| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 2318002260534 |
| Дугаар | 2024/ДШМ/35 |
| Огноо | 2024-04-24 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2024/ДШМ/35
Ж.Дорждэрэмд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч З.Төмөрхүү, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Энхтулга
Шүүгдэгч Б.Дорждэрэмийн өмгөөлөгч Б.Чинбаатар
Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 471 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Дорждэрэмийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч Ж.Дорждэрэмд холбогдох 2318002260534 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Дорждэрэмийг Хөдөө аж ахуйн их сургуулийн үйлдвэрлэлийн инженер механик мэргэжлийн 2001 оны 02 сарын 01-ний өдрийн огноотой, 0200100478 дугаартай, бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглаж, 2012 оны 12 сараас хойш төрийн албанд нийтийн албан тушаалд томилогдон 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил хөдөлмөр эрхлэн 150.687.243 төгрөгийн цалин хөлс авч, хууль бус орлого олсон гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Ж.Дорждэрэмийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
-Шүүгдэгч Мөрийнхөн овогт Жигээгийн Дорждэрэмийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дорждэрэмийг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Дорждэрэмд оногдуулсан 2500/ хоёр сая таван зуун мянга / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
-Шүүгдэгч Ж.Дорждэрэм нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж,
-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Монгол улсын иргэн Жигээгийн Дорждэрэм нь 1996 оноос 2001 онд Монгол улсын хөдөө аж ахуйн их сургуулийг Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн инженер механикч мэргэжлээр суралцаж төгссөн тул бакалавр зэрэг олгов” гэсэн бичиглэлтэй Монгол Улсын хөдөө аж ахуйн Их сургуулийн D200100478 дугаартай дипломыг хэрэгт хавсаргаж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1., 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дорждэрэмээс 115.871.172 /нэг зуун арван таван сая найман зуун далан нэгэн мянга нэг зуун далан хоёр мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,
-Монгол Улсын их сургуулиас олгосон Жигээгийн Дорждэрэм нь Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд 2002 оноос 2004 онд суралцаж төгссөн тул “Эрх зүйч” мэргэжил, бакалавр зэрэг олгов гэх 0200410368 дугаартай бакалаврын дипломыг хүчингүй болгохыг Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад даалгаж,
-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Дорждэрэмд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Дорждэрэм давж заалдах гомдолдоо:
... Миний бие Ж.Дорждэрэм нь 1996 онд ХААИС-д суралцахаар бүртгүүлээд сургалтын төлбөрөө төлсөн. Зах зээлийн үед амьдралын шаардлагаар наймаа хийгээд сургуулиасаа чөлөө аваад завсардуулсан. Тухайн үед жил бүрийн сургалтын төлбөрөө төлдөг байсан. Тэгээд 2001 онд ХААИС-ийн сургалтын албанаас над руу холбоо бариад “дипломоо ирж аваарай” гэсний дагуу дипломоо авсан. ХААИС-ийн дипломыг тухайн үед дугаар давхардсан диплом гэдгээ огт мэдээгүй байж байгаад цагдаа дээр л мэдсэн юм. Тийм болохоор буруугаа ойлгож, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Үүнд:
1.Анхан шатны шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд байхад торгох ял нь 450.000-5:400.000 хооронд байхад надад 2.500.000 төгрөгөөр торгосныг эс зөвшөөрч байна. Учир нь би одоо ам бүл-2, 12 настай хүүгийн хамт амьдардаг, ажил эрхлээгүй байгаа юм.
