| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2018/0047/Э |
| Дугаар | 54 |
| Огноо | 2018-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 54
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Н.У-д холбогдох эрүүгийн 1804000000042 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Хохирогч: О.Б-
Шүүгдэгч Н.У- нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. дүүрэгт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, конвейерын машинч мэргэжилтэй, .. /нүүрс дамжуулах цехийн/ машинч ажилтай, ам бүл .., эхнэр О.Б-, ... насны ..хүүхдүүдийн хамт .. .. дүгээр хороо, .. дүгээр байрны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б- овгийн Н-ын У-
Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас:
Н.У-ыг 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн үед эхнэр О.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр, толгойн хэсэгт гараараа 2-оос дээш удаа цохиж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүхээс Н.У-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд.
Хохирогч О.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“2018 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн үед нөхөр У- бид хоёр машинтай Х. аймгийн Ц сум руу явсан. Замдаа У- надаас гэрт байсан газрын гэрчилгээ хаана байна гэхээр нь би танайхан л авсан биз гээд хэлсэн чинь У- огцом уурлаад юм болгонд ээжийг оролцуулж байдаг гээд миний нүүр лүү цохихоор нь би доошоо тонгойсон чинь толгойд гараараа хоёр удаа цохисон. Миний зүүн талын нүд хөхөрч шанаа хавдсан толгой хавдсан, тархи доргисон тул 3 удаа массаж бариа хийлгэсэн. Бариа хийх хүнийг У- дагуулж ирээд тухайн хүнд хөлсийг нь өгч байсан. Нэхэмжлэх зүйлгүй. Одоо эвлэрсэн гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч Н.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
Би 3 дугаар сарын 4-ний өдөр Хэнтий рүү явж байхдаа машин дотроо эхнэртэйгээ газрын бичгээс болж маргалдсаны улмаас уурлаад түүнийг нүүр лүү нь алгадаад толгойд нь цохиод авсан. Хэдэн удаа цохисноо санахгүй байна. Гэмшиж байна гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Шинжээчийн “О.Б-ын биед тархины доргилт, зүүн хацар зөөлөн эдийн гэмтэл, дээд доод зовхи цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн 09шэ/112 дугаартай дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/
Хэргийн үйлдлийн талаархи дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Н.У- нь 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн үед Хэнтий аймаг руу явах замдаа тээврийн хэрэгсэл дотроо эхнэр О.Б-тайгаа маргалдаж гараараа нүүрэн тус газар нь нэг удаа, толгойн хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж тархины доргилт, зүүн хацар зөөлөн эдийн гэмтэл, дээд доод зовхи цус хуралт зэрэг гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна.
Нотлох баримтын талаархи дүгнэлт
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, шаардлагын дагуу авсан, мэдүүлгийн эх сурвалж тодорхойлогдсон байна.. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг шинжээчийн үзлэгийн тэмдэглэлд дурдсан гэмтлийн шинжээр давхар батлагдсан. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Эдгээр баримтууд нь хэргийн бодит байдлыг гүйцэд нотолсон гэж үзнэ. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Хэргийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Н.У- нь хохирогчийг зодсон үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчийн зүй бус харилцааны улмаас уурлаж эхнэрээ зодсон тухай өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдсон төдийгүй санаатай үйлдлээрээ хохирогчийг эрүүл мэндийн хохиролд зориуд хүргэжээ. Хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “О.Б-ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 09шэ/112 дугаартай дүгнэлтээр тодорхойлогдож байна.
Н.У-, хохирогч О.Б- нар нь гэр бүл болоод 14 жил болж байгаа ба 3 хүүхэдтэй зэрэг нь хохирогч, шүүгдэгч нар гэр бүлийн хамааралтайг тогтоосон баримт мөн.
Шүүгдэгч Н.У-ын үйлдэл нь иргэн О.Б-ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”ийг зөрчжээ.
Иймд Н.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хэргийн үйлдэл, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгийг буюу прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нь батлагдаж байна.
Иймд Н.У-ыг прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэвэл зохино.
Хохирогч О.Б- нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй, хор уршгийг төлсөн /хх-ийн 5 дугаар хуудас/ гэжээ.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 2; 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