэцэгийн нөхөр болох Цэнгэлээс асуухад Цэнгэл нь надад хэлэхдээ манай эхнэрийг авраад өгөөч мах идэж байхад олон юм яриад байхаар нь гэнэт би гартаа байсан хутгаар хатгачихсан гэж хэлж байсан... гэх мэдүүлэг/ХХ-ийн 30-31-р ху/

Гэрч Л.Түвшинжаргалын “...Тэгээд хаалга тогшоод байхаар нь сэрсэн чинь манай найз Д.Цэнгэл нэлээн сандарчихсан би эхнэрээ хутгаар гэдэс рүү хатгачихлаа эхнэр маань гараад алга болчихлоо гэж хэлсэн... Д.Цэнгэл надад хэлэхдээ хөгшин чинь Ж.Батцэцэгийг хутгаар хатгачих шиг боллоо гэж хэлэхээр нь би яаж байгаа юм чи арай үгүй биз дээ чи гэсэн Д.Цэнгэл надад нэрээ нээрээ Батцэцэг гэрээс гараад алга болчихлоо гэж хэлчхээд гэр лүүгээ орж гар чийдэн авч гарч ирээд өвсний хашааныхаа тэндээс эхнэрээ олоод ирсэн... гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-35-р ху/ зэргээр яллагдагч Д.Цэнгэлийн гэмт хэрэг үйлдэх болсон санаа, сэдэлт, зорилго нь өөрийн эхнэр Ж.Батцэцэгийг хутгалъя, эрүүл мэндэд нь хохирол санаатай учруулна гэсэн зорилгогүйгээр гагцхүү хэрүүл маргааныг даамжруулж, үргэлжлүүлэхгүй байх зорилгоор унт гэж хэлэн түлхэх буюу өөрөөсөө холдуулах зорилготой байснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл бусдын эрүүл мэндэд хохирол учруулъя гэсэн шууд санаатай үйлдэл хийсэн нь гэх нөхцөл байдалтай тогтоогдохгүй байна.

Мөн яллагдагч Д.Цэнгэл, хохирогч Ж.Батцэцэг нар нь урьд гэр бүлийн таарамжгүй харьцаатай, хэн хэнийхээ биед халдаж, хууль бус үйлдэл гаргаж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон яллагдагч Д.Цэнгэлийн хувийн байдлыг тодорхойлсон баримт бичгүүдээр тогтоогдож байна.

Гэтэл шүүхээс гэрч Б.Дулам, Л.Түвшинжаргал, хохирогч Ж.Батцэцэг нарын мэдүүлгийг үндэслэн яллагдагч Д.Цэнгэл нь ‘Ж.Батцэцэгийн биед хүнд хохирол санаатай учруулсан” гэж дүгнэж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүхийн үндэслэл болгосон дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэгт яллагдагч Д.Цэнгэл нь эхнэрээ шууд санаатай хутгалж биед нь хүнд хохирол учруулсан гэх үг, үсэг, утга байхгүй, харин хохирогч Ж.Батцэцэг өөрөө мөрдөн байцаалтын шатанд "... манай нөхөр намайг цаашаа бай гээд миний гэдэс рүү түлхэх шиг болсон, тэгээд би гэдэс рүү хутга орохыг мэдээд гараад гүйсэн, яагаад гүйсэн гэдгээ сайн санахгүй байна...Д.Цэнгэл миний гэдэс рүү хутгаар хатгахдаа санаатай бол хатгаагүй...” гэж мэдүүлдэг, яллагдагч Д.Цэнгэл мөн адил мэдүүлэг өгдөг, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг бусад байдлаар нотлогдон тогтоогдож байхад хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд байгаагүй гэрч нарын мэдүүлгийг “санаатай гэмт хэрэг үйлдсэн” гэх хэргийн нотлох баримтын үндэслэл болгож байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол” гэж хуульчилсан ба яллагдагч Д.Цэнгэлийн үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн болно.

Өөрөөр хэлбэл шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн субъект нь “заавал тодорхой ажил мэргэжил эрхэлдэг бөгөөд уг ажил үүргээ гүйцэтгээгүйн улмаас гэмт хэрэгт холбогдсон, эсхүл тодорхой үйл ажиллагаа явуулах эрх эзэмшдэг бөгөөд уг эрхээ хуулийн дагуу эзэмшээгүйн улмаас гэмт хэрэгт холбогдсон хүн байхаар хуульчилсан байна” эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол” гэх хуулийн зүйл, заалтыг эрс үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна.

Харин яллагдагч Д.Цэнгэлтэй прокуророос ял тохиролцохдоо нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах саналын хувьд уг гэм буруутай этгээд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бүрэн бус дунд боловсролтой, цаашид нийтийн албанд томилогдох бүрэн боломжтой /жишээ нь: багийн Засаг дарга, сумын иргэдийн хурлын төлөөлөгч гэх мэт/ зэрэг нөхцөл байдлыг харгалзан дээрх эрх хасах ялыг сонгон хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хөнгөрүүлж санал гаргасан.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно...” гэж тус тус тодорхой зааж өгсөн байна.