2.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоож, төлбөрөөс хасуулж өгнө үү гэсэн хүсэлтийг минь шүүх хүлээж авалгүй шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Би Дархан хотын хөгжил, дэвшил, иргэдийг цэвэр аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн 11 жил хамт олонтойгоо хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар иргэн хүн хөдөлмөрлөх эрхтэй. Ингэж хөдөлмөрлөснийхөө төлөө цалин авч, цалингаас цалингийн хооронд ажиллаж амьдарч ирсэн. Иймд их хэмжээний төлбөр төлөх боломжгүй байгаа тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар тайлбартаа:
Ж.Дорждэрэм нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 471 дугаартай шийтгэх тогтоолыг миний эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар шийдвэрлэсэн гэж үзэж хоёр үндэслэлээр гомдол гаргасан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хариуцлага оногдуулсан. Энэ зүйл ангийн торгох ялыг 450 нэгжээс 5400 нэгж хүртэл торгохоор заасан. Ж.Дорждэрэм нь мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байхдаа, өөрийгөө хуурамч дипломтой байснаа мэдэж хүлээн зөвшөөрч байсныг харгалзалгүйгээр 2500 нэгж буюу 2,500,000 төгрөгөөр торгож шийдвэрлэснийг эс зөвшөөрсөн. Мөн хэрэгт шалгагдаж байх үедээ хийж гүйцэтгэсэн байсан Дархан орон нутгийн тээврийн газарт даргын ажлаасаа өөрийн хүсэлтээ өгч чөлөөлөгдсөн. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй торгох ял оногдуулсан нь түүний гэм буруугаа сайн дураар хүлээсэн байдал, гэр бүлийн хувьд бага насны хүүхэдтэйгээ хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдал зэргийг нь харгалзан үзсэнгүй гэж гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс Ж.Дорждэрэмээс 2012 оны 12 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл буюу Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар, мөн Дархан орон нутаг зам тээврийн газарт даргаар тус тус ажиллаж байх хугацаандаа олсон орлого 115,871,000 төгрөгийг гаргуулж шийдсэн нь үндэслэлгүй болсон. Хоёр байгууллагад ажиллаж хууль бусаар орлого олсон гэж үзсэн атлаа аймгийн иргэдийн хурлын тогтоолоор төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хугацааны урамшууллыг нь нэмж тооцож гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүгдэгч Ж.Дорждэрэм нь тайлбарлахдаа хоёр байгууллагад арав гаран жил удирдлагаар ажиллаж байхдаа бие сэтгэл, цаг хугацаагаа зарцуулж хөдөлмөрлөсөн. Тухайн диплом хуурамч гэдгийг ойлгож байна. Гэхдээ би ямар ч төрлийн ажил хийсэн байхад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин авах боломжтой. Яагаад ийм байдалд дүгнэлт хийлгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний дүнг хасалгүйгээр гаргуулж байгаа юм бэ. Дулааны цахилгаан станц, Дархан-Ус суваг ХК-нд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнтэй холбоотой урамшууллыг авахын тулд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулиар төлөөлөгчөөр сонгогдсон. Аймгийн иргэдийн төлөөлөгч гэдэг нь сонгогддог албан тушаал. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны албан тушаалтан биш. Энэ үндэслэлээр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байх хугацаандаа олгогдсон мөнгийг хасаж тооцож өгнө үү. