Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 317/ШШ2025/00949

 

 

 

 

 

2025 07 02 317/ШШ2025/00949

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, *** сум, *** баг, *** байрлах, Т*** /РД:***/-ийн нэхэмжлэлтэй

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Б***ийг эрэн сурвалжлуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г***,

Нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М*** удмын Б*** овогтой Б***, А*** удмын Ц*** овогтой М*** нар нь манай байгууллагатай 2022 оны 01 сарын 26-ны өдрийн 9691 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж Сургалтын төв ажиллуулах албаны хэрэгцээнд зориулан зээл авах хүсэлтээ гаргаж, манай байгууллагаас 48,700,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,0 хувийн хүүтэйгээр авч, зээлийн барьцаанд автомашин, сургалтын төвийн орлогыг тавьж, уг гэрээг нотариатаар баталгаажуулсан юм. Гэтэл зээлдэгч Б.Б***, Ц.М*** нар нь дээрх зээлийг 2022 оны 04 сарын 29-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд огт төлөөгүй бөгөөд хэд хэдэн удаа тэдэнтэй утсаар ярьж, биечлэн уулзаж зээлийг төлөхийг шаардаж байсан боловч тэд удахгүй төлнө гэсээр байгаад өдийг хүргэлээ. Б.Б***, Ц.М*** нар нь зээлийн төлбөрийн тооцоог хийлгүй манай ажилд хүндрэл учруулж байгаа ба зээлийн гэрээний хугацаа дууссан зэргээс шалтгаалан манай байгууллага хариуцагч нарын хаягаар Улаанбаатар хот дахь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Б.Б*** нь оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй нөхцөл байдал иргэний хэрэг үүсгэхээс хойш тогтоогдож байгаа үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Гэвч манай байгууллага нь хариуцагч Б.Б***ийн оршин суух хаягийг нь тодруулж шүүхэд дахин нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул ИХШХШ тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д эрэн сурвалжлах тухай хүсэлтийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Б.Б***ийг эрэн сурвалжилж, хаягийг нь тодруулж өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т*** нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б***ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

Б.Б*** нь хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй, тодорхой хаяггүй байгаа тул эрэн сурвалжлуулах шаардлагатай байна гэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлж ирүүлсэн байх тул уг хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдээр М*** овогт Б***н Б*** /РД:***/-г тодорхойлжээ.

М*** овогт Б***н Б*** /РД:***/ нь Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** байр, *** тоотод оршин суух хаягтай боловч тус хаягтаа амьдардаггүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б***ийн оршин суугаа хаяг тодорхой бус болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул М*** овогт Б***н Б*** /РД:***/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Төв аймаг дахь Цагдаагийн газар болон Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус даалгаж, улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М*** овогт Б***н Б*** /РД:***/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар М*** овогт Б***н Б*** /РД:***/-г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг /хаягийг/ тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Төв аймаг дахь Цагдаагийн газар болон Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

3. М*** овогт Б***н Б*** /РД:***/-гийн оршин суугаа хаягийг тодруулсны эцэст нэхэмжлэгч төлөөлөгч Б.Г*** /утас: /-д мэдэгдэхийг Төв аймаг дахь Цагдаагийн газар болон Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Д.ОТГОНЧУЛУУН