Гэтэл шүүхээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд хамаарах гэмт хэрэг нь заавал эрх хасах ялтай бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээд буюу субъект нь тодорхой ажил мэргэжил эрхэлдэг бөгөөд уг ажил үүргээ гүйцэтгээгүйн улмаас гэмт хэрэгт холбогдсон, эсхүл тодорхой үйл ажиллагаа явуулах эрх эзэмшдэг бөгөөд уг эрхээ хуулийн дагуу эзэмшээгүйн улмаас гэмт хэрэгт холбогдсон хүн байхаар хуульчилсан байна” гэж хуульд байхгүй тайлбар хийж, шүүгдэгч Д.Цэнгэлийг малчин, нийтийн албанд ажилладаггүй, ямар нэг тодорхой үйл ажиллагаа явуулах эрхээ хууль ёсоор эзэмшээгүйн улмаас энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоогүй хүн гэж тодорхойлон нийтийн албанд ажиллах эрх хасах ял оногдуулах субъект биш гэж үзэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй” байх гэсэн шударга ёсны зарчмыг зөрчсөн шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1,2, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил байх тул захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив“ гэв.

 

Шүүгдэгч Д.Цэнгэл шүүхэд гаргасан гомдолдоо: “...Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 51 дугаартай шүүгчийн захирамжийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад гомдол гаргаж байна.

Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурортой ял тохиролцон хэрэг шүүхэд ирсэн. Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд прокурортой тохиролцсон саналын хүрээнд шийдвэр гаргалгүй, хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт хийлгүй, хэт яллах талыг барьж миний эрх зүйн байдлыг хүндрүүлэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэнд гомдолтой байна

Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн тав дахь хэсэгт заасан “прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргаж” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Цэнгэлд холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2.Булган аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Цэнгэлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Сайхан сум, Хульж 3 дугаар багийн нутаг “Бор нуруу” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мах идэж байхдаа эхнэр Ж.Батцэцэгийг хэрүүл маргаан өдөөснийг “төвөгшөөх байдлаар цаашаа бай” гээд өөрөөсөө холдуулах зорилготойгоор түлхэх явцдаа мах идэж байсан хутгатай гараараа эхнэр Ж.Батцэцэгийн гэдэс рүү хатгасны улмаас эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний чацархайн судас тасарсан гэмтэл, хэвлийн хөндийн цус алдалт бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3.Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд ...яллах дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд хуульчлагдаагүй ялын санал гаргасан гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцэх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна.

5.Шүүгдэгч Д.Цэнгэлийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрх хуульд заасан бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул прокурорын гаргасан эсэргүүцэл нь  үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан байна.

6.Улсын дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №634 дугаартай тогтоолд “...Аливаа болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байх буюу хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг.

Санаатай гэмт хэргийн тухайд гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсэж хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа дээрх гэм буруугийн болгоомжгүй хэлбэрүүдээс ялгагддаг” гэж тайлбарласан.

7.Шүүгдэгч Д.Цэнгэлийн тухайд “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтолттой, гэртээ мах идэж байх явцад эхнэр Ж.Батцэцэгтэйгээ хэрүүл маргаан хийж байгаад түүнийг цаашаа бай гээд хутгатай гараараа түлхэх үйлдэл хийхдээ гэдэс рүү хатгаж, хүнд зэргийн гэмтэл учруулсан.

Шүүгдэгч Д.Цэнгэл нь хохирогч Ж.Батцэцэгийн биед хүнд зэргийн гэмтлийг учруулах үйлдэл хийхдээ бусдын эрүүл мэндэд хохирол учруулъя гэсэн санаа зорилго байгаагүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Ж.Батцэцэг, гэрч Б.Дулам, гэрч Л.Түвшинжаргал нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

8.Мөн шүүгдэгч Д.Цэнгэл, хохирогч Ж.Батцэцэг нар нь урьд гэр бүлийн таарамжгүй харьцаатай, хэн хэнийхээ биед халдаж, хууль бус үйлдэл гаргаж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон Д.Цэнгэлийн хувийн байдлыг тодорхойлсон баримт бичгүүдээр тодорхойлогдож байна.

9.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.

Прокуророос ял тохиролцохдоо шүүгдэгч Д.Цэнгэлийн нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын саналыг  ирүүлсэн нь уг гэм буруутай этгээд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бүрэн бус дунд боловсролтой, цаашид нийтийн албанд томилогдох бүрэн боломжтой бөгөөд сонгуулийн жил /жишээ нь: багийн Засаг дарга, сумын иргэдийн хурлын төлөөлөгч гэх мэт/ зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10.Шүүгдэгч Д.Цэнгэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/51 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

 

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Цэнгэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ

     

                                              ШҮҮГЧИД                                Л.АРИУНЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                              Л.ХИШИГДЭЛГЭР