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хасаагүй дүн буюу хоёр байгууллагад ажилласан 37,773,600 төгрөг, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож томилогдсон урамшуулал 33,744,318 төгрөг, нийт 71,517,918 төгрөгийг хасаж тооцож өгнө үү. Шүүгдэгчийн гомдолд дурдсан ял оногдуулахдаа торгуулийн ялыг дундажлаж гаргасныг зөвшөөрөхгүй байгаагаа дэмжиж байна. Торгуулийн ялыг багасгаж шийдэж өгнө үү. Анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ хоёр байгууллагын удирдлагаар ажиллаж байсан дээр дүгнэлт хийж, мөнгөн дүн гаргуулахдаа сонгогдсон албан тушаал дээр огт дүгнэлт хийгээгүй. Түүнтэй холбоотой материал байхгүй байхад санаачилгаараа, сайн дураараа илтэд нэг талыг барьж эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн, бусад нь гарт нь олгогдсон байна гэж бүхэлд нь гаргасан. 116,813,000 төгрөгөөс тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох хоёр байгууллагад ажиллаж байсан дүн 37,773,600 төгрөг, мөн төлөөлөн удирдах зөвлөлийн урамшууллаар олгосон 33,744,318 төгрөг, нийт 71,517,918 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Энхтулга дүгнэлтдээ:
Шүүгдэгч Ж.Дорждэрэмд холбогдох 2318002260534 дугаартай хэрэгт анхан шатны шүүхээс Ж.Дорждэрэмийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн үйлдэл нь хэргийн үйл баримт болох хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хуурамч дипломоор төрийн албанд томилогдож, төрийн албанд 2012 оны 12 сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэл ажиллаж, ажиллах хугацаандаа эрх олгосон баримт бичиг болох дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ажил албан тушаалыг эрхэлж явсан нь уг гэмт хэргийг үргэлжилсэн хугацаагаар үйлдэж 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төгссөн байна. Энэ хугацаанд олгогдсон цалин хөлс урамшуулал, мөнгөн дүнг хууль бус орлого гэж үзсэн. Үүнийг шүүх хэлэлцээд түүнээс 116,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Яагаад гэвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим гэж байгаа. Хэн нэгний шударгаар олж хөдөлмөрлөх ёстой ажлын байран дээр хууль бусаар эрх олгосон бичиг баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж уг бичиг баримтыг ашиглаж, тухайн сургуулийг төгсөж, мэргэжил боловсрол эзэмшээгүй гэдгээ мэдсээр байж энэ ажил албан тушаал дээр ажилласан гэм буруутай байна, хэрэг үйлдсэн байна гэж үзсэн. Эрүүгийн эрх зүйгээр хамгаалагдсан эрх зүйн харилцаанд оролцож зөрчсөн үйлдлийг нь гэмт хэрэг гэж тусгайлан заагаад өгчихсөн, гэмт хэрэг гэж үзсэн л бол тухайн хүний гэмт хэрэг үйлдэхдээ олсон орлогыг хууль бус орлого гэж үзэх үндэслэлтэй. Энэ мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч Ж.Дорждэрэмийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг давж шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
2.Цагдаагийн байгууллагад болон Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн ... Ж.Дорждэрэм нь дээд боловсролын хуурамч диплом ашиглан ажилд томилогдон ажилласан байж болзошгүй...гэх мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгаад дээрх нөхцөл байдал тогтоогдсоны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Дорждэрэмд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татжээ.
3.Шүүгдэгч Ж.Дорждэрэм нь Монгол улсын хөдөө аж ахуйн их сургуульд огт суралцаж төгсөөгүй атлаа тус сургуулийн “дугаар D200100478, Монгол улсын иргэн Жигээгийн Дорждэрэм нь 1996 оноос 2001 онд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн инженер механикч мэргэжлээр суралцаж төгссөн тул бакалавр зэрэг олгов” гэх хуурамч диплом авч, уг хуурамч дипломыг ашиглан 2002-2004 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд оройгоор суралцаж 2004 оны 12 сарын 28-ны өдрийн “ Ж.Дорждэрэм нь Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд суралцаж “Эрх зүйч” мэргэжил, бакалавр зэрэг олгов” гэх D200410368 дугаартай бакалаврын диплом авч, улмаар 2012 оны 12 сарын 19-ний өдрөөс 2020 оны 7 сарын 31-ний өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргаар, 2020 оны 12 сарын 07-ны өдрөөс 2023 оны 9 сарын 20-ний өдрийг дуустал Дархан орон нутгийн зам тээвэр ОНӨААТҮГ-ын даргаар тус тус ажиллаж эдгээр хугацаанд төрийн албанд нийтийн албан тушаалд томилогдон ажиллаж, 150.687.243 төгрөгийн цалин хөлс авч, хууль бус орлого олсон болох нь:
-анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлсэн: Би 1996 онд “Хөдөө Аж Ахуйн Их сургууль”-д суралцахаар бүртгүүлээд сургалтын төлбөрөө төлсөн. Зах зээлийн үед амьдралын шаардлагаар наймаа хийгээд сургуулиасаа чөлөө аваад завсардуулсан. Жил бүр төлбөрөө төлдөг байсан. Тэгээд 2001 онд “Хөдөө Аж Ахуйн Их сургууль”-ийн сургалтын албанаас над руу холбоо бариад “дипломоо аваарай” гэж хэлсэн. Дараа нь Монгол Улсын Их сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцаад төгссөн. Тэгээд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2012 оноос Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын албан үүргийг гүйцэтгэж эхэлсэн. Би өнөөдрийг хүртэлх хугацаанд тухайн дипломыг хуурамч гэдгийг мэдээгүй. Санаатайгаар ашигласан зүйл байхгүй. Хуурамч гэдгийг нь мэдээд өөрийнхөө хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэхдээ Хөдөө Аж Ахуйн Их сургуульд бүртгэгдээгүй, хуурамч диплом гэдэг нь тогтоогдож байгаа тул хүлээн зөвшөөрч байгаа. Би Дархан хотын хөгжил, дэвшил, иргэдийг цэвэрхэн хотод амьдруулахын тулд 11 жил хамт олонтойгоо хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Нэгэнтээ ийм асуудал болсон учраас харамсаж байна. Их хэмжээний төлбөр төлөх боломжгүй байгаа. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хөдөлмөр эрхэлснийхээ төлөө цалин аваад нийгмийн даатгалын шимтгэлээ төлж ирсэн. 2011 оноос хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нийт 6 удаа өөрчлөгдсөн байдаг. Тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоож, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хэмжээг хасаж тооцуулах хүсэлтэй байна...гэх мэдүүлэг,
-Монгол улсын хөдөө аж ахуйн их сургуулийн 2001 оны 02 сарын 01-ний өдрийн Ж.Дорждэрэм нь “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн инженер механикч” мэргэжлээр бакалавр зэрэг олгов гэх D200100478 дугаартай бакалаврын дипломын хуулбар, D200100478 дугаартай дипломын хавсралт /хх-н 5-6/,
-Монгол Улсын их сургуулийн 2004 оны 12 сарын 28-ны өдрийн Ж.Дорждэрэм нь Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд суралцаж “Эрх зүйч” мэргэжил, бакалавр зэрэг олгов гэх D200410368 дугаартай бакалаврын дипломын хуулбар, D200410368 дугаартай бакалаврын дипломын хавсралт /хх-н 7-8/, шүүгдэгч Ж.Дорждэрэмийн Төрийн албан хаагчийн анкетын хуулбар /хх-н 17-20/,
-Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 12 сарын 19-ний өдрийн 590 дугаартай “Ж.Дорждэрэмийг аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргаар 2012 оны 12 сарын 19-ний өдрөөс эхлэн томилох тухай” захирамжийн хуулбар /хх-н 21/,
-Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 11 сарын 7-ны өдрийн Б/29 дугаартай Ж.Дорждэрэмийн “Ажилд томилох тухай” захирамжийн хуулбар, хавсралтын хуулбар /хх-н 22/,
-Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 7 сарын 30-ны өдрийн 01-Б/33 дугаартай “Ж.Дорждэрэмийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд нэр дэвших болсон тул өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар /хх-н 24/,
-Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 7-ны өдрийн 01-Б/53 дугаартай “Ж.Дорждэрэмийг Дархан орон нутгийн зам тээвэр ОНӨААТҮГ-ын даргын албан тушаалд томилох тухай” тушаалын хуулбар /хх-н 25/,
-Монгол улсын хөдөө аж ахуйн их сургуулийн 2023 оны 8 сарын 17-ны өдрийн 1/592 дугаартай “Ж.Дорждэрэм нь тус их сургуулийг 2001 онд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн инженер механикч мэргэжлээр D200100478 бакалаврын дипломын дугаартай төгсөөгүй байна” гэх тодорхойлолт, хавсралт /хх-ийн 27-30/,
-Механик инженер, эрх зүйч мэргэжилтэй байх шаардлагатай гэх Дархан орон нутгийн зам тээвэр ОНӨААТҮГ-ын даргын ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 32-35/, Эдийн засагч, эрх зүйч, инженер техникч мэргэжилтэй байх шаардлагатай гэх Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 36-37/,
-Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн 2001 оны 1 сарын 29-ний өдрийн 19 дугаартай “Төгсөгчдөд мэргэжлийн диплом, мэргэжлийн зэрэг олгох тухай” ректорын тушаалын хуулбар /хх-н 39-40/,
Ж.Дорждэрэмийн төрийн байгууллагад ажиллах явцдаа авсан цалин хөлсний тооцоо /хх-ийн 56-59/,
-2023 оны 10 сарын 9-ний өдрийн Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн D200100478 дугаартай Ж.Дорждэрэмийн бакалаврын диплом, түүний хавсралт 2 хуудас материалыг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 60/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Ж.Дорждэрэм нь 2012 оны 12 сард даргаар томилогдон ирээд 2020 оны 8 сар хүртэл ажилласан. Би түүнийг ямар сургууль төгссөнийг сайн мэдэхгүй. Ямар ч байсан Хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтэй гэдгийг өөрөөс нь сонсож байсан. Ж.Дорждэрэм нь аймгийн Засаг даргын захирамжаар манай газрын даргаар ажиллаж байсан. Тухайн үед яг тогтоосон хэмжээгээр цалин хөлсийг нь олгож байсан гэх мэдүүлэг Би түүнийг хуурамч дипломтой ажиллаж байсан талаар нь мэдэхгүй. Саяхан л фейсбүүкээр гэдэг хүн манай дарга Ж.Дорждэрэмийг хуурамч дипломтой гээд тавьчихсан байсан. дарга энэ асуудлаас болоод өөрийн хүсэлтээр ажлаасаа гарчихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 65, 70/,
-Гэрч А.Базарсадын: ... Ж.Дорждэрэм нь манай сургуульд 1996 онд элсэн орсон болон төгссөн талаар ямар ч мэдээлэл байгаагүй. Гэхдээ 1996-2001 оны захирлын тушаал, холбогдох баримт нь улсын төв архивд шилжсэн байсан. ХААИС-н тухайн үеийн баримтуудын хуулбараас захирлын 2001 оны 01 сарын 29-ний өдрийн 19 тоот тушаал дээр 2001 онд ХАА-н үйлдвэрлэлийн инженер механикч мэргэжлээр төгсөгчдийн нэрс байгаа. Уг тушаалд Ж.Дорждэрэм гэх хүний нэр байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/,
-Гэрч Ж.Эрхэмбаярын: ...Би 1996 онд Хөдөө аж ахуйн их сургуульд ороод 2001 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг инженер механик мэргэжлээр суралцан төгссөн. Намайг сурч байхад Ж.Дорждэрэм гэдэг хүн сурч байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 82-83/,
-Гэрч Ж.Хүдэрбаатарын: ...Ж.Дорждэрэм гэж хүнийг хараад танихгүй. Надтай хамт тухайн цаг хугацаанд суралцаж төгсөөгүй. ХААИС-н ректорын 2001 оны 1 сарын тушаалын хавсралтаар 200100478 дугаартай дипломыг “Жүгдэрнамжилын Эрхэмбаяр” гэж хүн бүртгэлтэй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 87/,
-Гэрч Ч.Энхбатын: ... Ж.Дорждэрэм нь Дархан орон нутгийн зам тээвэр ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байгаад түүнийг хуурамч дипломтой гэдэг асуудал яригдаж ажлаасаа чөлөөлөгдсөн байсан. Энэ асуудалтай холбогдуулаад аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч хүн учраас би түүнийг үнэхээр хуурамч дипломтой эсэх, Монгол Улсын Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн бакалаврын дипломын лавлагааг авахаар Боловсролын ерөнхий газар руу 2023 оны 08 сарын 21-ний өдөр 174 дугаартай албан бичиг хүргүүлсэн. Энэ бичгийн хариу нь 2023 оны 08 сарын 25-ны өдрийн 1/4605 дугаартай албан бичгээр хариу ирсэн ба уг хариунд Ж.Дорждэрэмийн Эрх зүйч мэргэжлээр төгссөн 0200410368 дугаартай диплом нь Монгол Улсын их сургуулийн Эрх зүйч мэргэжлийн төгссөн тухай лавлагаа ирсэн. Харин түүний Хөдөө аж ахуйн их сургуулийг төгссөн диплом нь хуурамч эсэх талаар би лавлагаа аваагүй, тэр диплом нь хуурамч гэдэг асуудал яригдаж эхэлсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 92/,
-Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 9 сарын 23-ны өдрийн 86 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн Ж.Дорждэрэм болон харьцуулах загвараар ирүүлсэн Ж.Хүрэлбаатар нарын диплом, дипломын хавсралтууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн шинжлэгдэж байгаа D200100478 дугаартай Ж.Дорждэрэм гэх 2001.02.01-ний өдрийн бакалаврын диплом болон дипломын хавсралт нь харьцуулах загварт ирүүлсэн D200100509 тоот дугаартай диплом, дипломын хавсралтууд нь ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ хоорондоо тохирохгүй байна. Шинжлэгдэж буй Ж.Дорждэрэмийн гэх диплом нь дээр дарагдсан тамга тэмдгийн зах ирмэг жигд бус, тод дүрслэгдсэн. Харьцуулах загвараар ирүүлсэн Ж.Хүрэлбаатарын диплом, дипломын хавсралт дээр дарагдсан тамга, тэмдэг нь бүдэг дарагдсан байх тул харьцуулах шинжилгээ хийх боломжгүй байна... гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 100-107/,
-Ж.Дорждэрэмийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаанууд /хх-ийн 133-136, 138/, Дархан-Уул аймаг Засаг даргын 2023 оны 9 сарын 20-ны өдрийн 01-Б/26 дугаартай “Ж.Дорждэрэмийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” захирамж /хх-ийн 139/, МУИС-ийн захирлын 2000 оны 4 сарын 05-ны өдрийн 160 дугаартай тушаалаар батлагдсан МУИС-ийн бакалаврын сургалтын журам, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 9 сарын 20-ны өдрийн 01-Б/26 дугаартай ”Ж.Дорждэрэмийг Дархан орон нутгийн зам тээвэр ОНӨААТҮГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос доошгүй багц цаг байна.” гэж,
Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн”, 9.2-т “Боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх, диплом/-ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Ж.Дорждэрэм нь дээр дурдсан шаардлагыг хангаж, их, дээд сургуульд суралцаж, улмаар хуульд заасан багц цагийн сургалтад хамрагдаж, дээд боловсрол эзэмшиж, зохих журмын дагуу диплом аваагүй, хуурамч диплом ашигласан гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан үйлдлийг гэмт хэрэг тооцохоор хуульчилсан байна.
Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Ж.Дорждэрэмийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Боловсролын бакалавр зэргийн диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэн, тухайн зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дорждэрэмд торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Дорждэрэм нь Төрийн албанд хууль дээдлэх, Монгол Улсын иргэд төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчмыг ноцтой зөрчиж, зохих журмаар суралцаагүй атлаа гэмт хэрэг үйлдэх замаар бий болсон дээд боловсролын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж санаатайгаар ашиглан төрийн албанд томилогдон эрхлэх ёсгүй албан тушаалд ажиллаж, авах ёсгүй цалин хөлс авснаар бусад төрийн үйлчилгээний албан тушаалтнаас илүү цалин хөлс авах хууль бус давуу байдлыг өөртөө бий болгосон байна гэж үзлээ.
4.Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Дорждэрэмийн 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргаар томилогдсоноор эхэлж 2023 оны 9 сарын сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Дархан орон нутгийн Зам тээвэр ОНӨААТҮГ-ын даргаар тасралтгүй ажиллаж, нийт 150.687.243 төгрөгийн цалин хөлс авснаас түүний нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдсөн 34.816.071 төгрөгийг хасаж, бүгд 115.871.172 төгрөгийн цалин авсан талаар зөв тооцож дүгнэжээ.
Гэвч дээрх албан тушаалд томилогдон ажилласнаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааны буюу төрийн албаны шинжтэй харилцаа үүсэж тодорхой үүргийг гүйцэтгэсэн хэдий ч Ж.Дорждэрэм нь хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг үнэлүүлж авсан нийт цалин хөлсийг бүхэлд нь гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлогод хамааруулан дүгнэж, хохирлын хэмжээг авсан цалингийн бүх хэмжээгээр буюу 115.871.172 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Ж.Дорждэрэмд 2012 оны 12 сарын 19-ний өдрөөс 2023 оны 9 сарын сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 150.687.243 төгрөгийн цалин бичигдсэн байна. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдсөн 34.816.071 төгрөгийг хасаж, 115.871.172 төгрөгийн цалинг гарт олгогдсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан “… хэн боловч хувийн болон ам бүлийнхээ ахуй амьжиргааг хүний зэрэгтэй авч явахад хүрэлцэхүйц, .... зайлшгүй тохиолдолд нийгмийн хангамжийн эх үүсвэрээр ... шан хөлс авах эрхтэй. ” гэх заалт,
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “Монгол Улсын иргэн … цалин хөлс авах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ.” гэснийг үндэслэн 2023 онд мөрдөгдөж байсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор шинэчлэн тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох сарын 420.000 төгрөгийг шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийж байсан нийт хугацаа болох 10 жил 8 сараар тооцож 53.760.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Дорждэрэм авах эрхтэй гэж үзлээ.
Иймд гарт олгогдсон нийт цалингаас авах эрхтэй цалинг хасаж үлдэх 62.111.172 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэн гэм хорын хохиролд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Дорждэрэмээс гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
5.Түүнээс гадна хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ж.Дорждэрэмийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Монгол улсын иргэн Жигээгийн Дорждэрэм нь 1996 оноос 2001 онд Монгол улсын хөдөө аж ахуйн их сургуулийг Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн инженер механикч мэргэжлээр суралцаж төгссөн тул бакалавр зэрэг олгов” гэсэн бичиглэлтэй 2001 оны 02 сарын 01-ний өдрийн D200100478 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн диплом, мөн Ж.Дорждэрэм нь энэ дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд суралцаж “Эрх зүйч” мэргэжил, бакалавр зэрэг олгосон гэх Монгол Улсын их сургуулийн 2004 оны 12 сарын 28-ны өдрийн D200410368 дугаартай дипломыг тус тус шүүгдэгчид буцаан олгох хууль зүйн үндэслэлгүй тул дээрх 2 дипломыг хүчингүй болгох асуудлыг холбогдох Боловсрол, шинжлэх ухааны яаманд шилжүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.
Анхан шатны шүүх зөвхөн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн инженер механикч мэргэжилтэй гэх хуурамч диплом ашиглан 2002 оноос 2004 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд суралцаж авсан “Эрх зүйч” мэргэжил, бакалавр зэрэг олгов гэх D200410368 дугаартай бакалаврын дипломыг хүчингүй болгохыг Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад даалгажээ.
6. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаас гадна гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой байдаг.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Дорждэрэмд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгэлийг сонгон оногдуулсан байх боловч шүүгдэгч нь гэмт хэрэгт холбогдсоныхоо дараа ажилгүй болж цалин, орлогогүй болсон, 12 настай хүүгийн хамт өрх толгойлон амьдардаг, давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр 62.111.172 төгрөгийг төрд буцааж төлөх болсон байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялын хэмжээг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөг болгон багасгах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “шударга ёсны зарчим”, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан “эрүүгийн хариуцлагын зорилго”-д нийцнэ гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Ж.Дорждэрэмийн ажил хийж орлого олох улмаар ар гэр, ам бүлээ тэжээн тэтгэх байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг магадлал хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
7. Эрүүгийн хэрэгт шүүгдэгч Ж.Дорждэрэмийн ДДЦС ТӨХК, Дархан-Ус суваг ХК-н төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллах хугацаанд авч байсан урамшууллын талаар нотлох баримтууд хэрэгт авагдаагүйгээс гадна анхан шатны шүүх хуралдаанаар дээрх асуудлыг талаар хэлэлцээгүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоолоор тогтоогдож байх тул өмгөөлөгч Б.Чинбаатарын давж заалдах шатны шүүх хуралдаанд ...Ж.Дорждэрэмийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллах хугацаанд авч байсан 37.773.600 төгрөг, 33.744.318 төгрөг, нийт 71.517.918 төгрөгийн цалин урамшууллыг шүүгдэгчээс гаргуулах төлбөрөөс хасаж тооцож өгнө үү... гэсэн тайлбар гаргасныг хүлээн авах боломжгүй тул давж заалдах шатны шүүх мөн хэлэлцээгүй болно.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Дорждэрэмийн гаргасан “...шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийн хэмжээг багасгаж, хөдөлмөрийн гэрээний дагуу авсан цалин хөлснөөс тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хасаж тооцож өгнө үү” гэх гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 471 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 6, 7, 8 дахь заалтыг:
“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дорждэрэмийг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэснийг
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дорждэрэмийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.000.000 /хоёр сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,
“3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Дорждэрэмд оногдуулсан 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай гэж,
“6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Монгол улсын иргэн Жигээгийн Дорждэрэм нь 1996 оноос 2001 онд Монгол улсын хөдөө аж ахуйн их сургуулийг Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн инженер механикч мэргэжлээр суралцаж төгссөн тул бакалавр зэрэг олгов” гэсэн бичиглэлтэй Монгол Улсын хөдөө аж ахуйн Их сургуулийн D200100478 дугаартай дипломыг, Монгол Улсын их сургуулиас олгосон Жигээгийн Дорждэрэм нь Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд 2002 оноос 2004 онд суралцаж төгссөн тул “Эрх зүйч” мэргэжил, бакалавр зэрэг олгов гэх 0200410368 дугаартай бакалаврын дипломыг тус тус Боловсрол, шинжлэх ухааны яаманд шилжүүлсүгэй” гэж,
“7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1., 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дорждэрэмээс 115.871.172 /нэг зуун арван таван мянга найман зуун далан нэгэн мянга нэг зуун далан хоёр мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай” гэснийг
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Дорждэрэмээс 62.111.172 /жаран хоёр сая нэг зуун арван нэгэн мянга нэг зуун далан хоёр/ төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж,
“8. Монгол Улсын их сургуулиас олгосон Жигээгийн Дорждэрэм нь Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд 2002 оноос 2004 онд суралцаж төгссөн тул “Эрх зүйч” мэргэжил, бакалавр зэрэг олгов гэх 0200410368 дугаартай бакалаврын дипломыг хүчингүй болгохыг Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад даалгасугай” гэснийг
“Монгол улсын иргэн Жигээгийн Дорждэрэм нь 1996 оноос 2001 онд Монгол улсын хөдөө аж ахуйн их сургуулийг Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн инженер механикч мэргэжлээр суралцаж төгссөн тул бакалавр зэрэг олгов” гэсэн бичиглэлтэй Монгол Улсын хөдөө аж ахуйн Их сургуулийн D200100478 дугаартай дипломыг, Монгол Улсын их сургуулиас олгосон Жигээгийн Дорждэрэм нь Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд 2002 оноос 2004 онд суралцаж төгссөн тул “Эрх зүйч” мэргэжил, бакалавр зэрэг олгов гэх 0200410368 дугаартай бакалаврын дипломыг тус тус хүчингүй болгохыг Боловсрол шинжлэх ухааны яаманд даалгасугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Ж.Дорждэрэмийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